Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо наадмын бэлтгэл ажилтай танилцав
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун болон тус хорооны гишүүд Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн харвааны талбайд ажиллаж баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавьж, наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэлийг эртнээс хангаж, бүх төрлийн үзүүлбэр тоглолтын аюулгүй байдалд онцгой анхааран ажиллаж байна.
Энэ жилийн хувьд улсын баяр наадмын тэгш ой тохиож байгаа бөгөөд гадаад, дотоодын жуулчид, АСЕМ-ын зочид төлөөлөгчид зэрэг баяр наадмыг үзэж сонирхох хүний тоо нэмэгдэх учраас бэлтгэлийг сайтар хангаж, бага зардлаар хариуцлагатай зохион байгуулж ажиллана гэдгийг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ц.Оюунбаатар онцоллоо.
Одоогийн байдлаар Төв цэнгэлдэх хүрээлэнд нэмэлт гэрэлтүүлэг тавих, гол асарын урд, хойд талын фасадыг засварлах, төв асарын суудлыг солих, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үүдний хэсгийн баганыг сэргээн засварлах зэрэг ажлыг хийх юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
URL: