Хятад нүүрснээс татгалзах нь тодорхой байна
Дэлхий нийтээрээ ногоон хөгжил, ногоон ирээдүйн төлөө зорьж эхлээд байна. Тэр зорилгодоо зарим нь хүрэх дөхөөд, барианд орох ч болчихож. Харин манай улс ногоон хөгжил, ногоон ирээдүйн талаар одоохондоо зөвхөн ярьж л байна. Дээрээс нь манай ихэнх хүмүүс ногоон хөгжил гэдгийг ганцхан мод тарих гээд ойлгочихсон л тууж яваа.
Яг үнэндээ ногоон хөгжил гэдэг ганцхан мод тарих биш, байгаль орчноо хайрлаж хамгаалах, эрчим хүчээ хэмнэх, эх дэлхийгээ энэрэх, сэргээгдэх эрчим хүч ашиглах гээд олон талт ажил юм. Бүр онол талаас нь ярьж бичвэл их зүйлийг нурших хэрэгтэй болно. Харин энгийнээр ойлговол бид дэлхийн дулаарлыг бий болгож байгаа буруу зуршил бүхнээсээ салах ёстой аж. Тэгвэл БНХАУ тэр яриад байгаа ногоон хөгжил гэдгийг чинь дэлхий нийтэд үлгэрлэхээр хэмжээнд хүргэчихэж. Дэлхийд ялгарч буй нүүрстөрөгчийн давхар ислийн 30 хувийг Хятад улс дангаараа гаргадаг. Дэлхийн хамгийн их агаарын бохирдолттой 20 хотын 16 нь Хятадад байгаа гэсэн ч тоо баримт бий. Бээжин хотын агаарын бохирдол ямар хэмжээнд хүрчихээд байгааг дэлхий нийт харж л байгаа. Мөн Ази тивийн нийт хорт утаа, агаарын бохирдлын 80 хувийг хятадууд үйлдвэрлэдэг гэсэн тоо баримт байгаа юм.
Тиймээс ч хятадууд агаарын бохирдол, байгаль орчны өөрчлөлттэй тууштай тэмцэж, ногоон хөгжилд анхаарлаа хандуулж эхэлсэн. Энэ ч утгаараа нүүрсний хэрэглээнээс татгалзахаар эрс шийдэж, бүхэл бүтэн зорилтот хөтөлбөрүүдийг дэвшүүлээд ажиллаж байна. Угаасаа агаарын бохирдол ихэсч байгаа нь юуны өмнө нүүрсний хэрэглээтэй салшгүй холбоотой. Цаашлаад машины утаа энэ тэр гээд олон хүчин зүйл байгаа л байх. Гэхдээ л нүүрснээс татгалзаж байж л Хятад улсын өмнөө тавьсан ногоон хөгжил, ногоон ирээдүйд хүрч чадах нь ойлгомжтой. Дэлхийн хүн амын зургааны нэг нь амьдардаг Хятад улс дэлхийн нүүрсний хэрэглээний тал хувийг эзэлдэг гэсэн тооцоо бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд нүүрсний хэрэглээг эрс бууруулж, цаашлаад бүр татгалзах хүртэл зорилго тавиад байгаа. Хятадууд 2020 он гэхэд нүүрснээс татгалзана. Үгүй 2030 он гэхэд татгалзана гэсэн янз бүрийн тоо яваад байгаа. Тэгвэл Хятад улс 2020 он гэхэд эхний зорилтдоо хүрч, 2030 он гэхэд нүүрснээс бүрэн татгалзах нь тодорхой юм байна.
Бид эндээ Тавантолгойн нүүрсээ булаалдаж суух зуур хамгийн том зах зээл болох Хятад улс нүүрсийг халах ажлаа аль хэдийн 50 хувиас давуулаад явж байна. Бүх бэлтгэл ажил хангагдчихаж, эхнээсээ үр дүнгээ үзэж байгааг харлаа, үзлээ. Өнөөх 1072 хувьцаа, Тавантолгойн өгөөж энэ тэр бол үлгэрийн далай л болж хувирах бололтой. Хятадууд нүүрс авахгүй нь тодорхой болчихвол бид Тавантолгойнхоо нүүрсийг өөрсдөө л ашигладаггүй юм бол дэлхийн зах зээлд гаргадаг хөг өнгөрөх нь. Ердөө л хэдхэн жишээгээр тэд яаж нүүрснээс татгалзаж байгааг тайлбарлах нь зүйтэй байх.
Сэргээгдэх эрчим хүчээр Хятадыг хангана
2014 онд БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жинпинь манай улсад төрийн айлчлал хийх үеэр Монголын 250 сэтгүүлчийг БНХАУ-д очихыг урьсан. Эхний ээлжийн 50 сэтгүүлч өнгөрсөн жил Хятад оронд очиж, тодорхой сэдвийн дагуу мэдээ материал бэлтгэсэн. Тэгвэл энэ удаад Хятадад айлчилсан 50 сэтгүүлч “Ногоон хөгжилд анхаарлаа хандуулъя” сэдвийн хүрээнд олон газрын үйл ажиллагаатай танилцаж, Хятад улсын хөгжил дэвшлийг тольдлоо. Тэд үнэхээр ногоон ирээдүйг цогцлоон бүтээж чадаж. Хаана сул талбай байна, тэнд мод тарьчихаж. Ногоон хөгжлийн суурь нь мэдээж ногоон байгууламж. Тэгвэл хятадууд сууриа хангалттай тавьсан байна. Харин дараа нь нүүрснээс татгалзах ажлаа эхэлж.
Тэдний хамгийн тэргүүнд шийдвэрлэж байгаа зүйл нь сэргээгдэх эрчим хүч. Бид аяллынхаа хоёр дахь өдөр Тяньжин хотод байрлах “Шин И” компанийн үйл ажиллагаатай танилцсан. Тус компани нь дэлхийн хамгийн том нарны энергийн шилэн хавтан үйлдвэрлэгч гурван том аж ахуйн нэгжийн нэг аж. Тус компанид 15 мянган хүн ажилладаг бөгөөд Малайз улсад нэг том салбартай аж. Тиймдээ ч Тяньжин хотноо асар өргөн уудам талбайг хамарсан нарны эрчим хүч үйлдвэрлэх эко бүсийг байгуулчихаж. 30 мянган га газрыг хамарсан тэрхүү нарны энерги хуримтлуулах эко бүсийг 1.4 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар бүтээсэн юм байна.
Жилдээ 200 сая кВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь 68 мянган айлыг цахилгаанаар хангах боломжтой гэсэн үг. Дээрээс нь жилдээ 84 мянган тонн нүүрсийг хэмнэх боломжтой болж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний нүүрс түлэхээ болиноо л гэсэн үг. Ингэснээр агаарын бохирдол тодорхой хувиар буурна. Мөн найман жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхөж чадах юм билээ. Энд нэг зүйлийг сануулахад, “Шин И” компани нарны энергийн паркийг зүгээр ч нэг байгуулаад зогсохгүй тэр хавийнхаа байгаль орчинд ч бас анхаарлаа хандуулж байгаа юм билээ.
Тодорхой хэлбэл, шилэн хавтангуудынхаа доор усан сан байгуулж, тэндээ загас үржүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Мөн шилэн хавтангийн дор ус хийж өгснөөр эрчим хүч хуримтлуулах чадвар нь 30 хувиар нэмэгдэх ажээ. Ингээд л байгаль орчныхоо эко системийг ч аварч үлдэх боломжтой. Одоогоор тус нарны энергийн парк 40 сая кВт эрчим хүчийг үйлдэрлэж, өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс айлуудад өгөөд эхэлчихсэн байгаа юм байна. Энд ганцхан зүйлийг хэлэх хэрэгтэй.
Хятад улс 2020 гэхэд томоохон үйлдвэрлэл байхгүй бүхий л бүс нутгаа сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилготой байгаа аж. Тэр зорилгодоо ч хангалттай хүрч чадна гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа. Зөвхөн нарны энергийг ч биш салхины эрчим хүчийг хэрэглэж байгаа юм билээ. Энэ бол Хятад нүүрснээс татгалзахаар хийж байгаа ажлын ердөө л нэг хэсэг. Энэ мэтээр 20, 30 мянган га талбайг хамарсан нарны энерги цуглуулах паркийг ойрын жилүүдэд маш олноор нь барихаар ч төлөвлөж байгаа юм байна.
Эрчим хүч хэмнэх ч гэсэн нүүрснээс татгалзах бодлогын нэг хэсэг
Аяллын хоёр дахь өдрийн өглөө бид Хятад улсын байгаль хамгаалалт, эрчим хүч хэмнэх группийн үйл ажиллагаатай танилцсан юм. Одоогоор Хятадад байгаа цорын ганц эрчим хүч хэмнэх хамгийн том байгууллага аж. Хятад дахь эрчим хүч хэмнэх байгаль орчныг хамгаалах салбарт шинжлэх ухаан технологийг ашиглаж үйлчилгээ үзүүлдэг хамгийн том групп юм байна. Бүхий л үйл ажиллагаа болоод чадал нь Хятад улсын хэмжээнд тэргүүлж байгаа ажээ. Хятадын 30 гаруй муж хот, гадаадын 40 улсад үйл ажиллагаа явуулдаг, 260 орчим салбартай компани гэж байгаа. Хамгийн гол нь энэ компани эрчим хүчийг хэмнэх бүхий л технологийг Хятадын хэмжээнд нэвтрүүлж байгаа юм билээ.
Эрчим хүчний хэмнэлттэй барилгуудыг барих, цаашлаад тийм хотхон, хорооллуудыг ч босгох зорилготой аж. Мөн нүүрсний хийг шууд ашиглаж, эрчим хүч гаргах боломжтой цахилгаан станцийг барьж байгуулахаар төлөвлөгөөгөө гаргачихсан байна билээ. Бид нүүрсээ олборлоод, гал тэргээр зөөгөөд, цахилгаан станцдаа түлээд, эрчим хүч, дулаан гаргаж авч байгаа. Тэгвэл Хятадууд шууд газрын гүн рүү хоолой явуулаад л, хийг нь дамжуулж авдаг станц барих гэж байна. Түүнээс гадна бид Тяньжин хотод Хятадын шинэ Тяньжины эко хотын төлөвлөлттэй танилцсан юм. Тус хот нь Тяньжин Бинхай шинэ дүүргийн бүсэд орших аж. Хятад, Сингапур улсын Засгийн газрын стратеги хамтын ажиллагааны хөтөлбөр, байгалийн баялгийг хэмнэсэн, экологид ээлтэй нийгмийн хөгжлийн нийтлэг шинжилгээ судалгааны хүрээнд хийж байгаа бүтээн байгуулалт гэж байгаа. 30 км/квадрат талбайг хамрах энэхүү эко хотын бүхий л байшин барилга эрчим хүчний хэмнэлттэй байх аж.
Байшин бүрийн дээр бүрийн дээр нарны энерги хуримтлуулах хавтангуудыг хэдэн зуугаар нь байрлуулах бөгөөд цаашлаад гэрлийн шилнээс авахуулаад бүгд эрчим хүчний хэмнэлттэй байхаар төлөвлөсөн ажээ. Нарны энергийн хавтангууд нь байшин барилгын 20 хувийг цахилгаанаар хангах чадалтай байхаар тооцож хийж байгаа юм билээ. Ингэснээр эрчим хүчийг багагүй хэмжээнд хэмнэнэ. Тэр хэрээрээ түлэх нүүрсний хэмжээ багасах учиртай. Эрчим хүч хэмнэхтэй холбоотой олон бодлогыг энд бичвэл цаг, цаас хүрэлцэхгүй. Зүгээр л наад захын энгийн жишээ татахад л ийм байна.
Байгалийн хийгээр эрчим хүчийг шийднэ
Хятад улсын нүүрснээс татгалзах бодлогын нэгээхэн хэсэг нь байгалийн хийг ашиглах. Манайхан өнөөдөртөө ахуйн хэрэглээнд, хоол унд хийхдээ л газ ашиглаж байгаа. Мөн автомашинд шатахуун маягаар хэрэглэж байна. Тэгвэл Хятад даяар хэрэглээний газыг бүхий л зүйл ашиглаж байгаа юм.
Өвөр Монголын Ордос, Бугат, Хөххоттой танилцаж байхад орон сууц болгоны дээр газын баллонууд өрөөстэй байна билээ. Учир нь газаар халаалтаа хүртэл шийдээд эхэлчихсэн нь тэр аж. Бид аяллын дөрөв дэх өдөр Өвөрмонголын Ордос хотод очиж, байгалийн хийн үйлдвэртэй танилцсан. Ерөөсөө Ордос хотод одоогоор илэрсэн байгаалийн хийн нөөц нь 44 тэрбум тонн бөгөөд бүх Хятадын нийт нөөцийн 1/3 хувийг эзэлж байгаа аж. Мөн дэлхийн хамгийн том хийн орд Сүрэг хийн ай сав энэ нутагт байгаа юм байна. Бидний Ордос хотод айлчлахдаа танилцсан үйлдвэр бол Өвөр Монголын эрчим хүчний хөрөнгө оруулалтын компани. Тус байгууллага газын хийн үйлдвэрлэлээ нэлээд эрчимжүүлж, шинэ шинэ технологийг нэвтрүүлж эхэлж. Өдөртөө 30, 50, 100 мянган тонн газ үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг байгуулж.
Тэгэхдээ бүр газрын хийг өрмийн цооногийн амсар дээр нь шингэн болгож шахах боломжтой дэвшилтэд технологийг ашиглаж байгаа юм байна. 30 мянган тонноос бага хэмжээтэйг үйлдвэрлэх бол өрмийн цооногийн амсар дээр нь шахаад, шууд баллонд хийгээд л тээвэрлэдэг аж. Ингэхээр хоолойгоор дамжуулжснаас хамаагүй өртөг багатай байдаг юм байна. 600 метр куб хийг нэг метр куб шингэн болгодог аж. Энэ мэтээр газын үйлдвэрлэлийг үнэхээр эрчимжүүлж байна. Газ тээвэрлэх машин, явуулын газ түгээх станц хүртэл нэвтрүүлсэн байсан. Тиймдээ ч айл өрхийн дулааныг хийгээр шийддэг болчихож. Нүүрс шатааж усаа халаадаг байсан бол одоо хий шатаагаад л шийдчихэж байна. Ингэж л нүүрснээс татгалзаж эхэлж. Цаашлаад агаарын бохирдлоо ч хүртэл шийдэж чадаж байгаа юм.
Тус газын үйлдвэрийг өнгөрсөн 2015 оны арваннэгдүгээр сард л нээсэн юм байна. Одоогоор туршилтын журмаар ажиллаж байгаа аж. Нэг өрмийн цооног дээр өдөрт 30 мянган тонн хийг хэрэглээний газ болгон хувиргаж байхад л хангалттай ашигтай ажиллана гэж төлөвлөж байгаа юм билээ. Ийм ч учраас Хятадад газын өртөг маш хямд байна. Сардаа нэг айл хоол ундныхаа хэрэглээнд 10-хан юанийн өртөг бүхий газ хэрэглэдэг гэсэн. Ам ангаймаар байгаа биз дээ. Ер нь бол Хятадуудын хэлснээр тус улс 2030 он гэхэд агаарын бохирдлыг бүрэн шийдэж чадах юм билээ. Энэ бол 2030 он гэхэд нүүрснээс бүрэн татгалзана гэсэн үг байх. Тиймээс бидэнд нүүрсээ зарах 10 жил л байна.
Эх сурвалж: http://mminfo.mn/
Н.Пунцагболд
URL: