Викиликс оросын тагнуулчийн тухай мэдээлэл тараав
Викиликс сайтынхан Оросын тагнуулч А. Литвиненкогийн амиа алдсан нөхцөл байдлын талаарх дуулиан тарьж тун болзошгүй нэгэн мэдээллийг дэлхийд цацжээ. Сайтад мэдээлснээс үзвэл, оросууд Холбооны аюулгүй байдлын албанд ажиллаж байгаад Их Британи руу оргон зугтсан А. Литвиненког хордуулан алахаар завдаж буй хүмүүсийн үйл ажиллагааг аллага үйлдэхээс нь өмнө анхааралтай ажиглан тагнаж байжээ. Гэвч Английн тусгай албаныхан оросуудад хандан байдлыг бүрэн хянаж байна хэмээн итгүүлсэн тул мөрдөхөө зогсоожээ.
Сайтын дэлгэн тавьсан баримт бичигт дурдсанаар, А. Литвиненког 2006 оны арваннэгдүгээр сарын 23-нд Англид байхад нь хордуулан хөнөөсөн бөгөөд үүнээс хоёр долоо хоногийн дараа Парис дахь АНУ-ын Элчин сайдын яамны нэгэн төлөөлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчийн олон улсын терроризм ба зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн тусгай элчтэй А. Сафоновтой уулзсан байна. Уулзалтын үеэр АНУ-ын төлөөлөгч Оросын элчтэй алуурчдыг мөшгих явц болон оросууд мөрдөлтөө зогсоосон нөхцөл байдлыг хөндөн ярилцжээ.
Их Британийн тусгай албадын үзэж байгаагаар, А. Литвиненког полоний-210 гэдэг цацраг идэвхт бодисоор хордуулан алсан бөгөөд үүнд Оросын иргэн А. Луговой болон Д. Ковтун нар холбоотой ажээ.
Б.Адъяахүү
/МОНЦАМЭ/
URL: