Ижил нэртэй хүмүүсээр өрсөлдөгчийнхөө саналыг хуваана эрх баригчдын гэнэ шийдэл чинь ялагдалд улам л ойртуулж өгөх вий дээ
Монголчууд “нэр нэгтний чих нэг” гэж ярилцсаар ирсэн билээ. Яах ч аргагүй нэр нэгтэй эрхмүүд хоорондоо андуурагдах, тэднийг хольж, сольж таних гээд асуудал мундахгүй гардаг нь үнэн.
Тэгвэл энэ удаагийн сонгуулиар бохир ч гэх юм уу, марзан, арга ядсан ч гэх юм уу нэг технологийг эрх баригчид хэрэглэж, хэрэгжүүлж эхэллээ. Тодруулбал, аль нэг тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийн аль өндөр рейтингтэй нэр дэвшигчтэй овог нэр ижилхэн хүнийг өөр жижиг намуудаас нэр дэвшүүлж байгаа юм.
Үүний хамгийн том бөгөөд хамгийн инээдтэй жишээ нь Баянгол дүүргийн 70 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа Ч.Бямбачулуун гэгч нэр дэвшигч өөрийн нэрээ П.Лүндээжанцан хэмээн солихоор болсон явдал байв. Сонгуулийн Ерөнхий Хороонд хуулийн дагуу ирүүлсэн байх ёстой арав гаруй албан бичиг дээрээ тэрбээр Ч.Бямбачулуун гэх нэрээр явчихаад сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө нэр дэвшигчийн үнэмлэхээ П.Лүндээжанцангаар солиулах хүсэлт гаргадаг нь “но”-той хэмээх хардлагыг араасаа дагуулж байна. Тусгаар тогтнол эв нэгдэл эвслийн дарга Маам гэгч эрхмийн гарын үсэгтэй Бямбачулуун нэрээ сольсон тухай бичгийг СЕХ хэлэлцэж үзээд бүх бичиг баримтаа Бямбачулуун гэх нэрээр явуулсан учир одоо шинэ нэрээр нь бүртгэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн.
Энэ тойрогт УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, МАН-аас Лүндээжанцан, Тусгаар тогтнол эв нэгдэл эвслээс Бямбачулуун, МАХН-аас С.Амарбаяр нар нэр дэвшихээр болоод байгаа. Энэ тойргийн гол өрсөлдөөн МАН-ын Лүндээжанцан, АН-ын З.Энхболд нарын хооронд өрнөх байх гэсэн таамгийг дэвшүүлж байгаа. Бямбачулуун нэрээ сольж Лүндээжанцан болгож саналыг нь хувааах нь хэнд ашигтай вэ.
Үүнээс гадна Сэлэнгийн 26 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбаттай адилхан нэртэй Ш.Эрдэнэбат гэдэг хүн МАХН-аас нэр дэвшив. Сүхбаатар дүүргийн 62 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Цогзолмаатай ижил нэртэй Б.Цогзолмаа Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшлээ. Дарханы 42 дугаар тойрогт ялах магадлал хамгийн өндөр гэгдээд буй МАН-аас Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч асан, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Жавхлангийн саналыг хуваахаар Монголын уламжлалын нэгдсэн намаас Болдын Жавхлан гэгчийг санаатайгаар нэр дэвшүүлсэн байж болзошгүй юм. Чингэлтэй дүүргийн 66 дугаар тойрогт УИХ-ын гишүүн Г.Уянгатай Иргэний хөдөлгөөний намын Г.Уянга өрсөлдөнө. Энэ үнэхээр санаадгүй тохирол мөн үү.
Баянзүрхийн 52 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Б.Батзоригтой Иргэний хөдөлгөөний намын Б.Батзориг өрсөлдөнө.
Дээрх жишээнүүдээс харахад МАН-ын тэргүүтэй, тухайн тойрогтоо ялах хамгийн өндөр магадлалтай эрхмүүдийн эсрэг Иргэний хөдөлгөөний нам гэх зэрэг ялалт байгуулах магадлал багатай жижиг намуудаас ижил нэр, овог болон овгийн эхний үсэг нь адилхан хүмүүсийн ямар зорилготойгоор хэний санаачлагаар нэр дэвшүүлэв. Дээрх хүмүүсийг иргэд андуурч сонголт хийвэл тухайн нэр дэвшигчдийн санал л хуваагдана. Ингэхээр өрсөлдөгч буюу эрх баригч хүчнээс нэр дэвшигчид илүү боломж гарч ирэх боломжтой.
Эрх баригчид ард түмнийг доромжилж байгаа мэтээр ингэж аашилж байгаа нь хэрээс хэтэрлээ. Монголын ард түмнийг бичиг үсгийн соёлгүй, харанхуй бүдүүлэг хэмээн дүгнэж байгаа бол том эндүүрэл шүү. Эсвэл Дарханчууд, Баянзүрхчүүд, Чингэлтэй, Сэлэнгийн ард түмнийг огт бичиг үсгийн чадваргүй гэж бодоо юу. Аль нь ч байсан хэрээс хэтэрсэн энэ мэтийн муйхар үйлдлээ зогсоож, шударга сонгууль явуулцгаая. Үнэн худал, буруу зөвийг ялгаад салгаад харчих чадвар монголчуудад байгаа хэвээрээ шүү.
Г.Сүрэн /ZALUU.COM/
URL: