Орландогийн хядлага сонгуульд нөлөөлөх нь

186899-15062016-1465967227-301977940-zgmОрландод болсон алан хядах ажиллагааны талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид харилцан адилгүй байр суурьтай байгаа. Энэ нь арваннэгдүгээр сард болох эцсийн шатны сонгуулийн дүнд нөлөөлж болзошгүй байна.

Бүгд найрамдах намаас нэр дэвших нь ойлгомжтой болсон Дональд Трамп радикал үзэл бодол аюултай хэмжээнд хүрснийг урьдчилан сэрэмжлүүлж чадаагүй тус улсын исламын сүсэгтнүүдийг зэмлэн буруутгаж, америкчуудыг ахиухан зэвсэглэх хэрэгтэй хэмээн уриалав.

Энэхүү байр суурь нь Цагаан ордонд үл эвлэрэгч, дайчин Ерөнхийлөгч эзэн суухын баталгаа хэмээн ноён Трамп үзэж буй бололтой. Тэрбээр даваа гарагт өгсөн ярилцлагадаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, исламын радикал үзэлтнүүд хоорондоо холбоотой хэмээн битүү ойлгуулах замаар хуйвалдааны онол дэвшүүлэгчийн үүрэг гүйцэтгэлээ.

Ноён Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийг “Нэг бол туйлбартай ухаалаг хүн биш. Нэг бол толгой нь жоохон юмтай” гэсэн юм. Обама “Исламын радикал үзэлтнүүдийн терроризм” гэсэн үг огт хэрэглээгүйд хүмүүс гайхаж гүйцсэнийг тайлбарлах замаар ноён Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийг шившиглэв. “Энд нэг л учир байна даа” хэмээн тэрбээр анхааруулж байлаа.

Харин Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон исламын шашныг муу муухайн уурхай болгох явдал дэлгэрэхээс сэрэмжлүүлж, ганцаар алан хядах ажиллагаа гүйцэтгэгчдийг мөрдөн хянах тусгай баг үүсгэх санал тавив. Мөн тэрбээр буу, зэвсэг ашиглах хуулийг чангатгах хэрэгтэй хэмээн үзэж байна.

Парис, Брюссель, Сан- Бернардино, Калифорнид болсон удаа дараагийн халдлагатай уялдан олон нийтийн түгшүүр ихсэж байгаа. Ингэснээр арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд терроризмтай тэмцэх явдал урьдчилан таашгүй чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй.

Ноён Трампын тайлбар нь бүгд найрамдахчуудын праймеризын үеэр чухал үүрэг гүйцэтгэсэн түрэмгий өнгө аястай мэдэгдлүүдээ намар болох эцсийн шатны сонгуульд ч ашиглах тооцоонд суурилж байгаа. Тэрбумтанд праймеризийн үеэр хэрэг болсон түрэмгий тайлбар нь Ерөнхийлөгчийг сонгох эцсийн шатны сонгуульд мөн адил нөлөө үзүүлэх, эсэхэд эргэлзэж байгаагаа консерватив American Enterprise Institute-ийн шинжээч Норм Орнстайн өгүүлсэн юм.

“Трамп асар аз туршсан юм ярьж явдаг. Харин хүмүүс аз турших дургүй” хэмээн ноён Орнстайн тайлбарлав. “Тэрбумтны мэдэгдэл хувь хүний шинжээ дөвийлгөн, санаачилгатай, түс тас нэгэн гэдгээ харуулах зорилготой. Хэн нэгэн хохирох, золигт гарах нь падгүй.

Терроризмын талаар өөрийг нь дэмжиж байгаа л бол болоо гээд гүйцэх нь тэр” хэмээн тэрбээр цааш нь өгүүллээ. Терроризм нь хүмүүсийг “Бусдад бага итгэдэг, авторитар, өөрийн төдийгүй бусдын эдлэх эрхээс татгалзахад бэлхэн, түрэмгий” болгон хувиргаж байгааг Вандербилтийн их сургуулийн улс төрийн ухааны профессор Элизабет Зекмайстер тайлбарлаж байна.

Чухам энэ нь ноён Трампын дайчин төрх, хатагтай Клинтоны хуримтлуулсан туршлагаар илрэх хүчирхэг удирдлага шаардлагатайг харуулж байгаа юм. “Нэр дэвшигчид хүч чадал, шийдэмгий чанарын талаарх хувь хүний байр сууриа хамгаалж, эсрэг этгээдийнхээ сул талыг нийтэд ойлгуулах зорилготой сонгуулийн кампани өрнөх гэж байгаа бололтой” хэмээн хатагтай Зекмайстер өгүүллээ.

Ноён Трампын түрэмгий байр суурь АНУ-ын аюулгүй байдалд халтайг зарим шинжээч анхааруулж байна. АНУ нь исламын сүсэгтнүүдээ үндэстний хувьд ижилсүүлэх ажилд Европоос хавьгүй их дэвшил гаргасан. Энэхүү амжилтыг ноён Трамп үгүй хийх аюултай хэмээн ашгийн бус, бие даасан Council on Foreign Relations байгууллагын ахлах шинжээч Макс Бут сэрэмжлүүлэв. “Энэ хүн исламын сүсэгтнүүдийг дайснаа болгоод байгаа нь маш аюултай. Алан хядагчдыг цохилт өгөхөөс нь өмнө зогсоох гэвэл мусульмануудтай тогтоосон холбоог бэхжүүлэх шаардлагатай” хэмээн тэрбээр тайлбарлав.

Орландогийн хядлага нь буу, зэвсэгт хяналт тавих асуудлыг ч дахин сөхлөө. Ноён Обама даваа гарагт хэлсэн үгэндээ “Иргэд хүчирхэг галт зэвсэг эзэмшдэг явдлыг хязгаарлах ажил үхээнц байгаа” нь эргэцүүлж үзүүштэй асуудал хэмээн мэдэгдсэн. Харин ноён Трамп CNN-д өгсөн ярилцлагадаа Pulse шөнийн клубын үйлчлүүлэгчид зэвсэгтэй байсансан бол хариу гал нээх учраас ийм эмгэнэлт хэрэг дэгдэхгүй байж болох байлаа гэсэн юм.

Ноён Трамп алан хядах ажиллагааны тухайд ийм өнгө аястай тайлбар хийгээд байвал сонгуульд лав ялахгүй хэмээн Флоридын их сургуулийн улс төрийн кампанийн хөтөлбөрийн захирал Стивен Крэйг үзэж байна. “Ер нь ухаалаг юм ярьдаггүй. Цөмийн зэвсэг хэрэглэх кодыг энэ хүний гарт атгуулбал юу болж таарах бол?” хэмээн тэрбээр асуулт тавилаа.

Ноён Трампын хямралт нөхцөлийг шийдвэрлэх, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх чадварт сонгогчид эргэлздэг нь Орландогийн хэргээс өмнө явуулсан санал асуулгаар тодорхой болсон. Тавдугаар сард Гэллапын хүрээлэнгээс явуулсан санал асуулгаар сонгогчдын 48 хувь нь хатагтай Клинтоныг “Хямралт нөхцөлийг шийдвэрлэх чадвар сайтай” хэмээн үнэлсэн. Уг үзүүлэлт ноён Трампын хувьд 39 хувьтай гарчээ.

Сэм Флэминг, Шон Доннан

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих