Ард түмнийг доромжлоод байна уу, нэр дэвшигчид ээ

4482
Монголын залуучуудын холбоо гэх байгууллага өнөөдрийн улстөржсөн, уурлаж бухимдсан нийгэмд хамгийн зөв гэгээлэг зүйлийг хийж байх учиртай. Залуусыг нийгмийн зөв зүйлд уриалан дуудаж, тэдэнд мэргэжлээ зөв сонгох, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах зэрэгт уг нь уриалж байх учиртай. Гэтэл тус байгууллага сүүлийн үед жинхэнэ утгаараа солиорчихоод байна гэхэд хэтийдэхгүй.“Хулгайчгүй монгол” гэх мэтээр дандаа улс төрийн зорилготой үйл ажиллагаа явуулж, эцэст нь хар, цагаан жагсаалт хүртэл гаргав. Мэдээж энэ ажлыг хийх ёстой юу гэвэл тийм. Гэвч монголын залуусын төлөөлөл болж, тэдний дуу хоолойг нийгэмд хүргэх учиртай залуучуудын байгууллага л лав биш.

Тус холбоог даргалж буй А.Мөнхбат гэх залуу салаавч гаргасан зургаараа гангарч, нийгмийг буруу зүйлд уриалан дуудах болсон. Тэгвэл энэ юу ч биш байсан бололтой. Зарим эх сурвалжийн өгсөн мэдээллээр тус байгууллагын хаалгачаас эхлээд бүх хүн Иргэний хөдөлгөөний нам гэгчээс УИХ-д нэр дэвшч буй сурагтай.

Тухайлбал, өнөөдөр цахим хуудсаар Иргэний хөдөлгөөний намаас УИХ-ын 62 дугаар тойрогт Б.Цогцолмаа гэх эмэгтэй нэр дэвшихээр болсон мэдээлэл тавигджээ. Б.Цогзолмаа нь тус холбоонд ресипшн хийдэг гэх. Гэтэл хамгийн сонирхолтой нь энэ тойрогт МАН-аас тус намын эмэгтэйчүүдийн байгууллагыг төлөөлдөг, намын Удирдах зөвлөлийн гишүүн, 20 орчим жил төрийн болон хувийн хэвшилд ажиллаад үзчихсэн туршлагатай улстөрч болох Ц.Цогзолмаа нэр дэвшч байгаа юм.

Магтсан хүүхэн хуримандаа унгана гэгчээр монголчуудыг тэнэг гэж доромжилж буй энэ үйлдэл хэрхэвч эрүүл ухаантай хүнээс гарах үйлдэл биш байлтай. Ганцхан залуучуудын холбоо ч гэхгүй ер нь УИХ болон НИТХ-д өрсөлдөж буй ганц даргатай, 10 гишүүнтэй жижиг намууд ард түмнийг үндсэндээ доромжилж байгаа гэхэд хэтийдэхгүй. Учир нь нэг тойрогт, нэг аймагт ижил нэртэй хүн тавьчихаар иргэд төөрөлдөөд нөгөө хүнийг нь дугуйлна гэсэн “жижигхэн” сэтгэхүйгээр тэд олон янзын хачин үйлдэл гаргаж байгаа нь худлаа биш.

Сэлэнгэ аймгийн тойрогт гэхэд л гурван Эрдэнэбат өрсөлдөж байгаа. Гэтэл нутгийн ард түмэн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Ж.Эрдэнэбат хоёроо мэдэхийн дээдээр мэднэ. Гэтэл тус тойрогт МАХН-аас Ш.Эрдэнэбат гэгчийг сойсон байх аж. Ш.Эрдэнэбат МАН-аас нэр дэвшч буй Ж.Эрдэнэбаттай нэг тойрог. Тиймдээ ч сэлэнгэчүүд андуурч саналаа өгнө хэмээн бодсон дуулдана. Тэгвэл нэрний давхцал мөн л Баянгол дүүрэгт гарах шахсан.

Тус тойрогт УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан байгааг мэдсэн нэр дэвшигч залуу өөрийнхөө нэрийг Лүндээжанцан болгох гэж оролдсон тохиолдол гарсан. Хэдийгээр нөгөө өрсөлдөгчийнх нь үйлдэл хэмээн яриад өнгөрсөн ч өнөөх л ард түмнийг тэнэг гэж бодсон үйлдэл мөн байсан юм. Мөн Чингэлтэй дүүрэгт Г.Уянга гишүүний тойрогт мөн л Уянга гэгч нэр дэвшчээ. Энэ мэтээр нэр нэгтийн чих нэг гэгчээр нэг тойрогт ижил нэртэй хүн байвал иргэд ялгахгүй дугуйлчихаж мэднэ гэсэн “гэгээн мөрөөдөл”-тэй горилогчдын увайгүй үйлдэл хэрээс хэтэрч байгаа юм.

Ард түмэн хэн нь юу хийсэн, хэн нь мөрөөдөл тээж байгааг ялгаж салгаж чаддаг болсон учраас ард түмнийг доромжилсон энэ мэт нөхдөд өөрсдийнх нь гаргаад байдаг “салаавч” өгөөд явуулах ёстой баймаар. Монголчууд тэнэг биш. Мөнгө тарааж, эс бөгөөс ижил нэртэй өрсөлдчихвөл дугуйлчихдаг илжиг шиг тэнэг улс байхаа больсон, нэр дэвшигчид ээ. Шударгаар өрсөлдөж, ялж бас ялагдаж сур.

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих