Х.Баттулга ба Эхлэлгүй “төгссөн” Сайншанд

4386

УИХ-ын гишүүн “Женко” Х.Баттулга нартай холбоотой  “Төмөр зам”, “Сайншанд” аж үйлдвэрийн паркийн гэх тодотголтой эрүүгийн хэргүүдийг АТГ, ЦЕГ-аас шалгаж байгаа талаарх мэдээллүүдийг бид цаг тухайд нь уншигч танд хүргэж байгаа билээ. Тэгвэл  “Самсунг Си Энд Ти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лий Жон Ёлыг дээрх хэрэгт холбогдуулан өнгөрсөн долоо хоногт  дахин саатуулан хорьсон гэх мэдээлэл байна.

Түүнийг өмнө нь Б.Батзаяагийн хамтаар барьж хорьж байгаад батлан даалтад гаргаад байсан юм. За ямартай ч  Х.Баттулга нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч байгаа учраас  хуулийн дагуу ойрын хугацаанд прокурорын байгууллагад шилжүүлнэ гэсэн мэдээлэл байгаа юм. Тэгэхээр хэргийн мөрдөн байцаалт дуусахтай зэрэгцэн Лий Жон Ёлыг дахин хорих болсон нь мэдээж анхаарал татсан асуудал юм.

Өнгөрсөн хугацаанд хэвлэлээр гарч байгаа мэдээллүүдээс харахад төмөр замын асуудалтай холбоотой мэдээллүүд жин дарж байгаа. Тэрчлэн  Сайншандын аж үйлдвэрийн парктай холбоотой мэдээлэлд анхаарал хандуулахад хэрэгт дурласан болохгүй байх.

Тэгвэл 2021 он гэхэд нэг Монгол хүнд ногдох Дотоодын Нийт Бүтээгдхүүний хэмжээ 12 мянган ам. доллар болж өсөхөд нөлөөлөх гол хүчин зүйл нь аж үйлдвэрийн салбарын үсрэнгүй хөгжил дэвшил буюу бүр тодруулбал Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын гайхамшигт бүтээн байгуулалт гэх зүйлийг хэлцгээж байлаа.

Тэрхүү нүсэр бүтээн байгуулалтыг нь дагаад хүнд үйлдвэрүүдээс гадна 200 гаруй хөнгөн үйлдвэр босчих боломжтой гэх судалгаа ч цаасан дээр бий. Гэсэн ч өнгөрсөн жилүүдэд цаасан дээрх томъёоллууд үнэ цэнээ алдаж ирсэн. Тодорхой хөрөнгө мөнгө төсөвлүүлэн авч ирсэн ч, бүсийг нь дэндүү сул тавьсны уршиг буюу тарааж цацсан асуудлыг бас энэ цаг үед зориуд ярих ёстой юм. Уг нь давшин урагшлах учиртай бүтээн байгуулалтуудыг оройлох төсөл бол Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байж ирсэн гэж ойлгогддог.

Эдийн засгийн үр ашиг талаасаа авч үзвэл боловсруулах үйлдвэрүүд байгуулснаар 2021 онд Дотоодын нийт бүтээгдэхүүн 41 тэрбум ам.долларт хүрэх бол нийгмийн үр ашиг талаасаа орон нутгийн 2700 иргэд ажил эрхлэх, аж ахуйн нэгжүүд бэлтгэн нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчээр ажиллах боломж бүрдэнэ гэж байсан.

Сонгох боломжтой газрыг тогтоогоод эргэн тойронд нь 5-10 км радиустай buffer zone үүсгээд төлөв байдал нь яг одоо ямар байгааг нь тогтоож судлах тухай асуудлыг л хэлээд байгаа юм. Тэрхүү төлөв байдлын үнэлгээн дээрээ үндэслээд бүх үйлдвэрүүдийн ТЭЗҮ-тэй уялдуулан байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгдэх ёстой

Төслийн нийт дэд бүтцүүдийг барьж байгуулснаар Сайншанд сумын 1-р багт шинэ суурьшлын бүс бий болох, үйлдвэрүүд баригдах үндэс суурь болох бөгөөд үйлдвэрүүдийг нэг дор байршуулснаар аж үйлдвэрийн бүс бий болж, хөдөлмөр эрхлэлт болон экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж ирсэн.

Тэгээд улс орны эдийн засаг харьцангуй аятайхан байхад, өнөөгийнх шиг бүс юугаа учиргүй зангидан чангалаад байх хэмжээний биш нөхцөл байдалтай байхад энэ төсөл рүү хөрөнгө мөнгө хуваарилж байсан ч, төслийг хөдөлгөгч эрхмүүдийн зохисгүй зарцуулалтын уршигаар өнөөдрийн өдрийг хүрэхдээ гавьсан юм алга байна л даа. Энэхүү цогцолборыг босгоход шаардагдах хөрөнгө мөнгийг дараах байдлаар тодорхойлжээ.

Өнгөрсөн хугацаанд тус цогцолборын бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл ажлыг хангахад зориулж 14.2 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас гаргах шийдвэрийг засгаас гаргаж, улмаар 6.2 тэрбум төгрөгийг тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “гардан” авч байв. Уг нь энэ хэмжээний мөнгийг бэлтгэл ажилд илүү хүртээмжтэй байдлаар хуваарилах боломж байсаар атал зүтгүүлсээр байгаад бүгдийг нь цацаад дууссан гэх асуудлыг хэлэх хүмүүс бий. Тэр талаар өгүүлэхээс өмнө эхлээд албаны чанартай хэдэн тоо хэлье.

Төслийн удирдлагын зөвлөх үйлчилгээ (PMC+), хуулийн зөвлөх үйлчилгээ авах, байгаль, орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх болон суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулахад зориулж 14,2 тэрбум төгрөгийг засгаас олгохоор болсноос гэрээний дүн 9,2 тэрбум төгрөг бол санхүүжүүлсэн дүн 7,9 тэрбум төгрөг гэсэн мэдээллийг тус компанийн зүгээс өгч байгаа. Тэгвэл эх сурвалжуудын зүгээс өнгөрсөн хугацаанд өөрийг хэлж ирсэн байна.

Юу гэхээр Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор шиг том хэмжээний төслийг эхлүүлэхийн тулд заавал байгаль орчны суурь судалгаа буюу Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Үнэлгээний Тухай хуульд зааснаар “байгаль орчны төлөв байдлын үнэлгээ” –г хийлгэх ёстой байдаг.

Тэр нь хуульд зааснаар бол “…аливаа төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлыг судлан тогтоож цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлохыг” хэлдэг. Энэ төслийн хүрээнд авч үзэхэд сонгох боломжтой газрыг тогтоогоод эргэн тойронд нь 5-10 км радиустай buffer zone үүсгээд төлөв байдал нь яг одоо ямар байгааг нь тогтоож судлах тухай асуудлыг л хэлээд байгаа юм.

Тэрхүү төлөв байдлын үнэлгээн дээрээ үндэслээд бүх үйлдвэрүүдийн ТЭЗҮ-тэй уялдуулаад байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгдэх ёстой гэдгийг, нарийвчилсан үнэлгээгээр байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь бага байхын бол тухайн төслийг хэрэгжүүлэх зөвшөөрөл өгдөг гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.

ТЭЗҮ нь гараагүй байхад шууд нарийвчилсан үнэлгээ хийлгэх гээд зар гаргачихсан байсан нь анхаарал татаж байсан юм. Энэ нь эцсийн дүндээ улсын эдийн засагт ихээхэн хор хохирол дагуулж болзошгүй гэх дохиолол байж ирсэн.

Тэгвэл Сайншанд цогцолбор байгуулах газрын байршлыг оновчтой тогтоохоор мэргэжилтнүүдээс бүрдсэн хоёр ч судалгааны баг байгуулагдан ажилласны цаана 6 тэрбум төгрөгийг бүгдийг нь зарцуулах бодлого нуугдаж байсан гэх мэдээлэл бий. Тэгэхдээ эхний судалгааны багийг үндэслэлгүйгээр тарааж, шинэ хүмүүсээр баг бүрдүүлсэн гэгддэг.

Тэр баг нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийнхаа төлөв байдлыг тогтоогоогүйн дээр үйлдвэрүүдийнх нь ТЭЗҮ нь гараагүй байхад шууд нарийвчилсан үнэлгээ хийлгэх гээд зар гаргачихсан байсан нь анхаарал татаж байсан юм. Энэ нь эцсийн дүндээ улсын эдийн засагт ихээхэн хор хохирол дагуулж болзошгүй гэх дохиолол байж ирсэн. Анх байгуулагдсан Судалгааны баг судалгааг хийхийн тулд ажлын даалгавар боловсруулж, 6 тэрбум төгрөгийн төсөв батлуулсан байдаг.

Харин дараа нь байгуулагдсан Судалгааны баг Байгаль орчин нийгэм эдийн засгийн төлөв байдлын судалгааг 10 сарын хугацаанд хийхээр 6 тэрбум төгрөгийг төсөвлөснийхөө дараа судалгаа хийх хугацааг 3 сар болгон багасгаж, судалгааны нэрийг хүртэл өөрчилсөн хэрнээ, зарцуулагдах мөнгөний хэмжээг 6 тэрбум хэвээр нь төсөвлөөд үлдээсэн байдаг юм.

Уг нь Олон улсын санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид ESIA-г 2 жилийн хугацаан дахь мэдээлэл, үзүүлэлт цуглуулсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг ч, сайд дарга нар монгол орны нөхцөлд 4 улирлын дата цуглуулахад хамгийн багадаа 10 сар зарцуулна гэж үзсэнийхээ дараагаар дахин хумиж багасгаад 3 сарын хугацаанд амжуулна гэсэн хэрнээ гэрээний үнийн дүнг хэвээр үлдээсэн  гэх асуудал бол яах аргагүй анхаарал татдаг.

Сайншандын аж үйлдвэрийн парк гэх том төсөлтэй холбоотой асуудал үргэлжилнэ.

Эх сурвалж:  Э.Болор,     Шуурхай.мн 


URL:

Сэтгэгдэл бичих