ЭРТНИЙ УУЛЫН БИЧИГ

12508782_1059599727393730_1345266632870419049_n Нэг.
Уулс үлгэрээс ч өмнө дүнхийж байжээ. Цаг хугацаатай хамт өтөлж, хэдэн сая жилийн хэрэг явдлыг ой ухаандаа бүртгэжээ. Хэрэв уулсын хэлийг мэддэг бол хэдэн мянган хуудас судар ном болохоор өнгөрсөн түүхийг хүүрнэх биз. Зарим зүйлс бидний төсөөллөөс ч огт ондоо болохыг мэдэх учиртай. Сонсож дуулаагүй хачирхмаар хачин сонин явдлын тухай ч уулс үгүүлэх болов уу. Даанч уулс мөнхийн гүн бодлогшролд автаж, чив чимээгүй байх увдисыг эзэмшжээ. Нэгэн цагт уулстай ярилцагчид амьдардаг байлаа гэвэл одоо хэн ч итгэхгүй. Тэд уулсын үр сад мэт ивээлд нь багтаж, хэрхэн чив чимээгүйг бясалгах эрдмийг нь өвлөдөг байлаа.

 

Өвгөн багш зүгээр л нүдээ аниад нэг ч нээлгүй 10 жил сууж байна. Эхэндээ түүнд хэцүү байжээ. Уулсыг, цэцэгсийг, моддыг харахсан гэж хүсдэг байв. Зөвхөн өмнө нь бишгүй харсан, юу ч өөрчлөгдөөгүй хэмээн өөртөө итгүүлээд тэсвэрлэнэ. Үнэхээр ч уулс байрандаа, ургамал цэцэг ч ургах газраа, ургаа модод ч үндсээ зөөлөн хөрсөнд бөх гэгч нь хаваад урьдынхаараа сүглийнэ. Хүмүүс ч ялгаагүй өмсөх зүүх, эдлэж хэрэглэх нь өөрчлөгдсөн ч хөл гар, хүзүү толгой нь түүний харж байсан шиг л хэв янзандаа. Харин сэтгэлдээ төсөөлөхийг, бүгдийг нүдээрээ биш ч харж чаддаг болохыг эрмэлзсээр олон жилийг үджээ. Түүнтэй уулзах гэж хэн ч ирдэггүй. Ер нь түүнийг энэ уулсын дунд ийн суугааг хоол унд ойртуулж өгөх шавиас нь өөр хүн мэдэхгүй. Нуруу намхан ч бие чийрэг шавь нь багшийнхаа нүүрийг уулын горхины тунгалаг усаар хааяа угааж өгнө. Өвлийн сэрүүнд цасан будрахад уулсын орой уйтгартайгаар цайраад, салхины хүүг хүүг хийх чимээнд сарны ёлтгор гэрэл сүрлэн овоохойнх нь үүдээр шагайхыг нүдээрээ харалгүй, харж сурав. Хаврын эхээр Мээхуа модны иш найлзуур хавганаж, удалгүй шинэхэн ногоон навчис инээлдэн дэлгэрэхийг ч сонсож сурав.

Хаврын сайхан өглөө шавь нь ялимгүй амьсгаадсаар хүрч иржээ. Уулын сүмээс энд ирэхэд тун чиг өгсүүр замтай ажээ.

 

Багшийнхаа өмнө суугаад аманд нь шинэхэн агшаасан будаа савхдаж хийгээд,
-“Багш, аа манай нутагт дайн болжээ” хэмээн намуухан хэлээд их л гүн санаа алдав. Дайн гэдэг үг багшийг нь ч гэсэн үймрүүлж орхив. Царайд нь цаглашгүй гуниг тодорчээ. Харин нүдэнд нь дугуй хүрээ их асар дотор тойроод суусан олон хүн, тэдний орилолдон хашгиралдах дуу сонсогдов. Асрын голд гүйж харайх хүмүүс үзэгдэнэ. Цус асгаруулсан их тулааны талбар харагдсангүй. Зузаан ширмэл хүрэмнийхээ энгэрийг илээд цэцэгсийн үнэр эргэн тойрныг дүүргэн, сэрүү татахыг мэдрэв.

 

-“Шавь минь дайн биш. Тэмцээн наадам болж байгаа бус уу? Тэмцэл бүхэн дайн байдаггүй юм” гэхэд чухам юу хараад ийн өгүүлснийг эс ойлгох шавь нь багшийнхаа дэргэд толгой дохиод чимээгүй наминчлан суув. Хар утаа хөшиглөн татаж, шархдсан цэргүүдийн энэлэн ёолох дуу, бүрээ хэнгэрэгийн нүргээн, харвах, чавчих чимээ сонсоогүй амгалан уулс багшид нь юу харуулсаныг шавь нь мэдсэнгүй. Зөөлөн инээмсэглэл нүүрэндээ тодруулаад, “харин их гэрэл хаанаас гараад байгааг ойлгохгүй байна. Сонин юм даа, ямар хачин тод гэрэл вэ? Энэ хүмүүсийн өмссөн хувцас, нэг нүхээр ороод, хэсэг нь тэр нүхнээс гарч ирэх юм. Улаан, ягаан, хар энэ олон өнгийг ялгаж харахын ч аргагүй юм. Хачин дүрснүүд, Тэр дүрснүүд нь тэрэг шиг дугуйтай, өнхрөөд байна. Олон хүн нүдэндээ хар юм зүүжээ. Тэд харахгүйгээр харахын увдисыг таньсан гэж үү? ” хэмээн гайхшран хэлэхэд нь Ашасан уулс сонссон ч цайран орох бороон дунд үл норох, үл бөхийх, үл гайхшрахын шалтгааныг бясалган чимээгүй дүнхийнэ.

Хоёр.
Өглөөний нар өрөө дүүрэн гэрэлтүүлнэ. Сон Ву нүдээ нээгээд хананд өлгөөтэй том цагийг харлаа. Тэр их л сэтгэл өөдрөг босож, өрөөнийхөө цонхыг цэлийтэл нээв. Тэртээд их хотын дуу шуугианыг үл сонсох уулс амирлангуй төрхөөрөө угтана. “Азтай байсан шүү. Тэр ваар лав Сукжон хааны үеийн эртний эд дээ” гэж өөртөө хэлээд нарны өөд харсанд нүд нь гялбаж ширээн дээр байсан хар шилээ авч зүүлээ. “Харин дотор нь байх тэр бичгийн л учир нь сайн олдохгүй юм. Хэн хэзээ чухам юуны тухай бичсэн юм бол доо. Сөүлээс ийм ховор дурсгал олдог би ч азтай байна шүү” гээд эвхмэл бичгийг дэлгэн хэсэг харав. Нүд, харах, дүрснүүд гэсэн утга авцалдаагүй хэдэн үгийг холбож ойлгохоор нилээд суулаа. Эцэст нь утсаа шүүрэн аваад өчигдөр лавлахаас олсон дугаараа хийж залгалаа. Харилцуурын цаанаас эмэгтэй хүний уянгалаг намуухан хоолой сонсогдов.

-Би Археологийн хүрээлэнгийн Сон Ву байна, аа. Өчигдөр ууланд хийсэн малтмагаар Курё улсын үеийн эртний ваар олдсон юм. Тэр вааран дотроос нэг бичиг гарч ирсэн юм. Тэгээд тэр бичгийн утгыг тайлж уншуулах хэргээр л таньтай ярьж байна. Та завтай бол би одоо цагийн дараа таны хаягаар яваад очиж болох уу? гээд хариу хүлээж, цонхоор харагдах уулсын зүг хараа бэлчээлээ. Төдхөн “За, баярлалаа. Ойлголоо. Цагийн дараа…” гээд харилцуураа тавив.

 

Хурдны замаар салхи татуулан давхиж явахдаа Вон Суд ямар нэгэн баяртай явдал өмнөөс угтаж буй мэт санагдаад, нүүр дүүрэн инээмсэглэж, аль эрт мартсан гэж бодож байсан дуу гэнэт санаанд орж ирэхэд амандаа аялав. Хачин дөлгөөхөн нүдтэй, залуухан бүсгүй түүнийг угтан авав. Эвхмэл бичгийг дэлгээд шууд л уншиж эхлэх нь түүний гайхшралыг төрүүлжээ.

 

“Та хаана эртний бичиг ийм сайн уншиж сураа вэ” гэхэд ”миний мэргэжил шүү дээ” хэмээн даруухнаар инээмсэглэв. Бүсгүй хэсэг бодолхийлснээ “сонин бичиг байна. Ямар нэгэн нууц увдисын тухай өгүүлжээ. Хэрхэн уулсыг сонсох тухай, нүдээрээ биш харахад үзэгдэх дүрснүүд, тэр дүрснүүдийн зарим нь хэрхэн өнхөрдөг тухай, дуу чимээний тухай, гялбалзсан гэрлийн тухай, сонин хүмүүс, өнгөний тухай, тэнгэрт хүрсэн өндөр, өндөр байшингийн тухай бичсэн байна” гээд ер бусын дотноор Вон Суг ширтжээ. Ийм харцыг олон жил хайж явсан гэдгээ Вон Су шууд л ойлгов. Жижигхэн гараас нь атгаад, уртын урт замд хамт удаан алхмаар түүнд санагджээ.

 

“Анх уулзсан ч өмнө нь хэдийнээс танил дотно байсан мэт бодогддог хүмүүс байдаг. Яагаад тийм байдгийн учрыг хэн ч сайн мэддэггүй. Ямартаа ч эртний ерөөл, урд насны учрал тохиол гэж ихэнх нь үздэг. Үнэн ч байж магадгүй. Олон зүйлийн нууцыг одоо болтол хүмүүс тайлж чадаагүй л байна. Зарим нь хэзээ ч тайлагдахааргүй цаг хугацааны эргүүлэнд нуугдсан байдаг. Энэ бичиг ч магадгүй тийм л нэг тайлагдашгүй нууц байж таарна” гэсэн бодол хөврүүлсээр Вон Су үдшийн бүрэнхий хараахан нөмрөөгүй, сайхан цагаан гэгээтэй Сөүлийн гудмаар алхсаар машины зогсоол хүрэв. “Өөрөө өнхөрдөг тэрэг шиг дугуйтай дүрс гэнэ, ээ. Тэнгэрт тулсан өндөр байшин, сонин хүмүүс, нүдээрээ харахгүй ч харах увдис. Энэ бүхэн арай өнөөдрийн тухай бичсэн биш байгаа” гэсэн бодолд бүрэн автав. Байж боломгүй юм. Тэр олон зууны өмнө, өнөөдрийн тухай бичлээ гэж үү? гэсэн асуулт өөртөө тавьсаар хурдны замаар салхи татуулан давхиж байлаа. Том том хүлэмж, тасралтгүй үргэлжлэх ногооны талбай, замын хажуугаар эгнэн жагссан модод, хаврын эхээр улам ч тод үзэгдэх болсон сарыг ч анзаарсангүй.

Өнөөх л толгой тархи гашилгах бодлуудаа эргэн эргэн бодсоор харуй бүрий цагаар гэртээ иржээ. Өрөөнийх нь утас гэнэт уртаар хангинахад яаран очиж авлаа. Өнөөх ялдам дуу хоолой. Аяндаа сэтгэл нь цэлмэх шиг түүнд санагдав. Хачин юм шүү. Ямар нэгэн сайхан совин татна.

 

Гурав.
Өвгөн багш өвөлжин нөмөрсөн дүрүүмаг цамцаа тайлах гэж л өндийжээ. Түүнээс биш огт хөдлөлгүй суусаар хэд хоносоноо ч мартсан байлаа. Анх түүнд нүдээ аниад харж болох тухай санаа хаанаас төрснийг мэдэхгүй. Нэг л өглөө нүдээ аниад бүгдийг харж болмоор санагдсан гэдэг. Уулс энэ санааг түүнд шивнэсэн байх. Харагдаж байгаа бүхэн үнэн биш. Үнэн заавал харагдаж байх ч ёстой биш. Майлсны навч ногоон байгаад үнэр нь ногоон биш гэдэгтэй адил. Уулын сүүдэр бараан байгаад уул бараан гэсэн үг биш” хэмээн өвгөн багшийнхаа хэлснийг шавь нь сайн ухаарсангүй. Зөвхөн хэлсэн бүгдийг нь амандаа “үзэгдэж буй бүхэн үзэгдэж байгаа шигээ бус. Нүдний гэм арилах цагт л гэгээрэлд хүрнэ” гэж тоть шувуу шиг даган давтан хэлсээр байжээ.

 

Шавь хүү багшийнхаа нэг л зүйлийг ойлгохгүй байлаа. Энэ сайхан уулс, модод, шувууд, цэцэгс алаглахыг харахгүй, яагаад багш нь нүдээ аниад байгаа юм бол гэдгийг. Хэрээ шувуу хаанаас ч юм бэ, нисэн ирээд саглагар мөчрийг сэрчигнүүлэн сууж, муухайгаар гауглав. Шавь хүү амандаа” сайн хэлээ нааш нь, муу хэлээ нааш” гэж шившээд газар гурвантаа нулимав. Хаа газар хон хэрээг хэн сайнаар санадаг билээ. Хар муур, хэрээ шувуу хоёрыг тамын орны үүд сахигчид гэдэг юм. Тэд хүмүүс нүгэл их үйлдэж, тамын орны хаалга байнга онголзож байгаасай гэж залбирч суудаг гэнэлээ. Санаа муутай шувуу гэж бодоод гарч үргээхээр сүрлэн овоохойныхоо үүдийг түлхэв. Харин өвгөн багш нь царайдаа үл мэдэг инээмсэглэл тодруулан сууж байв. Багшийгаа хараад гайхан “ та хэрээ ирж гуагачсанд юунд инээмсэглэв” гэж асуужээ. “Хүү минь хэрээ дандаа мууг хэлдэггүй юм. Өнөөдөр харин сайн мэдээ дуулгаж байна. Чиний хэлсэн үнэн байжээ. Дайн дуусч, бүгд энх амгалан болжээ. Гэтэл би юу олж харсан юм бол. Тэр олон хүмүүс хашгиралдаад, зарим нь гүйлдээд л байв. Хулуунаас томгүй бөөрөнхий юм л өшиглөөд байсан юм. Арай идэх хоолоороо л тоглодог баймааргүй ” гэхэд шавь нь “ ээ, ашгүй” хэмээн дуу алдлаа. Дайн дуусчээ гэдгийг л ойлгожээ.

 

Хэрээ ирж гуагчсан өдрөөс хойш багш нь хэлэн дээрээ ширхэг будаа ч тавьсангүй. Хааяа нэг хатсан хулуу ухаж хийсэн жижиг шанагаар ус амсах болов. Шавь нь уулын сүмээс ирэх тоолондоо аяга будаа авчрах ч багш нь огт идсэнгүй. Гэсэн атал царай нь туяаран шаргалтаад өлсөж цангасан хүний шинж үл үзэгдэнэ. Харин ямар нэг зүйлийг ихэд хичээнгүйлэн тэмдэглэн бичих болов. “Шавь минь энэ бичгийг чи олж, би унших ёстой юм. Тэр цагт багш, шавь хоёр биш өөр ерөөлөөр учрах болтугай” хэмээгээд өнөөх бичгээ хуучин вааранд хийж овоохойныхоо голд нүх ухаж булуулжээ. Маргааш өглөө шавь уулын сүмээс өгсүүр замаар сажилсаар хүрч ирэхэд багш нь тун чиг амгалан байдалтай, амьсгал хураасан байв. Шавь хүү “багш минь” гэж нүдээ анин наминчлан залбирахад тэр улбар нар уулын цаагуур шингэх шиг агаарт алгуурхан уусан шингэжээ.

Оргүйд шингэхийнхээ урд өдөр шавьдаа номлосон хачин зүйлсийг хичнээн бодоод сүмийн хамба лам ч учрыг нь олоогүй гэдэг. “ Бие хөнгөрөхөөр сэтгэл бас хөнгөрнө. Мөн чанар нь өд мэт болмуй. Сэтгэл хөнгөрөхөөр аливааг нэвтлэх үүд нээгдэнэ. Уулсыг ч нэвтэлж болно. Моддыг ч нэвтэлж болно. Гагцхүү манан мэт хөнгөн болж, сэрүүнийг танина. Сэрүүн хэмээгч нь халуун чанарын эсрэг бус харин халуун чанарын нэгэн хэсэг билээ. Халуун чанарт сэрүүн оршиж, сэрүүн чанарт халуун оршмуй. Бүгдэд ганц хязгаар байх агаад түүнийг давагч цагийн дарамтнаас салмуй. Цаг үгүй болмуй. Зөвхөн урьдын тавьсан ерөөл хэмээгч нэгэн цаг л үйлчилнэ. Шавь минь бүү мартаарай” гэсэн ажээ. Даанч хэн ч ойлгоогүй тэр захиасыг чулуунаа сийлээд уулын сүмийн үүдэнд залсан билээ. Түүнээс хойш хэдэн намар солигдсоны эцэст ихээ өндөр настай болсон сүмийн хамба лам өөд болохынхоо урьд өдөр тайлж мэдээд хачин сайхнаар инээмсэглэсэн гэнэ. Шавь нар нь мөн л гайхаж”багш минь юунд инээмсэглэв” гэхэд “түүний захиасыг сая л ойлголоо. Үхэл…” гэж хэлээд амьсгал хураажээ. Бүр хэзээ, хэн ч инээмсэглэж байгаагүй гэмээр тийм сайхнаар инээмсэглэсэн хамба ламын царайнаас алтан шаргал туяа цацарч байсныг шавь хүү хараад өвгөн багшийгаа гэнэт ихээр үгүйлжээ.

 

Дөрөв.

Сөүлийн хотын төв цэнгэлдэх хүрээлэнд Дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Цэнгэлдэх хүрээлэн хөл хөдөлгөөн, дуу чимээ ихтэй, хөгжөөн дэмжигчдийн уухай хашгирах дуу тэнгэрт тулна. Ногоон талбайд тоглогч хөл бөмбөгчдийн уран хууралт бүхэн үзэгчид уулга алдана. Вон Су, бүсгүйн чихэнд” Чамайг надтай адил хөл бөмбөг сонирхдог гэж санасангүй шүү” гэхэд тэрээр “хамгийн сайхан спорт” гэж хэлэв. Тэд анх удаагаа гар гараасаа хөтлөлцөн цэцэрлэгт хүрээлэнгээр алхжээ. Хайр сэтгэл гэдэг юугаар ч хэмжигдэшгүй соронзон гүйдэл тэднийг холбох болов. Өдөр өдрөөр, заримдаа бүр цаг цагаар бие биенээ гэх сэтгэл нь асан дүрэлзэж байгааг залуус мэдэж байлаа. Бүсгүйн дөлгөөхөн нүдний харцыг, энхрий зөөлхөн хацрыг нь , туяа татсан царайг нь харахгүй суух Вон Суд үнэхээр хэцүү санагдах болжээ. Хэн нэгэнд сэтгэл алдах “ийм амархан гэж үү?” хэмээн өөрөөсөө асуугаад” ийм л амархан юм байна” гэх бүгдийг хүлээн зөвшөөрсөн хариулт өөртөө олдог болжээ.

 

-“Энэ бичгийн учрыг олохсон” хэмээн бүсгүй эвхмэл бичгийг дэлгээд хэсэг харж суув. Вон Су дэргэд нь очиж зогсоод” наад бичигт чинь өнөөдрийг л бичсэн юм шиг байна” гэснээ” тэрэг шиг өөрөө өнхөрдөг дүрс бол машин, тэнгэрт тулсан байшин гэдэг ч ойлгомжтой, нүхэнд ороод нүхнээс гарах метро, сонин хүмүүс нь бид нар, хачин гэрэл нь чийдэнгүүд, гэрлэн чимэглэл харин тэр харахгүйгээр харах увдис, уулын хэл хоёрыг л ойлгохгүй байна” гэлээ. Бүсгүй мөрөө хавчаад” тийм байх боломжгүй юм. Яаж ч бодсон Сукжон хааны үед өнөөдрийн тухай уран зөгнөлөө гэж үү? Хэрэв энэ бүхэн үнэн бол шинжлэх ухаан юу ч тайлбарлах вэ? Тэгээд бас энэ ойлгоход төвөгтэй олон тэмдэглэлүүд байна. Уулс өдөртөө тав шилгээвэл бороо хур орохын дохио. Уулсын орой өглөө манан дунд үзэгдвэл өдөртөө ихэд халмуй. Намрын ууланд улаан навч их байвал өвөл хүйтэрнэ. Зарим нь ч яахав, харин уулс шилгээхийг яаж мэдэх үү? Бас энэ хэдэн балархай мөр. Юуны тухай бичсэн юм бол… ”

 

Вон Су хариу хэлэлгүй бүсгүйн гараас хөтлөөд шатаар яаравчлан бууж гадаа гарлаа. Хэд хоногийн өмнө олсон тэр ваар, эртний бичиг түүний сэтгэлийг хөдөлгөсөн нь үнэн ч энэ бүсгүйг олж харсан агшны дэргэд юу ч биш санагдана. Модот цэцэрлэгийн дундуур тэд одод тэнгэрт чуултал ярилцан алхав. Амраг хоёрыг сар ажин харж байлаа. “Чиний харц миний сэтгэл гэгээ татуулна” хэмээх эртний шүлгийн мөр Вон Суд нэхэн санагдахад хэзээ нэг цагт энэ шүлгийг өөрөө зохиосон мэт сонин мэдрэмж төрнө. “Чи ваар олсон эртний ууланд очмоор байна уу? Эндээс холгүй тун ойрхон газар. Чамайг хүсвэл би маргааш өглөө эрт тэрэг шиг дугуйтай өөрөө өнхөрдөг дүрсээрээ яваад очьё” гэж Вон Суг хэлэхэд бүсгүй “өөрөө өнхөрдөн дүрс” хэмээн хэлээд инээд алдлаа. Тэр л мөчид Вон Суд ямар нэгэн гэрэл цацруулсан од алган дээр нь буух шиг, тэр одны гэрэл шөнийн харанхуй өдөр шиг гэрэлтэж байх шиг гэгээн совин төрөв. Уулын сүм, нарийн зөрөг зам, сүрлэн овоохой, багш шавь хоёр, нүдээ аниад бүгдийг харах увдис. Тэр л бичигт ирээдүйг олж хараад өнөөдрийн тухай бичсэн гэдэгт улам ч итгэх сэтгэл төржээ. Эрт урьдын хувь ерөөл хэмээх цаг л мөнхөд цохилно. Тэр цагаас гадуур зүйл гэж хүмүүний ертөнцөд нэгээхэн ч үгүй. Өнөөдөр хувь буй бол маргааш ерөөл буй хэмээн сануулах мэт учрал тохиолууд үргэлжилсээр байлаа. Вон Су уулсын зүг харав. Харанхуйд барайн торойн үзэгдэнэ. Салхиар дамжуулан түүнд “ эртний бичгийн балархай мөр сарны гэрэлд тодормой “ хэмээн уулсын хэлээр шивнэх ажээ. Тэрээр сэтгэлт бүсгүйнхээ мөрөөр зөөлөн тэврээд улаахан уруулыг нь шимэнхэн үнслээ.

 

Тав.
Өвгөн багшийн шавь хожим уулын тунгалаг горхины хэлийг сурчээ. Горхины дэргэд суугаад хөгжилтэйгээр инээж байхыг нь явуулын хүмүүс хараад түүнд “солиорсон бурхан” гэдэг нэр хайрлажээ. Тэр инээхээс өөрөөр хэнтэй ч юу ч ярилгүй 20 жил ууланд суужээ. Юу ч ярилгүйгээр ярилцах увдис эрдмийг сурсан гэдэг. Эртний уулын бичигт мэдээж энэ тухай тэмдэглээгүй. Цаг хугацаа гэдэг ердөө хувь ерөөл болмуй.

 

 

2016-06-12 СӨҮЛ

П.БАТХУЯГ


URL:

Сэтгэгдэл бичих