Хүүхдийн мөнгөн дээр тогтсон амьдрал
“Бид хүүхдийн мөнгө авдаггүй бол амьдрал ямар байхыг хэлж мэдэхгүй. Өнөөдөр манайх хүүхдийнхээ мөнгөөр л амьдарч байна. Малчид бэлэн мөнгөний цалин байхгүй болохоор дөрвөн хүүхдийнхээ мөнгөөр л сарынхаа хүнсийг авдаг. Малын үнэ энэ жил тийм ч сайн биш байгаа” гэж Булган аймгийн Рашаант сумын малчин Л.Баяр ярилаа. Тэднийх шиг хүүхдийнхээ буянаар амьдралаа залгуулдаг айл цөөнгүй бий.
Бүх хүүхдэд олгоно гэж тооцоолохоор 246 тэрбум төгрөг болж байгаа
Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны иргэн Д.Солонгынх мөн л хүүхдийн мөнгөөр амьдардаг. Бид Д.Солонгынхыг зорьж очлоо. “Хилчин” хотхоноос нэлээд хойшоо задгай газар хоёр гэр харагдах бөгөөд урд талынх нь Д.Солонгынх. Тэднийх долоон хүүхэдтэй. Хамгийн том нь 11 настай, удаах нь найм, гурав дахь нь долоо, дараагийнх нь хоёр настай ихэр, бага хоёр нь зургаан сартай, бас ихэр. Д.Солонго нярай хүүхэдтэй болохоор ажил хийх боломжгүй.
Нөхөр нь өнгөрсөн намар өөд болсон тул амьжиргааны гол эх үүсвэр нь тэжээгчээ алдсаны тэтгэмж, сар бүр хүүхдэд олгодог 20 мянган төгрөг аж. Тэрбээр “Манайх Дорнод аймгаас нүүж ирсэн. Хотын айл болоод 10 гаруй жил болж байна.
Манай өрхийн орлого хүүхдийн мөнгөн дээр л тогтдог. Хүүхдүүдийнхээ мөнгөөр хадгаламж нээе гэж бодох л юм. Даанч нярай хүүхэдтэй болохоор ажил хийх боломжгүй байна. Бэлэн мөнгөний бараа харахгүй шахам л байдаг. Урьдчилаад өр тавьчихдаг болохоор тэтгэмж, хүүхдийн мөнгөө өрөнд өгөөд л таарах юм. Хоёр бага маань хөхөндөө цаддаггүй тул нэмэгдэл тэжээл хэрэглэдэг. Тэр хоёрын мөнгө хуурай сүүндээ л зарцуулагддаг.
Би өөрөө хүүхэд байхаасаа л ажил хийдэг байлаа. Тиймдээ ч хэдэн хүүхдээ хүнд хүчир ажил хийлгэхийг хүсдэггүй. Зарим ээж, аав хүүхдээр ажил хийлгэж мөнгө олуулахыг боддог. Харин би тэгмээргүй байна. Төр, засгаас хүүхэд бүрт өгдөг 20 мянган төгрөг бидэнд том дэмжлэг шүү дээ. Хэрэв хүүхдийн мөнгийг өгөхөө больчихвол амьдрал хэцүүхэн л болох байх. Би өөрөө ажилд орчихвол хүүхдүүдийнхээ мөнгийг хуримтлуулах боломжтой болно.
Бас хашаа байшин авах гээд надад төлөвлөсөн ажил их бий. Энэ газар дээр танилынх маань буулгасан юм. Жил болоод нүүнэ гэж хэлсэн ч хоёр он үдчихлээ” хэмээн ярьж байв. Хорооноос нь түүнийг мэргэжил олгох сургалтад суулгахыг санал болгожээ. Гэвч хүүхдүүдийг нь харах хүнгүй тул одоогоор амжихгүй л байна гээд тэрээр санаа алдаж харагдав.
Үнэндээ монголчуудын цөөнгүй хэсэг нь хүүхдийн мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг жишээ олныг сөхөж болно. Тиймээс төр, засгаас энэ мөнгийг олгож байгаа нь нэг талаар ядуурал газар авсан өнөө цагт олон хүнийг тэжээх тэтгэмж болж байна.
Дэлхийн олон оронд гурав болон түүнээс дээш хүүхэдтэй бол олон хүүхэдтэй гэр бүл гэж үздэг. Манай хойд хөршид гэхэд хүн амын өсөлтийг дэмжих үүднээс 2007 оноос 429408 рублийн эхийн урамшууллыг 10 жилийн хугацаатай нэвтрүүлж, хоёр дахь болон дараагийн хүүхдэд олгож эхэлжээ. Үүнээс ОХУ-ын мужуудад гурав дахь болон дараагийн хүүхдэд олгодог мөнгө тэтгэмж үргэлжилсээр байгаа. Долоон хүүхэдтэй айлд алдарт эцэг, эхийн одон шагнаж, 100000 рублиэр урамшуулдаг юм билээ.
Хэрэв хүүхдийн мөнгийг өгөхөө больчихвол амьдрал хэцүүхэн л болох байх
Дэлхийд анх өндөр настны тэтгэврийг нэвтрүүлсэн Шинэ Зеланд улс нийгмийн халамжийн бодлогоор үлгэр жишээ орон. Энд хүүхдийн тэтгэмжийг олон цөөн гэж ялгалгүй анхны хүүхдээс эхлэн олгодог аж.
Иймээс дараагийн хүүхэд төрөх бүрт тэтгэмжийн хэмжээ нэмэгдэнэ. Хүүхдийн тоо болон орлогоос шалтгаалан олгогддог “хүүхдийн мөнгөний” хэмжээ жилд дунджаар 60-100 мянган шинэ зеландын доллар байдаг аж. Үүнээс гадна байр орон сууц, төрөх үеийн, нярайг асрах гэх мэт олон төрлийн хөнгөлөлт дэмжлэг эдэлдэг байна.
Бусад улс орон иймэрхүү тэтгэмж олгож, төрөлтийг дэмждэг. Харин манай улс өнөөдөр сарынх нь сүүний хэрэглээнд ч хүрэхгүй мөнгө олгож байгаа. Хэрвээ төрөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлэхийг хүсвэл хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх нь хэрэгтэй гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Ер нь цөөн хүн амтай улс үндэстний хувьд үр хөндөлтийг бус төрөлтийг дэмжих оновчтой бодлого амьдралд бодитоор хэрэгжих нь чухал юм.
М.Лхагвасүрэн: Хүүхдийн мөнгийг цаашдаа зорилтот болгоно
Бид Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хүүхдийн мөнгөнд энэ жил хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ. Одоо улсын хэмжээнд хэдэн хүүхэд мөнгө авдаг бол?
-УИХ-ын долдугаар тогтоолын дагуу энэ жилээс эхлэн өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй хүүхдүүдэд сар бүр 20 мянган төгрөг өгч байгаа. Үүний дагуу бид бүртгэл судалгаа хийсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нэг сая 37 мянган хүүхэд сар бүр 20 мянган төгрөг авч байна.
Өрхийн мэдээллийн нэгдсэн санд эдгээр хүүхдийг бүртгэлтэй байх ёстой гэсэн тогтоолыг бид мөрдөж ажилладаг. Анх санхүүгийн эх үүсвэрийг 140 тэрбум төгрөгт багтаана гэж тооцоолсон. Гэвч 246 тэрбум төгрөг баталсан. Ер нь өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй бүх хүүхдэд олгоно гэж тооцоолохоор 246 тэрбум төгрөг болж байгаа юм. Энэ санхүүжилтийг Засгийн газраас тодорхой хэмжээгээр шийдэж өгсөн.
-Өрхийн амьжиргааны түвшингээр нь олгоно гэж шалгуур тавьсан. Гэхдээ энэ нь хүүхдийн эрх зөрчигдөж байгаа үйлдэл биш үү?
-Өрхийн амьжиргааны түвшингээр нь ангилж олгохоо больсон. Зөвхөн өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй гэдгээр нь хүүхдийн мөнгийг олгож байгаа. Энэ санд бүртгүүлчихвэл бүх хүүхэд мөнгө авах боломжтой. Одоогоор шинээр төрсөн хүүхдүүд нэмэгдээд нэг сая 40 мянга орчим хүүхэд мөнгө авах тооцоо байна.
Хүүхдийн мөнгөн дээр хүүхдийн эрх яригдах ёсгүй. Энэ зөвхөн төр, засгаас дэмжлэг үзүүлж байгаа алхам. Эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ сурч боловсроход анхаарах хэрэгтэй. Мөнгө өгөхгүй байлаа гээд хүүхдийн эрх зөрчигдлөө гэж хэлж болохгүй. Хүүхдээ сургаж, хүмүүжүүлэх нь эцэг эхийн үүрэг. Төр энэ ачааг нь бага зэрэг хөнгөлж өгөх үүднээс л мөнгө олгодог.
-Зөвхөн хүүхдийн мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг өрх хэд байдаг вэ. Танай байгууллага энэ талаар судалгаа хийсэн үү?
-Нарийн судалгаа хийгээгүй. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангаас бага орлоготой өрхүүд ямар байдлаар амьдарч байна вэ гэсэн түүвэр судалгаа хийсэн. Хүүхдийн мөнгө амьдралд нь хэр нөлөө үзүүлж байна, сурч боловсрохдоо зарцуулж чадаж байгаа юу гэдгийг л судалж үздэг.
Урьдчилаад өр тавьчихдаг болохоор тэтгэмж, хүүхдийн мөнгөө өгөөд л таардаг
-Бусад улс оронтой харьцуулахад манай хүүхдүүдэд өгдөг мөнгө ямар түвшинд байна вэ гэдэг талаар судалж байв уу?
-Тийм улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ төдөн хувийг зарцуулж байна гэсэн харьцуулсан судалгаа хийж байгаагүй.
Энэ бол хүүхдийн хөгжилд зориулсан мөнгө. Халамжийн үйлчилгээ биш. Хүний хөгжил сангаас хүн бүрт 21 мянган төгрөг өгч байсан. Энэ мөнгийг олгодог программ манай байгууллага дээр байсан учраас үүнийг ашиглаад хүүхдийн мөнгийг олгож байгаа. Олон улсын түвшинд ийм байдалтай байна гэсэн судалгаа одоогоор алга.
-Мөнгө авдаг хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна уу, эсвэл хэвэндээ байдаг уу?
-Жил ирэх тусам нэмэгдэж байна. 2013 онд 960 мянган хүүхэд мөнгө авч байсан бол 2014 онд 994 болж өссөн. 2015 оны байдлаар сая 35 мянга болж нэмэгдсэн байна. 0-18 насны бүх хүүхэд мөнгө авч байгаа.
-Хүүхдийн мөнгийг нэмэх боломж хэр байдаг бол. Холбогдох байгууллагууд ямар байр суурьтай байгаа вэ?
-Цаашдаа хүүхдийн мөнгийг зорилтот болгоё гэсэн байр суурьтай байгаа. Авах шаардлагагүй, боломжийн амьдралтай айлын хүүхдэд заавал өгөх гээд байх хэрэггүй юм. Үнэхээр хэрэгтэй өрхөд олгоё гээд тооцоо хийж үзсэн. Хамгийн бага орлоготой өрхүүдэд сардаа 35-40 мянгыг олгож байя.
Дундаж хэрэглээтэй өрхөд арай багыг, өндөр орлоготой өрхүүдэд олгохгүй байя гэж ярьсан. Саяхан амьжиргааных нь түвшингээр ангилж олгоё гэж ярилцаж байхад 18, 19, 20 дугаар бүлгийн өрхүүд маргаан үүсгэж байсан. Тэгэхээр нь энэ удаа хүүхэд бүрт олгохоор шийдвэрлэсэн. Яваандаа зорилтот болгоно гэж төлөвлөж байгаа.
Б.Гандолгор
Засгийн газрын мэдээ
URL: