Д.АРВИН: С.Баярын таван төглдөршил бол шоу байсан

-Н.Энхбаяр дарга МАХН-ын нэрийг авсан нь хуулийн цоорхойтой холбоотой-

УИХ-ын гишүүн Д.Арвинтай ярилцлаа.

-УИХ-ын сонгуулийн тухай хууль  тогтолцооны хоёр тоон дээр намын бүлгүүд тохирч чадахгүй байна гэх шалтгаанаар удааширч байна. Уг нь  хуулийг батлахад дөрвөн жилийн хугацаа байсан ч өнөөдөр байдал иймэрхүү байна.  Зөвхөн хоёр тооноос болоод байна уу. Асуудал юунд байна хэмээн  та харж байна?

-Намын бүлгүүд 38:38, 52:26 гэсэн хоёр тоо яриад л гацаад байна. Миний хувьд сүүлийн үед ажиж байхад бид аль болох холимогийг багасгах хэрэгтэй юм байна. Холимог  тогтолцоогоор явна гэвэл  пропорционалийг маш багаар оруулах хэрэгтэй. Учир нь Үндсэн хуульдаа ард иргэд шууд сонгоно хэмээн заачихсан  байгаа шүү дээ. Тиймээс холимог тогтолцоог багасгаж, мажоритар давамгайлах нь зүйтэй. Гарцаагүй мажоритар давамгайлах ёстой гэсэн хатуу байр суурьтай байна.

-Гэтэл АН-ын гишүүд таны эсрэг бодолтой байгаагаа удаа дараа илэрхийлж байна. Нөхцөл байдал ингэж үргэлжилсээр хууль батлагдахгүй гацах юм биш биз?

-Гацвал тэгээд л хуучин хуулиараа л явна биз дээ. Өмнө нь баталсан хуучин хууль  байж л байгаа шүү дээ. Заавал түүнийг шинэчлээд байх шаардлага байхгүй шүү дээ.

-Жендерийн эрх тэгш  байдлын тухай хуулийг өнгөрсөн хавар баталсан ч эмэгтэйчүүдийн квотын асуудлыг Сонгуулийн тухай хууль батлах үеэр нэмж оруулна гэх шалтгаанаар орхисон.  Хууль хуучин хэвээр үлдвэл энэ асуудал ч мөн орхигдоно шүү дээ?

-Ер нь бол УИХ-ын сонгуулиар улс төрийн намууд эмэгтэйчүүдийг хангалттай дэвшүүлдэг. Өнөөдөр бид Жендерийн тухай асуудал ярихаас илүү Монголын ард түмэн, сонгогчид эмэгтэй хүнийг сонгодог болох талаар ярих цаг ирсэн. Эмэгтэйчүүд хэчнээн нэр дэвшээд  ард түмэн санал өгөхгүй байна шүү дээ. Хэрэв  мянган эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэхээр хуульчлаад,  иргэд сонгохгүй байвал яах вэ гэдэг асуудал гарч ирж байгааг бодох ёстой.

-Эмэгтэйчүүдэд ард түмэн санал өгөхгүй байгаа нь ямар зүйлээс нөлөөлдөг юм бол?

-Магадгүй хүч, чадалтай эмэгтэй улстөрчид гарч ирэхгүй байгаатай холбоотой байж болох юм. Ард түмэнд танигдаж чадахгүй байгаа учраас энэ асуудлыг нухацтай ярих хэрэгтэй гэж боддог.

-Та бол УИХ-д эмэгтэйчүүдийг төлөөлж суудаг цөөхөн бүсгүйчүүдийн нэг. Тэгэхээр эмэгтэйчүүд ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд  боловсорч, танигдаж чадаагүй гэж хэлэх гээд байна уу?

-Юундаа байна гэдгийг ард түмний өмнөөс үнэлж дүгнэж чадахгүй байна. Гэхдээ өнөөдрийн парламентад гуравхан эмэгтэй гишүүн байна. Цаашид эмэгтэй гишүүдийн тоо гурав хүрэхгүй. 76 эрэгтэй гишүүн  байвал хамгийн харамсалтай парламент болно. Үүнийг ард  түмэн ойлгож байгаа байлгүй дээ. Харин дэлхий нийтэд эмэгтэйчүүдийн оюун ухааныг улс төр болоод бусад салбарт ашиглаж байгаа нь Лаосын үндэсний ассамблейн дарга эмэгтэй хүнийг сонгож байгаагаар харуулж байна. Цаашлаад бусад орон Ерөнхийлөгчөөрөө эмэгтэй хүнийг сонгож байгаа нь бүсгүй хүний хүний оюун ухааныг үнэлж байгаа хэрэг. Ийм цаг үе рүү манай улс ч гэсэн орох байх гэж найдаж  байна.

-Хуучин  хуулиараа явахаар жалга довны үзэл ихэсч, мөнгөний сонгууль давамгайлна гэсэн болгоомжлол байгаад байна л даа?

-Мөнгөний асуудлыг дан холимог тогтолцоотой сонгууль явуулснаар хаахгүй шүү дээ.

Ерөөсөө  мөнгөний урсгалыг маш хатуу хориглосон  нэмэлт өөрчлөлтийг хуульдаа хийж болно. Мөнгө өгсөн хүнийг тэр өдөр нь нэрийг нь татдаг тогтолцоо яагаад байж болохгүй гэж. Мөнгөний сонгууль болдгоос болж бүхэл бүтэн мажоритарыг байхгүй болгоно гэвэл дэндүү өрөөсгөл хэрэг. Холимог болчихвол зах хязгаар орон нутгуудаар нэр дэвшигчид ажиллах хэцүү болох учраас бүгд л том том зүйл яриад л эндээ суугаад байна байх.

-Танай намын таван төгөлдөршилд сонгуулийн тогтогтолцоог өөрчлөх тухай багтсан байдаг байх аа. Та бүхэн яагаад тэр үеийнхээ ярьсан хэлснээс буцаад байгаа  юм бэ?

-Одоо тэр С.Баярын явдал өнгөрсөн байна шүү дээ.С.Баярын хийсэн ажил урагшаа явахгүй, бөөн бухимдал үүсгэж байгааг хүн бүр мэдэж байгаа. Тэр бол тэр үеийн шоу л байсан байхгүй юу. Одоо бол өөр хүн намын даргаар ажиллаж байна. Тэр хүн өөр зүйл бодож байгаа.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа УИХ-ын тоог нэмэх тухай хэсэг гишүүд өргөн барьсан. Тоо нэмэх тухай таны байр суурийг сонирхьё?

-Тэгж ер болохгүй. Хүнд тохируулж орон тоогоо нэмнэ гэсэн чинь юу гэсэн болж таарах уу. 2.6 сая хүнд 76 гишүүн хангалттай. Бага эдийн засаг, орлоготой  манайх шиг улсад гишүүд нэмэгдэнэ гэхээр дахиад л төсөв нэмэгдэнэ.  Тэр бүү хэл өнөөдөр ч гэсэн зарим аймгуудад маш олон гишүүд байгааг болих хэрэгтэ байна. Тиймээс  УИХ-ын гишүүдийн тоог хасах тухай ярих болохоос нэмнэ гэсэн ойлголт миний хувьд байхгүй. Харин УИХ-ын хөгжлийг тодорхойлогч УИХ-д дэвшүүлэх хүнээ сайн анхаарах  хэрэгтэй. Салбар бүрээс  боловсролтой,чадалтай  хүмүүс орж ирэх тусмаа  улс эх орны хөгжлийг тодорхойлно. Түүнээс биш мөнгөтэй хүн  орж ирэх нь чухал биш. Ямар ч ажил хийж бүтээж чаддаггүй 76 хүн байснаас хоёр гуравхан часхийсэн хүн байсан нь дээр.

-Гэхдээ хүн ам нь 2.5-3 саяд хүрсэн бол 100-150 гишүүнтэй болох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа.  76 гишүүн хэтэрхий цөөн байгаа учраас шоудах, популизм хийх нь нэмэгдэж байгааг гишүүд хэлж байна л даа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Хэрэггүй л дээ. Шоудахыг болиулах гэж тоо нэмнэ гэж байхгүй. Тэртээ тэргүй өнөөдөр шоуддаг үзэгдэл байж л байгаа.  Яг улс оронд хэрэгцээтэй зөв зүйл болохоор юу ч дуугархгүй мөртлөө бүгд ялих шалихгүй зүйл дээр бүгд шоуддаг хүмүүс олон бий шүү дээ. Асуудлын гол нь  гишүүдийн тоонд биш часхийсэн хүн гарахгүй учраас шоу байсаар байгаа хэмээн ойлгогддог. Тэр тийм сонин асуудал биш.  Ер нь улстөрч байна гэдэг хэвлэлээр гарахдаа гол биш. Ю.Цэдэнбал дарга ч  телевизээр бага гардаг байсан ч Монголын ард түмэн түүнийг хийж бүтээсэн гавьяагаар нь бүгд мэддэг. Тиймээс 76 гишүүн одоохондоо ихэднэ.

-Сонгуулийн хууль  батлахдахгүй байгааг таны намын удирдах зөвлөлтэй холбож  байгааг та юу гэж бодож байна. МАН-ын  удирдах зөвлөлийн хэдхэн тооны хүнээс хамаарч удааширч танай намыг дотроо бужигнаж байгаа талаар хаврын чуулганаас  хойш яригдсаар байна?

-Өнөөдөр МАН бужигнаад байгаа юм байхгүй. Хоёр толгойг эргэлтэд оруулах, Сонгуулийн хуулийг батлах асуудал хоёр намын хийж байгаа ажил. Сайн муу бүх зүйлийн хариуцлагыг хоёулаа л хүлээнэ. Сонгууль дөхөөд ирэхээр МАН хариуцлага хүлээнэ гэж байхгүй. Зөвхөн МАН гэж ойлгож байгаа нь өрөөсгөл ойлголт.

-Үүнээс гадна МАХН, МҮАН  гэсэн намууд зуузай холбон байгуулагдаж байгаа нь танай намын дунд дотоод зөрчил үүсгэж байгаа гэх юм билээ?

-Сөрөг хүчин байх ёстой.  Харин өнөөдөр байх ёстой сөрөг хүчнийг байхгүй болгоод хаячихсан шүү дээ. Өрсөлдөөнгүйгээр хөгжилд хүрнэ гэж байхгүй. Тиймээс Н.Энхбаяр дарга нам байгуулж байгаа нь хүний эрх. Харин МАХН-ын нэрийг авсан нь  эрхзүйн үндэслэлийг гаргасан Дээд шүүхтэй холбоотой. Улсын Дээд шүүх нэрийг өгнө гэсэн үндэслэл гаргасан байхад ямар нэгэн гаргалгаа байсан л байж таараа. Ер нь манай Монголын хууль цоорхой ихтэй байдаг.  Тиймээс хэзээ ч тэгш тайлбар хийж чаддаггүй. Уг нь МАН МАХН-ыг өмчилсөн  тухай  хуульчилсан. Гэтэл ямар нэгэн хуулийн цоорхой байсан учраас намынхаа нэрийг  авч байгаа.  Тиймээс сөрөг хүчин болох нь  тэдний үзэл бодол. Тэр хүн нам байгуулснаас  болж манай нам бужигнаад байгаа асуудал байхгүй.

-Намын нэрийг эрх баригч хоёр намтай адилхан өгсөн нь ард түмнийг төөрөгдүүлэхэд хүрч болзошгүй хэмээн  АН, МАН-аас болгоомжилж байгаа хүмүүс байгаа. Та харин хэрхэн харж байна?

-Тэр хоёр хүн нам байгууллаа гээд ард түмэн төөрөгдөхгүй байх. МАН, МАХН хоёр шал өөр. Аль нам сайн ажилласныг сонгуулийн үр дүн харуулна.

Б.Даваа


URL:

Сэтгэгдэл бичих