1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөгөөр үнэлэх тогтоолын төсөл боловсруулжээ

13405070_1033038256780295_1201668742_o_286099605УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Су.Батболд, Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр нар өнөөдөр “Эрдэнэс Таван толгой” хувьцаат компанийн иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлсэн 1,072 хувьцааг мөнгөжүүлэх асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулснаа Засгийн газарт хүргүүллээ.

Иргэдэд эзэмшүүлсэн 1,072 хувьцааг нэг ширхгийн нэрлэсэн үнэ 933 төгрөгөөр үнэлэн  нэг сая төгрөгөөр худалдан авах ажлыг зохион байгуулах даалгаврыг Засгийн газарт үүрэг болгохыг тогтоол санаачлагчид санал болгожээ.

Иргэн бүрт олгосон 1,072 ширхэг хувьцаа буюу нийт гурван тэрбум хувьцааг мөнгөжүүлэх арга хэмжээ авснаар хувьцаа эзэмшигч нийт 1.5 сая иргэд, түүний дотор цалин, тэтгэвэр, арилжааны зээлтэй байгаа 971 мянган иргэний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тус нэмэр болно гэж тогтоол санаачлагчид үзжээ.

Тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг тогтоол санаачлагч УИХ-ын гишүүд хүссэн гэж Су.Батболд гишүүн мэдээллээ.

1,072 хувьцааг мөнгөжүүлэх тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл хэлэхдээ “1,072 хувьцаа бол нийт иргэдэд хамаарах асуудал. Энэ талаар УИХ шийдвэр гаргаад дөрвөн жил гаруй болж байна. 1,072 хувьцааг иргэдийн зонхилох хэсэг нь мөнгөөр авах санал тавьж байсан. УИХ анх гаргасан тогтоолдоо Засгийн газар 1,072 хувьцааг мөнгөжүүлэн худалдаж авч болох заалт тусгасан байдаг. Гэвч сүүлийн хэдэн жил энэ асуудлаар ахиц гарсангүй. Өнөөдөр ард иргэд мөнгөний гачаалтай, өр зээлтэй байна. Иймд 1,072 хувьцааг мөнгөжүүлэх тогтоолын төслийг зургаадугаар сард багтаагаад шийдэх саналыг Засгийн газарт тавьж байна” гэв.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр ”Гурван сая иргэн 1,072 хувьцааг эзэмших эрхтэй байсан. Харин үүнээс хоёр жил дараалан 180 мянган оюутан сургалтын төлбөрөө төлүүлж, 270 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бэлнээр авсан. 1.5 сая иргэн мөнгөөр авах хүсэлт гаргасан байдаг. Эдүгээ 971 мянган иргэн 6.5 их наяд төгрөгийн зээлтэй байна. Үүнээс 216 мянган ахмад настан тэтгэврийн, 75 мянган иргэн ипотекийн, 82 мянган малчин малчны, 214 мянган иргэн арилжааны зээлтэй байна гэсэн судалгааны дүн гарсан. Иймд ард иргэдээ өр зээлийн дарамтаас салгах хэрэгтэй гэж тогтоолын төсөл санаачлагчид үзсэн” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь эдийн засгийн хямралтай энэ үед 1072 хувьцааг мөнгөжүүлж олгох нь ард иргэдийн амьдрал чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцлов.


URL:

Нэр: зочин Огноо: 9 June 2016

ЗГ нь 1 сая төгрөгөөр авна гээд тогтоол гаргасан чинь гадныхан 1,5 саяаар аваад эхлэвэл хэдий иргэдэд ашигтай ч эх орон, газар шороогоо харийханд алдах үүд нээгдэх бус уу? Иймд сайтар тунгааж байж хийх асуудал даа. Сонгуулийн шоу болгож байгаад том алдах вий.

Сэтгэгдэл бичих