Өвөр Монголын тэмцэгч Хадаа суллагдсан ч сураггүй байна

БЭЭЖИН./НЬЮ-ЙОРК ТАЙМС/. Тагнан турших болон салан тусгаарлах үйл ажиллагаа явуулсан хэргээр 15 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Хятадын Өвөр Монголын тэрс үзэлтэн Хадаа ялын хугацаагаа дуусгаад өнгөрсөн долоо хоногт суллагдсан байна. Энэ тухай АНУ-ын “Нью-Йорк таймс” сонины Бээжин дэх сурвалжлагч Эндрю Якобс мэдээлжээ.
Урьд нь зохиолч, номын дэлгүүрийн эзэн байсан Хадаа энэ жил 55 нас хүрч байгаа бөгөөд Монгол хэл соёлыг хамгаалах талаар тууштай тэмцдэг нэгэн байжээ.Тэрбээр Хятадад хамгийн удаан хугацаагаар хоригдсон улс төрийн хоригдлуудын нэг юм. Хадаа нь Өвөр Монголд амьдардаг нутгийн уугуул иргэдэд автономит өргөн эрх олгохыг шаарддаг байжээ. Сүүлийн 60 жилийн туршид явуулсан цагаачлалын бодлогын улмаас Өвөр Монголын хүн амын 80 хувийг  хятадын хан үндэстнүүд эзлэх болсон хэдий ч тус мужид амьдардаг дөрвөн сая монголчууд хэл, соёлоо хадгалан үлдэхийн төлөө тэмцсээр байгаа юм.
Хадаа 1995 онд Өвөр Монголын нийслэл Хөххотод хэдэн зуун оролцсон жагсаал зохион байгуулсны учир баривчлагдан хоригджээ. Түүнийг хорьсны дараа, 200 коллежийн оюутнууд номын дэлгүүрийнх нь гадна цугларч, Монголын эзэн хаан Чингисийн зургийг барин, монгол дуу дуулцгааж байсан юм. Үүнээс хойш жилийн дараа, Өвөр Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцдэг  Өмнөд Монголын ардчилсан холбоог байгуулсан хэмээн Хадааг буруутгасан бол түүнийг Америкийн дуу хоолой болон гадаадын мэдээллийн агентлагуудад ярилцлага өгснийг нь тагнан турших ажиллагаа явуулсан гэж үзэн ял тулгасан байна. Нью-Йоркт байрлах Өмнөд Монголын хүний эрхийн мэдээллийн төвийн үзэж байгаагаар, Хадаагийн эхнэр болон хүүг нь энэ сард аюулаас хамгаалахынхан баривчилсан бөгөөд өдийг хүртэл тэдний талаар сураг чимээ үгүй байна. Хадаа Баасан гаригт суллагдах ёстой байсан бөгөөд Бямба гаригт Хятадын нэгэн веб хуудсанд ” гэр бүлээрээ уулзсан нь” нэртэй фото зураг нийтлэгдсэн байна. Зураг дээр, Хадаа эхнэр, хүүгийн хамтаар идээ будаа дүүрэн зассан ширээний ард инээмсэглэн суугаа нь харагдана. Гэвч тэд одоо чухам хаана байгаа нь мэдэгдэхгүй байна.
Мэдээллийн төвийн захирал Тогоочийн Энхбатын үзэж байгаагаар, энэ нь хууль бус үйлдэл бөгөөд Хятадын хуулиар бол тэрбээр 12-р сарын 10-нд суллагдсан байх ёстой ажээ. Гонконгт байрладаг ашгийн бус Дю Хуа сангийн судлаач Жошуа Розензвеиг хэлэхдээ, тус сан нь бусад хүний эрхийн байгууллагатай хамтран сүүлийн 15 жилийн турш Хадаатай холбоотой хэрэг болон түүнийг суллуулах талаар Хятадын албан өндөр тушаалтнуудад байнга шаардлага тавьж байсан гэжээ.
Б.Адъяахүү


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих