Шанхайн нисэх онгоцны буудалд тэсрэх бөмбөг дэлбэлжээ

527-14657842854_23ШАНХАЙ. /АР/. Шанхай хотын Пудун олон улсын нисэх онгоцны буудалд өчигдөр үдээс хойш нэгэн этгээд гар хийцийн тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас дөрвөн хүн шархадсан гэж Хятад улсын холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ. Тэдний ярьснаар “уг бөмбөгийг шидсэн эрэгтэй өөрийгөө хутгалан хөнөөхийг завдсан” байна.
Уг дэлбэрэлт өчигдөр өдрийн 2:30 цагийн үед тус нисэх онгоцны буудлын хоёр дахь терминалын шалган нэвтрүүлэх цэгийн хажууд болжээ.
Шанхай хотын албаны хүмүүс мэдэгдэхдээ “сэжигтэн этгээд цүнхнээсээ гар хийцийн тэсрэх бөмбөг гаргаж шидсэнийхээ дараа өөрийгөө хутгалан хөнөөхийг завдсан” гэв. Хүзүүндээ шархадсан түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Түүнийг чухам ямар учраас ийм хэрэг үйлдэх болсныг болон өөр хүмүүс уг хэрэгт холбоотой эсэхийг мөрдөн шалгаж байна.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих