Батлан хамгаалах яамнаас ноцтой зөрчил илэрчээ

21

Авлигатай тэмцэх газраас гаргадаг төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх 2012, 2014 оны судалгаагаар батлан хамгаалах салбар бусад төрийн байгууллагуудын дунджаас доогуур үнэлэгдсэн юм.

Түүнчлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб нь “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-ийн хөрөнгийг зориулалт бусаар, үр дүнгүй зарцуулдаг талаар мэдээлснийг үндэслэн тус сангийн үйл ажиллагаатай танилцаж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор Батлан хамгаалах яаманд 2016 оны 5 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд ажиллалаа.

Ийнхүү ажиллах явцад Батлан хамгаалахын сайд, Төрийн нарийн бичгийн даргаас “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн хөрөнгийг захиран зарцуулахтай холбогдуулан 2015, 2016 онд гаргасан тушаал шийдвэр, дүрэм журам болон бараа материал худалдан авах үйл ажиллагаатай танилцав. Батлан хамгаалах яам нь өөрийн албан ёсны цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн санхүү, үйл ажиллагааны тайлан, холбогдох тушаал, шийдвэр, хэм хэмжээ тогтоосон шийдвэрүүдийг олон нийтэд мэдээлж үйл ажиллагаагаа ил тодоор явуулдаггүй, сангийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ, бараа материал худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулж хэвшээгүй, албан тушаалтнууд өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн шийдвэр гаргах зэрэг зөрчлүүд илэрсэн.

Эдгээр зөрчил, дутагдлыг арилгуулахаар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр албан бичиг хүргүүллээ.

Нээлттэй тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны дарга, гишүүд нь Сангийн сайдын тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг”-ийг бөглөсөн боловч холбогдох хууль тогтоомжид заасан “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг тухай бүр гаргаагүй байв. Мөн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа тендерийн нээлтийн хурлын тэмдэглэл хөтөлж хэвшээгүй, хуралд оролцсон зарим гишүүд нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасныг зөрчжээ.

Шалгалтаар тогтоосон дээрх нөхцөл байдал нь “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэх ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг бий болгосон байх тул Үнэлгээний хорооны дарга, гишүүдэд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасны дагуу хариуцлага тооцож, хариу ирүүлэхийг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайханд уламжилжээ.

Эх сурвалж: 24tsag.mn  Д.Ундрах

 


URL:

Сэтгэгдэл бичих