​Ч.Хашчулуун: Засгийн газарт 300 мянгыг тараах мөнгө байхгүй, энэ бол сонгуулийн заль

olloo_mn_1465528847_hashchuluunЭдийн засагч Ч.Хашчулуунаас “Эрдэнэс-Тавантолгой”-н иргэн бүрт эзэмшүүлсэн 1072 хувьцааны талаар цөөн зүйлийг тодрууллаа.

-Засгийн газар иргэдэд эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдан авах шийдвэрийг гаргалаа. Гэтэл өнөөдрийн байдлаар иргэдээс бэлэн мөнгөөр хувьцааг нь худалдан авах мөнгө Засгийн газарт байгаа юу. Улсын төсөв нэлээд өндөр алдагдалтай байна шүү дээ?

-Засгийн газар “Эрдэнэс-Тавантолгой” компаниас иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааны тодорхой хэсгийг худалдан авах шийдвэрийг гаргалаа. Уг нь “Эрдэнэс-Тавантолгой” компаниас иргэн бүрт эзэмшүүлсэн хувьцааны гол утга нь компанийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийсэн хүнд хувьцааг нь бүхлээр нь өгч, хувьцааныхаа оруулсан хөрөнгийн дагуу үйл ажиллагаа нь ашигтай болбол иргэд эзэмшүүлсэн хувьцаанд ногдол ашиг хүртээх ёстой. Өнөөдрийн байдлаар Тавантолгойн үйл ажиллагаа ашигтай биш, нүүрсний үнэ унасан, компани их хэмжээний өртэй байгаа нөхцөлд Засгийн газар иргэдийн хувьцааны тодорхой хувийг мөнгө болгож байгаа нь өөртөө маш том дарамтыг бий болгож байна. Сонгуулиар бэлэн мөнгө тараах нь буруу гэж өнөөгийн барьж буй Засгийн газар шүүмжилж байсан бол эргээд бэлэн мөнгө тараах байдал руугаа орлоо. Засгийн газрын энэхүү шийдвэр цаг үеэ олсонгүй. Учир нь иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцаанд ашиг хуваарилах хугацаа, нөхцөл нь бүрдээгүй байгаа. Ер нь эдийн засгийн хувьд сайн арга хэмжээ биш, сонгуультай холбоотой болчимгүй шийдвэр боллоо.

-Манай улсын төсөв эхний таван сарын эцсийн байдлаар 860 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Хэрвээ Засаг төсвийн орлогоос иргэдийн хувьцааг худалдаж авбал ямар дарамт үүсэх бол. Ер нь та сонгуулийн дараахь Монгол Улсын эдийн засгийг хэрхэн харж байгаа вэ?

-Хэрвээ иргэдийн хувьцааг худалдан авах санхүүжилтийг төсвөөс гаргавал алдагдал нэг их наяд төгрөгт хүрнэ. Ийм нөхцөлд дараагийн Засгийн газар ажиллахад туйлын хүнд болно. Цалин, тэтгэвэр тэтгэмж нийгмийн хамгааллын зардал төсвийн 30-40 хувийг эзэлдэг. Цалин тэтгэвэр дээрээ төвлөрч, төлөвлөж байсан бүх хөрөнгө оруулалт, зам засвар урсгал зардал гээд бүх зардлаа зогсоох шаардлага үүснэ. Нэн яаралтай эдийн засгаа тогтворжуулах, төсвийн сахилга батыг чангатгахгүй бол манай улс Грек замаар хурдтай явж байна. Тиймээс яаралтай энэ байдлыг таслан зогсоох хэрэгтэй байна. Ирэх оны эхээр олон улсын зах зээлээс босгосон бондын эхний төлбөрийг хийх ёстой. Гэтэл энэ бэлтгэлээ хийх ёстой байдал улам зардлаа өсгөж байна.

-Энэ өдрүүдэд АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт манай улсад болж байна. Мөн олон улсын санхүүгийн байгууллагын тэргүүн нар ирсэн. Манай улс Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзаж байна. Зарим хүн ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж магадгүй тухай ярьж байна?

-АСЕМ-ын уулзалтыг ашиглаж Монгол Улс Олон улсын валютын сантай хамтран ажиллах нөхцөлөө сайтар ярилцах хэрэгтэй. Улсын санхүүгийн туйлын хүнд үед ганц тусламж үзүүлэх байгууллага ОУВС байгаа. Тиймээс ОУВС-гаас ямар байдлаар дэмжлэг авах уу, хүлээгдэж байгаа төлбөрүүдээ хэрхэн барагдуулах уу, хэрвээ дэмжлэг үзүүлбэл ямар хугацаа нөхцөлөөр өгч чадах уу, манай ямар нөхцөлөөр авөх тухай хэлэлцээрийг нэн тэргүүнд илэн далангүй ярилцах ёстой. Хэдий сонгууль болох гээд ОУВС-тай хийх яриа хэлэлцээрийг хойшлуулж байгаа ч аль цаг хожиж, эрт хийх тусам асуудлыг хурдан шийддэг. Ирэх намар Монголын эдийн засаг бүрмөсөн дампуурахаас өмнө ОУВС-гийн тусламжийг авч, хүндрэлээс гарах хэрэгтэй байна гэж би хувьдаа эргэцүүлж байна.

 

itoim.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих