Төрийн алдаатай бодлого өрх бүрийг өрийн дарамтанд оруулжээ
УИХ-ын 64-р тойрогт нэр дэвшигч Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГ өнөөдөр тойргийнхоо 10 дугаар хороонд ажиллалаа.
Хорооны зарим өрх айлаар явж, иргэдийн үгийг сонсов. Мөн үдээс хойш ус түгээх байрны гадаа иргэдтэй уулзалт зохион байгууллаа.
Иргэд,
-Газрын зөвшөөрөл хамгийн хүндрэлтэй асуудал боллоо. Адилхан зөвшөөрөл хүсч буй хэр нь зарим нэгэнд нь өмчлөх зөвшөөрөл олгож, заримд нь олгохгүй байна,
-Нийгэмд шударга бус байдал газар авсан, жирийн иргэд гарч яваад ажил хөөцөлдөхөөр бүтэх юм байдаггүй, төрийн хүнд сурталтай тулж хоосон буцдаг,
-Амьдрал туйлдаа хүртэл хүндэрлээ, идэх хоолгүйгүйгээс хэдэн хоногоор өлөн зэлмүүн явдаг,
-Зах, худалдааны төвийн үүдээр жижиг бараа, ундаа цай зарах гэхээр хөөгөөд заруулдаггүй, зөвшөөрөлгүй бол болохгүй гэдэг. Яаж амьдрах юм бэ,
-Залуучууд барилга дээр ажиллахаар хөлс мөнгөө өгдөггүй, ажилгүйчүүдийн бүхэл бүтэн арми бий болж байна,
-Оюутны 70 мянга өгөхгүй байна. Хоёр гурван сар боллоо… гэх зэргээр амьдралд нь учирч буй бэрхшээл, зовлонг тоочиж, төрийн бодлогоор засч залруулахыг хүсч байлаа.
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 8800 гаруй өрхтэй, үүнээс 70 хувь нь ядуурлын түвшинд амьдардаг гэсэн судалгааны дүн гарсныг тус хорооны Засаг дарга Ч.Болормаа хэллээ.
Ядуурал газар авснаас тээж төрүүлсэн хүүхдээ өсгөж тэжээж чадахгүй хүнд өргүүлэх, асрамжид өгөх зэрэг сэтгэл эмзэглүүлсэн үйл явдал их гарч байгааг онцолсон.
Тэрбээр мөн “Сонгуульд нэр дэвшигчдийн иргэдтэй хийдэг уулзалтад залуучууд идэвхгүй ханддаг, ирдэггүй. Гэтэл М.Оюунчимэг нэр дэвшигч уулзалт хийнэ гэхийг сонсоод залуучууд олноороо ирлээ” хэмээв.
Залуучууд шинэ бодлого, шинэ хүнийг хүсч буйгаа уулзалтан дээр илэрхийлсэн юм.
Нэр дэвшигч М.ОЮУНЧИМЭГ иргэдийн асуултад тухай бүрт нь хариулж, санал бодлоо солилцож явлаа.
Нэр дэвшигч М.Оюунчимэгээс тойргийнхоо 10 дугаар хороонд ажилласны дараа сэтгэгдлийг нь сонсоход,
-Төрийн алдаатай бодлого өрх бүрийг өрийн дарамтад оруулсан байна. Иргэдийн хамгийн их хэлж, төрөөс хүсч хүлээж байгаа зүйл ажлын байр. Ажилтай орлоготой байхыг иргэн бүр хүсч байна. Хэчнээн хүсээд ч, хайгаад ч ажил олдохгүйгээс иргэд мөнгө олох бүх л аргыг сүвэгчилж хоногийн хоолоо залгуулдаг.
“Далан давхар”-ын чимээгүй хоттой хаяа нийлсэн хүмүүсийн амьдрал манай тойрогт бий. Тэнд ажилтай, орлоготой айл өрх маш цөөхөн. Хоногийн хоолоо яаж залгуулдаг гэхээр “Хүчит шонхор” зах дээр очиж нэг хонины толгойг 200 төгрөгөөр угаадаг. Өдөрт 100 толгой угаагаад 10 мянган төгрөг авчирч гэр бүлээ хооллодог, зах дээр хаягддаг өөх шуудайлж авчраад галаа түлж, гэрээ дулаацуулдаг айл байна. Шулсан ясаар шөл хийж уугаад, ясыг нь түлдэг айл ч байна. Тэнд байгаа амьдралд өөх, яс шатааж агаар бохирдуулж байна гэж шүүмжлэх нь ямар ч утгагүй. Орсон айл болгонд хоёр, гуравхан настай нялх хүүхэд хоёр, гурав, дөрөв, тавуулаа өлөн зэлмүүн байна. Ханид хүрсэн ч бидэн шиг эмнэлэг эм тариа гээд гүйх эрх тэдэнд алга. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах тухай мэдээлэл ч байхгүй. Хүүхэд нь халуурч, ханиад хүрвэл ээж нь өлөнгөөрөө аргалдаг ардын жор өнөөдөр хүртэл үйлчилж байна шүү дээ” хэмээн ярив.
Тэрбээр мөн “Энэ сонгуулийн дараагийн Засгийн газар мэргэжлийн ур чадвартай, шуурхай байж энэ бүх хүнд асуудлыг шийдвэрлэж чадна. Монгол ардын намын мөрийн хөтөлбөртөө эдийн засгийн хүнд байдлаас гарах бодлого, гарц шийдлийг оновчтой тусгасан. Хөтөлбөрөө хэрэгжүүлснээр хямралыг даван туулна” гэж ярилаа.
ЭХ СУРВАЛЖ:
УИХ-ЫН 64-Р ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГ
URL: