НӨАТ-ын тухай хуулиар иргэдээ ХЯНАХГҮЙ

6dc6a0022edc160feeef13cb7281674fХэрэгжиж эхлээд таван сарын хугацаа өнгөрч буй НӨАТ-ын тухай хуулийн талаарх эдийн засагчид болон улс төрчдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Р.АМАРЖАРГАЛ

Эдийн засгийг зохицуулдаг гол хуулиудын нэг нь татварын багц хууль байдаг. Татварын багц хуулиудын төслөөс хамгийн түрүүнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлэн батлан гаргасан нь хоёр учир шалтгаантай. Нэгдүгээрт, бид цоо шинэ систем буюу цахим хэлбэрт шилжиж байна.

Үүнтэй уялдаа холбоотойгоор Монгол Улсын мөнгөн урсгалын хяналтын системийг цоо шинээр бий болгох ажлыг зохион байгуулж байгаа юм. Өмнө нь бэлэн мөнгөөр арилжаа хийдэг, бэлэн бус тооцоо хийгддэг, мөнгөний урсгал хаанаа байна, аль нь татвараар дамжиж байна, аль нь татварын гадуур явж байна гэдэг асуудал байсан.

Монгол Улсын мөнгөн урсгалын хяналтын системийг цоо шинээр бий болгох ажлыг зохион байгуулж байгаа.

 

Энэ хууль батлагдаж хэрэгжиж эхэлснээр арилжаа хийж байгаа бүх мэдээлэл нь Татварын газар, Сангийн яаман дээр төвлөрч байгаа тохиолдолд хэн нэгэн хүн ямар нэгэн арилжаа хийх юм бол тэнд автоматаар бүх арилжаа нь бүртгэгдэж байна гэсэн үг. Ингэснээр тухайн хүн дараа нь хүрч ирээд өчнөөн төгрөгийн орлого олсон, төчнөөн төгрөгийн зардал гаргасан гэдэг дээр нэг их маргаан гарахгүй. Яагаад гэвэл автоматаар бүртгэгдсэн байгаа учраас татвараас зайлсхийх, зугтах ойлголт үндсэндээ жигдрэх ач холбогдолтой юм. Энэ хууль хэрэгжснээр мөнгөний урсгалыг хяналтын тогтолцоонд оруулж өгч байгаа нь ач холбогдолтой.

Мөн үүнийг дагаад бүртгэлийн тогтолцоо эрс сайжрах учиртай. Эдийн засаг бүртгэл дээр тулгуурладаг. Иймээс энэ системийг сайжруулж байж үр ашгийн тухай ойлголтууд гарч ирнэ. Өртөг бүтээх, баялаг бүтээх процесс гинжин урвалаар явж байгаа. Энэ процессын явцад аль шатанд, ямар хэмжээний өртөг шинээр бий болж байна гэдэг тогтолцоо хяналтанд орох, үүнийг урамшуулах зохицуулалт бүрдэж байгаа юм. Түүнчлэн иргэд өөрсдөө татвар төлөгч байхаас гадна татварын процесст хянагчаар оролцох бололцоо бий болж байна. Энэ утгаар нэг хэсэг нь татвараас зугтаадаг байсан бол одоо иргэн бүр өөрсдөдөө хяналт тавих боломжтой болж байна.

МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль өнгөрсөн 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр батлагдсан. Энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Үндсэндээ хууль амьдрал дээр хэрэгжиж эхлээд таван сарын хугацаа өнгөрч байна. Цоо шинэ хууль биш. 1997 онд Монгол Улс энэ хуулийг баталж, хэрэгжүүлсэн. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд Нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын тухай хууль үндсэн филисофиороо яваагүй. Уг нь анхнаасаа ажил үйлчилгээ, хөрөнгийн системийн хөдөлгөөнийг бүртгэдэг хууль байхгүй юу. Нөгөө талаас аж ахуй нэгж, иргэнд үйлчилнэ. Иргэний төлсөн төлбөрөөс орох ёстой татвар яг төрд очиж байгаа эсэхийг хүн төрөлхтөн хайгаад олохгүй байсан. Ингээд 1928 онд Герман улс, 1957 онд Франц улс татварын жинхэнэ филисофийг нээж, амьдралд хэрэгжүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл хэрэглэгч, компани, төр гурвыг яаж холбох вэ гэдгийг олсон гэсэн үг. Хамгийн их луйвар явагддаг, нууц, хуурамч тайлан гаргадаг, татвараас зугтдаг хэсэг компани, төр хоёрын хооронд явагддаг. Эндээс компани, төр хоёрыг яаж иргэнтэй холбох вэ гэдэг асуулт гарч ирнэ. НӨАТ-ын хууль бол үүнийг л тодорхойлсон хууль. Бүр энгийнээр хэлбэл иргэн хоёр хувийн буцаан авалт авах замаар компанийн орлогын мэдээллийг төрд мэдээлэх мэдээлэгч болж байна гэсэн үг. Энэ систем рүү 17 жилийн дараа орж байна.

Харин 1997 онд НӨАТ-ын тухай хуулийг батлахдаа энэ агуулгыг олж хараагүй. Өмнө нь таван жил хэрэглэсэн Худалдааны татварын нэрийг л сольсон. 2006 онд хуульдаа шинэчлэл хийхдээ бас л дээрх гаргалгааг олж хараагүй, зөвхөн хувь процейнт өөрчилсөн. Би 2005 оноос хойш НӨАТ-ын тухай хуулийн филисофийг өөрчлөх ёстой гэдгийг ярьж явсан. НӨАТ-ыг бүртгэлийн систем гэхээс илүүтэй төсөвт оруулдаг орлогын эх үүсвэр гэж ойлгож ирсэн нь хамгийн том гажуудал.

Анхнаасаа гүн ухааныг нь, филисофийг нь ойлгоогүй хууль заазуур болдог. Өмнө нь байсан 10 саяын босго монголын компаниудыг дандаа жижиг байлгасан, бутаргасан. Нийт компаниудын 70-80 хувь нь 10 саяын босгыг давдаггүй байлаа. Энэ нь Монголын компаниуд төвлөрөх, харилцаагаа сайжруулах, томрох бололцоог хааж байсан. Энэ байдлаас гарах гарц нь одоо хэрэгжиж байгаа шинэчилсэн хууль

Ийм бүртгэлийн систем явагдахаас өмнө Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж хэрэгжүүлсэн нь аж ахуй нэгж иргэндээ боломж олгосон. Ямар ч байсан санхүү, татварын тайлангаа зөв цэгээс эхэл, байгаа орлого үйлчилгээгээ албан ёсны тайландаа тусгаад ав, дараа нь таны аливаа орлого үйлчилгээ эцсийн хэрэглэгч иргэнээр дамжаад бүх мэдээлэл чинь төрд ирнэ гэдгийг ойлгуулсан. 2008 онд НӨАТ-ын 30 хувийг буцаан олгоё гэдэг санаа дэвшүүлж байсан. Тэр үед шилэн кабель хангалттай тавигдаагүй, гар утасны систем хуучнаараа байсан учраас технологийн хувьд боломжгүй байсан.

Харин өнөөдөр IT-ийн салбарт явагдаж буй технологийн дэвшил шинэчилсэн хуулийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх бололцоог авчирсан.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар 35 их наяд төгрөгтэй тэнцэх ажил үйлчилгээ, хөрөнгө бүртгэгдсэн. Эндээс манай ДНБ 23 их наяд биш юм байна, 45-50 их наядын том эдийн засагтай гэдгийг харж болно. Цаад утгаараа 40 гаруй их наядын зах зээл байгааг гаргаад ирлээ гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар 35 сая баримт хэвлэгдэж, 34 мянган цэгт НӨАТ-ын баримт өгч байна. Оны эхэнд манай үйлчилгээний байгууллагуудын кассын машин 18 хувь байсан бол өнөөдөр 70 хувь руу очсон байна. Бизнес эрхлэгчид хэдийн асуудлаа ойлгоод кассын машинаа аваад хэрэглээд явчихсан.

IT-ийн компаниуд 3,000 компанид үйлчилгээ үзүүлдэг байсан бол өнөөдөр 30 мянган компанид үйлчилгээ үзүүлдэг боллоо. Манай банкны системийн пост машинууд 15 мянга. Үүнээс хоёр дахин их буюу 35 мянган цэгт талоны систем үйлчилж байна. Энэ бол хууль амьдрал дээр бодитоор хэрэгжиж буйн тод жишээ. Яагаад ийм гайхалтай үр дүнг олж харахгүй байгаа юм.

УИХ-ЫН ГИШҮҮН, ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ч.УЛААН

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн ач холбогдлыг өргөн агуулгаар нь үзвэл татварын бааз суурийг өргөтгөх, татварын систем, тогтолцоогоо эрүүлжүүлэх замаар улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, ард иргэд, хэрэглэгчдийн хяналтыг бий болгох юм. Тиймээс Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо онцгой анхаарч ажиллаж байна.

Хуулийг хэрэгжүүлсэн эхний улирал амаргүй байсан, иргэд, аж ахуйн нэгжүүдээс санал, шүүмжлэл, гомдол нэлээд гарсан байх. Буруу, ташаа мэдээлэл ч олон нийтийн дунд түгсэн байна. Харин Гааль, татварын ерөнхий газар үүнд анхаарал хандуулж, олон нийтэд зөв мэдээлэл хүргэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа нь зөв зүйтэй ажил бөгөөд үр дүнд хүрч байгаа гэж харж байна.

НӨАТ-ын хувь хэмжээ нэмэгдээгүй, өмнө нь хэрэгжиж байсан татварын хууль эрх зүйн орчинд ердөө шинэ систем нэвтрүүлж байна. Тиймээс өмнө нь хуулийн дагуу татварт хамрагддаггүй байсан, шат шатандаа хасалтаа хийлгэн НӨАТ-аа тооцуулж, нөхөн олговороо авч чаддаггүй байсан аж ахуйн нэгжүүдийн татварын харилцаанд өөрчлөлт гарч байгаа юм шиг ойлгогдож байгаа. Үүнийг хүндрэл гэж харж, тайлбарлаж болохгүй.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих