Оюутнууд ажиллах явцдаа сургалтын төлбөрөө төлөх, ахмадууд ур чадвараа үнэлүүлж орлоготой байх замыг нээнэ
“Төлбөрийн дарамтгүй оюутан” хөтөлбөр хэрэгжүүлнэ
Нэр дэвшигч Мөнхөөгийн Оюунчимэг тойргийнхоо 11 дүгээр хороонд ажиллалаа. Иргэдтэй уулзалт хийх үед оюутан залууст чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлэхийг залуучууд асууж байлаа.
Оюутнууд сурахын зэрэгцээ ажил хийж сургалтын төлбөртөө нэмэрлэмээр байдаг, гэтэл ажлын байр байдаггүй, аав ээжээсээ ойр зуурын хэрэглээний мөнгө байнга аваад байж чаддаггүйгээс болоод сургуульдаа нэг жил сурч, нэг жил чөлөө авсаар сурах хугацаа уртасч, үүнтэй холбоотойгоор амьдрал хүндэрч байгаа тухай хэлж, үүнийг шийдэхэд төрөөс ямар дэмжлэг байх ёстой талаар нэр дэвшигчээс асуув.
Нэр дэвшигч Мөнхөөгийн Оюунчимэг залуусын энэхүү асуултад “Монгол Ардын Нам “Төлбөрийн дарамтгүй оюутан” хөтөлбөр хэрэгжүүлэх талаар мөрийн хөтөлбөрт тусгасан. Хөтөлбөр хэрэгжсэнээр “Боловсролын зээлийн сан” шинээр байгуулж оюутан залуус сургалтын төлбөрөө зээлээр төлж сургуулиа төгссөний дараа ажил эрхлэх явцдаа эргүүлэн төлөх боломж бүрдүүлэх юм. Оюутныг цагаар ажиллуулсан аж ахуйн нэгжүүдийг урамшуулах замаар оюутан залуусаа дэмжих боломжтой. Үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор мөрийн хөтөлбөрт тусгасан” хэмээн хариуллаа.
Нийт ахмадуудын 90 орчим хувь нь тэтгэврийн зээлтэй
Ахмадууд тэтгэврийн зээл авахаас өөр аргагүй байдалд ордог, зээл авчихаад буцааж төлөх гэж хүнд байдалд ордог талаар хэлж, өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууддаа чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлэхийг голчлон асуулаа.
2016 оны байдлаар нийт ахмадуудын 90 орчим хувь нь тэтгэврийн зээлтэй бөгөөд зөвхөн 2015 онд л гэхэд Монголын ахмадууд 70 гаруй тэрбум төгрөгийг тэтгэврийн зээлийн хүүнд төлсөн байна. Цаашид энэ тоо улам өсөх хандлагатай.
Нийт тэтгэвэр авдаг ахмадуудын 60 гаруй хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 195-230 мянган төгрөг авдаг, энэ нь ахмад настнуудад өнөөдрийн хямралтай эдийн засагт аж амьдралаа авч явахад хүндрэл учруулж байна.
Бодит байдал өнөөдөр ийм байгаа учир ахмадуудад чиглэсэн төрийн бодлогыг Монгол ардын нам мөрийн хөтөлбөртөө хэрхэн тусгасан талаар нэр дэвшигч Мөнхөөгийн Оюунчимэг мэдээлэл өглөө.
Мөрийн хөтөлбөрт ахмадуудад чиглэсэн дараах бодлогыг хэрэгжүүлэх юм.
-Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх,
-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах,
-”Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого” гаргах,
-Ахмадууддаа “Ач санах” хуулийг батлан хэрэгжүүлэх,
-Азай буурлууддаа “Насны хишиг” тэтгэвэр олгох эрх зүйн орчин бүрдүүлэх,
-Тэтгэврийн зөрүүг арилгах гэхчлэн цогц арга хэмжээг шат дараатай авснаар ахмадуудад тулгардаг нийгмийн асуудлыг шийдэх юм.
“Ач санах” хууль гэдэг нь ухаан санаа сэргэг, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой ахмад үеийнхэн хойч үедээ туршлага, ур чадвараасаа сургах үйл ажиллагааг дэмжих замаар ахмадын зөвлөх үйлчилгээг нэвтрүүлэх асуудал юм. Энэ нь цаанаа ахмадуудын хөдөлмөрийг зохих ёсоор үнэлэх үр дагавартай.
“Насны хишиг” тэтгэврийг 75-аас дээш ч юм уу настнуудад одоо авч байгаа тэтгэвэр дээр нэмэх замаар шийдэх боломжтой хэмээн нэр дэвшигч Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГ хариуллаа.
“Итгэлийн зээл”-ээр өрхийн жижиг бизнес эрхлэгчдийг дэмжинэ
УИХ-ын 64-р тойргийн хэмжээнд жижиг дунд үйлдвэр, өрхийн жижиг бизнес эрхлэгчид нэлээд бий. Эдгээр иргэдийн төлөөлөлтэй нэр дэвшигч Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГ уулзаж, бизнесийн үйл ажиллагаатай нь танилцлаа.
Төрийн бодлогын алдаа, эдийн засгийн хямралын хамгийн хар сүүдэр, хүнд ачааг бизнес эрхэлж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, баялаг бүтээж буй иргэд, аж ахуйн нэгжүүд үүрч буй юм.
Өрхийн жижиг бизнес эрхлэгчид өөрсдөд нь тулгарч буй асуудлыг хуваалцлаа. Мөнгөний эргэлтгүйгээс, иргэдийн гар дээр мөнгө байхгүйгээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь зарагдахгүй, мөнгө нь түгжигддэг асуудлыг зарим нь хэлж байхад татварын дарамт багагүй хүндрэл учруулдгийг нөгөө хэсэг нь хэлж байв.
Өрхийн орлогыг дэмжих, жижиг бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх нь нэн чухал байгааг нэр дэвшигч Мөнхөөгийн Оюунчимэг яриандаа онцолсон.
Тэрбээр “Өрхийн жижиг бизнес, жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд бизнесээ эргэлдүүлэх мөнгө байхгүй учраас хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр бизнес эрхлэгчдийг хүртээмжтэй хангах шаардлагатай. Үүнийг шийдэх зам нь нөгөө л санхүүжилтийн асуудал. Намын мөрийн хөтөлбөрт шийдэх гарцыг тусгасан. “Итгэлийн зээл”-ийг бий болгож, жижиг дунд, бичил бизнес эрхэлж байгаа хүмүүсээ дэмжинэ. Ажилгүйдлийг шийдэхийн тулд ажлын байрыг олноор бий болгох бодлогыг мөрийн хөтөлбөрт тусгасан. Тухайлбал, 21:100 хөтөлбөрөөр 21 аймагт гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 100 үйлдвэр барьж ашиглалтад оруулна” хэмээн дэлгэрэнгүй хариулж, харилцан яриа өрнүүллээ.
Н.Ган
URL: