Хэн юу хэлэв
Д.Оюунхорол: I одонтой эхэд сая, II одонтой эхэд 500 мянган төгрөг өгөх хууль санаачилсан
-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Монгол Улс өнөө жил 64 дэх жилдээ өргөн дэлгэр тэмдэглэлээ. Тэгвэл энэ баярт өдөр олон ээжүүд “арын хаалгагүй цорын ганц шагнал” хэмээн нэрлэгддэг “Алдарт эх-“ийн I, II одонгоор шагнуулсан юм. Тэгвэл олон хүүхэдтэй эхийг урамшуулах талаар чамгүй олон ажил санаачилж, эхчүүдийг урамшуулах тогтолцоог бий болгох талаар идэвхтэй ажиллаж яваа УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хэвлэлд өгсөн ярилцлага олны анхаарлыг татлаа.
Тэрбээр, “2010 оны зургадугаар сард энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж зургаан хүүхэдтэй эхэд I одон, дөрвөн хүүхэдтэй эхэд II одон өгдөг байхаар” батлуулж чадсан. Энэ нь нэгдүгээрт Монгол Улсын хүн ам зүйн бодлогыг дэмжсэн. Урамшууллыг бий болгож өгснөөр өнөөдөр одонтой эхчүүдийн тоо өсч хүүхдийн тоо нэмэгдэж байна. Ингэснээр жилд дунджаар 1500 орчим ээж I одон, 8000 орчим ээж II одон авч байна. Хуулийн нэмэлт өөрчлөлт манай хүн амзүйн бодлогод гарцаагүй нөлөөлсөн. Гэхдээ бид ингээд л боллоо гэж хэлэхгүй.
Эхчүүдийн жилдээ ганц удаа авч байгаа тэтгэлгийг нэмэх хэрэгтэй гэж үзээд хуулийн төсөл өргөн барьсан. I одонтой ээж жилдээ 200.000 төгрөг авч байгааг 1,000,000 төгрөг, II одонтой ээж 100.000 төгрөг авч байгааг 500.000 төгрөг болгохоор оруулж өгсөн. Харамсалтай нь энэ удаагийн Их хуралд хэлэлцүүлж чадсангүй. Гэхдээ би үүнийхээ төлөө тууштай явна. Өндөр хөгжилтэй орнуудад ч хүн ам зүйн бодлогоо дэмжсэн олон ажил хийдэг.
Жишээлбэл, Арабад нэг хүүхэд төрөхөд ээжийнх нь дансанд төр 70.000 долларыг шилжүүлж байна. Энэ мөнгөөр та хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлээрэй гэж. Бидэнд тийм боломж байхгүй ч гэсэн хөнжлийнхөө хэрээр хөлөө жийгээд хүн бэлдээд байгаа хүмүүсийнхээ хөдөлмөрийг үнэлгээтэй болгоосой гэж боддог” хэмээн ярьжээ.
Мөн эрхэм гишүүний хувьд Гэр бүлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байсан билээ. Энэ хуулийн гол заалт нь хүүхэд төрсөн цагаасаа эхлээд өмчийн эзэн байх. Гэр бүлийн гишүүн бүхэн хариуцлагаа үүрдэг байх тухай асуудлыг тусгажээ. Аав гэр бүл орхиж, салсан тохиолдолд Гэр бүлийн хуульд заасны дагуу хүүхэд эхнэртээ нийт өмчийнхөө 80 хувийг үлдээх юм байна. Дундын өмчлөлд бий болсон үйлдвэрээ таван хэсэг хуваана гэсэн үг аж. Энэ хууль нийгэмд хүлээлт үүсгэж байгаа төдийгүй, үр хүүхдээсээ өөр үлдэж хоцрох өмчгүй үлдсэн олон эмэгтэйчүүд хуулийг батлуулахыг хүсч буй юм.
М.Зоригт: Гурван улсын транзит туршилтын тээвэр наймдугаар сард болно
-Монгол, Хятад, Орос улсын хооронд хийх транзит тээврийн асуудал эдийн засаг, олон улсын харилцаа гээд олон талаас анхаарлын төвд байгаа. Тэгвэл энэ асуудлыг гурван улсын Зам тээврийн сайд нар ОХУ-ын Улаан- Үд хотод ярилцжээ. Манай талаас оролцсон Зам тээврийн сайд М.Зоригт уулзалтын үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлжээ.
М.Зоригт сайд “Гурван тал өөр өөрийн саналыг дэвшүүлж хэлэлцсэний эцэст наймдугаар сарын 15-20-ны өдөр Тяньжинаас Улаан-Үд хүрэх туршилтын тээврийг хийхээр тохиролцсон. Үүнд чингэлэг, битүү тент, хөргүүр бүхий гурваас доошгүй ачааны авто машиныг улс бүхэн оролцуулахаар боллоо. Түүнийг дагалдаж эмнэлгийн анхан шатны тусламж, автомашинд засвар үйлчилгээ үзүүлэх баг, хэвлэл мэдээллийнхэн болон төлөөлөгчдөд зориулсан том оврын автобус унаа зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр аялалд оролцоно.
Үүнээс гадна аюулгүй байдлыг хангах цагдаагийн хамгаалалт, хооллож ундлах, амрах байр буудлыг тухайн улс өөрийн нутаг дэвсгэр дээр хариуцаж ажиллахаар тохиролцсон. Монгол, ОХУ олон улсын Тээврийн конвенцид нэгдчихсэн. Энэ нь хил, гаалиараа түргэн шуурхай нэвтрүүлэх үүрэг хүлээдэг баримт бичиг л дээ. Хятад улс үүнд нэгдэхээр ярилцаж байгаа юм билээ. Наймдугаар cap гэхэд гарын үсэг зураад баталгаажуулчихвал асуудалгүй болно. Туршилтын тээвэрт оролцох бүх хүний визний асуудлыг талууд яаралтай, хурдан шуурхай шийдэж өгөх талаар тохиролцоонд хүрсэн. Зургадугаар сарын 30-ны дотор өөрийн орны нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх маршрут, хөтөлбөрийг боловсруулж талуудад хүргүүлэх юм” гэв.
Л.Цандэлэг: З.Энхболд намынхаа олон жирийн гишүүдийн итгэлийг алдлаа
-АН-ын ҮЗХ өнгөрсөн баасан гарагт хуралдаж УИХ-д нэр дэвшигчдээ тодруулсан билээ. Тэгвэл энэ хурал эхнээсээ дуусах хүртлээ асуудал, маргаан дагуулсан гэдгийг АН-ын гишүүн Л.Цандэлэг “dorgio. mn” сайтад өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Тэрбээр, “АН-ын ҮЗХ Төрийн ордонд 18.00 цагт эхэлнэ гэсний дагуу бүх хүн цугласан. Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчийг улс төрийн намууд 27-ны 00:00 цагаас өмнө нэр дэвшигчийг зарлах ёстой. Гэтэл 23:00 цагийн орчимд намын дарга бие хамгаалагч нартайгаа их сүртэй гэнэт орж ирсэн. Шууд шүүхийн тогтоол уншиж байгаа юм шиг барьж орж ирсэн цаасан дээрээсээ бүх тойрогт өөрсдийнхөө зоосон хүмүүсийг нэрлээд явсан. Гэтэл 6-7 хүний нэр нь өөрчлөгдсөн. 3-4 хүний тойргуудыг сольсон. 5-6 хүний нэрийг хасаад хаясан байдалтайгаар орж ирсэн. Нэр дэвшигчдийн нэрийг хэлээд З.Энхболд хамгаалагч нартайгаа гараад зугтчихсан. Тэгээд хаалганы цаана гараад мэдэгдлээ хийчихсэн. Нэлээд олон хүний намдаа итгэх итгэл буурч, намаасаа гарахаар болсон.
З.Энхболдын нэр дэвшүүлсэн 10 гаруй хүн нь намын анхан шатны байгууллагад нэр хүнд нь уначихсан. Нэгаймагт нэр дэвшиж гишүүн болчихоод тэндээ юу ч хийгээгүй, намын листээр гишүүн болно гэж найдаад хуйвалдаж байсан хүмүүс тойргоосоо хөөгдөөд ирэхээрээ энд тэнд нэр дэвшиж байна. 20 гаруй жил АН-ын гишүүн явлаа. Шударга хэлдэг олон хүнийг намаас шахаад шахаад гаргалаа. Би АН-ын гишүүн, ҮЗХ-ны гишүүн. Би Дарханаас нэр дэвших хэрэгтэй байна аа, манай тариаланчид ийм хүсэлтэй байна гээд З.Энхболд даргатай уулзахад “Дарханд бол амжихгүй ээ. Дарханы суудлыг бид аль хэдийнэ хуваарилчихсан. Чи газар тариалангийн бүсэд очиж ажилла” гэсэн. Дархан аймгийн ҮЗХ-ны гишүүн хүн Сэлэнгэд очоод өөрийгөө таниулаад тэр хурлаас гарч ирнэ гэдэг процедурын хувьд хүнд л дээ. Би тэнд очоод хүмүүстэй уулзаад гарч ирж байхад намайг дуучин бүсгүйгээр сольсон байна билээ.
Л.Байзада: Тэр эмэгтэй бидэнд тэвчиж боломгүй сонин зан гаргаж байсан
-Шүрээр утасны дугаар хэлхэж охиныхоо эмчилгээний зардлыг олж байгаа М.Наранмандах бүсгүйн талаар цахим ертөнцөөр багагүй шуугиж, энэ бүсгүйд туслах гэсэн хандивын аян шат шатанд өрнөсөн билээ. Тэгвэл охины ээжид эмчилгээний зардал олоход нь туслах аяныг “Латиф” сангийн тэргүүн дуучин Л.Байзада туслахаар болж “Зүрхний бяцхан Сувд” нэртэй хандивын тоглолтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулсан билээ. Гэвч тоглолт дууссаны дараа Л.Байзада нэг ч төгрөгийн хандивыг өгөөгүй талаар охины ээж хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсөн юм.
Тэгвэл, өвчтэй охины ээжийг залилсан гэх Л.Байзада энэ талаар дуугарсан нь олны анхаарлыг татлаа. Тэрбээр, “Тоглолт төлөвлөсөн өдөр, цагтаа болох ёстой газраа болсон. Энэ бүхнийг сан хариуцаж амжилттай хэрэгжүүлсэн. Тоглолтод тасалбар дээр бичсэн хамтлаг дуучдаас 70-80 хувь нь оролцож, үнэ төлбөргүй ая дуугаа хүргэсэн. Энд хамтлаг дуучин бүр тодорхой ханшаар тоглолтод оролдцогийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэж найдъя. Тоглолтын дундуур охины ээж хөтөлбөрт дурьдагдаагүй СУИС-ийн оюутнуудыг дур мэдэн оруулсан нь бидний ажлыг хүндэтгээгүй хэрэг болсон гэж болно. Мөн бид нэг ч мөнгө аваагүй, цалин хөлсгүй чин сэтгэлээсээ ажилласан. Тоглолтод охины ээжээс мөнгө авсан. Харин тоглолт болох УБ паласын төлбөрийг бид сангаасаа гаргасан. Бид асрамжийн газрын хүүхдүүдэд өгсөн билетийн мөнгөө уг бүсгүйд өгнө. Ер нь тэр эмэгтэй анхнаасаа бидэнд үл итгэсэн, захирангуй харьцаж эхэлсэн. Биднээс өөр хүн бол тэвчимгүй үйлдэл олон гаргаж, тоглолтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах, дуучдыг өөрийн хүслээр сольж байлаа. Хэрвээ алдаа мадагтай асуудал байвал шүүхээр шийдүүлэхэд бэлэн” хэмээн мэдэгдсэн байна.
Н.Мягмар: Их хэмжээний хар тамхи зарах гэсэн мэдээлэл худлаа юм шиг байна лээ
-Монголын залуусын сонсох дуртай хамтлагийн нэг болох “Guys” хамтлагийн гишүүн Х.Бат-Ундрал хар тамхины хэрэгт холбогдсон нь өнгөрөгч долоо хоногт олны анхаарлыг татаж, хамтлагийн нэр хүндийн асуудал яригдаж эхэлсэн. Гэвч тус хамтлагийнхан энэ талаар мэдээлэл хийж манай хамтлагаас гарсан гэсэн мэдээллийг өгснөөр хэвлэл мэдээллээр тэдний хүн чанарын тухай асуудал сэдэв болон яригдаж, улмаар хэрэгт орсон нэгнээ өмгөөлж гарахын оронд өөрсдөөсөө холдууллаа гэх шүүмжлэл газар авсан билээ. Тэгвэл хамтлагийн ахлагч Н.Мягмар энэ асуудлаар өгсөн ярилцлага олны анхаарлыг татлаа.
Н.Мягмар “Хэвлэл мэдээллээр шуугиад байгаа шиг их хэмжээний хар тамхи оруулж ирээд зарах гэж байгаад баригдсан гэх мэт мэдээллүүд бол ташаа мэдээлэл юм шиг байсан. Бид үнэндээ үнэн худал гэдгийг хэлж мэдэхгүй. Энэ талаар хууль хяналтын байгууллагаас олон нийтэд мэдээлэл өгөх байх гэж бодож байна. Б хамтлагаасаа гарсан хэдий ч бид нарын найз нөхдийн холбоо хэвээрээ л байгаа. Тиймээс юу болсон яасан талаар араас нь асууж сураглаж явсан. Ингэхдээ яг хэвлэлд бичигдэж байгаа шиг тийм зүйл болоогүй гэдгийг мэдэж авсан. Б одоогоос бараг cap гаруйн өмнө хамтлагаасаа гарсан байсан. Тухайн хүний маань сонголтоор өөрийнх нь ажил амьдралын шаардлагаар гарах хүсэлтэй байсан. Тиймээс хүсэлтийг нь хүлээж авсан. Японд улсад хийсэн аялан тоглолтдоо гурвуулаа явсан. Одоо уран бүтээлээ гурвуулаа хийж байна” хэмээн ярьжээ.
Монголын мэдээ
Б.Тогтох
URL: