ИЗНН-ЫГ СОНГУУЛЬД ОРОЛЦУУЛАХААР БҮРТГЭСНИЙ АРД ХЭН БАЙГАА ВЭ

3a7081b2-6759-41e0-a4ca-2ceb3702ff89ИЗНН сонгуульд нэр дэвшигчдээ оролцуулахаар болж тус намыг СЕХ УИХ-ын ээлжит сонгуульд оруулахаар бүртгэж аваад байна. ИЗНН 5 хоногт багтан нэр дэвшигчдээ тодруулж, баримт бичгээ СЕХ-д хүргэх гэнэ. ИЗНН-ыг ийнхүү сонгуульд оролцуулахаар бүртгэж авсан нь цаагуураа учир шалтгаантай гэнэ.

Уг нь АН-ын удирдлагууд намаас нь угшилтай ИЗНН болон МҮАН-ыг өөрийн намдаа нэгдэхийг урьсан. АН угшил нэгтэй намуудаа нэгтгэхээс өөрөөр эвсэхгүй гэдгээ ч мэдэгдэж билээ. Мэдээж АН өөрийн намын саналыг хуваалгахгүй гэсэндээ тийнхүү жижиг намуудыг сонгуулийн өмнө булшлах санаа агуулсан нь энэ.

АН-ын энэ байр суурийг ИЗНН-ын дарга нар өөр өөр байр сууриар хүлээж авсан. ИЗНН-ын гурван даргын хоёр нь болох С.Оюун, С.Дэмбэрэл тэргүүтэй нэг хэсэг нь намаа татан буулгаж АН-д нэгдэх нь зүйтэй гэж үзсэн. Харин гурав дахь дарга нь болох Ц.Ганхуяг тэргүүтэй нөгөө хэсэг нь ИЗНН бусад намуудтай эвсэх нь зүйтэй гэдэгт хатуу байр суурьтай байв.

МҮАН ч ялгаагүй улстөрийн гуравдагч хүчний намуудтай хамтран “Их эвсэл” байгуулах санаачилга гаргасан. Тэр үед МҮАН, Эх-Орон намтай эхэлж яриад бусад намыг урьсан ч бүгд татгалзсан. ИЗНН ч олон намтай эвсэх асуудлаар яриад тохироонд хүрээгүй. Тиймээс эдгээр намууд АН-ыг сонгуульд дэмжихээ илэрхийлсэн.

Уг нь ИЗНН-аас 5 гишүүнээ АН-аас нэр дэвшүүлэхээр тохиролцсон гэдэг. Гэвч Ц.Ганхуяг үүнтэй эвлэрэхгүй, ИЗНН дангаараа сонгуульд оролцоно хэмээн аудитад сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хянуулж СЕХ-нд өргөн барьсан билээ. Харин СЕХ тус намыг бичиг баримтын зөрчилтэй хэмээн бүртгэж аваагүй юм. Мөн намууд нэр дэвшигчдээ зарлахын өмнө АН ИЗНН-аас 5 биш 3 хүнийг нэр дэвшүүлнэ гэж мэдээлсэн. Тэгээд яг дэвшүүлэхдээ С.Дэмбэрэл, Р.Булгамаа нарыг л нэр дэвшүүлсэн юм.

Энэ хооронд С.Оюун “Ц.Ганхуяг бид хоёр сонгуульд нэр дэвшихгүй” гэж байлаа. Харин Ц.Ганхуяг үүнийг эсэргүүцэн ИЗНН-ынхаа буурийг сахигч бусад нөхдийн хамт шүүхэд СЕХ-г өгч, улмаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандсан. Ц.Ганхуягийн хувьд 1990-ээд онд Ерөнхийлөгчийн хамт нэгэн холбоо байгуулж хамтран ажиллаж явсан хүн билээ. Энэ нь ч түүнд хандсан нэг шалтгаан болохыг тэр өөрөө хэлсэн.

Ингэсээр 5 дугаар сарын 30-ны өдөр болсон УДШ-ийн хурлаар ИЗНН-ыг сонгуульд оролцуулахаар бүртгэхийг СЕХ-нд даалгасан шийдвэр гаргасан юм. Ингээд бүртгэгдсэн тэд өнөө маргаашгүй нэр дэвшигчдээ тодруулж СЕХ-нд батламжлуулахаар боллоо.

Харин тэднийг сонгуульд оролцохоор бүртгүүлсэн энэхүү шүүхийн шийдвэрийг Ерөнхийлөгчтэй холбоотой хэмээн хардах хүн олон байгаа аж. Сүүлийн жилүүдэд УИХ-ын даргатай болон хуучин найз Х.Баттулгатайгаа ил, далд тэмцэлдэх болсон гэгддэг Ерөнхийлөгчийн хувьд АН-ын саналыг хуваах улстөрийн хүчинд дэмжлэг үзүүлж болох талтай. Үнэхээр З.Энхболдыг намыг нь ялагдуулж байж л хэн ч биш болгох боломжтой гэж үзэгсэд нам дотор нь ч олон байгаа нь ийм таамгийг дэвшүүлэхэд хүргэж байна.

Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх жил албанаасаа бууна. Тэр үедээ нам доторхи “дайснуудаа” дарсан байхгүй бол араас нь амар заяа үзүүлэхгүй байх ч магадлалтай. Ер нь ч Ерөнхийлөгч нарын “дайснууд” нам дотор нь л байдаг.

Энэ утгаараа З.Энхболд, түүний нөхдийг дарахын тулд ИЗНН-ыг сонгуульд оролцуулах асуудалд Ерөнхийлөгчийг нөлөөлсөн гэх яриа байна.

Г.Самбаа /GEREG.MN/

 


URL:

Нэр: Ж Огноо: 4 June 2016

Оюун бол болих хэрэгтэй шдээ ахаасаа урваж яаж чадаж байнаа.зүгээр л мэргэжлээрээ ажиллана биздээ.изн д голдуу зоригын дэмжигч нар баыгаа шдээ.турж үхэх арай л болоогүй баймаар юм.нөхөр нь ичдэггүй юм байхдаа эхнэрээ зарж идэхээс…

Сэтгэгдэл бичих