АРД ТҮМЭН ЯДУУ БАЙХАД АН-ЫНХАН НИСДЭГ ТЭРЭГ ХӨЛӨГЛӨЖ БАЯРХАВ
Ардчилсан намын сурталчилгааны машины цуваа олон нийтэд хүрч шүүмжлэл дуусаагүй байтал дахиад л сенсаци дэгдэв. Тодруулбал, эрх баригчид орон нутагт нэр дэвшигчдэдээ дэмжлэг үзүүлэхээр зорихдоо нисдэг тэрэг хөлөглөцгөөн очжээ. Энэ удаа нэр дэвшихээс татгалзаж, М.Батчимэг гишүүнд тойргоо өгсөн Р.Амаржаргал гишүүн “Нэр дэвшигчдээ дэмжинэ” хэмээж байв. Тэгвэл эрхэм гишүүн орон нутагт нэр дэвшигчдээ дэмжихээр очихдоо намын удирдлагуудын хамт нисдэг тэрэг хөлөглөжээ.
Энэ тухайгаа тэрбээр “За хоёр өдөрт Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймагт ажиллалаа” гэх тайлбартайгаар нисдэг тэрэг хөлөглөсөн зургаа нийтэлж “гайхуулав”. Түүгээр ч зогсохгүй нисгэгчийн суудалд тухалж, хөлөглөж очсон нисдэг тэргээ ихэд сонирхсоноо ч хэлээд амжина лээ.
Ийнхүү эрх баригчид “Land”, “Lexus” машинуудаар цуваа үүсгэж байсан бол одоо ийнхүү нисдэг тэрэг хөлөглөж, дроноор зургаа авцгааж, сонгуулийн сурталчилгаанд “хувьсал” хийгээд байна. Ард түмэн өнөө маргаашаа яая гэж байхад эрх баригчид ийнхүү тансаглаж байгаа нь сонгогчдоо доромжилж байгаагаас ялгаагүй хэмээн олон нийтийн сүлжээнд хүмүүс дургүйцлээ илэрхийлж байна.
Тэгвэл эрх баригчид дан ганц орон нутаг руу ч бус Улаанбаатараас 100 гаруйхан км зайтай Багануур дүүрэгт хүртэл нисдэг тэрэг хөлөглөж очсон байх юм. Энэхүү нисдэг тэрэгний цагийн төлбөр нь 3000-4000 доллар, хоногоор авч явбал нэг цагийн үнэлгээний 20 хувиар сул зогсолт төлдөг гэнэ. Тэгэхээр эрх баригчид сонгуулийн сурталчилгаанд нэг цагт л долоон сая гаруй төгрөг цацаж байгаа бололтой.
Тэгвэл нисдэг тэрэг тансаг хэрэглээ биш. Австралид энүүгээр чинь үхэр хариулдаг юм хэмээн өмөөрөх нэгэн байна. Гэтэл бид Австалид биш Монгол Улсад амьдарч байгаа шүү дээ. Гэр хорооллын иргэд талх таллаж авч байгаа тухай уулзалтаар очиход нь ярьж л байгаа байлгүй.
Өр зээлэнд баригдаад өнөөх 300 мянгын төлөө өдөр, шөнөгүй дугаарлаж зогсоо иргэд рүүгээ нисдэг тэргээр очиход эрх баригчдад эмзэглэх сэтгэл төрдөггүй л бололтой. Ямартай ч АН-ынхан сурталчилгаа нэрээр аймгууд тойрон нисч явна, ард түмэн сонгуулиар дүнгээ тавих биз ээ. Тиймдээ ч олон нийт “Нисдэг тэрэг манайд тансаг хэрэглээндээ орно. Хүн хайхад хүртэл нисдэг тэрэг нь мэргэжлийнхэндээ олддоггүй биз дээ”, “АН чинь онгоцтой болчихоод тойргоо тэгж хуваасан юм байна”, “Энэ ямар бэлтэй мөнгөтэй нам бэ” гэх зэргээр шүүмжилсээр байна. Ийнхүү АН-ынхан ядуу ард түмэнтэйгээ уулзахаар нисдэг тэрэг хөлөглөн очиж баярхах болов. Сонгуулийн ерөнхий хороо үүнд анхаарч, сонгуулийн зардлын тайлан гаргуулах биз ээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Онгоц нисдэг тэрэг хоёрыг ялгаж бичээч П.ЭНХ /ANALIZ.MN/ гуай.