Анужин-гийн хувийн асуудал

527-14647483914ecabc2ebbafbc6great…Хүн болгонд хувийн нууц буюу хувийн асуудал байдаг. Бидний багад “Хувийн нууцыг хуулиар хамгаалдаг юм” хэмээн бие биедээ “томордог” байсан нь “Миний хувийн асуудалд бүү халд” гэсэн сануулга байсан юм болов уу даа. Одоо үед хүмүүс хувийн асуудалдаа янз янзаар л хандах болж.
Хувийн бүх асуудлаа олон нийтэд өдөр тутам дэлгэж тэдэнтэй хуваалцах, тэднээс зөвлөлгөө авч хамтдаа шийдэх сонирхолтой хүмүүс байхад зарим нь хувийн асуудлаа “хувийн нууц” гэж үзэн өөрийн дотоод сэтгэлдээ хадгалж байхыг л хүсдэг.
Монголчууд бидний “хэрэгт дуртай”,” бусдын мууд дурлах” сэтгэхүйтэй байдгийн нэгэн илрэл нь “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч Анужингийн оролцсон, сэтгүүлч Болдкогийн хөтөлдөг “Шударга ярья” нэвтрүүлэг байлаа.
Маш олон хүмүүс энэ нэвтрүүлгийг үзэж, маш олон хүмүүс шүүмжлэн дургүйцэж, нилээд олон хүмүүс өмөөрөн дэмжиж, нийтээрээ энэ асуудлыг сонирхон талцаж байгаа нь Анужингийн хувийн асуудал нь бусдад ямар их сонирхолтой байгаагийн илрэл юм даа. Гэхдээ Анужингийн хувийн асуудал нь Монголын нийгэмд “гай тарьж”, “муу нөлөө үзүүлсэн үү?” гэдэг нь огт өөр асуудал.
“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг хөтөлж байхаас нь би Анужинг мэдэх болсон. Нэвтрүүлгээс нэвтрүүлэгт Анужингийн хөтлөлт нь сайжирч, түүний оюун мэдлэгийн цар хүрээ хийгээд эрхэмсэг эмэгтэйлэг монгол бүсгүйн төрх нь бусдад сайн үлгэр болж байлаа. Мэдээж магтаал сайшаалын хажуугаар атаархал хорсол дагаж л байсан байх.
Монгол Улсын Ерөнхийлэгч асан Н.Энхбаярын оролцсон нэвтрүүлгийн нууц бичлэгүүд алдагдсан цагаас л олон хүмүүс Анужин болон түүний баг руу дайрч давшлах боллоо. Хичнээн сайн уран бүтээл улстөртэй хутгалдахаар л хичнээн заваан зүйл болдгийг тэгэхэд би анзаарч бас харамсаж байсан.
Тэр тусмаа дэндүү бохир Монголын улстөр тэр нэвтрүүлгийг төдийгүй нэвтрүүлгийн багийнхныг зүгээр л “шавартай хутгаж” орхисон. Түүний жишээ нь Анужингийн оролцсон “Шударга ярья” нэвтрүүлэг, МАН-аас тэрээр УИХ-д нэр дэвшиж байгаа үйлдэл нь юм.
Уран бүтээлчид нь улстөрийг сонирхохгүй байсан ч улстөр нь уран бүтээлчдийг оролдож байгаагийн жишээ юм уу даа. Сайхан бүсгүй сайхнаараа байж болдоггүй, сайн уран бүтээл сайнаараа байж болдоггүй гаслантай нийгэм.
Улстөрөө дагаад заавал бохирдож байх тавилантай юм болов уу?
Анужинг би сайн танихгүй, уулзаж учирч яваагүй. Түүний санаачилсан уран бүтээл, түүний бий болгож чадсан төрх нь надад таалагддаг. Хүн болгон төгс төгөлдөр биш бөгөөд төгс төгөлдөр байх үүрэггүй. Хүн болгонд сайн муу чанарууд зэрэгцэн оршиж байдаг бөгөөд сайн чанараа хөгжүүлж, муу чанараа засч залруулж байж гэмээнэ өөрийн мөн чанар, үнэ цэнээ бий болгож чаддаг.
Харин хүмүүс бид хэн нэгнийг төгс төгөлдөр байх ёстой хэмээн шаардаж, гаргасан алдаа бүрийг нь шүүмжлэн зэвүүцэж, шоолон тохуурхдаг. Бусдын муу муухайг шоолж тохуурхаж байхдаа өөрийнхөө сул муу талын тухай огт бодохгүй болтлоо баярлан бахардаж байдаг аж. Яагаад ч юм бэ? түүнээс олж илрүүлсэн сул муу тал нь өөрийгөө түүнээс “дээр” гэх сэдлийг төрүүлж байдгаар барахгүй атаархлын манант сэтгэлээ хорслоор тайлж байгаа хэрэг.
Яг үнэндээ байна шүү дээ, бусдад дурлаж, бусдаар дурлуулж байх нь тийм ч аймшигтай зүйл биш бөгөөд гэр бүл ямар нэгэн шалтгаанаар салах нь олон нийтээрээ хэлэлцэж үзэн ядах, эсвэл нийгмийн байгууламжийг өөрчлөх гамшигтай үйлдэл биш юм.
Тэгээд ч дурлаж бас дүргүйцэх болсон, гэр бүл юунаас шалтгаалж салсан асуудал нь тухайн хоёр хүний “хувийн асуудал” бөгөөд, тэр хоёр өөрсдөө энэ асуудлаа шийдэхээс бус, олон нийтийн өмнө дэлгэж олон нийтээр хэлэлцүүлээд байх асуудал огтоос биш. Энгийн ийм асуудлыг ойлгодоггүй нь бидний хувьд харамсал, сэтгэлгээний доройтол.
Өнөөдөр Монголд минь элдэв хүмүүсийн хувийн асуудлуудаас илүүтэй, олон нийтийн сэтгэл зүйд итгэл найдвар, гэрэл гэгээ авчирсан сайн уран бүтээлүүд, өөртөө байгаа боломжуудаа ашиглан сайн үйлсийг санаачлан бусдыг үлгэрлэн дагуулах залуус, бусдад үлгэр жишээ болох эелдэг харьцаа, сайхан сэтгэлтэй хүмүүс, аливаа асуудалд туйлшралгүй голч ханддаг эх орондоо үнэнч сэтгэлтэй улстөрчид хэрэгтэй байна. Тийм залуус олон байгаа.
Хэн нэгний хувийн асуудлыг элдэв баримтуудаар хачирлан олон нийтэд дэлгэн үзүүлэх нь, тэр хүний хамаг хувцсыг нь урж тасдаад хүмүүсийн өмнө нүцгэн шалдан харагдуулах гэж хичээхтэй ялгаа юун. Хүн болгонд хувийн асуудал байгаа.  Хувийн асуудал нь тэр хүнийхээ нууц нь болж үлдвэл юутай сайн.
Сэтгэл дотроо хадгалж явдаг нууцхан хайр, хэнд ч ил гаргаж харууламгүй нандин дурсамж, зүрх сэтгэлийг хааяа хөндүүрлүүлэх гунигтай шаналал, бодох бүрдээ хэн нэгэн мэдчих юм шиг гэнэт эргэн харж ичингүйрэх учралууд хүн болгонд байдаг.
Тэр болгоныг хүмүүс мэдэж яах юм бэ? мэдлээ гээд хэнд хэрэг болох юм бэ? Хэн нэгэн хүний хувийн асуудал нь нийгэмд болон олон нийтэд муугаар нөлөөлөхгүй бол бид түүнийг сонирхож яах юм бэ? Хэн нэгний хийж бүтээж буй уран бүтээлүүд нь цаг хугацааны шалгуур давж үлдэхээс бус хувийн асуудал нь үлдэхгүй.
Үгүйдээ л бид бусдыг өөртэйгээ жишиж ойлгон, өрөвдөн хайрлаж сурах хэрэгтэй мэт. Хэрэв ийм асуудлыг дэвэргэн дэмжээд байх ахул ийм зовлон тарчлаан нэгэн өдөр танд ч тохиолдож болох шүү дээ.
ХҮМҮҮСИЙН ХУВИЙН АСУУДАЛ НЬ ХУВИЙН НУУЦ БОЛОН ӨӨРТ НЬ ҮЛДЭЖ БАЙГ. МОНГОЛЧУУД БИД БИЕ БИЕНЭЭ ЗӨВӨӨР ОЙЛГОН ХАЙРЛАЖ БАЙХЫН МУУ ГЭЖ ҮГҮЙ ДЭЭ. 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих