“Зоос”-оос “зоос” хүртэгсэд

146519562857551c6c1a33eДолоон жилийн өмнө “Зоос” банкны дампуурлыг зарлаж “Төрийн банк” болгосон шийдвэрийг гаргасан. Гэтэл энэ банкны эрхийг өнөөг хүртэл хүлээн авч дуусаагүй байгаа бололтой. Учир нь, эрх хүлээн авагчид өнөөдрийг хүртэл цалинжсаар иржээ. “Зоос банк”-ны жижиг хувьцаа эзэмшигчид буюу хохирсон иргэдийн хохирлыг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байгаа ч Монголбанкнаас томилсон эрх хүлээн авагчид өнөөдрийг хүртэл цалинжиж, улсын болоод иргэдийн хохирлыг барагдуулахгүй байсаар буй гэнэ.

Хувьцаа эзэмшигчид өнгөрсөн хугацаанд “Зоос банк” ХК-ийн Эрх хүлээн авагчийн зөвлөлөөс “Засгийн газрын авлагыг барагдуулах үйл ажиллагаа үргэлжилж байгаа тулд хувьцаа эзэмшигчдийн банкинд оруулсан хөрөнгө оруулалтыг барагдуулах нөхцөл бүрэлдээгүй байгаа болно” гэдгийг дурдсан байна. Уг нь “Засгийн газрын авлага” гээд буй нь “Зоос банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн төлөх өр биш. Яагаад гэвэл энэ мөнгө нь “Зоос банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийг хохирол­гүй болгох зорилгоор гарга­сан 100 тэрбум төгрөгийн бонд. Харин энэхүү бондын мөнгөний тал нь хаашаа орсон, хэн хэрхэн зарцуулсан бэ гэдгийг өнөөдөр тайлбар­лах хүн алга. Энэхүү бондын мөнгийг хэрхэн буцаан төлүүлэх вэ гэдгээс илүүтэй яаж зарцуулсан, хэн хариуцлага хүлээх вэ гэдгийг хөөвөл илүү амар байх.

Ийнхүү өнөөдөр “Зоос банк”-ийг “Төрийн банк” болгон бүхий л төрийн үйлчилгээг энэ банкаар дамжуулж байгаа ч эрх хүлээн авагчдын хийх ёстой ажил зургаан жилийн хугацаанд ахиц гараагүй аж.

Тиймээс ч хувьцаа эзэмшигчид нь Сангийн сайд болоод Төрийн албаны зөвлөлд гомдол гаргажээ. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд “Зоос банк”-ны Эрх хүлээн авагчийн зөвлөлийг Монголбанкнаас томилогдсон Н.Ариунбатаар ахлуулж, Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга ахлах мэргэжилтэн Х.Рагчаа нарын 20 орчим хүнийг томилжээ.

Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд буюу Эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүнээр Х.Рагчаа томилогдсоноосоо хойш 79 сарын хугацаанд сард 3 сая төгрөгийн цалин авч байсан гэх бөгөөд энэ дүнгээр тооцвол нийт 189 сая орчим төгрөгийн цалин авчээ. Харин зөвлөлийг удирдсан Н.Ариунбат нь 5 сая төгрөгийн цалинтай. Ингээд тооцвол томилогдсон цагаасаа хойш 79 сарын хугацаанд ойролцоогоор 395 сая орчим төгрөгийн цалин авчээ.

Дээр дурдсан зөвлөлийг 20 гишүүн сардаа сая төгрөгийн цалинтай гэж тооцвол өнгөрсөн зургаан жил, таван сарын хугацаанд 1,58 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн үг.

Эдгээр хүмүүсийг ийм их мөнгө гарган ажиллуулах болсон шалтгаан нь иргэд болоод төрийг хохиролгүй болгож, асуудлыг шийдвэрлүүлэх байсан. Харинөнгөрсөн хугацаанд цалин авсан шигээ ажлаа хийгээгүй талаар хохирогчид гомдоллож байна.

Сангийн яамны мэргэжилтэн Төрийн банкны Эрх хүлээн авагч гэсэн албан тушаалд давхар цалинжиж ажиллаж байгаад бухимдсан “Зоос банк”-ны хохирогчид Төрийн албаны зөвлөлд энэ талаар гомдол гаргасан бөгөөд хариуд нь “Төрийн албаны тухай хуулийн 15 дунаах зүйлд заасан “төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн жагсаалтаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагч “…аж ахуйн нэгж…байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх”-ийг хориглосон зохицуулалттай байна” гэсэн албан тоотыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Д.Даваа-Очир ирүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, Х.Рагчааг Төрийн албаны хуулиар зөвшөөрөгдөөгүй албан тушаалд цалинжуулан ажилласан гэсэн үг. Үүнийг бичигч бус Төрийн албаны зөвлөл хэлээд байна.

Улсын болоод иргэдийн хохирлыг барагдуулах талаар дорвитой ажил хийгээгүй эрх хүлээн авагчид ийнхүү өндөр цалингаар өнгөрсөн хугацаанд тансаглажээ.

Төрийн банктай холбоотой, өөрсдийгөө хэрхэн урамшуулдаг талаар өмнө бас л хэрэг мандаж байсан. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үед “Зоос банк”-ыг дампууруулж, төрийн мэдлийнх болгосон Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалан, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга Л.Зориг, Сангийн яамны Сан­хүү, эдийн засгийн бодлогын газ­рын дарга асан Б.Батбаяр, Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга асан Б.Ганбат, “Баялаг” компанийн зөвлөх Х.Ганбат, Сангийн яамны газрын дарга асан Б.Гэрэлмаа нар тус бүр 90 сая төгрөгийн ашиг хүртсэн нь нотлогдож, их хэмжээний мөнгө хувьдаа завшсан төрийн албан хаагчдыг буцаж төрийн албанд орох эрхгүйгээр халах үүргийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сайд нартаа өгч байсан. Гэтэл түүнээс дутахааргүйгээр их мөнгөөр өнгөрсөн хугацаанд дээрх зөвлөлийг цалинжуулж ирсэн байх юм.

Энэ талаар салбарын сайд нь анхаарлаа хандуулах цаг нь болсон мэт. Иргэдийнхээ өмчийг эрээ цээргүйгээр дээрэмдээд зогсохгүй, хохирлыг нь барагдуулахын оронд хэн нэгнийг өндөр цалингаар давхар тэтгэх хэрэг байна уу? Жирийн иргэдээ бүсээ чангалахыг уриалдаг хэр нь зарим хүмүүсийг “бүсээ суллуулах” бодлого бариад байгаа юм биш үү?


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих