Косовог гэтэх хэт үзэл
БААСАН ГАРАГ БҮР Билл Клинтоны хөшөөнөөс таван метр зайд орших тавилгын дэлгүүр байсан барилгын гадна хэдэн зуун сахалтай залуу цугларч, сөхрөн суугаад явган зам дээр мөргөл үйлдэнэ. Энэ бол Саудын Засгийн газрын мөнгөөр зассан исламын сүмүүдийн нэг юм.
Америк тэргүүтэй холбоотны цэргүүд Косовог Сербийн дарлалаас чөлөөлснөөс хойш 17 жилийн туршид ваххабизм хэмээх лалын урсгалыг энд тарааж буйд Саудын Арабыг буруутгаж байна. Саудын мөнгө, нөлөө хоёр нэгэнтээ аядуу хандлагатай байсан Европын мусульманчуудыг Исламын хэт үзэлд татаж, жихадын үүр уурхай болголоо.
Сүүлийн хоёр жилд Косовогийн 314 иргэн, түүний дотор хоёр амиа золиослогч, 44 эмэгтэй, 28 хүүхэд Исламын улсад нэгдэхээр одсон нь хүн амд ногдох тоогоор Европт тэргүүлэв. Персийн булангийн хуучинсаг дэглэмүүдээс санхүүждэг нууц холбоод, хэт үзэлт санваартнууд тэднийг элсүүлсэн тухай албаныхан ярьсан.
Косовогийн алан хядлагын эсрэг цагдаагийн газрын дарга Фатос Маколли “Тэд улс төрийн исламыг түгээдэг. Залуус болон эмзэг бүлгийнхнийг татахад асар их мөнгө зарцуулж, ваххаби болон салафи урсгалын ном зохиолууд оруулж ирдэг. Тэд эдгээр хүнийг улс төрийн радикал исламд ойртуулж, улмаар хэт үзэлтэй болгодог” гэв.
Хоёр жилийн мөрдөн байцаалтын дараа цагдаагийн газар 67 хүнийг хэрэгт татаж, лалын 14 санваартныг баривчилсны дээр Үндсэн хуулийг зөрчин, терроризмд элсүүлсэн гэдэг шалтгаанаар мусульманы 19 байгууллагыг хаажээ. Энэ нь хэдхэн жилийн өмнө Америкийг хамгийн их дэмжигч мусульманы нийгэм байсан 1.8 сая хүнтэй орны хувьд гайхалтай эргэлт юм. НАТО-гийн бөмбөгдөлтийг удирдсан америкчуудыг чөлөөлөгч хэмээн найртайгаар угтаж байв.
Косовогийн Подужево хотын төв сүмийн тэргүүн имам Идриз Билалли Сауд Арабаас гаралтай хэт үзлийн нөлөөг хязгаарлахыг оролдсоныхоо төлөө алах заналхийлэл хүлээн авчээ. Дээр нь, Баасан гарагийн мөргөл
Дайны дараа тус газар нутаг НҮБ-ын захиргаанд орсон ба Америкийн цэргүүд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэн. Саудууд мөн ирж, дайнд сүйдсэн нутагт сая сая евро оруулжээ. Гэтэл америкчууд ардчиллын шинэ боломжийг харж байсан бол саудууд ваххабизмыг түгээх орон зай гэж тооцжээ.
Косовод одоо 800 гаруй лалын сүм байгаагаас 240 нь дайны дараа баригдсан ба ваххабизмыг шинэ үеийнхний тархинд шингээх голомт болж байна. Эдгээр нь исламын дүр төрхийг өөрчлөх Саудын Арабын зохион байгуулалтай стратегийн нэг хэсэг гэж аядуу үзэлт санваартнууд болон албаныхан онцолжээ. 2015 онд WikiLeaks-ээс нийтлүүлсэн Саудын дипломат мэдээнд Ази, Африк, Европт исламын сүм, төвүүд болон Саудад дадлага хийсэн санваартнуудыг санхүүжүүлэх системийг илчилсэн байдаг.
Европын алдааны шугам болсон Балканы бүс 1990-ээд оны угсаатны дайны шархаа анагааж амжаагүй. Гэтэл үл тэвчих үзэл дэлгэрч буйг аядуу санваартнууд , албаныхан сэрэмжлүүллээ. Косовог хувиргасан түүх Исламын хуу чинсаг урсга лыг дэлгэрүүлэхэд мөнгө санхүү, айлган сүрдүүлэлт ашигладаг Саудын Арабын дэлхийд нөлөөгөө тогтоох урт хугацааны эрмэлзлийн жишээ юм.
Санваартнуудын айлчлал
1999 онд дайн дуусахад Подужевохотын сүмийн тэргүүн имам Идриз Билалли ямар ч тусламжийг талархан угтаж байв. Косово Югославын бүрэлдэхүүнд, Коммунист дарангуйлал дор байх үед эрэгтэй эмэгтэйчүүд чөлөөтэй хамт байж, охид нүүрний халхавч зүүх шаардлагагүй байлаа.
Косовогийн албанчуудын эсрэг дайны явцад сербүүд 218 лалын сүмийг шатаажээ. Билаллид сүмээ сэргээхэд тусламж хэрэгтэй болов. З0 гаран насны хоёр имам Фадил Муслиу, Фадил Согожева нар шашны зуны сургалт хийх мөнгө авчрахад тэрбээр туслахыг зөвшөөрчээ. Тэр хоёр дайны дараа Саудын Арабт исламын номлолд суралцсан 200 косовочуудын тоонд багтсан юм. Тэдэн шиг олон хүн номлолоо дэлгэрүүлэх зорилго өвөрлөн харьж ирсэн байв.
Удалгүй Муслиугийн удирдлага дор хүүхдүүд мөргөл үйлдэх хатуу жаягт суралцаж эхэллээ. 52 настай Билалли нөлөөг мэдэрч, түгшүүр нь нэмэгдэв. Ийн шинээр ирсэн санваартнууд Косовогийн мусульман нийгмийг эрхэндээ оруулахыг хичээж буйг нутгийнхан ярьдаг.
Заналхийлэл эрчимжив
Уламжлалт чиглэлийн ахмад санваартнуудад шинэ ваххабистууд заналхийлэх боллоо. Гжилан дахь сүмийн аядуу үзэлт имам Энвер Рексепи “Тэд тусламж нэрээр орж ирдэг. Гэвч цаанаа өөр зорилготой. Энэ байдал энд Исламын шашныг хагаралдуулж байна” хэмээв.
Тэрбээр 2004 оны нэг өдөр залуухан ваххабист Зекиржа Казами түүнд заналхийлснийг дурсав. Хэдхэн өдрийн дараа түүнийг багтай хүмүүс хулгайлж, ойд аваачин зодсон гэнэ. Арван жилийн хойно 2014 онд Косовогоос гаралтай хоёр залуу Ирак, Туркэд амиа золиослон бөмбөг дэлбэлсний дараа мөрдөн байцаагчид хэт үзлийн уг сурвалжийг шалгаж эхэлжээ. Казамиг баривчлав. Түүнд үзэн ядалтыг өдөөж, террорист байгууллагад хүмүүсийг элсүүлсэн хэрэг тулгаж, энэ тавдугаар сарын 20-нд 10 жил хорих ял оноосон юм.
Хэт үзэл дэлгэрсээр
2004 онд ноён Муслиу нийслэл Приштина хотын сүмийн тэргүүн имам болжээ. Тэрбээр Подужево хотод Devotshmeria хэмээх буяны байгууллага үндэслэж, эмэгтэйчүүд хүүхэд, ядууст зориулсан хөтөлбөр санал болгохын дээр шашны хичээл зааж байгаа. Уг хөтөлбөрийг Саудын Al Waqf al Islami байгуул лагаас санхүүжүүлдэг аж.
Ноён Билалли зөвшөөрөлгүй сүм барих ба Ваххабизмын номлолын эсрэг хүчтэй сурталчилгаа явуулсан. Түүнийг хэт үзлийн эсрэг тэмцсэний төлөө алахаар заналхийлжээ. Билалли Косовогийн исламын шашны удирдлагад хандсан авч тэд булангийн орнуудын санхүүжилтээс хамааралтай учир бараг дэмжлэг олсонгүй.
Билалли аядуу үзэлтнүүдийн холбоо байгуулахад Косовогийн исламын нийгэмлэг түүнийг албан тушаалаас нь буулгажээ. Ноён Жашари хоёр жижиг амжилт гаргав. Согожеваг шинээр лалын сүм байгуулахыг зогсоов. Түүнчлэн ваххабизмын номлолын эсрэг Speak Now гэдэг вебсайт ажиллуулж эхэлсэн байна.
Терроризмийн эсрэг тэмцэл
Хэт үзэлт номлогчдын нөлөө Сирийн дайны үед дээд цэгтээ хүрч, тэд жихадын алдар гавьяаг магтан дуулж, залуусыг дайнд явахыг уриалсан ухаалаг, ярилцлага хийжээ. Казами тэргүүтнүүд залуу дагалдагчдыг хамруулсан зуны хээрийн бэлтгэл зохион байгуулав.
Эдгээрийн ихэнхийг Саудын Араб, Катар, Кувейт, Бахрейнээс санхүүжүүлснийг мөрдөн байцаагчид тогтоосон. Зөвхөн Приштинад төвтэй Al Waqf al Islami байгууллагаар дамжин 2000-2012 оны хооронд 10 сая евро ирүүлсэн нь илрэв. Нэг сая гаруй еврог сүм байгуулахад зарцуулжээ.
Гжилан хотод хэт даврагчид аядуу үзэлт санваартныг зоджээ
Гэвч дээрх хэмжээнээс бүтэн хагас дахин илүү мөнгийг бэлнээр тараасан гэж мөрдөн байцаагчид тэмдэглэв. Эдгээрээс зөвхөн долоон хувь нь өнчин ядууст буюу буяны ажилд зориулагджээ. 2014 оны зунаас цагдаагийн газар уг байгууллага болон бусад 12 Исламын хандивын оффисыг хааж, 40 хүнийг баривчилсан байна.
Хайхраагүй сануулга
Бүр 2004 онд Ерөнхий сайд байсан Бахрам Рексепи хэт даврагч урсгалуудыг хориглох хууль гаргахыг оролдсон билээ. Тэрбээр саяхан хэлэхдээ Европын албаныхан түүнд уг хууль шүтэн бишрэх эрх чөлөөг хязгаарлана гэж хариулсныг дурдаад “Энэ нь тэдний эрх ашигт нийцээгүй. Тэд Исламын зарим улсын дургүйцлийг төрүүлэхээс эмээсэн хэрэг” гэжээ.
2003 онд болсон уулзалт дээр Балкан дахь АНУ-ын тусгай элч байсан Ричард Холбрук Косовогийн удирдагчдад хандан Саудын тусламжийн хороотой хамтран ажиллахгүй байхыг сануулсан аж. Уг хороо Саудын хандивын байгууллагуудын тархи нь бөгөөд дайнаас хойш баригдсан лалын олон сүмтэй нэр нь холбоотой. Үүнээс нэг жилийн дараа уг хороо Аль Кайдатай сүлбэлдсэн хэрэгт сэжиглэгдсэн тул хэд хэдэн байгууллагын хамт хаагдсан юм.
Сүүлийн жилүүдэд Саудын Араб Косовод үзүүлэх тусламжаа танаж байгаа. Харин Кувейт, Катар, Арабын нэгдсэн Эмиратаас исламын ижил урсгалыг дэмжсэн мөнгө цутгасаар байна.
Хагацсан гэр бүл
Косовогийн хувьд арга хэмжээ оройтсон ч байж магад. Гэр бүлүүд хагаралдаж эхэлжээ. Косовогийн иргэн Алберт Бериша 2013 онд Ерөнхийлөгч Башар Асадын засаглалын эсрэг бослогод туслахаар Сирийг зорьсноо ярив. Тэрбээр хоёр долоо хоноод уг бодлоосоо татгалзсан боловч гурван жил хагас хоригдох ял авч одоо өршөөл хүлээж буй юм.
Чөлөөлөх хөдөлгөөний ахмад зүтгэлтэн бөгөөд одоо Ерөнхий сайдын ажлын албанд ажиллаж буй Исмет Сакики 22 настай хүүгээ олох гэж ихэд чармайсан. Хуулийн оюутан хүү Висар нь сүйт бүсгүйн хамт Туркээр дамжин Сири рүү гарах гэж яваад баривчлагджээ.
Бусавате гэх тосгоны бэлэвсэн эр Шемси Малики гэр бүл нь хэрхэн салж хагацсаныг тайлбарлах гэж түгдчинэ. 27 настай хүү Алежхем гэр бүлээ аваад ISIS-тай нэгдэхээр Сири рүү явжээ. Алежхем яаж хэт үзэлд автсан нь тодорхойгүй. Тэрбээр өвөөгөө дагаж, Гжиланд имам болохоор суралцсан ба тосгоныхоо сүмд зургаан жил үйлчилсэн байна. Хоёр жилийн өмнө эцгээсээ Египетэд суралцахад туслахыг гуйжээ.
Гэвч саяхан Косовогийн терроризмын эсрэг цагдаагийн газар түүнийг баривчлах тушаал гаргав. Ядуу фермер Малики “Тэр амьд буцаж ирснээс үхсэн нь дээр. Би түүнийг сургуульд явуулсан болохоос дайнд үдээгүй. Би түүний төлөө үхрээ хүртэл зарсан” гэсэн юм.
КАРЛОТТА ГАЛЛ
Засгийн газрын мэдээ
URL: