Тэнхлэг (Өгүүллэг)
Канадын зохиолч 2003 оны Нобелийн шагналтан Элис Мүнро 1931 онд мэндэлжээ. Тэрбээр 1950 онд Баруун Онтариогийн их сургуульд суралцаж байхдаа “Сүүдрийг хэмжигч” хэмээх анхны өгүүллэгээ хэвлүүлж байжээ. Элис Мүнрогийн “Аз жаргалтай сүүдрүүдийн бүжиг” хэмээх анхны түүвэр зохиол тэртээ 1968 онд олны хүртээл болж, Канадын утга зохиолын хамгийн том шагнал болох Генерал захирагчийн шагналыг хүртсэн аж. Энэхүү амжилтыг нь “Охид хүүхнүүдийн амьдрал” хэмээх өөр хоорондоо холбоотой өгүүллэгийн түүвэр улам бүр батжуулсан байна.
2009 онд зохиолч эмэгтэй Олон улсын Бүкерийн нэрэмжит шагналын эзэн болжээ. Элис Мүнрогийн өгүүллэгүүд Америкийн томоохон сонин сэтгүүлд олонтаа хэвлэгдсэн агаад 2009 оны намар “Дэндүү их аз жаргал” хэмээх сүүлчээсээ хоёр дахь өгүүллэгийн түүвэр нь хэвлэгдсэн байна. Харин 2013 оны зун 82 настай Мүнро утга зохиолыг бүрмөсөн орхиж буйгаа мэдэгдэж, 2012 оны намар гарсан “Үнэт амьдрал” хэмээх өгүүллэгийн түүврээ энэ насандаа бичсэн хамгийн сүүлчийн ном гэдгийг зарлажээ. Тавин жилийн өмнө юм. Жавар тачигнасан хүйтэнд Грэйс, Ави хоёр их сургуулийн хашааны үүдэнд унаа хүлээн зогсоно. Удахгүй автобус ирэхээр түнэр харанхуйг туулан хойд нутгийн зэлүүд хөдөөг зорин гэртээ харих болно. Ави дөчин бээр газар явах бол Грэйс түүнээс бараг хоёр дахин урт замыг туулна. Тэд “Дундад зуун”, “Угсаатан судлал”, “Франц Индианы дайны түүх” гэх номнууд тэвэрсэн байлаа. Номын нэрс тэднийг буурьтай харагдуулна гэж бодсон байх. Харин гэртээ очоод энэ номнуудыг унших цаг зав гаргахгүй л болов уу. Тэд барагдахгүй их ажилтай хөдөөний охид шүү дээ. Гэрийнхээ босгыг даваад л дасал болсон сааль сүү, үнээ малтайгаа зууралдах болно. Бизнесийн сургуульд голдуу хөвгүүд сурдаг авч цөөхөн охид бичиг хэрэг болон урлагийн чиглэлээр сурдаг ажээ.
Харин Грэйс, Ави хоёр тэдгээр охидтой адилгүй харагдана. Тэр хоёрын өмссөн дээлийг хараад бусад охидоос ялгарч буйг та анзаарна. Мэдээж, эрчүүд охидын гадаад төрхийг илүү сонирхдог гэдгийг тэд сайн мэднэ. Гэхдээ тэд боловсролтой, ухаалаг эрчүүд таарна гэдэгт итгэдэг байлаа. Тэд тэтгэлэг олгох шалгалтад тэнцсэн тул энэ сургуулийн түүхийн ангид элсэн суралцах болжээ. Харин төгсөөд ямар ажил хийх бол, дургүй ч гэсэн ядаж л дунд сургуулийн багш болох байлгүй дээ. Сургуулиа төгсөөд ямар нэгэн ажилтай болно гэдэг чинь том амжилт. Мөн оюутан болсноор найз залуу, цаашлаад ирээдүйн нөхрөө олж авна гэсэн бодолтой байв. Тэтгэлгээр суралцаж байгаа охид ухаантай байж болох ч царайлаг байх нь ховор тохиолдол. Харин Ави, Грэйс хоёр бол сэтгэл татам бүсгүйчүүд байлаа.
Грэйс шаргал үстэй, царайлаг, гал цогтой нэгэн. Харин Ави улаан үстэй, дур булаам инээмсэглэсэн, бага зэрэг тачаангуй, сэргэлэн бүсгүй байлаа. Нутгийн харчуул тэр хоёрыг “Соронз” гэж хочилдог байжээ.
Бээрч үхэхийн даваан дээр ашгүй унаа ирлээ. Өнгөрсөн амралтын өдөр татаж байгаад үлдээсэн тамхиа татаж дуусгахаар тэд арын суудалд тухалцгаав.
Эцэг, эхтэйгээ уулзах үед тэднээс тамхи үнэртэж магадгүй. Хаа сайгүй үнэртэх тамхины утаан дунд хэдэн өдөр байлаа. Ави суудалдаа тухлаад зүүдээ ярихаар болов. – Чи хэнд ч хэлж болохгүй шүү хэмээн Грэйст анхаарууллаа.
Ави зүүдэндээ түүнд дурласан Гюго гэдэг залуутай гэрлээд хүүхэдтэй болох аж. Тэр хүүхэд нь өдөр, шөнөгүй уйлна. Энэ охин хүүхэд гэдэгт эргэлзсэнгүй. Хүүхэд нь галзуурмаар орилох тул түүнийг хүн сонсохооргүй зузаан ханатай харанхуй зооринд түгжиж орхив. Тэгээд таг мартсан аж. Зүүд өөрчлөгдөж, тэрбээр өөр нэгэн өхөөрдөм охинтой болж, өнөө хүүхэд нь ямар ч асуудалгүй өсөж торнин том болох юм гэнэ. Гэтэл нэг л өдөр том болсон охин нь ээждээ зооринд хаягдсан дүүгийнхээ тухай хэлжээ. Гологдсон охин эгчдээ бүх үнэнийг ярьж түүний төлөө ээж нь юу ч хийгээгүй хэмээн өгүүлэв. Бяцхан охин ямар ч байсан ахин уйлж болохгүй юм байна гэж ойлгоод уйлахаа больсон гэнэ.
- Ямар аймаар зүүд вэ? Чи хүүхдэд дургүй юм уу? гэж Грэйс асуув.
- Үгүй л баймаар юм гэж Ави хариулаа.
- Фрэйд мэдсэн бол… Биш ээ… Гюго мэдсэн бол яана аа? Түүнд хэлсэн үү?
- Бурхан минь, хэлээгүй ээ.
- Магадгүй, чи ахиж жирэмсэн болохоос айсан байх.
Сүүлийн үед Ави дурандаа Гюгог өдөж байж өвөртөө оруулаад, энгэр зөрүүлэхэд хүргэсэн гэх хов жив сонсогдох болов. Харин Авигийн сээтэгнэл Гюгог илүү эрэмгий, өөртөө итгэлтэй болгодог гэж боддог байжээ. Гюго бол дух руугаа унжсан урт хар үстэй, охидын харааг булаасан сайхан залуу. Тиймдээ ч өөрийг нь бишрүүлж чадсан хэн нэгнийг сонгох хүсэлтэй байсан нь мэдээж. Ахлах курсын дэгжин охидын нэг, эсвэл Ави өөрөө ч адилхан түүнтэй унтвал дурлах байх гэж боддог байжээ. Гэхдээ тийм зүйл болж байсангүй. Гол нь жирэмсэн болчих вий гэх айдас түүнд саад болном. Үнэндээ түүнд Грэйсийн найз залуу Ройс илүү таалагддаг байжээ. Ройс бол эх орныхоо төлөө тулалдаж явсан дайчин эр. Гэтэл тэр залууд Грэйс дурласан байв. Грэйс онгон аашилж, түүнтэй ойртохоос татгалзаж байгаа нь Ройст хайргүйдээ биш юм. Сүүлдээ Ройсын урам хугарч, түүний аашнаас залхаж эхэлжээ. Гэхдээ Грэйс түүнд хов зөөж эсвэл Гюгогийн паянг ярьж, түүний бодол санааг нь сарниулж орхидог байв. Ройс далд санаандаа Гюгог үзэн яддаг нэгэн. Харин Грэйс түүнд Гюгогийн тухай худал зүйл зохион хачирлаж, дэгсдүүлж ярьдаг байсан юм. Үүлэн борооны дараа өмднийхөө шуумгийг олохгүй будилдаг гэх мэт…
Грэйсийн ярьсан зүйл нэг их хортой биш, бас энэ тухай Ави хэзээ ч мэдэхгүй гэж найддаг байжээ. Зуны эхэн сар гарч Грэйс эцэг, эхийндээ очин аж ахуйн ажилд нь туслаж байлаа. Ройс найз бүсгүйгээ эргэхээр замд гарчээ. Гэтэл нэгэн сууринд түр зогсох үеэр Ройс автобусны цонхоор Авиг санаандгүй олж харав. Тэр замын хажууд хэн нэгэнтэй ярилцаж, салхинд намирах үсээ хойш илэн инээмсэглэж зогсоно. Хаврын шалгалтын өмнөхөн түүнийг сургуулиа орхисныг саналаа. Харин Гюго сургуулиа төгсөөд Авитай гэрлэх бодолтойгоор хойд нутгийн нэгэн дунд сургуульд багшлах болжээ. Грэйсийн ярьснаар бол Авигийн жирэмсэн боллоо гэх айдас сургуулиа орхих шалтгаан болсон аж. Үнэндээ жирэмсэн болоогүй байж. Гэхдээ нэгэнт шийдсэн тул эргэж буцсангүй. Тэр өмнөхөөсөө илүү үзэсгэлэнтэй, цоглог харагдана.
Ройст автобуснаас буугаад, энд үлдэх хүсэл төрөв. Түүнтэй уулзвал шийдэж үл чадах хэцүү байдалд орох болно. Ави автобусны урдуур зам хөндлөн гараад эсрэг гудамжны дэлгүүрийн үүдээр орж, харагдахаа болив. Үдэш болж, Грэйсийн гэр бүлийнхэн Ройст зориулж хийсэн оройн зоогоо хүлээн ширээ тойрон сууцгаана.
- Энэ асман бухнуудаас болгоомжлоорой! Чи мэдээж мал хуйгаас хол хөндий өссөн байлгүй гэж Грэйсийн ээж хэллээ.
Ээж нь Грэйстэй огт адилгүй харагдана. Ямар азаар Грэйс ээжийгээ дуурайсангүй вэ? Ээж нь богино тайрсан буурал үстэй, туранхай эмэгтэй байлаа. Тэр хэзээ ч нуруугаа тэнийлгэж үзээгүй байх гэмээр, чөлөө завгүй бөгтөгнөн ямар нэгэн зүйл хийх аж. Хүний зөв үйлдлийг анзаарахгүй байж, өчүүхэн алдааг нь алдахгүй ажиглах өөнтөгч нэгэн мэт санагдана. Аав нь хэдэн малынхаа төлөө санаа тавьсан нэгэн бололтой. Түүний бага нас бусдын басамжлал дор өнгөрсөн байж таарна.
Харин Грэйсийн охин дүүг гэрийнхэн нь хөгжмийн онцгой авьяастай гэж найдацгаана. Зуухны галд нүүр нь улайсан Грэйс ичингүйрэн, чимээгүй суух нь хайр татна. Ройсыг сургуулиа төгсөөд цаашид яах бодолтой байгааг ээж нь ихэд сонирхон асуулаа. Ройс төгсөлтийн шалгалтын хамгийн амархан асуултад ч хариулж чадахгүй бүдэрснийг Грэйс хэлээгүй байх. Тэдэнд өөр ямар нэгэн тайлбар хэлсэн байж таарна.
- Одоохондоо би таксины жолооч хийж байна. Лам хувраг болохгүй юм чинь цаашид гүн ухаан сурах сонирхол алга гэж Ройс хэлэв.
- Чи бас шүтлэгүй хүн үү?
- Тэгээд, юу болох хүн бэ? гэж аав нь түүний хариултыг сонсоод хахаж цацан асуув.
- Зүгээр л тоглоомоор хэлж байна шүү дээ хэмээн Грэйс хариулжээ.
- Гүн ухаан гэнэ ээ? Дөрвөн жил заалгаад сурдаггүй эд үү? гэж ээж нь лавлав.
- Удаан сурна шүү дээ хэмээн Грэйс унтууцлаа.
- Та хоёр биднээр даажигнаад байх шиг байна.
Тэр хоёр хамтдаа аяга таваг угааж дуусаад, гарч салхинд алхацгаав. Грэйсийн царай халууцсанаас эсвэл санаа нь зовсоноос улаа бутарсан хэвээр байлаа. Түүний шооч зан Ройст ихэд таалагддаг агаад өөртөө итгэлтэй чанар шиг санагдана.
- Өнөөдөр хот руу явах автобус байгаа юу? гэж Ройс түүнээс асуулаа.
- Маргааш автобус явна… Яг одоо аав, ээж хоёр их цухалдаж байгаа байх.
Ройс урд нь огт таарч байгаагүй өд шиг цэцэгтэй модыг хараад ямар мод болохыг нь лавлав.
- Хуайс. Хуайс гэж нэрлэдэг юм. Миний хайртай мод.
- Хайртай мод гэнэ шүү. Тэгвэл хайртай цэцэг, хайртай од, хайртай салхин тээрэм
- Хайртай хашааны банз гэж бас байж болох уу?
- Эдний төлөө чиний санаа бас зовдог уу? гэж асуумаар байсан ч түүнтэй хаа нэг газар хамт байхыг ихэд хүсэж байсан тул:
- Маргааш чи юу хийх вэ? Хоёулаа салхинд гарч, ойн цоорхойд шорлог хийж идвэл ямар вэ? гэж асуулаа.
- Маргааш бид өдөржингөө гүзээлзгэний чанамал хийнэ.
- Энд хүссэнээрээ байх боломжгүй.
- Цаг агаар, улирлаа дагаад юу ч хийхэд бэлэн байх хэрэгтэй гэж хариулав.
Ройс тэдэнд тус болох санаатай юу хийж чадахаа бодож үзлээ. Түүний машин, техникийн учрыг яаж ийгээд олоод байдаг чадвар найз нарыг нь гайхуулдаг байлаа. Ройс өөрийгөө хариуцлага хүлээхээс айдаг нэгэн гэж боддог боловч түүнд өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгосон амьдрал илүү сонирхолтой санагддаг байв.
Харин одоо энэ мөрөөдлөө биелүүлэх боломж анх удаа тохиожээ. Ах нь түүнийг сурах дургүй болоод л ийм шийдвэр гаргасан гэж хэлэх байх. Харин аав нь нэг их гайхахгүй байж мэднэ. Ройс тэнэг ч биш бас залхуу ч биш. Тэр одоо хөдөөний амьдралд гулсан орж, цэцэг, жимс дэлгэрсэн энэ сайхан нутагт өөрийн гараар аж ахуйгаа босгох урт замын эхэнд зогсож байна. Аж ахуйгаа эхлэхэд хангалттай хүрэлцэх өвлийн улирал түүнийг хүлээнэ. Хэдийгээр түүнд санаа тавиад сүйд болохгүйг нь мэдэж байсан ч аав, ах хоёртоо хэлж болох л байсан. Гэхдээ цаг хугацаа байсангүй. Тэд хөдөөний амьдрал, тэр дундаа түүний төсөөлж байгаа өөдрөг аж ахуйг төсөөлж чадахгүй л дээ. Ройс жимсний чанамал хийлцэх байсан боловч Грэйсийн охин дүү түүнийг төгөлдөр хуурын дэргэд суугаад, тоглох хөгжмийн ноотыг нь эргүүлж өгөөч хэмээн гуйжээ. Тэд хоолны ширээний араас босох үед Грэйсийн ээж түүнд хандан “Рүт хөгжмийн авьяастай, Грэйс их сургуульд сурч байна, хүү мэдээж аж ахуйгаа авч явна. Миний хүүхдүүд дор бүрнээ болж л байна” гэж хэлэв. Тэд хоолны дараа салхинд гарч зөрөг замаар алхацгаав
Ройс бүсгүйн бэлхүүсээр тэврэх гэж хичээсэн боловч замын ховилд бүдэрч уначих гээд эвгүй байлаа.
- Одоо тэгээд яах вэ? гэж Ройсыг асуухад “Санаа бүү зов. Надад төлөвлөгөө байгаа” гэж Грэйс хэлэв.
Ройст харин төлөвлөгөө байсангүй. Түүний унтах галын өрөө хүн багтаж гарах боломжгүй хагас онгойдог ганц цонхтой байв.
- Маргааш бид жимсний чанамал хийнэ. Өдөржин завгүй ажиллана.
- Рүт хөгжмөө давтах тул чамайг залхааж таарна гэхдээ энэ хамаагүй.
Нөгөөдөр тэр шалгуулахаар ээжтэй хамт хот орно. Бүх хүүхэд шалгалтаа өгч дуусаад дүнгээ сонсох хүртэл тэд хүлээх болно. Одоо ойлгов уу?
- Танай ээж биднийг хоёулахнаа үлдээнэ гэж бодохгүй л байна шүү.
- Чи миний төлөвлөгөөг сонсох уу?
- Би маргааш Робина гээд найз хүүхнийдээ очно. Тэр гуталчин хийдэг юм. Би дугуйгаар явах тул жаахан удна байх. Тэднийх төв замын цаана байдаг. Бид үерхээд удаагүй байтал тэр моринд өшиглүүлээд хазгар болсон. Одоо бараг хоёр жил болж байна.
- Хөдөөний амьдрал гэж энэ дээ.
- Харин тийм ээ.
- Хичнээн дургүй байлаа ч ийм үед нь тоохгүй байвал муухай. Ээж, Рүт хоёрыг явсаны дараа би дугуйгаа унаад хүрээд ирнэ. Тэгээд хоёулаа дураараа байх болно.
- Тэр шалгалт нь хэр удах бол?
- Удах байх. Тэд дараа нь буурай ээжид жимсний чанамал аваачиж өгнө. Эмээгийнд очихоор наад зах нь нэг цаг болдог юм.
- Тэгж л найдахаас даа.
- Чи маргааш ээжийг маань ад үзэхгүй, сайхан ааштай байж чадах уу?
- Уучлаарай, амлаж байна. Ройс нэг зүйлийг гайхаж байлаа. Өнгөрсөн өвөл Грэйсийг хааяахан ирэх үед өрөөнийхөө залууг хөөж гаргаад аль болох боломж гаргадаг байсан. Хавар цэцэрлэгт хүрээлэнгийн харанхуй буланд тэр Ройсын тэвчээрийг шалгах шиг болсон. Энэ хорвоод ганцхан Грэйс онгоноороо үлдсэн юм шиг аашилж байсан.
- Миний төлөвлөгөө ийм л байна…Чамд өөр юу хэрэгтэй гэж? хэмээн Грэйс асуув.
- Чиний онгон эсэх чинь надад сонин биш.
Грэйс сурсан зангаараа цээжээ тэврэн инээд алдав.
- Би тоглоогүй шүү!
Тэдний яриаг үүдний довжоон дээр сууж байсан Грэйсийн ээж сонсоогүй байх.
- Та хоёр сайхан зугаалав уу? Оройн сэрүүнд алхах мөн ч сайхан шүү!
Хөдөөний бид азтай хүмүүс. Хотыхон шиг утаагаар амьсгалахгүй гэж хэллээ. Ройс өглөө сэрээд амьдралынхаа нэгэн урт өдөртэй золгож байна гэж бодож байв. Гэхдээ тэр өдөр хурдан өнгөрсөн юм. Жимсний чанамалтай ваарнуудыг тавиур дүүрэн эгнүүлэн өржээ. Гүзээлзгэнэ хальснаасаа мултарч, ягаан хөөс цахруулан буцлах нь зөөлөн чихэр шиг харагдана. Тэд их эвсэг ажиллах аж. Нэг нь чанамал хийх ваар бэлдэж байхад нөгөө нь тун шалмаг шүүж саванд хийнэ. Галын өрөө бүтэж үхмээр халуун байлаа. Эхлээд Ройс, тэгээд Грэйс, дараа нь түүний ээж гээд ээлжлэн хүйтэн усаар нүүрээ шавшиж байв. Грэйсийн ээж нүүр рүүгээ унжих шодон гэзгээ хойш нь шидээд,
- Грэйс, би яагаад өмнө нь бодохгүйгээр ямар нэг зүйлийг хийж байсангүй вэ? Энэ амьдрал хүнийг алхам бүртээ бодож, тунгаахыг шаардах юм даа. Тийм үү? гэж асуув.
Грэйсийн дүү шалгалтандаа бэлдээд тэр өдөр төгөлдөр хуур орой болтол дуугарав. Ажил дуусахад Ройс тэдний машинаар ойролцоохь тосгоны дэлгүүр орж оройн хоолонд хэрэглэх зуушны хайрсан төмс, хиам бас зайрмаг худалдаж авав. Зуушны төмсийг гэрийн аргаар хийгээгүй юм шиг л харагдаж байлаа. Түүний авчирсан зайрмаг жимсний чанамалын халуун ууранд хайлж урсана. Грэйсийн ээжийн дээлийн хормой нилдээ жимсний толбо болж, шалба норсон байв.
- Энэ Ройс чинь хүүхнүүдийг эрхлүүлдэг нэгэн юм байна. Түүний дэргэд байгаа хэн нэгэн хийсэн ажлаа сүр болгоод өдөржин зайрмаг идэх юм байна л даа. Бид бас эрхэлчихлээ гэж ээж нь ёжилно.
- Грэйс бол угаасаа эрх шүү дээ. Өөрийгөө ухаантай гэж бодоод их сургуульд орсон биз дээ гэж ах нь хэлэв.
Грэйс түүнийг зангах гэж байгаад халбагатай төмсөө энгэр рүү нь унагаачихав. Асгарсан төмсийг ах нь алган дээрээ хамж аваад амаараа түүж иднэ.
- Грэйс “Чи ямар заваан амьтан бэ?” гэхэд,
- Ямар хүмүүжилгүй юм бэ? гэж ээж нь үглэнэ.
Маргааш нь Грэйсийн аав хүүтэйгээ хамт төв замын цаана байдаг эзэмшил талбайдаа овьёос суулгах ёстой байлаа. Тэд авч явах үдийн хоолоо бэлдэхдээ талбай түрээслүүлдэг эмэгтэйд тусад нь хоол савлав. Грэйсийн хэлснээр тэр эмэгтэй тэдэнд уух юм авчирч өгдөг ажээ. Грэйсийн ах ээжийгээ хүлээн зогсоно. Ээж нь шингэрч, бууралтсан шодон гэзгээ нямбай гэгч нь сүлжиж, туузаар боожээ. Би ямар юм идэж чадах биш гэж өөртөө хэлээд хэдэн боорцог цаасанд боож, уутанд хийв. Тэднийг хөдөлцгөөхөд Грэйс дугуйгаа унаад гар даллан зогсоно.
Ээж нь түүнд “Дугуйны ачаанд бэхлэсэн жижиг ваартай жимсний чанамлыг хазгар болсон хөөрхий эмэгтэйд миний өмнөөс өгөөрэй!” гэж захив. Харин чи өчигдөр их ажил нугалсан тул өнөөдөр амар гэж Ройст хэлэв.
Бүдүүн баараг хийцтэй хөдөөний шавар байшин нэг их тохитой байж чадахгүй нь ойлгомжтой. Гэрийн тавилга нь хүртэл ямар ч төлөвлөлт байхгүй, эмх цэгцгүй санагдана. Үүдний гарцыг хагас хаагаад Рүтийн төгөлдөр хуурыг байрлуулсан байв. Зочны өрөөнд харин номын тавиур байх аж. Ройс төв зам руу эргэх машины чимээг чагнаж хэсэг зогсоод, тавиур дээр өрсөн шилэн аяганы цаанаас “Дон Кихотын адал явдал” гэсэн номыг аваад гүйлгэж харав. Ширээний хулдаасан бүтээлэг ялаа наалдуулдаг цаас шиг гялтганах аж. Радио унтраастай, бүх юм хөдөлгөөнгүй нам гүм байлаа. Тэр хоноглож байсан галын өрөөнийхөө буланд очиж цонхыг нь хаагаад, хувцсаа тайлан оронд орж хэвтэв. Хэдийгээр биелэх магадлал тун бага гэж мэдэж байсан ч тэр энд огт зорилгогүй ирээгүй. Харин одоо саад болох хүн алга. Гэхдээ энэ нам гүм агшин ямар чухал болохыг Грэйс төсөөлж байгаа болов уу?
Галын өрөөний хөхөөтэй цаг нэг удаа донгодов. Яг одоо Рүт хөгжмийн шалгалтаа өгч байгаа байх. Ройс хайрга дээгүүр өнхрөх дугуйн чимээг сонслоо.
Гэхдээ гэрт хүн орж ирсэнгүй. Бодвол Грэйс дугуйгаа байшингийн арын саравчинд оруулж байгаа байх. Удалгүй хаалганы цаана хэн нэгний хөнгөн алхах нь сонсдов. Ройс чимээгүй нээгдэх хаалгыг хараад ямар ч түгжээ, цуурга байхгүй болохыг анзаарав. Тэр нүдээ хагас анин, хөдөлгөөнгүй хэвтэж бүсгүйг хүлээнэ. Грэйсийг хувцастайгаа оронд ороод магадгүй хэмээн бодсон ч тэр тэгсэнгүй. Бүсгүй түүний өмнө зогсоод, доош тонгойн цамцныхаа товч бүрийг удаан гэгч тайлна. Тэр уруулаа хэлээрээ норгох нь үнэхээр халуухан харагдуулна. Удалгүй тэд машины чимээ сонсох манатай юм болов. Ройс эхэндээ аль болох чимээ гаргахгүйг хичээж байлаа. Гэнэтийн гай хэзээ ч гараад ирэх тул ихэд сэрэмжтэй байжээ. Гэвч түүний сэрэмж удаан хадгалагдсангүй. Грэйс нэг их айж ичихгүй байсан тул тэд хяналтаа алдаж, нэлээдгүй дуу чимээ гаргаж байлаа. Тэд машины дуу сонсогдохгүй замын эсрэг талын өрөөнд байсан юм. Хэрэв үүдний өрөөний хаалга дуугарсан бол тэдэнд амжиж босох боломж байсан ч харамсалтай нь хаалгаа дэлгээд орхисон байжээ. Грэйсийн ээж орны хөлийн дэргэд гайхан зогсож буйг Ройс сая л анзаарав. Тэр үг ч хэлж чадахгүй, салгалан чичирч, орны хөлнөөс зууран, ээрч түгдрэн байж:
- Итгэмээргүй юм…, би…, би итгэж чадахгүй байна гэж орилно.
- Та хашгичихаа болиоч! гэж Ройсыг хэлэхэд,
- Чи ээжтэй хүн үү? хэмээн загнав.
- Энэ бүхэн танд хамаагүй гэж Ройс бувтнах зуур Грэйсийг өргөн хажуу тийш болгоод шалан дээрээс өмдөө шүүрч аван хөнжил дотроо өмсөх гэж оролдож байхдаа орон дээрээс түүнийг түлхээд унагачихав. Грэйс толгой дээгүүрээ бүтээлэг нөмөрсөн ч нүцгэн гуя нь ил харагдана.
- Чамайг бид гэр бүлдээ оруулж…зочин мэт хүндэлж байхад…чи юу хийж орхив оо?
- Танай охин өөрийгөө мэдэх хэмжээний насанд хүрсэн хүн.
Ээж нь Грэйсийн бүтээлэгтэй толгойг чичлэн “Чи тэрний хэлснийг сонсов уу?” хэмээн хашгичиж, Рүтийн хөгжмийн шалгалтад зориулж оёсон гоёлын даашинзыг гартаа базлана. Ройс хувцсаа өмсөж, өөрийнхөө эд зүйлийг цуглуулан цүнхэндээ чихээд ихэд зэвүүцсэн өнгөөр “Уучлаарай!” гэж хэлэв. Ройсын цүнхнийхээ цахилгааныг түгжих чимээг сонсуут Грэйс дээш өндийхөд бүтээлэг нь газарт унаж нүцгэн болов.
- Намайг аваад яваач ээ! гэж хэлсэн боловч Ройс түүний хэлэхийг сонсоогүй мэт гэрээс яаравчлан гарчээ.
Уурлаж бухимдсан Ройс зөрөг замаар алхаж явахдаа төв зам руу хаана эргэснээ ч анзаарсангүй. Хайрга чулуунаас цардмал зам залгах үед л төв зам байна гэж мэдэв. Хэн нэгэнтэй ярилцах ямар ч хүсэлгүй байсан тул цааш бодол болон алхсаар л байлаа. Грэйс тэр хоёр жимсний чанамал хийдэг өдөр дээрээс асгарах хүйтэн усны дор үнсэлцэж, шивнэлдэн инээлдэж байснаа санав. Грэйсийн норсон үс түүнийг улам үзэсгэлэнтэй харагдуулж байлаа. Үнэхээр сайхан агшин байж дээ!
Энэ бүхнийг гутаасан ганц зүйл бол тэдний гэр бүл. Эргэлдсэн нүдтэй Грэйсийн галзуу ээж нь байлаа. Ройс удалгүй тайвширч, нэлээд хол явсанаа мэдэв. Тэрбээр түр зуур амрахаар шийдэж, замын хажууд гарч эрхий хуруугаа гозойлгон зогслоо. Хөдөөний жолооч нар энэ дохиог мэддэг эсэх нь эргэлзээтэй ч нэг машин зогсож, түүнийг суулгав. Тэд замдаа инээж, хөхрөн ихэд зугаатай явцгааж байлаа. Хөдөөний жолооч яриа хөөрөөтэй, нөхөрсөг зантай нэгэн аж. Ярианыхаа завсар “Чи жолоо мушгина биз дээ?” гэж асуулаа. Ройс өөрийгөө таксины жолооч гэж хэлэв.
- Тийм үү? Гэхдээ таксины жолооч залуу хүний хийх ажил биш.
- Чи сургуулиа төгссөн боловч юу хийх ёстойгоо мэдэхгүй явна уу?
- Үгүй ээ гэж Ройс хариулав.
Жолоочийн хэлсэн үг түүнд шинэ санаа төрүүлэх шиг санагдав. Ройс машинаас буугаад замын хажууд сүглийх хадан цохиог харжээ. Үлгэрт гардаг ургаа хад шиг хагд өвсөөр хучигдаж, зулзаган мод цав гарган ургасан байлаа. Ройс нэг удаа Ниагарын хавцлын ирмэг дээр очиж үзжээ. Тэр газрын тухай огт мэддэгүй байсан ч түүнд гайхалтай сэтгэгдэл төрүүлэв. Энэ газрын тухай түүнд хэн нэгэн яагаад ярьж байгаагүй юм бол оо? Онгон байгалийг төдийлөн анзаарч байгаагүй түүнд гэнэтийн бэлэг байсан нь мэдээж. Чингэхэд хэн нэгэн түүнд хэлж байгаагүй нууцыг дэлгэх шиг санагдаж билээ. Харин одоо мэддэг болсон. Тэр аян замд гарахдаа хэрэн тэнэх биш харин хайснаа олох нь чухал гэдгийг мэддэг болжээ. Гэтэл тэр хайран цаг хугацааг улс төр, гүн ухаан гэх мэт зүйлийн учрыг олох гэж мунгинаж өнгөрөөсөн байлаа. Үүнийг мэдэх амаргүй. Гэхдээ түүний мэдэх ёстой зүйл байсан. Түүний амьдралд эргэлт хийсэн Ниагарын хавцлын тухай бусдад байнга ярьдаг байв. Хэн нэгэн түүнээс “Юу мэдсэн бэ?” гэж асуухад тэр юу гэж хариулахаа мэдэхгүй ч тэнд очиж үзсэнээс хойш охидыг арай өөрөөр хардаг болсон байлаа. Намрын нэг өдөр Ави дотуур байранд орхисон хэдэн номоо авахаар очжээ. Тэр номнуудыг сургуулийнхаа хуучин номын дэлгүүрт зарчих санаатай очоод ёстой хүсээгүй зүйлтэйгээ учирчээ. Түүнийг таних хэн ч таараагүйд эхлээд гайхаж байсан юм. Гэтэл түүхийн хичээл дээр нэг ширээнд суудаг байсан Марша гэдэг охинтой таарав. “Чамайг бид хичээлдээ ирэхгүй болохоор их гайхсан, Грэйс та хоёр ёстой шившиг” гэж хэллээ.
Ави зун Грэйст захиа бичсэн юм. Тэр гэрлэх эсэхдээ эргэлзэж байгаа шалтгаанаа илэн далангуй бичсэндээ санаа нь ихэд зовж байлаа. Иймээс дараагийн захиандаа эхний захиандаа бичсэн эргэлзээгээ эвтэйхэн үгүйсгэжээ. Гэвч Грэйсээс хариу ирсэнгүй.
- Бид хамтдаа нэг өрөөнд орж болох юм гэж бодоод Грэйст ил захидал илгээсэн. Гэсэн ч хариу ирээгүй. Би та хоёрыг энд үзэгдэхгүй байна гэж дуулсан. Хариу бичихгүй байх ямар нэг шалтгаан байж гэж Марша ярив.
Грэйс түүний мулгууг гайхаж, яаж багш болно доо, түүнийг ямар ч эр тоохгүй дээ гэж шоолдог байжээ.
- Зарим хүн Грэйсийг шамбарам өвчтэй гэсэн. Та хоёр арай хамт өвдөөгүй биз дээ? Ямар аймаар юм бэ? гэж Марша хэлжээ.
Ави гэртээ очоод Гюгод илгээх гээд мартчихаад байсан захиагаа бичив. Тэрбээр бэлэг боож, Кенора руу шуудангаар илгээлээ. Гюго тэнд дунд сургуульд багшилж байлаа. Хамтдаа амьдрах байр түрээслэсэн байж. Магадгүй, жилийн дараа гэхэд байшинтай болох байх. Гюгог өнгөрсөн зун Лабатад ажиллаж байх үед Ави жирэмсэн болчихлоо хэмээн сандарч тэвдсэн ч үгүй байсан юм. Тэд жирэмсэн болоогүйн баяраа амралтын газар очиж даруухан тэмдэглэжээ.
Тэр үед л хоёр биендээ хайртай юм байна гэдгээ анх мэдрэх шиг болжээ. Удалгүй Ави жирэмсэн болж, анхны хүүхдээ гаргахаасаа өмнө Кенорад очиж гэрлэхээ зарлав. Хосууд баяр хөөртэй байлаа. Монреаль хотоос Торонтогийн чиглэлд хурдан галт тэрэг явж эхлэхэд Ави охидынхоо нэгнийд айлчлахаар галт тэргээр довтолгож явав. Тэд зургаан хүүхэд төрүүлсэн нь одоо бүгдээрээ том болцгоожээ. Гюго нас бараад жил гаруй хугацаа өнгөрсөн байлаа. Кенорад өнгөрөөсөн хэдэн жилийг эс тооцвол Гюго бүх насаараа л Тандер-Бее хотын дунд сургуульд багшаар ажиллажээ. Ави харин ажил хийсэнгүй. Хэн ч түүнийг хүүхэд гаргаад гэртээ сууна гэж төсөөлж байсангүй. Бусад ээжүүдийг бодвол Ави өөртөө зав гаргаж, ном их уншдаг байлаа. Эмэгтэй хүний амьдралд тохиолддог гэнэтийн том өөрчлөлт бол тэд айл гэрийн эзэгтэй, хүүхдийн ээж болох явдал. Зарим хүүхнүүд энэ өөрчлөлтийг гэрийн мухар сахих биш, түүний оронд ямар нэг дамжаанд суралцаж, яруу найраг бичих, нэр хүндтэй профессор юм уу сэтгэлзүйчтэй учир ургуулж, “Новш” гэж хараахын оронд “Бурхан минь” хэмээн хэлэх явдал гэж үздэг байлаа. Ави тийм зүйлд татагдсангүй. Магадгүй, тэр хэтэрхий бардам, эрхэмсэг нэгэн байсан байх. Тэр бэлэвсэрснээсээ хойш бараг ном уншихаа больж, зав л гарвал цонхоор ширтэж зогсох болов. Хүүхдүүд нь түүнийг их өөр болчихлоо гэж гайхацгаана. Замдаа уншиж байсан ном ч түүнийг сэтгэлийг хөдөлгөсөнгүй. Уг нь дажгүй ном байсан юм. Галт тэрэгний хонгилд нэгэн эр түүнтэй таараад гайхан харж байснаа,
- Ави мөн үү? гэж асуулаа.
Тэр бол Ройс байсан юм. Олон жил өнгөрсөн ч тэр нэг их өөрчлөгдөөгүй байлаа. Тэд мэнд усаа мэдэлцэн, ойр зуурын зүйлээр яриагаа эхлэв.
- Зургаан хүүхэд гэдэг үнэхээр гайхалтай. Чамтай ингэж уулзана гэж ёстой бодсонгүй гэж Ройс хэллээ. Тэр Гюгогийн нэрийг санахгүй байсан ч түүнийг нас барсан гэж сонсоод эмгэнэл илэрхийлэв.
- Та нар Порт Артур хотод амьдарч байсан байна шүү дээ? Харин одоо Тандер-Бее гэж нэрлэх болсон юм гэж Ройс хэлэв. Тэд жин-тоник авч ууцгаалаа. Ави нөхрөө ямар нэг өвчин зовиургүй байгаад гэнэт өөд болсон гэж хэлэв. Гюго зурагтаар мэдээ үзэж суугаад буйдан дээрээ амьсгал хураасан аж. Ройс хэрэн тэнүүчилж, олон газар амьдарчээ. Тэрбээр геологи хайгуулын хичээл зааж байгаад саяхан тэтгэвэртээ гарсан гэнэ.
- Чи гэрлэсэн үү? гэж Авиг сонирхтол,
- Үгүй ээ. Миний мэдэхийн хүүхэд ч байхгүй гэж хариулав. Тэр залуудаа нүдээрээ яг ингэж инээмсэглэн ярьдаг байсныг Ави саналаа. Одоо тэр зүүн Онтариод байдаг гэрийнхээ цэцэрлэгт тоор тарьдаг гэнэ. Тэтгэврийн хүнд сайхан л ажил. Тэр бас америкчуудын довтлогоог хааж байсан Лаврэнс голын адагт байдаг хуучин цайзын тайлбарлагч хийх болжээ. Тэр цайз Райдийн сувгийн дагуу баригдсан онцлог байрлалтай юм. Дайны үед нэг их гэмтээгүй, бүтэн үлдсэн байжээ. Ройс тэнд очсон хүмүүст цайзыг үзүүлж, түүхийг нь ярьж өгдөг юм байна.
Түүний ярьсан түүхийг хүүхдүүд ихэд сонирхон сонсдог гэнэ. Америкчууд төдийгүй канад хүмүүс ч их олноор ажээ. Ройс тэр цайзын тухай бяцхан ном бичиж, түүнийгээ зардаг гэнэ. Тэр геологи болон түүх судлаж их зүйлийг мэдэж авчээ. Энэ салбар руу оройтож орсон ч түүнд ихэд таалагдсан байна. Одоо тэр Торонтод очиж, номын худалдаа сонирхонгоо боломжтой бол бичсэн номоо борлуулах санаатай байгаа аж. Ави түүнд нэг охин нь Торонтод хэвлэлийн газар ажилладаг гэж хэллээ. Ройс санаа алдаад,
- Хорвоо бөөрөнхий гэж үнэн байх. Хүмүүс энэ амьдралаас яг юу хүсээд байгаагаа тэр бүр мэддэггүй. Би чамайг дэндүү азтай хүн гэж бодож байна. Чамд үр хүүхэд байна.
- Тийм ээ, нас ахисан хойноо л ухаарах юм. Өдий насандаа чи хүмүүсийг сүрхий таньж байна. Мэдээж хэрэг, чиний хувьд шүү дээ. Гэхдээ чи өөрийнхөө мэдэх тэр хүмүүсийг л таньж чадна.
Сэтгэлдээ Ави “Би ч гэсэн нэг л өдөр энэ хорвоог орхино шүү дээ” гэж бодлоо.
- Би нэг зүйлийг саналаа гэж Ройс инээмсэглэн хэлэв. Нэг удаа автобусаар зорчиж явахдаа чиний амьдарч байсан газар санаандгүй түр саатсан юм. Чамайг тэнд байгаа гэж мэдээгүй. Мэдэж байсан ч болоосой. Тэнд чамайг санаандгүй харсан. Аз болоход би зөв талын цонхны дэргэд суусан байв. Тэр үед өөрийн сайн мэдэх охинтой уулзах гээд явж байсан юм.
- Грэйс биз дээ?
- Тийм ээ, та хоёр найзууд байсан.
Чамайг хэн нэгэнтэй ярилцаж зогсохыг хараад өөртөө итгэлтэй бардам охин юм даа гэж бодож билээ. Чи үнэхээр сайхан харагдаж байсан шүү. Би автобуснаас буугаад чамтай уулзмаар л байсан. Бүр болзмоор байсан гээч! Гэхдээ л өөртөө итгэлтэй байж чадаагүй. Буцах замдаа чамтай уулзана гэж найдаж байлаа. Чамтай болзож чадна гэж итгэсэн. Чамайг би мэдэх болохоор ийм бодол төрсөн байх л даа. Чамайг залуус эргүүлдгийг мэдэх болохоор үзээд алдана даа л гэж бодож байлаа.
- Тийм үү? Би мэдээгүй ш дээ.
- Яаж ч мэдэх билээ дээ! Гэвч буцахдаа тэр замаар яваагүй тул бүх зүйл бүтэлгүйтсэн.
- Би юу ч мэдээгүй.
- Хэрэв чи мэдсэн бол намайг зөвшөөрөх байсан уу? Яг тэр цаг хугацаанд, яг тэр газар энэ явдал тохиолдсон бол яах байсан бэ?
- Мэдээж, би зөвшөөрөх байсан гэж Ави огтхон ч эргэлзэлгүй хэлэв.
- Бидний хооронд саад тотгор байсан шүү дээ! Тэр бүхнийг үл тоох байсан гэж үү?
- Тийм.
- Гэхдээ тэр үед уулзаж чадаагүй нь сайн зүйл болсон юм болов уу.
Ави энэ асуултад хариулсангүй. Ройс галт тэрэгний цонхоор хараад “Бид гүүрээр гарч байна” хэмээгээд толгойгоо арагш налан нүдээ анилаа. Намайг унтчихвал Кингстон хүрээд сэрээгээрэй. Тэнд чамд харуулах зүйл бий гэж хэлэв. Ройс дуудаагүй байхад өөрөө сэрэв. Тэд Кингстоны өртөөн дээр ирсэн байлаа. Зорчигчид бууж, сууцгаана.
Ройс “Энэ нөгөө газар биш, болоогүй” гэж хэллээ.
Галт тэрэг цааш хөдлөхөд Ройс эргэн тойрныг тайлбарлаж гарав. Дээр дээр нь давхарласан шохой чулуун том хавтангууд сүрлэг байгууламж шиг харагдана. “Одоо удахгүй чи нэг зүйлийг харах болно” гэж хэлэв. Тэр нь Фронтенакийн Тэнхлэг гэдэг өвөрмөц тогтоцтой газар байлаа. Аварга том шохой чулуун суваргыг энд тэндгүй ухаж шатаасан олон толбо харлан харагдана.
- Хараач! гэж хэлэхэд Ави анхааралтай ажиглав. Гайхалтай.
- Буцах замдаа марталгүй санаж байгаад хараарай!
- Машинаар явах үед харах боломжгүй. Энд замын түгжрэл ихтэй.
- Тэгээд л би галт тэргээр явж байгаа юм.
- Баярлалаа.
Ройс хариулалгүй цааш эргэн, их чухал зүйл зөвшөөрсөн мэт толгой дохино.
- Баярлалаа, би мартахгүй ээ гэж Ави хэлэв. Тэр эргэж харалгүй толгой дохилоо. Ави анхны хүүхдээ Шинэ жилийн үеэр төрүүлэх гэж байхдаа Грэйсээс товчхон захиа хүлээн авчээ. “Чамайг гэрлэсэн гэж дууллаа. Намайг эрүүл мэндийн байдал бас зарим нэг таагүй явдлаас болж сургуулиа орхисон гэж чи дуулаагүй байх. Би чамтай юу ярьдаг байснаа байнга дурсан санадаг. Надад хэлдэг байсан мөрөөдлийг чинь тодхон санаж байна. Харин миний сэтгэлийн зул бөхөж байна. Хайртай шүү! Грэйс” гэсэн байжээ.
Ави шамбарам өвчний тухай Маршагийн хэлснийг санав. Грэйсийн захидал нэг л гунигтай, Авиг хариу бичээд хэрэггүй дээ гэж гуйсан мэт санагдана. Тэр Грэйстэй ярилцах боломж олдох эсэхийг тэр үед мэдэхгүй л байлаа. Мэдээж хэрэг, сүүлд нь энэ тухай бодох завгүй болсон юм.
- Грэйсийн тухай чи ямар нэг зүйл дуулсан уу? гэж Ройсоос асуув.
- Үгүй ээ. Би яагаад дуулах ёстой гэж?
- Яахав дээ. Би чамайг сүүлд түүнийг хайсан байж магадгүй гэж бодсон юм.
- Тийм бодол байгаагүй.
Түүний хариултад Авигийн урам хугарав. Тэр Ройсын сэтгэлийн толбо, харамсал, гунигийг ил гаргах гэж хичээсэн байжээ. Ай даа, энэ хүүхнүүд ээ гэж…
URL: