Зи-гийн ангийн хамгийн хамгийн …

1465353449_70-26214700Дөрвөн жил парламентийн танхимд мөр зэрэгцэн суусан З.Энхболд даргатай “анги” төгсөх цаг нь хаяанд иржээ. Дунд сургууль төгсөгчид “элсэлтийн ерөнхий шалгалт” дээд сургууль төгсөгчид “дипломын ажил”-аа хамгаалах гээд л гүйж яваа. Харин Зи даргатай энэ ангийнхан хөгжиж, дэвших бус харин хэрхэн улирч, энэ ангидаа дахин дөрвөн жил суух вэ гэсэн асуудалд тархиа гашилгацгааж байна.

 

Сонин юм шүү. Ер нь эдний ангид олон жил улирсан “хөгшин кулказ”-ууд бий. Мөн тэднээсээ суралцаж буй шинэковууд ч байгаа. Яахав дунд сургууль, их дээд сургуульд өөрийнхөө төлөө сурч боловсордог бол энэ ангид бусдын эрх ашгийн төлөө ажиллаж бас сурдагаараа ялгаатай. Тиймээс би сонгогчдынхоо төлөө, тойргынхоо төлөө ажиллаж байна гэж ялархах хүмүүс энд бий л дээ.

Гэхдээ ихэнх нь олны санал дэмжлэгийн хүчээр тус ангид элсчихээд амин хувийн зорилгоор ажиллаж, сурах нь элбэг.

Аль ч сургуулийн босгыг давахын тулд ирцийн оноо чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрвээ үүнийг үнэлгээнд тооцвол манай түшээдээс босго давахгүй бүдэрч мэдэх хүмүүс тун олон гарах нь.

Ингээд өнгөрөгч дөрвөн жилийн ирцийн мэдээллийг тоймлон хүргэе.

Энэ хугацаанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 29 удаа болж, нийт 139 цаг 10 минут хуралджээ.

 

Тэгвэл эдгээр хуралдааныг хамгийн олон буюу 94 цагийн тастайгаар УИХ-ын гишүүн Х.Баттулга тэргүүлсэн байна. Түүнийг Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн ажлаа маш сайн гүйцэтгэдэг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Өөрөө үндэсний шигшээ багаа дасгалжуулж, олимпийн аваргуудтайгаар мөр зэрэгцэн секундийн ч хоцрогдолгүйгээр бэлтгэл хийж явааг цахим хуудаснаас нь харж болно. Өглөөний 06.00 цагт “Сэрээд сэрээд” гэж нэг өдрийг эхлүүлдэг мөртлөө Төрийн ордон руу бус өөр зүг рүү явдаг нь дээрх таслалтаас харагдаж байна. Ингэж байхаар УИХ-ын гишүүн гэх сэтэрээсээ татгалзаад хувийн ажлаа амжуулж явбал өөрт болоод өрөөлд ч амар юм шиг.

 

Тэгвэл Р.Амаржаргал гишүүн удаалж, 81 цагийн тастайгаар бүртгэгдсэн байна. Энэ хүний хувьд 2012 оноос хойш намдаа гомдоллож, УИХ дахь идэвхгүй гишүүн болчихоод байгаа. Ер нь шал дэмий шахуу дөрвөн жил парламентийн ордон руу алхасан хүн гээд хэлчихэд хилсдэхгүй. Түүнийгээ ч мэдэрч, дахин дөрвөн жил зорилгогүй “тэнүүчлэхгүй” нь тулд энэ сонгуулиар “нэр дэвшихгүй” хэмээн нэрээ татаад буй.

 

 

 

Харин гутгаар байранд “Мон Уран” хочит Б.Наранхүү шалгарчээ. Уг нь нэгдүгээр байранд байх болов уу гэж бодож байсан гэтэл бас ч үгүй хуралдаа суудаг нөхөр юм байна. Гэхдээ суусан ч суугаагүй юм шиг байдаг болохоор нэмэргүй л дээ. Иймэрхүү хүмүүсийг улс төрд “каролио”/халтар царайт киноны хэлгүй эмгэн/ хэмээн нэрлэдэг. Тэгвэл каролио дараагийн дөрвөн жил дахиад л Дундговьчуудыг төлөөлөхөөр нэр дэвших эрхээ аваад байгаа.

 

Харин айргийн тав, зургаад бие даагчид орсон байгаа юм. Тэдний хувьд УИХ-д сонгогчдоо төлөөлөх биш харин төгсөлтийн баяраас өмнө аль нэг нам, эвсэл, бүлэглэлд харьяалалтай болох цорын ганц зорилготой байсан. Энэ ч зорилгоо биелүүлж УИХ бие даагчгүй болоод буй. Зорилго нь тодорхой учраас хууль батлах ажилд гар бие оролцох шаардлага ч тэдэнд байгаагүй биз. Одоо бүгд намд харьяалагдах болсон юм чинь зорилго чиглэл нь “өөрчлөгдөх байх” л гэж найдахаас. Эндээс цааш тасалдаг хүмүүсийн нэр цуварч өнгө. Гэхдээ эхний зургаагаас бусад нь намын үүрэг даалгавартай таслалт хийдэг байжээ гэж харагдлаа. Мөн чуулганыг хамгийн их гацаасан МАН-ынхнаас олонх бүрдүүлсэн гэгдэх АН-ынхан их таслалттай байгаа нь ажиглагдлаа.

Тэгвэл хамгийн их гадаадад томилолтоор явсан хүнээр УИХ-ын гишүүн Л.Болд тодорлоо. Гадаад хэргийн сайд байсан хүн л дээ. Гэхдээ сайдын албан тушаалаа өгсөн ч гадаад явах зуршлаасаа салж чадаагүй байх юм. Тэгээд л хаана ямар үйл явдал болно тэр болгон руу “гараа өргөж” явсаар байгаад энэ жагсаалтыг тэргүүлжээ.

 

Харин хамгийн их хөдөө явсан гишүүнээр Зам тээврийн сайд М.Зоригт шалгарлаа. Түүнтэй фейсбүүк хуудаснаа найз, аль эвсэл твиттерт дагадаг хүмүүс нь хэрхэн хөдөө, гадаа явдаг болохыг нь сайн мэднэ. Ер нь гэртээ биш хөдөө амьдардаг хүн ч гээд хэлчихэд буруудахгүй биз. Замын сайд зам дээр л байх ёстой гэдгийг утгаар нь харуулж, гарт баригдтал мэдрүүлж буй хүн л дээ. Ямар сайндаа л УИХ дахь орон гэргүй нэгэн хэмээн шооч нэгэн өргөмжилж, “танайд хоноё” нэвтрүүлгийн албан бус хөтлөгчөөр тодорхойлоод байгаа.

За тэгсэн манай парламентэд хүнд өвчтэй хүмүүс олон байдаг байх юм. Өвчтэй гэсэн акт авдаг хүмүүс л дээ. Өвчтэй байж бидний төлөө ажиллаж байна гэнэ шүү дээ.

 

 

Харин хамгийн их чөлөө авсан хүнээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тодроод байна. Чөлөө ч гэж дээ. Ерөнхий сайдаас гэнэт буусан шокондоо хэсэг манарч, хөдөө гадаагуур “тэнэсэн” юмдаг.”Тэнэж” яваад зургийн үзэсгэлэн, аяллын нэвтрүүлэг, ном хүртэл гаргаад авсан хүн шүү дээ. Одоо харин шокноосоо гарсан уу гэлтэй намынхантайгаа “дайтаж”, Улсын тэргүүнээ хүртэл зүхэж яваа “хүнд гар”.

 

Тэгвэл энэ парламентэд хамгийн их хоцорсон гишүүнээр Шагдарын Отгонбилэг агсаны хүү Содбилэг Хунтайж тодорчээ. Уг нь 2012 онд сонгогдсон шинэ гишүүн. Гэвч чуулганы хуралдаан суух сонирхол тийм ч их байсангүй бололтой юм. Тэгээд л “за явахаас даа” гээд л гэрээсээ гардаг бололтой юм.

 

 

Тэгсэн чуулганы хуралдаанд хамгийн их оролцсон, ер нь хичээлээ тасалдаггүй “сайн сурагч”-аар Д.Дэмбэрэл, Ж.Эрдэнэбат, Х.Тэмүүжин, А.Бакей, Ч.Улаан, З.Энхболд, З.Баянсэлэнгэ, Р.Гончигдорж нарын гишүүд тодорчээ. Сайн сурагчаа ч “хатдаа”. Ер нь тэдний баталсан, санаачилсан холион бантан хутгасан “хуулиуд” одоо ч асуудал тарьсаар байна шүү дээ.

 

Ийм л хөгжилтэй улсуудтай дөрвөн жилийг өнгөрүүллээ. Одоо тэднээс хөгжилтэй хүмүүс энэ ангид элсэхээр хошуурч байна. Энэ анги “онц сурч” чадвал манай улс оронд л хэрэгтэй юмсан. Гэвч хувийн асуудлаа нэгдүгээрт тавигчид, үүнийгээ шийдвэрлэхийн тулд хэрхэн улирах вэ л гэдэг анхаарлаа хандуулж байна. Харин Монгол Улс өөрийнхөө “жингээр” алсуурхан эргэсээр л байна.

 

Шар хүү

 


URL:

Сэтгэгдэл бичих