Бигэр сумынхан “Марко поло”-той “дайн зарлажээ

Ашиг хонжоо хайсан төрийн түшээдийг “олон толгой” ярьж, хэрэлдэж байх хойгуур газар нутгийг чинь хэн дуртай нь сэндийлж байна. Алтны орд эзэмших эрхтэй гэх “Марко поло” компанийнхан Бигэр сумынхныг атгандаа оруулжээ.

Тус компани нь “Макс”-ын Д.Ганбаатарын эзэмшлийнх аж. Тэрбээр алтай нутгийн хүү. Гэвч эх нутагтаа унаган хүү эзний ёсоор ханддаг байтал иргэдийг нь элэг барьж, эрэмдэг зэрэмдэг болгоход хүргээд байгааг эх сурвалж хэллээ. Бидэнд ирсэн мэдээллээр тус компанийн харуул хамгаалалтынхан 60 настай өвгөнийг төмөртэй гавалж гадаа хонуулсан, нутаг усаа тахиж байсан бөөгийн хөлийг хугартал цохисон, нутгийн иргэнийг хөх няц болтол нь зодсон гээд асуудал үүсгэжээ.

Эх сурвалж ярихдаа “Цагдаагийн байгууллага үнэн зөвийг тогтоож ажилладаг байх ёстой. Гэтэл ард түмний төлөө бус авлигачдын төлөө ажиллаж байгаа. Бигэр сумын цагдаагийнхан бүгд хэн нэгний гар хөл болсон. Энгийн иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн, байцааж байгаа нь хууль бус.  Гомдол гаргасан иргэдийн асуудлыг авч хэлэлцдэггүй. Мөнгөтэй компанийн эрх мэдэлд ажиллаж байна” гэж байсан юм.

Говь-Алтай аймгийн Бигэр сум алтны нөөцөөрөө улсад дээгүүрт орно. Нутгийн иргэдийн ярьж буйгаар алт нь шаргалтаж харагддаг гэнэ. Уул нь алтаар дүүрсэн байхад улс орон нь хөгжихгүй байгаагийн учрыг өнөөх л эрхтэн дархтнуудтай холбон тайлбарлаж байна.

Тус сумын иргэд амьжиргаагаа залгуулахын тулд гар аргаар алт олборлодог аж. Одоогийн байдлаар хувиараа алт олборлодог 50 мянга гаруй хүн байгааг эх сурвалж хэлсэн юм. Тэд амин зуулгаа залгуулахын тулд алтны компанид адлуулан хөдөлмөрлөдөг.

Хэдхэн хоногийн өмнө гар аргаар алт олборлогчид алтны компанитай “дайн” зарлажээ. Тэдний тэмцэх болсон шалтгаан нь хууль бус лицензтэй компани газар нутгийг нь хөндийлж буйд бухимдсан гэнэ.

Иргэдийн ярьж буйгаар “Марко поло” компанийнхан тусгай зөвшөөрөл гаргуулахдаа хууль бус арга хэрэглэжээ. Учир нь орон нутагт тусгай зөвшөөрөл олгоход тухайн нутгийн удирдлага, сум орон нутгийн ИТХ, иргэдийн саналыг харгалзан үздэг.

Гэтэл хэний ч саналыг үл тоон зөвхөн Засаг даргын зөвшөөрлөөр нийтийн эзэмшлийн газрыг өөрийн болгосон байна. Түмнээ бодоогүй алт хайсан Засаг даргын балгаар нутгийн иргэд хохирч байгаа аж. Энэ хэрэгт Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Бямбажав буруутай гэнэ. Тэрбээр дур мэдэн лиценз олгосон мэдээтэй.

Аргаа барсан нутгийн иргэд Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас авахуулаад хандаж үзээгүй газар гэж үгүй. Адаг сүүлд нь Мэргэжлийн хяналтын газарт хандаж “Марко поло” компанийн үйл ажиллагаа болон хууль бус авсан гэх лицензийг шалгуулахаар хүсэлт гаргасан байдаг.

Үүний хариу мэргэжлийн хяналтынхан тухайн газарт шалгалт хийсэн байна. Шалгалтын үеэр нутгийн тусгай
хэрэгцээнд байгаа газарт “Марко поло” компанид тусгай зөвшөөрөл олгосон нь эрх зүйн хувьд зөрчилтэй.

Энэ үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.4 дэх заалтыг зарчсөн гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн тусгай зөвшөөрөл олгохдоо сумын ИТХ-ын тэргүүлэгчид болон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн саналыг аваагүй болохыг ил болгосон байна.
Түүнчлэн энэ үеэр тус компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Гэтэл өдгөө байдал бахь байдгаараа. Өнөөх даварсан компани нь иргэдийг дарамталсаар. Харин ч ард түмний хүргүүлсэн шаардах хуудсыг аль нэг ширээнийхээ буланд нуун дарагдуулж, арга ядахдаа албан бичгийнхээ тоог зөрүүлж алдаатай гэмээр хариу өгдөг аж.

Энэ нь иргэдийг доромжилж буй нэг хэлбэр хэмээн нутгийнхан ярьж байв.

Эх сурвалжийн хэлснээр тус компани нь тусгай зөвшөөрлөө Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас авчээ. Тус яамны сайд нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Марко поло” компанийн 15337X дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно хэмээн ам алдсан байдаг.

Гэтэл аман дээрээ хүчингүй гэчихээд, ар худрагаар нь зөвшөөрөл олгожээ.

А.Лхагважав

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих