“Метротой болох хүслэн” ба дөрвөн сая ам.долларыг “салхинд хийсгэсэн” Railbus

1464835942_olloo_mn_1413776418_1krd4u9m82kgruu1ra5gsrul06“Нийслэлийн шүдний өвчин” буюу түгжрэлийг бууруулах цорын ганц гарцыг метротой болох гэж тайлсан. Гэвч энэ гарцыг олж илрүүлсэн шигээ амархан бүтээчих боломжгүй. Хотын даргын хувьд тун амархан зүйл яриад л, тайлбарлаад л, 2016 он гэхэд Улаанбаатар хот метротой болчих юм шиг “цуурсан”. Тэрхүү үлгэрт нь олон нийт итгээгүй л дээ.

 

Гэхдээ л метротой болох хүслэн бүгдэд байв. Харин энэ хүсэлт дээр дөрөөлж, дөрвөн сая ам.доллар салхинд хийсгэсэн нь Railbus байв.Тодруулбал, RA-2 маркийн төмөр замаар явагч автобусыг 3.9 сая ам.доллараар 2014 онд ОХУ-аас худалдан авсан байдаг.

 

Ийм их хөрөнгөөр авчихсан учраас нэг хэсэгтээ дарга нарын хөл дүүжилж, шинэ зүйл сонихон байсан нь мэдээж. Дараа нь хот дотор тээвэрт явуулж эхэлсэн ч “алдагдлаа нөхөөд явна” гэсэн тооцоолол нь зөрж, Улаанбаатар төмөр зам компани сардаа 28 сая төгрөгийн алдагдал хүлээж эхэлсэн юм.

 

 

Угаасаа 500 төгрөг төлөөд явчих боломжтой байхад хэн 3500-г төлж төмөр замаар сажлахыг хүсэх билээ дээ.Сэтгүүлчид, дарга нар, төмөр замын ажилчид л хэсэг хугацаанд үйлчлүүлсэн байх. Ингээд л хүнтэй хүнгүй тээвэр хийсээр нэг мэдэхэд асар үнэтэй тээврийн хэрэгсэл маань алдагдалд оруулагч болон хувирсан юм.

 

Нэг иргэн хүүхдийн баяраар ихээхэн ашиг олохоор том хэмжээитэй зайрмагны хөргөгч авч л дээ. Тэгээд зогсох талбай, зарцуулах тог, цахилгаан гээд л ихээхэн зардал гаргасан боловч тэр өдөр зайрмаг гүйлгээ муутай байж, бизнесийн хэллэгээр “шатаж” гэнэ. Ингээд нэг том хөргөгчтэй багтаах газар байдаггүй, дотор нь зайрмаг авч хийе гэхээр мөнгө байдаггүй гэх шалтгаанаар хадмынхаа гаражид хадгалав. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хөргөгч элэгдэж, муудаж, эвдэрч эхэлсэн байгаа юм. /ЖИШЭЭ/

 

Тэгвэл манай хотын удирдлагууд уг залуу шиг л шийдвэр гаргаж одоо шилээ маажиж суугаа бололтой. Энд АН гэж онцлох шаардлагагүй. Бүгд л хэлэлцэж, гараа өргөж шийдвэр гаргасан учраас хотын удирдлага гэдэгт Иргэдийн хуралд төлөөлөлтэй бүх л намыг хамруулж болно. Зайрмагны хөргөгч авсан залуу ганцаараа, цаашлаад гэр бүлээрээ хохироод үлдэж. Харин метротой болох хүсэлтнүүд хотоороо, улсаараа алдагдалд орчихлоо. Одоо яах вэ. Дөрвөн сая ам.долларыг салхинд хийсгэх үү. Эсвэл алдагдалтай ч гэсэн Дархан, Сэлэнгэ, Эрдэнэтийн чиглэлд явуулах уу?

 

Цаашид л ийм “балай” шийдвэр гаргаж, дараа нь яахаа мэдэхгүй “тэнэгтэв”. Хөргөгч авч байгаа хувь хүн биш, улсын нийслэлийн удирдагчид байна даа. Ултай, суурьтай, судалгаатай, тэдгээр нь Монголын хөрсөнд бууж болохуйц зүйл хөрөнгөө зарж сурмаар байна. Ямар Эмират шиг баян цатгалан улс байгаа биш.

 

 

Амар

 


URL:

Сэтгэгдэл бичих