Мисс А.Пүрэвмаа буюу Dali Juguur: Усны үнэ цэнэ…
Монголын загвар өмсөгчид дунд царай зүс, бас бие бялдараараа эрс ялгардаг байсан “Монгол модель” агентлагийн захирал Болормаагийн хайртай шавь нарын нэг, загвар өмсөгч А.Пүрэвмаа золгүй байдлаар хүнд гэмтэж, тахир дутуу болсон. Түүнийг хайртай найз залуу нь согтуурсан үедээ агсам тавьж, дөрвөн давхрын тагтан дээрээс авч шидсэн гэдэг.
Өдгөө “Сахиусан тэнгэр” хэмээн нэрлэгдэж байсан Мисс А.Пүрэвмааг мэдэхгүй хүн байхгүй. Тэрээр хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй болж нисэх жигүүрээ хугаслан далавчгүй сахиусан тэнгэр болсон ч өөрийнхөө төлөө болон бусдын төлөө зүгээр суугаагүй нэгэн. Мөн тэр хоёр хөлгүй болсон ч сэтгэлийн жигүүрээрээ босон алхсан юм. Цахим хуудаснаа “Dali jiguur” нэрээр идэвхтэй байдаг түүнийг олон хүн дагадаг. Нисэх жигүүрээ хугасалсан ч амьдарлын өмнө сөгдөж суугаагүй түүний цахим хуудаснаа бичсэн постууд нь бусдад сургамж болсон гэгээлэг посдуудаг байдаг. Ингээд “Dali jiguur” буюу Мисс А.Пүрэвмаагийн усны үнэ цэнэний талаар бичсэн постыг хүргэж байна.
Тэрбээр “Би багадаа гэр хороололд өссөн. Аав, ээж хоёр ажилдаа яваад орой ирнэ. Би хичээлээс тарж ирээд гэрээ цэвэрлээд, тэгээд 2 тавын хувингаа бариад л 3 гудмын цаадах худаг руу явнаа. Өвөл бол хөлдөж үхэх гээд очерлоно. Өмдний хоёр тал усаа цалгиулаад мөс болчихдог байж билээ. Зун халууцаад л очерлоно. Эмээ, өвөө нарыг урдуураа оруулна. Усын нь хүргэж өгнө. Өөрөө тэгээд далийгаад л хувинтай усаа зөөнө шүү дээ. Би багаасаа усны төлөө даарч, халууцаж байж усны үнэ цэнийг ойлгосон. Гэр хороололд өссөн бүх л хүүхэд хар багаасаа усны үнэ цэнийг мэдэрч өссөн байхаа. Хүн усыг хайрлаж, гамнаж сурах хэрэгтэй юм шиг санагддаг. Би одоо крантаас хий дэмий ус гоожиход гол харладаг. Ээ саяны урссан усыг гэр хорооллын хаа нэгтээ нэг бяцхан охин, хүү хувингаар зөөж, тосож яваа шүү дээ гэж боддог. Тоглох цаг минь бараг усанд явахад зориулагддаг байсан шүү. Усанд явангаа худаг дээр найзуудтайгаа тоглоно. Хэн нь хувинтай усаа бариад хол алхсан нь ялагч болно. Өмд рүүгээ дусал ч ус асгаагүй нь бас ялагч болно. Тийм ч учраас дэмий зүйлд ус үрдэггүй зантай болсон нь хожим нь дэмий зүйлд цаг үрдэггүй хашир болгож, цаг, ус хоёрын үнэ цэнэ эн тэнцүүг ойлгуулсан юм. Бас хэзээ ч гэр хороололд өссөн дөө бусад охид хүүхнүүд шиг ичдэггүй ээ. Тэндээс би усны үнэ цэнийг балчир ухаандаа ухаарч чадсан нь амьдралын үнэ цэнийг ойлгоход нэмэр болсон доо.” хэмээн бичжээ.
Эх сурвалж: Miss.mn У.Сайхан
URL: