Сонгууль урьтсан сюрприз
Хүүхдийн баярын өмнөхөн Засгийн газар ард түмэндээ том сюрприз барилаа. Өнгөрсөн хугацаанд сандал, ширээ, фракц хоорондын зөрчлөөсөө болж огцрох шахсан тэд маань сонгууль дөхсөн 10 хоногийн өмнө л гэнэт ард түмнээ санаж.
Элгээрээ газар мөлхөж, амьдрал өдрөөс өдөрт доройтож байгааг хэлж ярьж байхад харсан ч хараагүй юм шиг амьдрал сайхан, эдийн засаг доройтоогүй хэмээсэн Засгийн газар буухынхаа өмнө цэргийнхэн, тэтгэврийнхэн, халамжийн мөнгөөрөө амьдардаг хүмүүсийн гар дээрээ авдаг хэдэн төгрөгийг нэмж өглөө. Цэргийнхний тэтгэврийг 21 мянгаар, цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 251 мянга, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 216 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоож. Харин нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн сард 140 мянга, асаргааны тэтгэврийн хэмжээг сард 64 мянган төгрөг байхаар болов. Харин халамжийн мөнгөөрөө өдрийн бор хоногийг аргацаадаг анхаарал халамж шаардлагатай бүлгийнхний тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмж, дунджаар 306,2 мянган төгрөгт хүрсэн талаар мэдээлэл Хүүхдийн баярын өмнөх өдөр дуудлаа.
Нийгмийн анхаарал, халамж шаардлагатай тэд баярлаж байгаа нь гарцаагүй. Гэхдээ буухынхаа өмнө хожуу ухаарсан гэнэтийн үйлдлийг сонгуультой холбож ойлгохоос өөр яахав. Мөрийн хөтөлбөртэйгөө уялдуулан хийсэн байж болох ч, басхүү шатахууны үнэ сарын өмнөөс бууж эхэлснийг жолооч нар анзаарч. Тэд “Сарын өмнөөс нь АИ-91 1450 төгрөг болсон. Шатахууны үнэ буух нь сайхан ч, эргээд өсчих вий гэж айх юм. Сонгуулийн өмнө буугаад дараа нь өсчихдөг жишиг бий шүү дээ” гэж ярьцгааж байна. Тэгэхээр сонгууль урьтсан олон гэнэтийн бэлгийг Засгийн газар ээлж дараалан барьж мэдэх нь. Сэтгэлээ чангалж, зүрхэндээ захирагдан зөв сонголтоо хийх чухал үе ирсэн. Ямар ард түмэн байна, тийм л удирдагч төрнө гэдгийг санаж, сонгуулийн “бэлгэнд” хуурталгүй сонголтоо зөв хийгээрэй, таминь ээ.
newscom.mn
URL: