У.Хүрэлсүх бантан хутгачихаад Герман руу зугтаачихлаа
Намрын чуулган эхлэхтэй зэрэг улс төрийн намууд жинхэнэ утгаараа үймэлдэж байна. Ялангуяа МАН-ынхны дотоод үймээн дээд цэгтээ хүрэв. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахаар МАН-ын голдуу 20 гишүүн намынхаа дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж, намынх нь дарга шалтаг тоочин бултаж байна. Сарын өмнө өгсөн шаардах бичгийнхээ хариуг авах гэсэн гишүүд энэ байдлыг далимдуулан шоудсаар. Харин энэ мэт дотоод самууныг дэгдээсэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх НАМЗХ-ны залуусаа дагуулаад Герман руу сүүл хавчин зугтав. Тэрбээр Н.Энхбаяр ахынхаа туршлагыг ийнхүү хэрэгжүүлж байгаа бололтой. У.Хүрэлсүх өнгөрсөн жил залуусын хамт “Тэрэлжийн тунхаг” бичиг гарган сүржигнэж байсан нь ийнхүү өнөөдрийн Ерөнхий сайдын суудалд санаархсан алс хэтийн бодлого байсан бололтой.
Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол Ерөнхий нарийн бичгийн дарга Германаас намын нөхдөө сэм удирдаж, С.Батболдыг унагах аргачлал зөвлөж байгаа гэх. Мэдээж У.Хүрэлсүхийн гар хөл болон давхилдаж байгаа эдгээр нөхдийн ажил амжилттай хэрэгжвэл бас чиг хэдэн сар сайдын суудалд тухлах боломж байгаа юм. Шуудхан хэлэхэд үймээний гол эзэд нь ирээдүйн У.Хүрэлсүхийн танхимын сайд нар юм биз. Тун ч инээдтэй. Үүний ар талд байгаа улс орны эрх ашиг энэ тэр бол У.Хүрэлсүх нарын нөхдөд огт хамаагүй бололтой. Энэ мэт үймээний үр дүн гарч С.Батболдын Засгийн газар унаж гэмээ нь У.Хүрэлсүх Германаас нэг их харамссан дүр эсгэж ирээд одоо надаас өөр хэн энэ суудалд суухав дээ гэх юм байгаа биз. Угаасаа 2012 онд МАН хэзээ ч олонхи болж чадахгүйг мэдсэн У.Хүрэлсүх боломж байгаа дээр Ерөнхий сайд болж үзэхээр шийдэв бололтой. Магадгүй гишүүн биш бөгөөд овлигогүй сайдтай Засгийн газрын нас богино байх нь дамжиггүй. Гэхдээ л нэг сар ч гэсэн улс орны хувь заяаг атгана гэдэг У.Хүрэлсүхийн хувьд бол олдошгүй тавилан. Түүний өмнө байгаа ганц боломж нь энэ. Түүнд үүнээс өөр сонголт байхгүй.
Анх ийм бантан хутгах аргыг зааж өгсөн Н.Энхбаяр ах нь МАН-ын саналыг хуваах нь тодорхой болчихсон энэ цагт МАН энэ цагаас хойш түүхэндээ олонхи болохгүй тухай ч ажиглагчид ярих байх. Эрх биш улс төрийн бузар булайтай хутгалдаж явсан У.Хүрэлсүх энэ мэт зүйлийг мэдэрч байгаа учраас Ерөнхий сайдын суудалд залраад дуусъя гэж шийдсэн бололтой. Өнөөх “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэдэг л энэ болж байна даа. МАХН-ын XXVI хурал болж, нэрээ солих үед У.Хүрэлсүх “Нэрээ солиод сонгуульд ялагдвал би хариуцлагыг нь үүрнэ” гэж хэлж байсандаа ч туйлын их харамсч байгаа биз. Өөрөө намын залуучуудын байгууллагаас тодорсон энэ эрхмийг ах нар яаж ашигладаг байсан аргыг мэдэхгүй гэх биш. Хэдэн мангар бацаануудыг хөдөлгөж, өөрийнхөө залуу цагийн дурсамжийг нэхэн санаж суугаа биз.
С.Баяр
URL: