А.Хауленбек: Монгол Улс 77.8 хувийн цөлжилттэй байна
Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөрт зориулан “Даян дэлхийн асуудлуудыг бичил санаачлагаар шийдвэрлэх нь” сэдэвт уулзалт өнөөдөр /06.13/ боллоо. Хурлын үеэр Цөлжилтийн судалгааны төвийн эрхлэгч, доктор А.Хауленбекээс зарим зүйлийг тодрууллаа.
-Манай орны цөлжилтийн индекс одоогоор хэдэн хувьтай байна вэ?
-Цөлжилт бол үе дамжсан үйл явц тийм учраас судалгааг тав, арван жилийн шатлалтайгаар хийдэг. Бидний сүүлийн үеийн судалгаагаар Монгол Улс 77,8 хувийн цөлжилттэй байна гэсэн дүн гарлаа. Энэ нь бас харамсмаар тоо юм.
-Цөлжилтийг багасгаж ногоон орчинг бий болгох чиглэлээр ямар ажил хийгдэж байна вэ?
-Энэ жил бүс нутгийн хэмжээнд цөлжилттэй тэмцэх ажил хийж байна. БОНХАЖ-ын яамнаас орон нутагт жил бүр төлөвлөгөө гарган ажил хийдэг. Энэ төлөвлөгөөгөөр малчидтай гэрээ байгуулан иргэд өөрсдөө орон нутгаа цөлжилтөөс хамгаалж, ойжуулалтаа өөрсдөө хийдэг. Энэ төсөл нь нэг талаараа малчдын амжиргааг дэмжиж буй үйл явц юм.
-Төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж буй ямар ямар байгууллага байна вэ?
-Хүнс хөдөө аж ахуйн байгууллагууд, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн газраас судлаачид ирж ажиллаж байна. Мөн 2007 оноос эхлэн цөлжилтийг сааруулахад хувь нэмэр оруулж буй Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл хэрэгжиж буй юм. Одоогоор төслийн хүрээнд 3000 га-д ойжуулалт хийх төлөвлөгөөтэй ажиллаж, жил бүр мод үржүүлэг болон тарилт хийж байна.
-Манай орны нөхцөлд цөлжилттэй тэмцэхэд хүндрэлтэй асуудал юу байна вэ?
-Монголын нөхцөлд нэгдүгээрт цөлжилтийн ойлголт буруу байна. Дараагаар нь төрийн дэмжлэг, боловсон хүчин, санхүүгийн асуудал хүнд байгаагийн учраар төсөл ажлууд маань маш бага талбайд хэрэгжиж байгаа.
А.Отгонжаргал /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: