Тариалангаас мөнгө босгох нь урлагийн түвшинд хүрчээ

Жил бүрийн намар ургац хураалт эхлэхээр хүмүүсийн сэтгэл хөдөл­дөг ба хэн нэгэн сэтгэлийг хөдөлгөдөг. Юун түрүүн мэдээл­лийн хэрэгслүүд одоо бүгд төрийн мэд­лийнх биш болсон ч “Ал­тан намар”-т ач холбог­дол өгсөн хэвээр байна. Тариа ингэж ургалаа, та­риаланчдын маань сэт­гэгдэл, өөрийгөө ханга­хаар боллоо, яанаа агаар саатах нь ээ… гэсэн мэ­дээ­нүүдийг дайны фрон­тын шугаман дээр байгаа мэт сүржин уншиц­гаана. Бүр энэ сэдвээр дагнасан сэтгүүлчид хүртэл бий болж өөрий­гөө домог­шуулан өвчигнөцгөөнө. Хэт нэг талыг барьсан сурталчил­гаанаас ирэх өвөл өлбөрч зутрах юм биш байгаа гэсэн зов­нилд нийтээрээ автана. Манай газар тариаланд сайн, муу хоёр том өөрч­лөлт гарчээ. Муугаас нь эхэлье.

Эх орныхоо гурилын хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангана гэдэг нь тийм чухал асуудал биш байж. Дэлхийн II дайны үеийн өлсгөлөнгөөс үүсэл гарвалтай үе дамж­сан ядуу сэтгэхүй дээр хэдэн олигархиуд маш чадварлаг тоглолт хийж газар тариаланг мөнгө босгодог хэрэгслээ болго­жээ. Тэр нь бүр урлагийн түвшинд хүртлээ хөгжиж, баяр ёслол, үзэл сурт­лаар чимж гоодсон. Өнөө жил сайхан зун болж улс даяар 400 орчим мянган тонн улаан буудай ава­хаар боллоо гээд байгаа. Төмс хадлантайгаа ний­лээд долоо найман зуун мянга ч гэсэн тоо явна.

Ийм хэмжээний ургацыг авсан тохиолдолд монголчууд өлсөхгүй онд орох юм гэнэ. Гэтэл бидний “ард түмэн” гэж хэлэх дуртай тэр бүлэглэлийг нийслэл дэх гэр хорооллын 140 мян­ган өрх, хөдөө­ний мөн тийм тооны малчин айл бүр­дүүл­дэг багцаа тоо байна. Тэр “ард түмэн”-д өвөлжин идүүлэх гурилын асуудлыг ярьж байгаа юм. Бусад дундаас дээш амьдралтай айлууд шуудай шуудайгаар нь гурил авч жоорлохоо аль хэдийнэ больсныг эрхбиш мэдэж байгаа биз дээ. Гурилын үйлдвэрүүд хэ­рэг­­­­лэгчээ дагаад нэг кг-ын цаа­сан уутанд гурил зардаг болчихсон. Нэг уут гурил зарим айлд долоо хонох нь хэвийн. Хэрэв 400 мянган тонн улаанбуудайнаас гарсан гурил, дээр нь импортоор орж ирж байгаа гурил, будаануудыг нэмээд тооцо­хоор дөрвөн ам бүлтэй айл бодит амьдрал дээр зөвхөн гурил зуурч идээд ч барахгүй тоо гарч байна. Тэрнээс гадна нээрэн ийм их будаа хураачихсан юм уу гээд газар дээр нь очлоо л доо. Одоо ургац хураалт үндсэндээ дуусчих­сан. Гэтэл ихэнх үтрэм хоосон байх юм. Хуучин өдийд бол өдөр шөнө­гүй давхар чиргүүлтэй “гуч”-ууд будаа ачаад цувж байдаг биз дээ. Төр засаг газар тариаланг “онцгой анхаарч”, “Атрын-III аян” өрнүүл­сээр байгаа. Тариачин хүний хураа­сан нэг тонн будаа тутамд 50000 төгрөгийг улсаас зарсан будаан дээр нь нэмж хөхиүлэн зүгээр өгдөг ба өгүүлэх шийдвэр гараад удаж байна. Улс ингээд зогсохгүй энэ салбар дахь хувийн хэвшлийнхэнд зориулж зарах ёстой будааных нь үнийг маш өндөр тогтоож өгнө. Будааны үнэ тонн нь 350000 төг­рөг. Дэлхийн буюу Оросын зах зээл дээр тонн будаа өнөөдөр 97-100 доллар байгаа гэнэ. Хойд боомт Наушки дээр будаа биш савласан гурил нь бүх зардлаа шингээгээд 340000 төгрөг гээд байж байна.

Дотоодын гурилын ихэнхийг тээрэмддэг “Алтан тариа” үйлдвэрт шинээр ургац авах нь байтугай  ноднингийн будаа нь хэвээрээ складанд байгаа. Гаалиас авсан мэдээгээр Ч.Улаан гишүүн нарын бизнес болох “Алянск” гэдэг сайн гурилыг 45 мянган тонноор нь оруулаад ирж. Мөн “Мука” гэдэг гурилыг “Миний дэлгүүр”-ийнхэн зөөсөөр л байна. Эдгээр гурилууд Москвагийн гудамжинд биш Сибирийн хөвч дотор ургуулсан болохоор цэвэр бүтээгдэхүүн гэх юм. Одоо Засгийн газар нөгөө өндөр үнэтэй будаагаа өөрсдөө авах юм гэнээ. Төрийн “Тариалан эрхлэх сан” гээд агуулахнууд энд тэндгүй байдаг. Тэнд харин маши­нууд оочерлоод будаагаа тушаах гээд зогсож байна билээ. Тэр сан ард түмнийхээ тарьсан тариаг 350 мянгаар нь авна аа. “Алтан тариа”-г царай алдахгүй ээ. Энэ будаа чинь нөөцөнд байлгах чухал эд гэж зурагтаар тайлбарлаж байна. Харин томоохон компаниу­дын ургуулсан будаанаас ердөө 25 хувийг нь “ТЭС” хүлээж авна. Бусдыг нь өөрсдөө зах зээлээ олж зараарай гэж ард түмэнч зан гарга­хаа мартсангүй.

Нөгөө том аж ахуйн нэгж дээр очоод “Та нар минь энэ үлдсэн 75 хувиа яаж зарна даа, эвий минь” гэхээр ер тоосон шинжгүй жуумал­заад зогсож байна.

Банкинд хадгалагдаж буй мөн­гө­ний 97 хувь нь хэдхэн баянд оногддог гэдэг шиг Монголын тариан талбай ба ургацын дийлэнх нь Төв Сэлэнгээс сонгогдоод бай­даг эрхэм гишүүд, Хөдөө аж ахуйн яамны хэлтсийн даргаас дээш албан тушаалтан нөхдүүд, үе үеийн хөдөө аж ахуйн сайд дарга хийж байсан гээд нийтдээ зуу хүрэхгүй айлын мэдэлд орчихсон юм байна. Гадна өнгөн дээрээ улс төрийн намаараа ялгарч нэгнийгээ шүүмжилж шударга царайлдаг боловч цаанаа түрүүвч нь бүр тариан талбай нь нэг юм гээч. Тэндээс газар тариалан чухал гэсэн мессеж цацагддаг. Маш их будааны тоог зориудаар хэлдэг. Тэр тоо тутамд нь өгөх тавин мян­гын ихэнх нь мэдээж тэдэнд оног­доно. Нөгөө өндөр үнэтэй будаагаа өөрийн мэдлийн төр засаг гэсэн эзэн биегүй юманд шахна. Бүр даварвал ургацынхаа хэмжээг дансны аргаар нэмээд борлуулах ч боломжтой. Монголд 400 мянган тонн будаа хэрэгтэй гэсэн гүн бат ойлголтыг өгчихсөн байгаа. Тэр­нийг нь хураачихлаа гэсэн мэдээ гадуур гарлаа. Одоо тэрнийг нь хэн нэгэн тушаагаа л биз. Хэн тэрний үнэн худлыг нь тоолоод сууж байх юм. Тоолох шалгах гэсээр байтал идэх юм болохоор хоолойгоор ороод хош­ногоор аль хэдийнэ гарчих хойно. Ёстой цөм хийдэг бизнес юм байна.

Төрийн ивээлээр бизнесээ эрхэлж байгаад атаархмаар. Энэ том луйврыг амтай болгон магтах нь уур хүрмээр. Хамгийн гунигтай нь нөгөө муу ард түмэнд гурилын үнэ хүнсний ногоо шиг навс унаж очихгүй нь гачлантай. Гадуур нэгдү­гээр гурил кило нь дунджаар 570-тай хэвээрээ л байгаа биз дээ.

Үнэхээр тийм л их будаа авсан юм бол гаднаас гурил орж ирэхээ болиод, том компаниуд нөгөө илүү­дээ гарсан 75 хувийн ургацаа жалганд аваачиж асгахаар болчих­лоо.

Морьтны хишиг явганд гэж үг бий. Ядаж жирийн тариачид нь бондойгоод авдаг уу гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. 4257 хүн амтай гэх Цагааннуур суманд хувьчлалын жилүүдэд ердөө 360 тариачин газартай болсон. Ес хүрэхгүй хувь нь. Өнөөдөр тэднээс 33 хүн л хувьдаа тариа тарьж байна. Хамгийн том тариачин суманд нийт хүн амын нэг хүрэхгүй хувь нь нийт талбайн тэрнээс ч бага хувьд нөгөө 33 тариалан эрхэлдэг. Сумын тариан талбайгаас жилд дунджаар 11 тэрбум төгрөг олдог гэсэн тооцоо бий. Тэр их мөнгө хотод харьяалалтай гурван том компани руу урсах болохоос орон нутагт хамаагүй. Цагааннуурт жирийн тариачны давхарга анхаа­рал татахуйц олуулаа биш. Харин ч нутгийн иргэд тарианаас биш амины хэдэн малаасаа л үндсэн амьжиргаагаа хангадаг, дээр нь жаахан ногоо тарьж амь­дарч бай­на. Бид тариаланчид гэж хэнийг хэлээд байна вэ? Тарианы улсын аваргууд хэн юм бэ? Зуу орчим айлыг цулайтал нь баяжуу­лахын тулд төр засаг, хэв­лэл мэдээл­лийнхэн намаржингаа хөл алдан гүйлдсэн болж таарч байна уу?

Одоо сайн мэдээндээ оръё. Манай газар тариалан танигдахгүй болтлоо хөгжсөн байна. Цаашид жирийн тариачны давхарга гэсэн ойлголт байхгүй болох юм байна. Атрын аяныг өрнүүлсний үр дүнд Канад, Америк, Европын сүүлийн үеийн техникүүд орж ирэн тариан дээр ажилладаг “бардак”-уудыг, ямбий орос техниктэй нь цуг шахаж байна. Тариан дээр гурваас дээш жил ажилласан тариаланч меха­ник­­жуулагч нарт 2003 онд жар жаран га талбай өгсөн юм билээ. Дараа нь Э.Бат-Үүл бослого хийж тариа­ланч гэлтгүй тэнд ажиллаж байсан багш, эмч гээд бусдад нь газар өг гэж шаардсан. Трактор гэж юу байдгийг ч мэдэхгүй өөр нэг “Дөчин мянгат”-ын нийслэл хүү С.Баяр гарч ирээд тойрон хүрээ­лэгч­дийн­хээ ятгалгаар “Атрын аян” зарлаад авсан.

Тэгмэгц хотод зах дээр тамхи ширхэглэж байсан хууччуул хөдөө рүү зүтгэж дор бүрнээ шарилж болсон талбай авцгаан, зарим овсгоотой нь зээлэнд багтаж тариа­гаа тарьсан юм. Харин цаана нь шал өөр бодлого явагдаж байжээ. Хөдөө аж ахуйн томцуул ядуу тариачдын газрыг эвтэйхэн нэг нэгээр нь сугалж авсаар нэг л мэдэхэд нөгөө “тракторчдын тэм­цэл”, “Атрын аян” цаасан дээр л үлдсэн. Үзүүлэн болгож зурагтаар “белоруссны жолооч”-ийг зураг­таар яриулдаг болохоос одоо тэдний хэрэг ч байхгүй болж дээ. “САSE” гээд канад комбайн тал­байд явж байна. 325 мянган дол­ларын үнэтэй энэ сайхан “амьтан” Оросын дөрвөн комбайны ажлыг ганцаараа хийх мөртлөө нэгнийх нь иддэг түлш л зарцуулагдана. Хураах явцдаа хадсан будаагаа арай л гурил болгож тээрэмдэхээс наагуур цэвэрлэнэ. Социализмын үед оюутан байсан хүмүүс мэднэ дээ. Жилийн жилд үтрэм дээр анги сургуулиараа ирцгээн 11-р сар хүртэл “Мартагдашгүй намар” болцгоодог байсан. Тэгвэл энэ техник хураасан будаагаа шууд талбайгаас гурилын үйлдвэрт ачуулж байна. Тариан талбайд хогийн ургамал, суга цавинд бөөс гүйхээ болиод удлаа. Уринш гээд ирэх жилийн тарих талбайн хагал­гааны оронд химийн орчин үеийн хор цацчихна. Хогийн ургамал дахиж хэзээ ч ургахгүй нам устаж зөвхөн будаа л соёолно. Зуны гурван сарын турш тракто­роор чарлуулан байж ард нь гардаг уринш гэх нүсэр ажлыг “Раундап” гэдэг хорыг 24 метр өргөнтэй цацаг­чаар ганц хоёр өдөр давхиулаад л гүйцээ. Газартай харьцах ур дүй маш чухал байдаг байлаа. Бүр “уран хагалгаа”-ны Улсын аварга шал­гаруулах тэмцээн болдог бай­сан. Тэгвэл шинэ ухаалаг техникүүд орж ирээд өөрсдөө бүх агрегатаа авто­матаар тохируулан опера­тор нь битүү кабинд хөгжим сон­соод сууж явна. Тариалангийн боссууд  хэм­жээлшгүй ашиг олсон боло­хоор нэн даруй мөнгөөр зодон мөрөөд­лийн газар тариа­ланг бий болго­жээ. 500 оюутан язганадаг байсан үтрэм дээр таван авгай байвал их юм. 50 тракторчны хийдэг орон тоон дээр хотоос ирсэн жийптэй сөөсгөр хүү гар утсаар ярингаа жолоо мушгих жишээтэй.

Энэ намар тариа  бага ургасан ч байж болно. Гэхдээ шинээр орж ирсэн эдгээр техникүүд цаг хуга­цаа, хүн хүчийг хэд дахин хэмнэжээ. Цаашид тарих, ургуулах, ургац хураах явц нь проблем биш бол­чихож. Томчууд хөл дээрээ нэгэнт боссон тул дараагийн намарт тариа, гурил яанаа гэж түгших хэрэггүй юм биш үү. “Дэвшил”-ийн өргөст хэмх хавар эртийн ургацаа хураахад нь сүйд болдоггүйтэй л адил. Хэдий луйвар булхайтай ч гэлээ манай орны нэг томоохон салбар ингэж гар нь ганзаганд хүрчихнэ гэдэг аштай юу. Харин тийшээ ач холбогдол өгөөд гүйл­дээд байгаа эрх баригчид, тэдний ха­ламж хайр хардлага төрүүлж байна. Улс оронд намар амжуулах өөр зөндөө олон ажил байсаар атал дарга байтугай оюутан хэрэг­гүй болчихсон газарт яах гээ юм бол.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэр дээр үйл ажил­лагаа явуулж байгаа “Номунхан”, “Гацуурт” гэсэн хоёр компанийн ажил байдалтай танилцаж яваад ирсэн юм. “Номунхан”-ыхан есдү­гээр сардаа багтаагаад тариагаа хураагаад дуусчихсан байв. Ком­панийн захирал нь сайд асан Насанжаргалын хүү Энхболд гэдэг залуу. Эднийх өнөө жил 3500 тонн улаан буудай хураажээ. Талбай дээр орчин үеийн зургаан комбайн нүргэлэн зогсож байсан. Одоо ирэх хавар хүртэл газар тариалан түр баяртай. Өвөлдөө Канад зэрэг орноор явж жаал туршлага судалж тэгс ингэс гэж байтал хаврын тариалалт эхлэх цаг болчихдог гэж тэрээр ярьсан юм.

Дараа нь “Гацуурт”-аар орж төмсөө хурааж байхыг нь харав. Компанийн агрономич П.Мөрөн:

-Энэ жил манайх 80 га-д төмс тарьсан. Хэрэглэгчдийн хүсээд байдаг нөгөө цэвэр шар үрийг Дани улсаас авчирч ургууллаа. “Полво” гэдэг алдартай сорт. Га-гаас яг одоо бол 52 тонныг авч байна. Улсын дундаж бол га-гаас хамгийн дээд тал нь 20-30 тонн байдаг. Бид нийтдээ 4100 тонн төмс хураах зорилготой. Ургац хураалт далан хувьтай ч энэ тоогоо бараг барь­чих­лаа. Орчин үеийн халуун дулаа­­наа өөрөө тохируулдаг агуу­лах шинээр барьсан. Түүндээ хад­галж байна. Зах зээлд төмсний үнэ ханшийг өсгөхгүй.” гэлээ.

Ийм хэмжээний төмсийг хураа­хын тулд одоо ч гэсэн хөдөөгүүр гар ажиллагаагаар зуу зуун хүүхэд оюутан цэргүүд  дайчлагдан ажил­ладаг хэвээрээ байгаа. Тэгвэл “Гацуурт”-ынхан орчин үеийн хоёр комбайн талбайд ажиллаж нийт­дээ арав хүрэхгүй хүн шуудайны ам барин зогсож бүх ажил механик­жиж, электронжжээ. Төмс нь ердөө 100 хоногт бүрэн ургасан ба бордоо усалгааны хувьд ердийн л хэрэглээ орсон гэнэ.

Эдний мал аж ахуй нь бүр гайхалтай. Малын зоотехник П.Хосбаяр гэдэг эмэгтэй “Лимузин” үхрээ үзүүлсэн юм. Сая есдүгээр сарын 16-нд Францаас тусгай үүргийн ачааны онгоцоор 228 бяруу ачиж иржээ. Үхэр ачсан онгоц маань Улаанбаатар хот дээгүүр 34 удаа эргэлдэж байж буусан. Бид их санаа зовж байлаа. Шатахуунаа тэгж хөнгөлж байж буухгүй бол болдоггүй юм гэнэ. Дотор нь явсан лимузингууд маань шинэ орчиндоо одоо л дасч байна. Энэ мал няцал­сан арвай, хөх тариа, царгасыг өдөржин хивж байх зориулалттай. Тэгээд өдөрт 700 грамм таргалах нормтой. Төрөөд жил хагасын дараа буюу 18 сар болоход нэг тонн орчим амьдын жинтэй болно. Ер нь бол хасах 24 хэмд гадаа хонож чадах “Гольштен” гэдэг хамгийн сүүлийн үеийн махны үүлдэр. Биенээс нь 75 хувь мах гардаг. Өөх нь 7:1 харьцаатай. Өөх мах өөх мах гэж давхарлаж тар­галдаг. Манай эх орны хөрсөнд ургасан цэвэр өвс будаагаар хоол­лож байна. Зундаа бид тэжээлийг нь тарьсан хашаатай талбайд бэлчээнэ. Энэ малтай огтхон ч ширүүн харьцаж болохгүй. Энхрий минь хонгор минь гэж дандаа хэлж илж таалах ёстой юм билээ. Малч­даасаа ташуур шилбүүрийг нь хурааж авсан. Манайхан шинэ харьцаанд дасч өгөхгүй эхэндээ зөрчил их гарч байв. Ер нь амь­тантай ширүүн харьцаж болохгүй тухай дэлхий нийтийн өчнөөн хууль конвенц гарсан юм билээ. Лимузин үхрийн мах нэгд бага залуу, хоёрт зөөлөн харьцсан учраас чангардаггүй юм байна. Зөөлөн, хайр шингэсэн махыг гадаадынхан иддэг гэнэ. Манай монгол үхэр ороолгуулсаар бай­гаад хатуу чанга болдог. Тэр нь зах зээл дээр борлогддоггүй гэж Хосоо зоо тайлбарлалаа. Энд бас өдөрт нэг саалиндаа 40 литр сүү гаргана гээд баахан алаг гунжнууд аваад иржээ. Малын нөгөө хэсэг дээр өдөрт таван литр сүү саах ямаа­нууд байгаа гэсэн.

Лимузингээ нядлах орчин үеийн махны иж бүрэн үйлдвэр барьжээ. Заан шиг биетэй ялаа шиг настай эдгээр амьд махнуудыг “Эвий минь, хөөрхий минь” гэнгээ ганцхан сүхдээд тэрий хадуулдаг байх даа зайлуул.

Ж.ГАНГАА
Б.ЭНХБОЛД
Өдрийн сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих