Хариуцлагагүйгээсээ болж охины аминд хүрсэн эмч нар уучлал гуйжээ
Өнгөрсөн гуравдугаар сард Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт нэгэн бүсгүй төрөхийн хүндрэлээр амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Тэгвэл энэ хэрэгт тус аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар буруугаа хүлээж, уучлалт гуйсан гэх мэдээлэл байна.
Энэ талаар талийгаач бүсгүйн аав гэгч medee.mn сайтад “Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар хэсэг хэсгээрээ ирж, биднээс уулчлалт гуйж, өөрсдийнх нь хариуцлагагүй байдлаас болж охин минь амиа алдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Охин үрээ зуурдаар алдсан болохоор одоо эмч нарыг уучлалт гуйсныг хүлээн авч өршөөе гэж бодож байгаа. Бас үнэхээр эмч нарын буруу байсныг хууль хяналтын байгууллагынхан тогтоосон гэдгийг хэлмээр байна. Охин маань цус их алдаж, цусны дутагдалд орсноосоо болоод амиа алдсан юм шиг байна лээ. Их шаналж байгаад амиа алдсан. Анх намайг үрээ алдаад гашуудаж байхад эмч нар бүх бурууг охин руу минь чихэж байсан болохоор үнэхээр гомдолтой байсан. Харин одоо охины минь нэр цагаадлаа. Тиймээс ингээд орхиё гэж бодож байна. Эхийнхээ сүүг хөхөж чадахгүй үлдсэн бяцхан хүү нь одоо гурван сар хүрч байна” хэмээн ярьжээ.
Энэ хэрэг гарсны дараа Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн зүгээс “Эмч нар чадах бүхнээ хийсэн ч тухайн эх илүү тээлттэй, 42 долоо хоногтой болчихсон байсан бөгөөд өөрөөрөө төрөх гэж зүтгэсний улмаас амиа алдсан” гэх тайлбайрыг өгч байжээ.
Б.Саран
etoim.mn
URL: