Монгол биш Монгол…

Монголчууд бидний өвөг дээдсийн дундарсан ч дуусашгүй их сүлд хийморь, урагш тэмүүлсэн их хүсэл амбиц, үе дамжсан тэмцэл, зүтгэлийн үр дүнд их улс, эх биеэ арга буюу тасдуулан байж өнөөгийн Монгол Улсыг өдий авч үлдсэн билээ. Аргагүй аз хийморь түшиж, аргагүй агуу байсны учир их савны ёроолд их үлддэгийн адил чамлахааргүй “том” Монгол Улсыг өвлөн авчээ.

хүхдүүд

Энэ бидний гарт байгаа тусгаар төр, бидний Монгол гэж цээжээ балбах бололцоо зүгээр олдоогүй, маш их үнэ цэнээр сольж авсан юм. Энэ бол алдсан нутаг, газар шороо гэхээсээ илүүтэй арга барагдан одоогийн Монгол улсын хилийн гадна үлдсэн ах дүү бусад монголчуудын маань хувь заяа билээ. Тэд бидний төсөөлшгүй зовлон зүдгүүр, доромжлолыг бидний өмнөөс үүрч ирсэн….

Их Монгол улсын голомт нь болж хариуцлага үүрч яваагийн хувьд өнөөгийн бид монголоо мартахгүй гэсэн, монголын төлөө гэсэн, өөрийгөө монгол гэж тооцдог сэтгэл зүрх болгоныг гүнээ хүндэтгэн үзэж, үзэл санааны хувьд нэгтгэн, манлайлах, урам, зүтгэлээр тэтгэх татгалзашгүй бөгөөд мөнхийн үүрэгтэй.

Харин бид энэ үүргээ биелүүлж чадаж байна уу? Бид энэ үүргээ умартан, нэг л үхээнц, дөнгөхгүй байх шиг..Өвөр монгол хүнийг Эрээний хулхи наймаачнаар төсөөлнө, үг хэлийг нь шоолж, нийтийн хошин шог хүртэл зохиож, элгээ хөштөл инээлдэцгээнэ. Өвөр монголыг хужаагаар, буриад халимагуудыг оросоор нь дуудаж, наашаа гэсэн сэтгэлийг нь бөхөөж, урмыг нь хугалж, өөрсдөөсөө ямагт түлхэж холдуулна. Тэднийг бид шоолж гадуурхах, ад шоо үзэх ямар ч үндэслэл байхгүй, тийм ёс суртахууны эрхгүй билээ.

Хилийн гаднах монголчууд байсан тулдаа тэднийг нэг удаад худалдан байж өдийн дайны тусгаар улс үлдсэн юм. Түүнээс ч илүүтэй одоо тэд биднийг тойрон хүрээлж, хүн соёлын асар том хэрэм болон Монгол Улс руу чиглэсэн харийн соёлын хэт түрэмгийлэл, шунал сэдлийг торгоон сааруулж байна. Тэдний монголжуу чанар улам багасаж, их гүрнүүдийн соёлд уусан бүдгэрч, бидний асар том соёлын хэрэм хэврэгшин сульдаж байна. Монгол ах дүү нартаа чин сэтгэлийн дэм өгөх, дэмжин туслах, урмаар тэтгэх нь зүгээр нэг ах дүүгээ харж үзэж буй ёс зүйн асуудал биш харин Монгол Улсын хөгжлийн нэгэн гарц жим олох, даяаршиж буй дэлхийд зөв байрлалаа эзлэх, өчүүхэн жижиг зах зээлээ тэлэх боломж, дэлхийд өрсөлдөх чадвартай болох, зэрэгтэй холбогдон маш чухал асуудал гэж бодох юм. Адаглаад л хэлбэрээ алдаж буй соёлын хана хэрмээ засч, сэлбэх, тэтгэх хэрэгтэй.

Монголчууд ууг нь цөөхүүлээ биш, бид л өөрсдийгөө цөөхүүлээ гэж голж, жижигрүүлж буй мэт санагдана. Сүүлийн үед Монгол Улсаас гадаадад гарсан монголчуудын дараагийн үе төрөн гарч, хэл соёлын хувьд биднээс бага багаар алслан холдож байна. Бид тэднийг бас л эрлийз хурлийз, хэлтэй усгүйгээр нь тохуурхаж, өөрсдөөсөө түлхэж, өөрсдийгөө улам жижигрүүлсээр байх уу?

Монгол Улсын иргэн монголчууд бид ах дүү монголчуудаа тэтгэж, монгол соёлоо хадгалах, үр хүүхдэдээ өвлүүлэхэд нь зүйл бүрээр дэмжлэг үзүүлж, монголд суурьшин амьдрах, тухтай зорчих боломжийг бий болгох ёстой. Мөн бид өөрсдөө ч кирил бичиг, бидний явцуу сэтгэхүйд уягдан ядуурч байгаа монгол хэлээ баяжуулж, бусад монголчуудад хадгалагдан үлдсэн үнэт зүйлсээр баяжуулмаар. Цаашлаад бизнесийн зүгээс бодоод үзсэн ч гадаадын хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, гадаад бүс нутагт зах зээлээ тэлэхэд ах дүүстэй байхын ашиг тус олон талаар гарч болох юм. Үнэхээр ч хэн эхэлж монголыг сонирхож хөрөнгө оруулах вэ, хэн эхэлж бидний иддэг, өмсдөг, сонирхдог зүйлийг худалдан авах вэ, хэцүү цагт хэн бидэнд түрүүлж санаа зовох вэ гээд бодоод үзэхээр бид том том ярьж америк япон гэж алгасахаас өмнө гадаад дахь монголчууддаа анхаарал хандуулмаар.

Ингээд бодохоор элэг нэгт монголчуудаа хүндэлж, ойлгож, сэтгэлийн дэм, урам өгч, монголын төлөө гэсэн сэтгэлийг нь урамшуулж, сэтгэл дэх бөхөж буй очийг нь асааж, сэргээж яваарай гэж уриалж байна. Наашаа гэсэн сэтгэлтэй, ураг төрлийн холбоотой монголчуудыгаа л өөртөө татаж чадахгүй юм бол өөр бид ямар гадаад нөхрийг өөртөө татаж, монголд “хайртай дуртай” болгох билээ…


URL:

Сэтгэгдэл бичих