“Ази маш сонирхолтой зах зээл”
Калтенберг цайзад өнөөг хүртэл Баварийн Цэвэр Тунгалагийн хуулийн дагуу шар айргийг үйлдвэрлэж байна. “Калтенберг” брэндийг эзэмшигч “Кониг Людвиг Интернейшнл” компанийн захирал Хунтайж Луйтпольд фон Баейрнтэй Монголд ирээд байхад нь уулзаж ярилцлаа.
-Таныг Монгол Улсад гурав дахь удаагаа ирж байгаа гэж сонссон. Одоо харахад өөрчлөгдсөн зүйл юу байна?
-Би өмнө нь гурваас ч олон удаа Монголд ирж байсан. Харин шар айрагны үйл ажиллагаатай холбоотойгоор буюу албан ёсоор гэвэл гурав дахь удаагаа ирж байна.
Анх Монголд ирээд зах зээлийг нь ойлгож, хэн нь хэн бэ гэдгийг харсны эцэст энд бизнесээ эхлүүлэх шийдвэрт хүрсэн. Маш хурдацтай хөгжиж буйг нь ажигласан л даа. Өмнө нь нисэх онгоцны буудал хүртэлх замын дөнгөж дөрөвний нэг нь баригдсан, байшин барилга нь ч өөр байсан. Гэтэл одоо бол их хөгжсөн нь харагдаж байна.
-Монголд энэ удаа ямар зорилгоор ирсэн бэ?
-Бид хэдэн жилийн өмнөөс “Калтенберг” шар айргийг Монголд албан ёсоор оруулж ирэн үйлдвэрлэж байна. Тэгэхээр энд өрнөж буй үйл явцтай байнга холбоотой байна гэдэг маш чухал. Хамтын ажиллагаа маань маш сайн байгаа. “Калтенберг” шар айраг Монголын зах зээлд амжилттай нэвтэрлээ. Харин одоо үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах, ирээдүйд байж болох шинэлэг зүйлд анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Хэрэглэгчид худалдан авч буй бүтээгдэхүүндээ итгэл төгс байна гэдэг чухал
Өнөөдөр хийж байгаагаасаа илүү сайныг хийж чадах боломжийг хайж байна. Хамтын ажиллагааны хүрээнд техникийн чанартай танилцахаар Монголд ирдэг. Хоёр талаас зах зээлийн талаар уулзалтуудыг мөн хийдэг. Өөр оронд үйл ажилллагаа явуулж байгаа тохиолдолд үйлдвэрлэлийн горимоос авахуулаад бүх зүйл төв салбартай яг ижил явагдах нь их чухал. Ингэснээр зах зээл, хүмүүс, өөр соёлтой хүмүүсийн хүсдэг зүйлсийг ойлгоход хялбар болдог юм. Ингэж байж бид алдаа бага гаргана.
-Цэвэр тунгалгийн тухай хууль батлагдсаны 500 жилийн ой тохиож байна. Ямар үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-Энэ хууль бол одоог хүртэл дагаж мөрдөгдөж байгаа хамгийн эртний гэгдэж болох хоол хүнсний хяналтын хууль юм. Тус хууль маш энгийн бөгөөд ойлгомжтой. Хуульд зааснаар шар айрагны найрлагад ус, зөрөг цэцэг болон арвай агуулагдас ёстой. Бид Германд ойн баярыг маш өргөн тэмдэглэсэн. Ойролцоогоор 7000 зочин ирсэн. Шар айрагны үндэсний үзэсгэлэнг гаргасан бөгөөд энэ жил ойролцоогоор 3000-4000 хүнийг татлаа.
Мөн Засгийн газар гээд бусад газартай өөр албан ёсны үйл ажиллагааг хамтран явуулсан. Бусад орны зүгээс бидний баярт зориулан нэгэн зэрэг телевизийн мэндчилгээг илгээх үйл ажиллагааг бас зохион байгуулсан. Өөр орнуудад мөн цомхон байдлаар тэмдэглэж байгаа. Ер нь аль ч орныхон манай шар айргийг уугаад сэтгэл хангалуун байгааг харах сайхан байдаг. Манай бүтээгдэхүүн бол дотор нь юу орсон нь ойлгомжтой байдаг. Миний бодлоор энэ бол яг хүмүүсийн хүсдэг зүйл. Хүмүүст ямар ч эргэлзээ төрөхгүй байна гэдэг чухал.
-Германыг шар айрагны эх орон гэж хэлж бараг болох байх. Хамгийн анхны шар айраг хэдэн онд гарч байсан бэ. Хүмүүс хэзээнээс хэрэглэж эхэлсэн бэ?
-Хамгийн анхны шар айраг Герман улсаас өөр оронд исгэгдэж байсан. Германд арай сүүлд нэвтэрсэн. Хамгийн анхны шар айраг Египет улсад МЭӨ 3000 онд исгэгдэж байсан түүхтэй. Үр тарианаас хүмүүс исгэх санааг анх олсон юм билээ. Германы хувьд их хүчтэй хөгжил ойролцоогоор 1000 онд явагдаж байсан.
Цэвэр тунгалгийн тухай хууль батлагдсанаас хойш шар айрагны үйлдвэрлэл их өргөн тархсан. Дээр үед зүгээр ус уух хүртэл аюултай байсан. Учир нь усны бохирдол маш их байв. Үүнээс болж хүмүүс ихээр нас барж байсан. Харин үүний оронд исгэсэн мөн бага зэргийн спиртний орцтой шар айраг бол ямар ч бактери агуулаагүй учир уснаас хавьгүй аюул багатай.
Гэхдээ тухайн үедээ хамгийн аюулгүй бөгөөд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог байсан. Миний хэлээд байгаа бага согтууруулах тун буюу 4-5 хувь нь чанга төрлийн согтууруулах уух зүйлсээс өөр юм. Үүнээс өмнө дарсыг маш өргөн хэрэглэдэг байлаа. Гэтэл цаг уурын өөрчлөлтийн улмаас их хүйтэрснээр усан үзмийн тариаланг үгүйрүүлж байв.
Энэ дундаас зөрөг цэцэг тэсч үлдсэн юм. Иймээс олон зууны турш шар айргийг маш өргөн хэрэглэж ирсэн бөгөөд нийт хоол хүнсний хэрэглээний бараг 60 хувь нь шар айраг байгаа юм. Иймээс Герман бол шар айрагны нутаг гэдэг нь эндээс маш тодорхой харагдаж байна. Шар айраггүйгээр Герман улс оршин тогтнохгүй байсан.
Бид 60-аад улс орон руу экспортолдог. Яг үйлдвэрлэл явуулж байгаа нь 16 орон байна
-Шар айраг гэж чухам юу вэ?
-Германд бол шар айраг гэдэг ойлголт маш энгийн. Энэ бол ус, зөрөг цэцэг, арвай агуулсан исгэж бэлдсэн уух зүйл. Өмнө нь хуульд тусгагдаагүй ч одоо бол дөрөвдөгч орцоор шар айрагны хөрөнгө нэмэгдсэн. Химийн ямар ч элемент агуулаагүй, хямд түүхий эд ордоггүй. Хүмүүс дээрх хуулиас гадуур бүтээгдэхүүнийг сонирхох болж.
Тэд шар айргийн орцонд өөр зүйл нэмэхийг хүсэж байна. Гэхдээ энэ нь маш аюултай. Тус хуулийг санаачилсан шалтгаан энгийн. Шар айргийн орцонд юу юу орохыг л заахыг хүссэн хэрэг. Хэрвээ та олон зүйлийг хольж уумаар байвал бартендер дээр очоод коктайл ууж болно шүү дээ. Хэрэглэгчид төлж буй бүтээгдэхүүндээ итгэл төгс байна гэдэг чухал юм.
-Одоогоор Германд ямар төрлийн шар айраг түлхүү үйлдвэрлэж байна вэ. Калтенбергийн онцлог зүйл нь юу юм бол?
-Одоогийн байдлаар 800 гаруй компаниуд шар айраг үйлдвэрлэж байна. 600 гаруй нэрэх үйлдвэр байгаа. Ерөнхийдөө өрсөлдөөн ихтэй гэж болно. Эдгээр үйлдвэрлэгчид хэд хэдэн төрлийн шар айрагтай. Ийм учраас бусдаас юугаараа ялгаатай талаар хэлэхэд хэцүү байна.
Бид үйл ажиллагаагаа олон жилийн турш шаргуу ажиллан явуулж байна. Олон улсын тэмцээн буюу “Blind testing” шалгалтад орж байсан. Хэд хэдэн удаа тунгалаг шар айрагны төрөлд алтан медаль, дэлхийн хэмжээнд буудайн шар айрагны төрөлд алтан медалиар шагнагдаж байсан. Ер нь сүүлийн 15-20 жилд олон удаа шалгалтад орж олон шагнал хүртсэн. Яг аль нь шилдэг гэдгийг тодорхойлоход хэцүү. Учир нь энэ нэг бодлын аз юм.
Жишээ нь, blind testing буюу нүдээр харахгүй шалгалтын үеэр ойролцоогоор 20 шүүгч суугаад олон төрлийн шар айраг амсаж үздэг. Үүнээс үзээд аль нь шилдэг гэдгийг хэлэх хэцүү. Гэхдээ бид олон удаа шалгалтыг амжилттай давж мөн олон шагнал хүртэж байсан учраас ямар ч байсан премьер лигт орсон гэж хэлж болно. Бид өөрсдийгөө өнөөдөр шилдэг гэж хэлээгүй ч ямар ч байсан дэлхийн шилдгүүдийн нэг гэж бодож байна.
Монголд бид зөвхөн буудайн шар айраг үйлдвэрлэж байгаа. Харин Германд хэд хэдэн төрлийн шар айраг гардаг. Чанга, маш чанга, хар шар айраг, чанга хар шар айраг зэрэг бүтээгдэхүүн бий. Бид 500 жилийн ойд зориулж тусгайлан шар айраг үйлдвэрлэсэн. Бид эртнээс бэлдэж байсан бөгөөд үүнийхээ талаар хэнд ч хэлээгүй байсан. Тодорхой хэмжээний цөөн тоогоор үйлдвэрлэсэн.
-Энэ шар айргийг ямар орнууд руу экспортолж байгаа бэ?
-Бид 60-аад улс орон руу экспортолдог. Яг үйлдвэрлэл явуулж байгаа нь 16 орон байна. Азийн хувьд Монгол, Энэтхэг, Хятад, Тайваньд үйлдвэрлэлээ явуулдаг бөгөөд саяхнаас Индонезид үйлдвэрлэлийн ажлаа явуулж эхэлсэн. Ирээдүйд эдгээр улс орны тоог нэмэх төлөвлөгөөтэй байна. Азийг маш сонирхолтой зах зээл хэмээн бид харж байгаа ба ялангуяа буудайн шар айраг илүү борлуулалттай байгаа. Тийм болохоор энэ бол бидний харж буй маш том бай.
-АПУ компанийн Калтенбергийг эх орондоо үйлдвэрлэж байна. Хэзээнээс тус хоёр компани хамтран ажиллаж эхэлсэн бэ?
-Бидний хамтын ажиллагаа 2013 оны сүүлчээр эхэлсэн. Манай үйл ажиллагааны гараа маш сайн эхэлсэн. Бид одоо ирээдүйн ажилдаа түлхүү анхаарч байгаа. Одоо энд ашиглаж байгаа тоног төхөөрөмж маш сайн. Германд арай хуучин төхөөрөмжүүд бий. Технологийн хувьд яг ижил явагдаж байгаа бөгөөд Монгол Улсад ажиллаж буй манай төхөөрөмжүүдийг харах сайхан байна.
Сонгодог тунгалаг шар айраг үйлдвэрлэл. Исгэхийн тулд хөрөнгө хэрэгтэй
-Та Калтенберг цайз дотор байрладаг шар айрагны үйлдвэрийн гүйцэтгэх захирал. Энэхүү цайз анх хэдэн онд байгуулагдаж байсан бэ?
-Калтенберг бол эртний цайз. Гэхдээ тийм ч том биш юм. 1280 онд анх баригдаж байсан.
Энэ цайзын нэг гоё зүйл гэвэл дотроо шар айраг исгэгчтэй. Барилга гурван давхар, харин доошоо хоёр давхар исгэх газартай. Заримдаа би орой доод давхар луугаа ороод шар айраг уух боломжтой нь их сайхан шүү. Мөн цайзын гадна талаар тойроод янз бүрийн байгууламжууд бий. Бид дундад зууны үеийг харуулсан баяр наадам зохион байгуулдаг.
Жил болгоны долдугаар сард тэмдэглэдэг. Энэ долоо хоногт гэхэд хоёр өдрийн турш үргэлжлэх поп хөгжмийн наадмыг явуулна. Ойролцоогоор 10,000 залуу цугларах төлөвтэй байгаа. Энэ цайз бол тойроод сонирхолтой барилгатай, дотроо шар айраг исгэгчтэй амьдрахад гоё газар. Өдөр тутмын үйл ажиллагааг удирдахад надад их хялбар байдаг.
-Калтенберг бол дээд исгэлтийн шар айраг. Шар айраг исгэх хэдэн төрлийн арга байдаг вэ. Мөн тэдгээрийн ялгаа нь юу вэ?
-Ерөнхийдөө шар айраг үйлдвэрлэлд гурван төрлийн исгэлт байдаг. Эхнийх нь сонгодог тунгалаг шар айраг үйлдвэрлэл. Исгэхийн тулд хөрөнгө хэрэгтэй. Ийм төрлийн шар айраг исгэх үйл явц дуусмагц хөрөнгө нь доод талдаа тунаад үлддэг гэсэн үг. Нөгөө нэг арга бол дээд исгэлт. Хөрөнгө нь дээрээ хөвөн гарч ирдэг гэсэн үг. Ийм төрлийн шар айраг үйлдвэрлэл маш болгоомжтой хийгдэх ёстой. Учир нь өндөр температурт исгэлт явагддаг.
Бактери өндөр температурт хурдан өсөх магадлалтай учраас ариун цэврийн байдлыг сайтар чандлан мөрдөх ёстой. Сүүлийн төрөл бол бараг мартагдсан гэж болно. Лактик бактерийн исгэлт явуулдаг арга. Ийм төрлийн шар айраг нь өвөрмөц, согтууруулах зэрэг багатай. Гэхдээ маш сэнгэнэсэн амттай учир зун уухад их тохиромжтой байдаг.
-Та Монгол шар айраг амсаж үзсэн үү. Ямар санагдсан бэ?
-Тэгэлгүй яахав. Би зах зээлийн судалгааг хийн гадаад орноор явахдаа шар айргийг амсаж үздэг. Тус зах зээлд нэвтрэх ямар хаалга байна гэдгийг харах боломжийг энэ нь олгодог юм.
Ерөнхийдөө Монголын шар айраг давгүй шүү. Шар айрагны төрөл магадгүй арай цөөн байгаа. Мэдээж хөгжиж буй салбарт бол энэ байх зүйл. Харин хүмүүс ямар төрлийн шар айрганд дуртай, ямар амтанд дуртайгаа илүү мэдэж эхэлж байна. Ашиглаж буй технологи, исгэлтийн горим зэрэг нь бусад оронтой харьцуулахад харьцангуй сайн байгаа нь харагдсан.
Засгийн газрын мэдээ
URL: