Хүн төрөлхтний бүтээсэн дайсан
Галт зэвсэг бол тоглоом биш. Гэтэл манай улсад хэн дуртай нь буу эзэмшдэг болсон. Үүнээс болж нэгнээ хөнөөсөн, өөрийгөө буудаж амиа хорлосон, бусдыг айлган сүрдүүлж, дээрэмдсэн зэрэг хэрэг шил шилээ даран гардаг боллоо.
18 БИШ, 21
Монгол Улсад батлан хамгаалахын салбарын буунаас гадна 2016 онд явуулсан тооллогоор 48000 галт зэвсэг байгууллага, иргэний гар дээр байна.
Тэгвэл улсад бүртгэлтэй эдгээр галт зэвсгийн 94 хувь нь ангийн буу аж. 2001 онд баталсан Галт зэвсгийн тухай хуулийг өнгөрсөн 2015 оны наймдугаар сарын 7-нд шинэчлэн найруулсан.
“Энэхүү шинэчлэн найруулсан хуульд ямар буугаар ан хийх, ямар бууг худалдах, иргэдийн гарт очлоо гэхэд зориулалтын дагуу яаж хэрэглэх гээд бүх асуудлыг зохицуулсан” хэмээн Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэн ярьсан. Өмнө нь болон одоо мөрдөж буй хуульд зааснаар Монгол Улсын иргэн бүр галт зэвсэг эзэмших эрхтэй.
Манай улсад 45000 ангийн буу бүртгэлтэй байгаагийн 6000 нь автомат
Гэхдээ өмнө нь 18 нас гэж заасныг шинэ хуулиар 21 болгон нэмэгдүүлжээ. Тэрчлэн галт зэвсэг эзэмшиж буй этгээдийн хадгалах, хамгаалах хариуцлагыг нэмэгдүүлсэн аж. Тодруулбал, галт зэвсгийг заавал гохны цоожтой байлгана гэсэн заалтыг нэмж тусгасан байна. 18 биш, 21 болтол нэмсэн нь бас учиртай.
Жишээ нь, ах, дүү хоёр аавынхаа буугаар тоглож байгаад дөрвөн настай дүү нь амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн тавдугаар сарын 17- нд Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул багийн нутагт гарсан. Уг хэргийг тус аймгийн цагдаагийн байгууллагынхан шалгахад долоон настай ах нь буугаар тоглож байгаад сум алдсаныг тогтоожээ. Гэрийн эзэн малын хот эргэлдэн “улих” ууль шувууг буудахаар буугаа цэнэглэж тавьсан аж. Гэтэл энэ нь нэг хүүгийнх нь аминд хүрэх шалтгаан болсон байна.
Эцэг, эхчүүд өөрийн эзэмшлийн буугаа хүүхдэд ойр газар байрлуулж, анхаарал болгоомжгүй хандсанаас үүдэн юугаа ч мэдэхгүй хүүхдүүд түүгээр наадаж амь насаа алдсан жишээ үүгээр тогтохгүй.
МАЛЧДЫН ГАРТ 3000 АВТОМАТ БАЙНА
Галт зэвсэгтэй холбоотой мөн нэг түвэгтэй асуудал нь автомат болон хагас автомат буугаар ан ав хийх явдал юм. Манай улсад 45000 ангийн буу бүртгэлтэй байгаагийн 7000 нь автомат буу бөгөөд энэ нь төдий тооны анчид байгааг харуулж байна. Автомат буугаар ан хийх нь амьтан хөнөөх чадварыг хэдэн арав дахин нэмэгдүүлдэг.
Ан амьтан ганцаар биш сүргээрээ явдаг. Тэгвэл анчин автомат буу ашиглавал бусад амьтныг шархдуулах эрсдэлтэй байдаг аж. Дэлхийн олон оронд механик замагтай буугаар ан агнахыг зөвшөөрдөг байна. ОХУ гэхэд өөрсдийн үйлдвэрлэсэн автомат Тигер, Сайга, Веперь маркийн буугаар ан хийхийг 2009 онд хоригложээ.
Монгол орны хувьд нэн ховорт тооцогдох амьтны тоо толгой жилээс жилд цөөрч байгаа. Тухайлбал, хүдэр, бөхөн, хулан, баавгай, буга, хойлог, хар сүүлт зэрэг амьтныг хүмүүс хулгайгаар агнаж устгадаг. Жишээлбэл, хар сүүлт 10 жилийн өмнө 44 мянган тоо толгой байсан бол өдгөө 12 мянга хүрэхгүй үлджээ.
Элбэг амьтдаас тарвага, цагаан зээр, чоныг хүртэл үй олноор нь хөнөөж байна. Өнгөрсөн онд Сүхбаатар, Дорнод зэрэг аймагт чоныг автомашинаар хөөн нэг дор 20, 30-аар нь автомат буугаар шүршин хөнөөсөн мэдээ хэвлэлээр гарсан. Ан амьтан ингэж их ховордсон нь ан агнуурын “тансаглал” Монголд хэрээс хэтэрснийг илтгэж байгаа хэрэг биш гэж үү.
БОНХАЖЯ-наас агнуурын бүс нутаг хаагуур байх талаар судалж байгаа
Иймд шинээр мөрдөж буй хуулиар ангийн зориулалтаар автомат буу ашиглах зөвшөөрөл олгохгүй. Тэрчлэн хуульд автомат бууг ангийн зориулалтаар импортлохгүй байхаар тусгажээ. Гэхдээ одоо байгаа 6000 автомат бууны 3000 орчим нь малчдын гар дээр байна гэсэн судалгаа бий. Тиймээс шинэ хуулиар малчдын бууг зөвхөн хотондоо хэрэглэх буюу өөрийгөө болон малаа араатан амьтнаас хамгаалах зорилгоор ашиглах эрхийг олгосон аж. Харин ан агнахаар үүрч явбал асуудалд орох юм байна.
АГНУУРЫН БҮС НУТАГ ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ
Дэлхийн бараг бүх орон ангийн хишиг хүртдэг газар буюу агнуурын бүс нутагтай. Гэтэл манай улсад ийм бүс нутаг байдаггүйн дээр хэн дуртай нь харсан зүгтээ, хандсан чигтээ гарч ан ав хийдэг. Уг нь БОНХАЖЯ-наас агнуурын бүс нутаг хаагуур байх, гадаад орнуудын туршлага гээд тал бүрээс нь судалж байгаа юм билээ.
Гаднын туршлагаас харахад агнуурын бүс нутгаас улс түрээс авдаг. Харин хариуцаж авсан иргэн, аж ахуйн нэгж нь тухайн нутаг дээр ан амьтдыг өсгөж үржүүлэх боломжийг бүрдүүлнэ. Түүн дээрээ үндэслэн хууль ёсны агнуур хийлгэх эрхтэй байдаг. Эдийн засгийн энэ хөшүүрэг нь эргээд ан амьтдаа өсгөх суурь нь болдог юм.
Тэгвэл Монголд өнөөдөр 48 мянган иргэн ан хийх сонирхолтой байна гэж үзвэл түүнийг дэмжиж хууль ёсны агнуурыг хөгжүүлэх хэрэгтэй хэмээн мэргэжлийн хүмүүс ярьж байна. Нэг жишээ татахад, ХБНГУ Монгол Улсаас дөрөв дахин бага газар нутагтай. Тэнд 340 мянган анчинтай. Анчид нь агнуурын бүс нутагтаа очиж ан хийдэг. Тэр бүс нутагт нь 700 мянган хүн ажилладаг гэсэн.
Мөн агнуурын бүс нутагт хувийн хэвшлийн жилд оруулдаг хөрөнгө нь нэг тэрбум еврод хүрдэг юм байна.
Нөгөөтэйгүүр, агнуурын бүс нутагтай болсноор хэн, хэзээ, хаана ямар галт зэвсгээр ан хийх вэ гэдгийг хянахад ямар ч асуудалгүй болно. Галт зэвсгийн тухай хуульд нэмж тусгавал үүнийг дагаад хууль бус ан хумигдаж, ан амьтдыг ч хоморголон устгахгүй байх нөхцөл бүрдэнэ. Мөн олон хүн ажилтай, зэрлэг байгаль эзэнтэй болж, улс татвар авдаг тогтолцоо бий болно.
“ХАГАС АВТОМАТ ГАЛТ ЗЭВСГИЙГ АНГИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ӨМЧЛҮҮЛЭХГҮЙ”
Шинэ хуулийн хэрэгжилтийн талаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Тодбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Өмнө мөрдөж байсан хуулиас Галт зэвсгийн тухай шинэчилсэн хууль юугаараа давуу вэ?
-Галт зэвсгийн тухай шинэчилсэн хууль 2015 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна. Өмнөх хуулийг 2001 оны дөрөвдүгээр сарын 26-нд баталсан бөгөөд дагаж мөрдөөд 14 жил болсон. Нийгмийн өөрчлөлт болон зарим хүчин зүйлээс шалтгаалж Галт зэвсгийн тухай хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлага гарсан.
Одоо мөрдөж буй хууль өмнөхөөс бага зэрэг ялгаатай. Өмнө нь галт зэвсэг эзэмших насыг 18 гэж заасан байсан бол шинэ хуулиар 21 нас хүрсэн, галт зэвсэг ашиглаж санаатай гэмт хэрэг үйлдээгүй, аюулгүй ажиллагааны сургалтад заавал суусан Монгол Улсын иргэн байна гэж заасан.
Мөн нэг чухал заалт нэмэгдсэн нь араатан амьтнаас өөрийгөө болон бусдын амь насыг хамгаалах зорилгоор галт зэвсэг ашиглахыг зөвшөөрч байгаа. Түүнчлэн иргэний зориулалт дотор ан агнах, спорт сургалт, цуглуулгын зориулалтаар өмчлүүлж болно гэсэн.
Харин энэхүү заалтыг шинээр нэмснээр иргэн ямар зориулалтаар өмчилж байгаагаас үл хамааран хөдөө хээр араатан амьтнаас биеэ хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгосон гэсэн үг. Гэхдээ аюулгүй ажиллагааг хангах үүднээс галт зэвсгийг хадгалах, авч явах, тээвэрлэхдээ заавал гохны цоожоор цоожлохыг шаарддаг болсон.
-Улсын хэмжээнд галт зэвсэг өмчилж байгаа хэдэн иргэн байдаг вэ?
-Өмнөх болон одоо мөрдөж буй хуульд зааснаар галт зэвсгийн эргэлт, шилжилт хөдөлгөөн, иргэдийн гар дээрх буунд цагдаагийн байгууллага хяналт тавьдаг. Бид жил бүр галт зэвсгийн тооллого, бүртгэл хийдэг. Шинэ хууль батлагдсанаас хойш галт зэвсгийн тооллого өнгөрсөн гуравдугаар сард явагдсан.
Улсын хэмжээнд 48, нийслэлд 14 мянган ширхэг галт зэвсэг бүртгэлтэй байна. Нийслэлд бүртгэлтэй 14 мянган галт зэвсгийн 90 орчим хувь нь ангийн болон спорт сургалтын зориулалттай, үлдсэн 10 хувь нь харуул хамгаалалтын зориулалттай байна. Энэ он гарсаар цагдаагийн байгууллага бууг төрөл, марк, сумаар, эзэмшигчийг нас хүйсээр нь ангилж, галт зэвсгийн мэдээллийн сан байгуулсан.
-Автомат бууг ан агнуурт хэрэглэж байна гэсэн шүүмжлэл гардаг. Иргэдийн гар дээрх буу ямар зориулалтынх байна вэ?
-Хууль зүйн сайдын тушаалаар байгуулсан Ажлын хэсэг автоматаар буудах гэдгийг оновчтой нэр томъёогоор тодорхойлсон. Үүгээр гохонд нэг удаагийн даралтаар хоёр буюу түүнээс дээш сумыг цувруулж гаргаж байгааг автомат. Харин нэг удаагийн даралтаар нэг сум гаргаж байгааг хагас автомат.
Гохоо дарсны дараа заавал замгаа дахин түлхэж цэнэглэхийг механик ажиллагаатай буу гэж ойлгоно. Шинэ гарсан хуулийг дагаж мөрдөхөөс өмнө ан агнах зориулалтаар хагас автомат зэвсэг эзэмшиж байгаа иргэдэд зөвшөөрөл олгож байгаа. Учир нь хэдийнэ зохих журмын дагуу зөвшөөрөл авсан иргэдийн өмчлөх эрхэнд халдах боломжгүй. Харин шинэ хуулийн хүрээнд хагас автомат галт зэвсгийг ангийн зориулалтаар өмчлүүлэхгүй. Зөвхөн механик буунд ан агнах зөвшөөрөл олгож байна. Гэхдээ хагас автомат бууг спорт сургалтын зориулалтаар ашиглаж, импортолж байгаа.
-Хагас автомат бууг ан агнуурт ашигласан тохиолдолд тухайн иргэнд ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Спорт сургалтын зориулалттай галт зэвсгээр ан хийсэн тохиолдолд тухайн иргэний бууг улсын орлого болгоно. Тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүн эрүүгийнх захиргааны шинжтэй байна уу гэдгээс хамаарч иргэнд хуулийн хариуцлага оногдуулна.
-Галт зэвсгийн импортыг хуулиар хэрхэн зохицуулсан байдаг вэ?
-Галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлэх иргэнд ЦЕГ-ын Лицензийн төвөөс зөвшөөрөл олгож, хяналт тавьдаг. Монгол Улсын иргэн өөрөө өмчлөх зорилгоор одоо мөрдөж байгаа хуулийн хүрээнд ан агнуурын зориулалтаар нэг ширхэг галт зэвсгийг жилд нэг удаа оруулж ирэх эрхтэй. Харин оруулж ирсэн галт зэвсгээ гурван жилийн дотор бусдад бэлэглэх, шилжүүлэх, худалдахыг хориглоно. Жишээлбэл, гаднаас нэг буу оруулж ирээд бусдад зарах зэргээр зэвсгийн наймаа хийх хориотой гэсэн үг.
Мөн нийтэд худалдах зорилгоор улсын хилээр оруулж ирэх тендер шалгаруулалт энэ онд Хууль зүйн яаманд болсон. Одоогийн байдлаар долоон компани шалгараад байна. Энэ долоон компани Монгол Улсын хилээр галт зэвсэг импортлох эрхтэй. Харин оруулж ирсэн бараагаа галт зэвсэг худалдах төвөөр дамжуулан худалдана.
Тодруулбал, нэг компани оруулж ирлээ гэхэд заавал төвөөр дамжуулан худалдах юм. Тухайн төв галт зэвсэг худалдах зөвшөөрлийг цагдаагийн байгууллагаас авдаг журамтай. Одоогийн байдлаар шалгарсан компаниуд үйл ажиллагаа явуулж эхлээгүй байгаа. Бас галт зэвсэг худалддаг төв болох “Монгол ав” дэлгүүрийн ажил эхлэх болоогүй байна.
Б.Бямбасүрэн
URL: