Нийслэлчүүддээ зориулав


Улаанбаатарчууд бид бүхэн жил бүрийн 10 дугаарын 29-нд Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн Нийслэлийн өдрийг угтан Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар, Интернэтийн тэргүүлэгч технологийг нэвтрүүлэгч Мобинет ХХК-ууд хамтран Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн 10 талбайд Утасгүй интернэтийн Wi-Fi үйлчилгээг нэвтрүүлж, нийслэл хотын иргэддээ бэлэг барьж байна.

Нийслэлчүүд Та бидэнд мэдээллийн технологийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхах боломжийг олгосон энэхүү үйлчилгээг Зайсангийн Бурхантай хөшөө, УБ зочид буудлын урд талбай, Ард кино театрын урд талбай, Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн, Төмөр зам Вокзалын талбай, Драмын театрын урд талбай, Төмөр замын коллежийн цэцэрлэгт хүрээлэн, Сансарын үйлчилгээний төвийн гадаа талбай, Эрх чөлөөний талбай, Цэрэндоржийн гудамжинд хүргэхээр төлөвлөжээ.

Энэхүү ажлын эхний үе шат амжилттай хэрэгжиж, Зайсангийн Бурхантай хөшөө, УБ зочид буудлын урд талбай, Төмөр зам Вокзалын талбай, Драмын театрын урд талбай, Төмөр замын коллежийн цэцэрлэгт хүрээлэн, Эрх чөлөөний талбайд Wi-Fi бүсийг байгуулаад байна.

Олон нийтийн талбай дахь Wi-Fi бүсийн нээлтийн ёслолын арга хэмжээ өнөөдөр Эрх Чөлөөний талбай дээр зохион байгуулагдлаа. Ёслолын арга хэмжээнд Нийслэлийн засаг даргын орлогч н.Баатарзоригт, НМТГ-ын дарга Я.Сод-Эрдэнэ, Мобиком корпорацийн ерөнхий захирал Д.Болор, Мобинет ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Энхсайхан нар оролцож нээлтийн ажиллагааны туузыг хайчиллаа.

Мөн нийслэлийн иргэдийнхээ тав тухтай, эрүүл орчинд амьдрахад нь хувь нэмэр болгон Wi-Fi бүс байгуулж буй 10 талбайд Мобинет компаниас 20 ширхэг хогийн савыг байршуулахаар болжээ.

2011 оны 10 дугаар сарын 7


URL:

Сэтгэгдэл бичих