Д.Цогтбаатарын цензургүй яриа
Одоогоос сар шахмын өмнө Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн тусламжтайгаар оффшор бүсэд данстай Монгол Улсын 49 иргэний нэр нийтэд ил болсон юм. Тэгвэл тэрхүү мэдээлэл цацагдсаны маргааш Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар Төрийн ордонд мэдээлэл хийж, “Надад оффшор бүсэд данс байхгүй” гэсэн. Хамгийн хачирхалтай нь түүний нэр дээрх 49 хүний нэрсийн жагсаалтад байгаагүй юм. Д.Цогтбаатар үүнээс хэд хоногийн дараа сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгчээ. Нэгэнт ил болсон мэдээллийг нууцлаад хэрэггүй гэж тэр үзсэн бололтой. Түүний ярьсныг элдэв дүгнэлт хийлгүй буулгаснаа хүргэе. Д.Цогтбаатар “…Тэр үед би Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх байсан нь үнэн. Би гадаад бодлого хариуцдаг байсны хувьд гадаад бодлогын салбарынхан гаднаас хөрөнгө оруулалт Монгол руу оруулж ирэхийн төлөө ажилладаг байсан. …Манай найзууд гаднаас хөрөнгө оруулъя гэж ярихад нь дэмжсэн. Хувьцаа авах боломж байгаа гээд. Би хууль ёсны дагуу өөрийнхөө мөнгөөр хувьцааг нь аваад орсон. Би түүнийг хаана ч нуугаагүй. Бүх баримт нь байгаа.
-Таны хувьцааг худалдаж авсан хүн ямар данснаас мөнгө шилжүүлсэн бэ?
-Энэ нь ил тод. Юу ч нуугаагүй. “Капитрон” банкнаас шилжсэн хуулга байна. Хоёр хүний мөнгийг нэгтгэсэн. Оюунгэрэл захирал бид хоёрын банк. Тухайн үед “Капитрон” банкны ТУЗ-ийн дарга хийж байсан байх. Хоёр хуваахад 9385 ам.доллар болсон байх.
-Яагаад та хоёр мөнгөө нийлүүлсэн юм бэ?
-Тэр үед тус тусдаа мөнгөө өгөөд “Бату майнинг” руу мөнгө өгье гэхэд ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь шилжүүлэг хийсэн. Би бол мөнгөө аваачаад өгсөн. Харин цааш нь хамтатгаад өгсөн юм байна.
-Оюунгэрэл захирал таны хувьцааны мөнгийг даачихсан гэж харагдаж байна?
-Үгүй. Тус тусдаа төлсөн мөнгө. Тэр үед “Капитрон” банкинд хувьцаа эзэмшигч байсан. Би өөрөө тэр үед янз бүрийн бизнес хийгээд үзчихсэн, мөнгө олдог байсан үе.
-Та тухайн үед Багабанди Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх байсан. Оюунгэрэл захирал таны өмнөөс мөнгө төлж хувьцаа худалдаж авах ямар нэгэн шаардлага байсан байх. Магадгүй таны төрийн албан тушаалтай холбоотой юу?
-Тийм байсан бол би Д.Цогтбаатар гэж өөрийнхөө нэрээр бүртгүүлж яах юм бэ. Хэн нэгний ард орох байсан бол одоо намайг хэн ч мэдэхгүй байх байсан. Нэг банкнаас төлөгдөхдөө ТУЗ-ийн нарийн бичгийн дарга хамтатгаад төлсөн.
-Та “Бату майнинг” компанийн захирал байсан гэсэн. Гэхдээ Монгол дахь захирал биш. Виржиния арал дахь компанийн захирлаар нэг хэсэг ажилласан байсан. Тэр үед та бас Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх байсан. Энэ нь ямар учиртай вэ?
-Тийм нэг юм болсон юм. Гадны хөрөнгө оруулагчдыг татаад оруулаад ирсэн. Дөнгөж байгуулагдаад явж байна. Та англи хэлтэй хүн юм байна. Дараагийн захирал иртэл та захирал хийж байгаач гэсэн. Ямар ч цалингүй. Гэхдээ Монголын талаас тавигдсан захирал” гэсэн. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, Д.Цогтбаатар хоёрын дунд ийм яриа болсон байдаг. Түүний хариултаас олон ноцтой мэдээлэл харагдаж байгааг учир мэдэх хүмүүс ярьж байна. Яагаав нөгөө, юун гуя гэдэг шиг…
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: