Миний уншсан ба таны заавал унших Монгол ахуй

4525

“Миний өссөн Монгол ахуй” номыг уншлаа. Уг номын хуудсыг .. эрдэм мэдлэг “муутуу цаас” мэт нимгэн, уншиж дуулсан нь өдрийн од шиг цөөн … хэмээн даруухан эхлүүлэгч нь Америкийн Санфранциско хотноо суугаа Ширчингийн БААТАР гэж эрхэм бөгөөд өрнө дорны таван хэл, орчин цагийн цахим техникт нэвтэрч, дэлхийн томоохон сургуулиудад суралцан, докторийн зэрэгт хүрсэн, эдvгээгийн шилдэг оюунтан бөлгөө. Юун түрүүн бидний мэддэг мөртөө мэддэггүй, хажуу дэргэд байгаа ч алсраад байгаа Монгол ахуй амьдралыг өөрийн эмэг эхийнхээ ач элбэрэлийг санагалзан дурсахуйн учигт оруулж, түүнийг тойрсон хүмүүс, үзсэн дуулсантайгаа хэлхэн өнөөгийн бид, түүнчлэн алс ирээдүйд сударлан үлдээж байгаад баяр хүргэе.

Энэ номонд Их эзэн Чингис хааны үе удмын сүүлчийн ноёд, хатагтай нарын ахуй амьдрал, зөрчил тэмцэл, өв соёлоос эхлүүлээд өнгөрсөн зууны далаад оны эгэл жирийн сэхээтэн, малчин, ажилчин тэр байтугай тэнүүлчин эрийн ааш аяг оржээ. Эсэргүүний жилүүдээс аваад Оспаний дээрэмчид, Халх гол, дэлхийн 2 дугаар дайны төгсгөл чөлөөлөх дайн, нэгдэлжих хөдөлгөөн, нэгдэлчдийн амьдралыг тойрсон баялаг үйл явдлыг багтаасан аж.

Чин сүжиг, ёс суртахуун, монгол уламжлалт, ажилч хичээнгүй эмгэн буурлын дүр, өглөөн нарнаас үдшийн бүрий хүртэл амжуулах нөр их ажлаар нь төлөөлүүлэн аагтай шаргал цай чанах, идээ ундаа хийх, дээл хувцас, ширдэг дэвсгэр, ноос үс, аргал хоргол түүх, адуу малаа адгуулах мэт монголчуудын уламжлалт ахуй амьдралыг бараг үлдээлгүй бичсэн нь гайхалтай байлаа.

Түүнчлэн хуучний суртал, номтой хөгшидийн сахисан дэг жаяг, аж амьдралын өвөрмөц соёл, ном сурах, зураг зурах, уншиж баясалгах, хүмүүний хоорондын болон байгал дэлхийтэйгээ нэгэн цул оршихуйн нандин харилцаа, сэтгэл сэтгэхүйгээ боловсруулах, гаднаа ямагт эгэл, дотроо наран мэт гэрэл гэгээтэй байсан тухай дурайтал бичжээ.

Бас уулын олон мод шиг урттай богинотой хүмүүний амьдралын орчил, хувь заяаг ч нутаг нугийнхаа олон янзын ааш араншин, ахуй амьдралтай хүмүүсээр төлөөлүүлэн гаргажээ. Хуучны монгол, дорнo дахины судар номын ерөнхий хэллэгийг ашиглан номоо бичиж найруулсан төдийгүй, Монгол зүйр үг, төв халхын аялга, холбоо, хоршоо үг, тухайн цаг үед амьдарч байсан өтгөс өвгөдийн халуун ярианы хэлийг шингээж бичсэн байна.

Мөн номд маш олон ишлэл зүүлт хийсэн агаад үг, утга, их баримтын гүнрүү өнгийж Монгол нутагт амьдарч байсан эртний овог аймгууд, Монголчуудын түүх, архелоги, антроплоги, Хятад, Энэтхэг, Япон, Англи, Араб, Орос эх сурвалж, эрдэмтэн судлаачдын бүтээл,эгэл ардын домог, хуучийг хэрэгтэй газарт нь шингээж өргөн мэдлэгтэй бичсэн нь танин мэдэхүйн үнэ цэнэтэй болжээ. Номыг уншаад өвөг дээдэс эгэл жирийн атлаа ямар агуу хүмүүс бэ? гэдгийг мэдэрч урам баярын бодол дахин дахин ундарлаа.

Монголчууд бид даяаршихийн салхинд эцэг өвгөдийн сургааль, дангаар орших монгол соёл, аж амьдралаа хөтлөх арга ухаан, ёс уламжлалаа мартаж болно гэж үү. Номоо “Та ургууд миний мөнөө хойно улс иргэнийг хурааваас биесийг ану хураатал сэтгэлийг ану хурааваас, сэтгэлийг ану хураачаа биес нь хаа одохуйн” Бирамханд бичвэй… хэмээж дөрвөлжин үсгээр бичигдэн үлдсэн Хувилай хааны гэрээсээр төгсгөсөн нь ихэд учиртай санагдлаа.

Монголчууд биеийн бөхөөр нэг, сэтгэлийг батаар олон бэрхийг давж явсныг дээдсийн гэрээс ишлэн сануулсан төдийгүй мөнгөний балчигт хамаг олноор живсэн бидэнд санах сэрэхийн гэгээ өгч буй мэтээ. Нэмж хэлэхэд орчин цагийн технологи, зохиогчийн олныг хамарсан өргөн харилцаагаар(networking) дамжин хэдхэн хоногийн дотор “Миний өссөн Монгол ахуй” хэмээх ном эх орны өнцөг булан бүрт тэр байтугай Лондон, Парис, Токио, Берлин, Бээжин, Сөүл, Америк, Канадын хотуудад хэдийн хүрч гараас гар, гэрээс гэрт уншигдаж байна. Монгол ахуй соёлын унших бичиг болохуйц энэ бvтээл хөхрөгчид суугаа Монгол айл бүрт, Монголоо гэсэн зүрх бүрт өртөөлөн хүрэх болтугай. Д.Бишүүгарам


URL:

Сэтгэгдэл бичих