Эмээгийн хэлсэн үгс, эдүгээ миний гайхшрал
Эмээ багад “эр хүн эдийн шуналтай байх онцгүй байдаг юм” гэж билээ. Би ч “за” гээд л тархи толгойдоо хадгалчихаж. Эд хөрөнгөний араас нүдээ ухаж, шүдээ хавирч улайрч явсангүй. Ахын багадсан хувцас надад таарч, би бараг дунд ангид орсон хойноо шинэ хувцас өмссөн ч байж мэднэ. Нэг их гоёж гангараад байснаа санадаггүй. бас нүцгэн шалдан гүйгээд байснаа ч мэддэггүй юм. Тиймээс бид лав эд хөрөнгөний хэт шунал гээчээс хол өссөн. Одоо ч тэр л үг захиас нөлөөлдөг юмуу. Ховдогийн сэтгэл бага.
Гэтэл ТЭД минь хөөрхийс, бид нартай хамт тэр цагт амьдарч байсан баймаар юм. Гэнэт хаанаас гараад ирэв. Энэ их хэмжээ хязгааргүй шуналтнууд. Гайхах юм. Өөр нийгэм, өөр цаг үед биднээс өөр орчинд, өөр хүмүүжил дунд өссөн юм болов уу гэж хардах сэтгэл хааяа төрнө. Бидэнтэйгээ адил “бидонтой усаа худгаас зөөгөөд, бөглөө нүдэж тоглоом хийгээд, хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын арвич хямгач…” гээд дуржигнуулж явсан баймаар юм. Ямар цаг үе тэднийг минь яаж ингэж муухайгаар эвдээд эртний үлгэрийн “бирд” шиг цадахыг мэдэхгүй болгочихов доо.
Эсвэл маныгаа бодвол арай илүү нүд нээсэн айлын хүүхдүүд байгаад энэ улайрлыг эрт мэдэрсэн ч байж болох юм. Үгүй бол хэтэрхий орос хүмүүжил, хэл орчинд өсөөд гадаад ад шуналын “атмосфер”-ыг эрт таньсан ч байж мэдэх юм. Энэ хоёроос өөр бараг шалтгаан үл олдоно.
Монгол ахуйд өссөн хүнд “шуналын ” тухай суурь ойлголт заавал байх ёстой. Хэмжээ хязгаарын тухай итгэл үнэмшил заавал төлөвшсөн байх ёстой. Дэндүү олон “ёстой” энэ тэр гэчихэв үү? үгүй, ээ. Ёстой учраас л ёстой гээд байгаа юм.
Багадаа бүх зүйл “сав хэмжээтэй” гэж сонсоогүй л юм байх даа. Энэ чинь бидний “сав”-ны тухай язгуур онол. “Эмээ дахиад нэг чихэр идчих үү? Дэмий хүү минь хожим сав чинь дүүрчихнэ” гэв. Ийм ёс бий гэж өвгөд дээдэс нь хэлж сануулж байгаагүй юм байх даа? Зарим хүн тэднийг “МОНГОЛ” биш гээд байдаг, нээрээ ортой байж мэдэх юм шүү. Уран зохиол энэ тэрээс “сав хэмжээгээ мэддэггүй шуналтай хятад хүний дүр” л эд нартай минь дэндүү адилхан харагдаад байдаг юм.
Улайрсан буюу мушгиа улс төр гэж нэрлэж болохоор явдал ч хэмжээнээсээ халив. “Монгол хүн чинь хов дагаж хооллодоггүй юм” гэж эмээ минь хэлсэн юм. Гэтэл эр эмгүй, илжиг луусгүй ховоор хооллож, хоног өдрийг өнгөрөөх болов. Ойворгон ийм үгсээр амьдарч суугаа “ОЛНЫ ДУНДААС БИ Ч БАС ИЧИГ” болмуй.
Бидний хүүхэд насаа үдсэн хөрөнгөтний биш нийгэмд учиргүй овойж оцойсон одоогийнх шиг “оффшорчид” байсангүй. Манай байранд хоёр хувийн машинтай “баян” байсныг жаахан ад үзэх маягтай. Бүгд л нэг түвшинд, дээр дооргүй амьдарч байжээ. Угтаа энэ нийгэм, засаглалын үзэл санаа, чиг хандлага огт буруу л даа? Хүн хэзээ ч нэг хэвэнд цутгуулах боломжгүй амьтан. Цаад язгуураасаа бидэнд харилцан адилгүй “хувь” оноогдсон байдаг.
Өндөр нам, өргөн нарийн гэдэгтэй л адил. Тиймээс нийтээр, нийгмээрээ нэг түвшинд байх гэдэг бол туйлын “утопи” үзэл санаа, үйл хэрэг байсан нь тодорхой. Гэхдээ ганц л хууль бий. Зөв шударга замаар бусдаас илүү баялаг бүтээж, түүнийхээ үр шимийг хүртэх. Харамсалтай нь өнөөдөр бидэнд энэ шударга зарчим алдагдаж, түүнийг шаардсан олны хилэнт нүд гялалзаад байгаа юм. Зарим хүний бүр эрүү ам нь тачигнаад байх болов. Эвгүй гэдэг нь.
Дунд сургуульд “Дэлхийн түүх”-ийн хичээл заахдаа голдуу хөрөнгөтний хувьсгал бол “эрх мэдлийн” тэмцлээс, харин ажилчин ангийн хувьсгал бол “эрх чөлөөний” төлөө шинж чанартай байсан гэж заасан удаатай. Манай багш хөөрхий өөрөө энэ яриад байсан юмныхаа учрыг ойлгож ч байсан юм уу, мэдэхгүй. Ямар ч байсан заагаад л байсан юм. Одоо бодно.
Бид ер нь 1990-ээд онд монгол хэлний холимог нийлмэл өгүүлбэр гэдэг шиг нэг тийм “холимог нийлмэл” хувьсгаал хийчихсэн юм бишүү? Яг үнэндээ тэр үед хэн ямар хувьсгал яаж хийхээ мэдээгүй юм билээ. Тэд бараг л нийгэм- эдийн засгийн талаар манай түүхийн багш хавьцаа л онол мэдлэгтэй байсан юм билээ. Зүгээр л бүх зүйлийг аясын гольдрол, халхын заяа хоёрт найдаж орхисноос өнөөдөр бид зах замбараагүй, засаг төргүй байдалд хүрэв.
Өнөө “Баяраа өөрөө уначихсан ш дээ” гэдэг шиг юм болжээ. Нарийндаа Баяраа өөрөө уначихсан юм билээ. Тэр цагт Баярааг унагаахгүй байж болохгүй байсан нь тодорхой. Цаг болоод нөхцөл нь бүрдсэн байжээ. Харин Баяраа унахдаа паар мөргөдөггүй л байсан юм. Одоо хүртэл манараа нь гараагүй байна. Баяраа гээд байгаа чинь манай Баяраа буюу өнгөрсөн нийгэм гэдгийг ойлгож байгаад итгэнэ.
Тэр үед эмээ нэг удаа хэлсэн юм. “Цөвүүн цагийн эхэнд, Богдын лүндэнд заасан бүхэн болж байна. Миний хүү их юм үзнэ дээ” гэсэн билээ. Багагүй л юм үзэж явна. Наад зах нь хэр хэмжээгээ эс мэдэгчдийг хараад гайхширна. Амаа эс мэдэгчдийг хараад гайхна. Хот хормойгоо эс мэдэгчдийг хараад гайхна. Ханах цадахаа эс мэдэгчдийг хараад гайхна. “Юм юм үзэж л явна, хүү чинь” гээд нэг дуу байдаг даа. Түүнтэй адил эмээ минь таны хэлснээр цөвүүн цагийн хаалган дээр юм юм үзэж л явна даа. Цаашдаа юу эсэхийг үзэх билээ.
Хүний чанар хөлийн хуруунд унаж, өнөө эмээгийн хэлсэн “ЭР ХҮН НЭГ ЗАНГААРАА БАЙХ НЬ ЗҮГЭЭР” гэдэг сургаал худлаа болохыг хараад хувьхан сэтгэл шанална. Бүх намд гишүүн байж үзсэн улс төрчийг одоо ЭР ХҮН гэх үү, юу гэх вэ. Шалиг амьтан гэж хэлэхээр бараг энхрийлсэн болчих гээд байх. “Урвагчид улсын залаанд сууна” гэж эмээ хэлж билээ. Юу гэж байгаа юм бэ гэхээр “чи үзнэ” гэсэнсэн. Аргагүй л үзэв.
Улсын залаа урвагчдаар дүүрээд тэд улс эх орон, тусгаар тогтнолоо” эмтэлж “эхлэв. Үгүй бол хаанаас гаргаад ирсэн уг сурвалж нь мэдэгдэхгүй “тэнгэрийн онол”, хөгжлийн баримтлал гээчээр толгой тархийг минь угааж дууслаа. Бид хаашаа замнаж байна вэ? Монгол биш найдвар тийш. Дуураймал загваруудад хашигдах амьдралын хэв маяг тийш. Гашуунаар бодвол “эрх чөлөөний хуурмаг төрхтэй, эрх чөлөөгүй ирээдүй тийш замнаж байна.
Өмнө нь боддог байлаа. Бид баян тарган биш ч бид эрх чөлөөний хүсэл тэмүүлэлтэй. Одоо харин эргэлзэх болов. Байдлыг өөрчлөх цорын ганц боломж, ирэх сонгуулиар нийгмийн оюунлаг хэсгээ л төрийн толгойд гаргая. Сайхан залуу хуульчид хаачсан болоод саваагүй “үзмэрчдээр” төр дүүрэх гээд байгаа юм. Идэр насны төвшин нуруутай, эдийн засгийн эрдэм чадалтай эрчүүд хааччихаад ” энгэрийн зүүлт, гоёлын шаахай” шиг гялгар хүмүүс сонгуульд өрсөлдөөд байгаа юм.
Зөв үг, хүн сэтгэлтэй монгол хүн хаачсан болоод харь бодол, хол гаралтай хүмүүс төрийн хаалгаар шахцалдаад байгаа юм. Эгдүү дургүй хоёр зэрэг хүрэхийн шалтгаан тэр. Энэ мэт цагийн ханштай гайхшрал үл дуусна. Гайхшруулж ч үл дуусна.
“Хүү минь, шударга байсан хүн ганцаарддаг” хэмээн эмээ хэлсэн юм. Тэгвэл шударгууд энэ цагт ганцаардахааргүй олон байна. Тэдэнд тэмцэл, бидэнд итгэл хэзээ ирэх вэ? Ойрх хэдэн хоногийн дүр зургаас харвал ойрын үед лав найдлага алга. Гэвч “найдвараа бүтээх ухаан ард олонд минь бий гэдэгт” найдна.
Өчигдөр агуу Нацагдоржийн минь “Хөрөнгөтний газар Майн баяр үзэв” гэдэг шиг хөрөнгөтний газар “улс төрийн жагсаал” үзэв. Лоозон дээр нь “ЕРӨНХИЙЛӨГЧ ОГЦОР” гэж бичжээ хэмээн хэл устай хүмүүс хэлэв. Хаа газар тэмцэл хөдөлгөөн байна. Харин бид нарт “ховдогуудаа” л төрөөс холдуулах цаг ирсэн байна.Түүний төлөө “хүн бүрийн хүчин зүтгэл чухал” гэдэг болоод байна.
“Монголд амьдрал ямар байна” гэж энд надаас танил хүмүүс асууж байна. Би монгол зангаараа нэрэлхээд “сайхан байна” хэмээн муухан дуугаар хэлээд мушийх аядана. Гэтэл бид олны хөгжлөөс хоцорч, түмний явдлаас гээгдэж байна Эмзэглэхгүй бол бүтэхгүй цагийн тэмдэглэл минь үүгээр дуусахгүй шүү.
Гайхаж дуусахгүй цаг үед найгаж яваа минь үнэн.
П.Батхуяг
URL: