ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫГ ХАВЧИХ 27 ХИЙГЭЭД 270 ДУГААР ТОГТООЛ
Шийдлийн Засгийн газар шинжлэх ухааны салбараараа тоглож дуусаагүй бололтой. Өнгөрсөн жил Засгийн газрын 27 дугаар тогтоол гэгчийг гаргаж, шинжлэх ухааны 20 хүрээлэнг арав болгон цөөлж, 150 гаруй хүнийг ажилгүй болгосон. Харин энэ удаа Засгийн газрын 270 дугаар тогтоол гаргаж, байр савыг нь булаахаар шийджээ. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 23-ны Засгийн газрын хуралдаанаар Баянзүрх дүүргийн XIII хороонд байрлах Пайеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг тус дүүргийн прокурорын газарт шилжүүлэхээр болжээ.
Үүнийг эсэргүүцэн ШУА-ийнхан “Шинжлэх ухаанаа аваръя” түр хороог байгуулж, өчигдөр хэвлэлийн хурал зарласан боловч Засгийн газар “түргэн авч” гаргасан тогтоолоо эргэн харъя, нийтэд битгий мэдээлээч гэсэн хүсэлт хэлсэн байх юм. Засгийн газрын тогтоол гэгч айлгаж тоглодог тоглоом биш байлтай. Гэвч нэгэнт гаргасан, “халуун”-аараа байгаа тогтоолыг тийм амархан цуцалчихгүй нь тодорхой. Тэр тусмаа чоно борооноор гэгчээр сонгуулийн дүйвээнээр сэмээрхэн гаргасан учраас тус байрыг прокурорын газарт шилжүүлэх эрх ашгийн далд сонирхол ч байгааг үгүйсгэхгүй. Тиймээс үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор холбогдох хүмүүсээс тодрууллаа.
ТЭНД БАЙГАА 48 ХҮНИЙГ ГУДАМЖИНД САНДЛАА ТАВИАД СУУ ГЭЖ БОЛОХГҮЙ БАЙХ Л ДАА
“Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооны дарга Д.Баясгалан:
-Засгийн газрын шийдвэр гарахын өмнө та бүхэнд мэдэгдээгүй юмуу?
-Энэ асуудал 2015 ,онд бас яригдаж байсан. Саяын Засгийн газрын тогтоолыг бол цахим хуудсаар дамжуулж л олж мэдсэн.
-Уг нь Палеонтологи, геологийн хүрээлэнд одоо байгаа байр битгий хэл илүү хэрэгтэй байгаа шүү дээ?
-Тэгэлгүй яахав ээ. Одоо байгаа тэр байр бол яг стандартын шаардлага хангасан байр биш. Гэвч эрдэмтэд байрны нөхцөл байдлаас үл хамаараад, аль болохоор болгох гээд ажиллаж байна. Хэрвээ нүүлгэх боллоо гэхэд тэнд байгаа хөдөлгөж болох, үл хөдөлгөж болох асар олон олдворыг яах вэ гэдэг асуудал гарна. Хэрвээ энгийн тасалгааны нөхцөлд тавьчихвал маш богино хугацаанд задраад, улсын төсвийн болон гадаадын хөрөнгө оруулалтаар олж авчирсан өнөөх ховор олдворууд байхгүй болчихно. Мөн тэнд байгаа 48 хүний асуудал бас яригдана л даа. Тэднийг гудамжинд сандлаа тавиад суу гэж болохгүй байх л даа.
ЭНЭ БАЙРАНД БАЙГАА ОЛДВОРУУДЫН ОЛОНХИ НЬ СУДЛАГДААГҮЙ
Үлэг гүрвэл судлаач Д.Майнбаяр
-Тэр байранд тоо хэмжээний хувьд хэчнээн олдвор байгаа вэ?
-Эртний ургамал, дун хясаа, далай тэнгисийн ёроолын амьтан гээд сан хөмрөгийн бүртгэлийг харах юм бол 4000-5000 орчим байгаа. Эртний амьтан, ургамал гэхээр хүмүүс үлэг гүрвэл гэж ойлгодог. Тийм том хэмжээтэй биш. Эртний ургамал гэхэд нүдэнд үл харагдах үр тоосонцроос авахуулаад чулуужсан мод, геологийн чулуун дээжүүд байгаа шүү дээ. Ургамлын дээжийг хөдөлгөхөд их асуудалтай. Бэхжүүлэлт хийж, судалгааны материал болчихсон энэ үед тээвэрлэхэд эмзэг болчихдог. Монголд байхгүй Архивын байр барилаа гээд ярьж байгаа шигээ тийм хэмжээний орчныг нь бүрдүүлж байж л нүү гэвэл болно шүү дээ.
-Хэдэн хувь нь судалгааны эргэлтэд орсон бэ?
-Мэдээж бүгдийг нь судлах гэж л авчирдаг. Судалгаа олон шат дамжлагатай, тэр дагуу хийж байгаа. Гэхдээ олонхийг нь судалж амжаагүй олдворууд бий. Хамгийн гол нь цуглуулна гэдэг чинь маш их цаг зав шаардсан ажил шүү дээ. Өмнө нь зуны гурван сард хээрийн судалгаанд явдаг байсан. Одоо бол хөрөнгө мөнгөнөөсөө болоод харьцангуй богино хугацаанд явж байна. Дээр нь судалгааны талбай тодорхой болсон учраас хугацаа харьцангуй багассан л даа.
-Хэдий хугацаанд цуглуулсан олдворууд вэ?
-Палеонтологи, геологийн хүрээлэн 1964 онд байгуулагдсан гэхээр 50 гаруй жилийн түүхтэй гэсэн үг.
-Танайх төв байрныхаа ард бас нэг агуулахтай бил үү?
-Хүн харахад хоёр байртай л болохоос биш зай талбайн хувьд үнэхээр хомс. Олон улсын стандартын дагуу ховор нандин зүйлийг хадгалах нөхцөл бүхий байр биш. Байгалийн шинжлэх ухаан хөгжиж байгаа манайх шиг оронд олон улсын жишигт нийцсэн музей бариад өгчихмөөр л байгаа юм.
-Өнгөрсөн хугацаанд Засгийн газар ШУА руу нэлээд дайрлаа. Ийм нөхцөлд залуу судлаачийн хувьд ажиллах урам зориг ямар байна вэ?
-Хэцүү байна шүү дээ. Жишээ нь миний хувьд гэхэд маш том зорилго өөртөө тавьсан яваа шүү дээ. Р.Барсболд гуай болоод бусад том академич шиг хүн болохсон гэж зорьж яваа. Гэтэл сүүлийн 3-4 жил шинжлэх ухааныг нухчин дарах бодлого явлаа. Ялангуяа Шийдлийн Засгийн газар шийтгэл хийгээд байгаа байхгүй юу. Өмнө нь цомхтгол хийж, 160-аад хүн ажилгүй болсон. Одоо байр байшинг нь авна гэнэ. Тэгэхээр бид хаана юу хийх юм бэ. Ер нь шинжлэх ухаан гэдэг чинь Засгийн газрын араас биш Засгийн газар шинжлэх ухааны араас явж байх ёстой байхгүй юу. Өнөөдөр уул уурхай хөгжөөд байгаа гэж их бахархдаг юм шиг байна лээ л дээ. Үгүй байхгүй юу. Үүний чинь гол эх үүсвэрийг хэн гаргаж өгсөн юм бэ. Палеонтологийн шинжлэх ухаан гэхэд уул уурхайн, тухайлбал нефть дээр гэхэд хэдий үед хадгалагдсан, ямар эх үүсвэртэй вэ гэдгийг тогтоодог, геологийн салбар бол энэ ийм төрлийн ашигт малтмал гэдгийг тогтоож өгдөг шинжлэх ухаан шүү дээ. Шинжлэх ухаан гэдэг зүйл үнэхээр хэрэггүй болчихсон юм уу. Эсвэл газар ухаж төнхөөд байгаа хүнд техникээ шинжлэх гэж ойлгоод байгаа юм уу Мэдэх юм алга.
ТӨР БАЙРЫГ НЬ БУЛААХ БИШ ХАРИН Ч ШИНЭ БАЙР БАРЬЖ ӨГӨХ ЁСТОЙ
Засгийн газрын 270 дугаар тогтоолыг харахад байрны эзэмшлийг шилжүүлэх тухай л байгаагаас биш байргүй үлдэж байгаа Палеонтологи, геологийн хүрээлэн олдворуудаа хэрхэх нь тодорхойгүй байгаа нь үнэхээр сонирхолтой. Уг нь шийдвэр гаргагчид Монгол Улс палеонтологийн олдвороороо энэ салбарын хөгжлөөрөө дэлхийд гуравдугаарт ордгийг мэддэг л байлтай. Харин тус хүрээлэнгийнхэн үнэт олдворуудаа хадгалах стандартын газар төрөөс шаардах ёстой байсан. “Хүннү молл”-д гаргасан үлэг гүрвэлийн үзэсгэлэнг зөвхөн олон нийтэд дэлгэх биш хадгалах газар байхгүйдээ л тэнд байрлуулсан гэдгийг мэргэжлийн хүмүүс нь л мэддэг. Бүр цаашлаад төрийн бодлого гэж ярих юм бол палеонтологийн нөөц, эх сурвалжаа түшиглэсэн үзмэр үйлчилгээний газар байгуулбал асар их мөнгөн урсгал манайд ирэх боломжтой. Олон улсын стандартад нийцсэн нэг сайхан музей барих нь “тэнгэрийн” түмэн худлаа зорилт дэвшүүлснээс л илүү бодитой үр дүнтэй.
ОЛОН ЗУУН ДАМЖСАН УРГАМЛЫН ОЛДВОРУУД ГЭМТЭХ МАГАДЛАЛТАЙ
Палеонтологи геологийн хүрээлэнгийн эрхлэгч, доктор Л.Гэрэлцэцэг
-Тус байранд олон үнэт, ховор олдворууд байгаа гэсэн. Жишээ нь тэднээс таны судалж байгаа ямар олдвор байна вэ?
-270 зууны тэртээгээс амьдарч байсан хоёр см хүртэл үргэжилсэн усан ургамлын судалгааг хийдэг. Уг олдворын дээж болох шинэ төрөл зүйлүүд энд их хэмжээгээр хадгалагдаж байгаа. Мөн эдгээр нь маш жижиг хэмжээтэй учраас ийш тийшээ шилжүүлэхэд эвдрэл гэмтэл үүсэх магадлалтай. Тиймээс энэ байраа хамгаалж үлдэх нь бидний зорилго.
-Палеонтологийн хүрээлэнг нүүлгэх болсон шалтгаан нь юу юм бол. Энэ тухай танай ажилчид мэдэж байсан уу?
-Бусад улс орон олдворуудаа судлахад хөрөнгө оруулалт хийж дэмждэг байтал манай улс байраа сулал гэдэг нь таагүй хэрэг. Палеонтологийн хүрээлэнгийн ажилчид хөдөө явахад асар их зардал гардаг. Гэтэл энэ бүгдийг улс төсвөөсөө шийддэггүй, гаднын байгууллагуудтай хамтарч ажиллах замаар шийддэг. Тэгэхэд Засгийн газрын тогтоолоор энэхүү байрыг чөлөөлөх тушаал ирсэн нь 48 хүнийг ажлын байргүй болгоход хүргэж байна. Тиймээс Засгийн газраас нааштай хариу гарахыг л хүлээж байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН “ДАЙРАЛТ”-Д ӨРТСӨН ДАРААГИЙН ГАЗАР НЬ ХИМИЙН ХҮРЭЭЛЭН
27 дугаар тогтоолоороо шинжлэх ухааны академиудыг цөөлснөөс хойш тэдний газар, байрыг булаах ажил эхэлсэн гэж болно. Үүний нэг жишээ нь ШУА-ийн харьяа Ботаникийн хүрээлэн. Өдгөө тэндэхийн газрыг өмлөж цөмлөж өгсөөр л байгаа. Сүүлд лав ЭМШУИС-ийн лаборатори эмнэлэг, Нийслэлийн боловсролын газар хоёрт газар тасдаж өгсөн. Лаборатори эмнэлэг чухал уу, чухал. Гэхдээ Монголдоо ганцхан байгаа томоохон хэмжээний талбайтай Ботаникийн хүрээлэнд устаж үгүй болж буй нэн ховор ургамлуудыг тарьж ургуулдаг. Монгол ургамал анагаах чадвараараа дэлхийд гайхагддагийг судалдаг хэдэн эрдэмтэн нь л мэдэхээс цаашгүй болохоор төр ийнхүү хайнга хандаж байна гэж үзэхээс аргагүй. Одоо дараагийн бай нь Хими, химийн технологийн хүрээлэн. Засмал зам барих ёсгүй газарт тус хүрээлэнгийн байшинг тулган зам барьснаас болж барилгад чичиргээ өгч, химийн судалгааны нарийн багаж тоног төхөөрөмж нь ажиллахаа больжээ. Уг нь шинжлэх ухааны байгууллагуудын байр улсын тусгай объектод тооцогддог. Гэтэл өнөө цагт хэн дуртай нь халдаж, сүүлдээ байр байшингаас нь хөөх тухай тогтоол гаргаж байх жишээтэй.
Улсын төсөвт ямар ч дарамт болдоггүй, бүхий л үйл ажиллагаагаа гадаадын төсөл хөтөлбөрөөр санхүүжүүлж явдаг хүрээлэнгүүдээ төр засаг ингэж гадуурхаж байгаад ШУА-ийнхан гайхаж, толгой сэгсэрч сууна. Арга үтүй шүү дээ. Дэлхий дахины хөгжил шинжлэх ухааны ололт дээр тулгуурлаж байхад манайх байр, газар гэсэн ахуйн асуудал дээр шунасан, ашиг сонирхлын зөрчлөөрөө шинжлэх ухаанд хандаж байгаа нь үнэхээр харамсалтай.
Д.ПҮРЭВСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: