М.Оюунчимэг: Нэг хүний нөлөөлөл дэлхийг ч өөрчлөх хүчтэй

“ММ” агентлагаар овоглодог ч Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, МАН-ын нарийн бичгийн дарга гээд төр, улсын ажилд хүчээ үзэн зүтгэж, түүхээ бүтээж яваа сэтгүүлч М.Оюунчимэг “25 дугаар суваг” телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт сэтгүүлч Г.Мөнхтуултай ярилцсаныг хүргэж байна. Телевизийн хоёр сэтгүүлчийн харилцан ярилцлага уншигчдад маань сонирхолтой байх болов уу.

oyunchimeg_700

-Өөрөө сүүлийн үед “Үнэ цэнэ” гээд ярилцлага хөтөлж, олон зочидтой ярилцаж байгаа. Харин одоо миний зочин болж оролцохоор ямар санагдаж байна?

-Чамд асуулт тавих гэж байгаа юм шиг, нэвтрүүлэгт орж байгаа биш юм шиг санагдчихлаа. Юуны түрүүнд энэ өдрийн мэндийг үзэгчдэдээ хүргье.

Мөнхтуулынхаа ”Ам нээвэл” гэдэг нэр хүндтэй нэвтрүүлэгт оролцож байгаадаа баяртай байна. Сэтгүүлч хүний хувьд бас сонин байна.

-Асуулт асуух гэж байгаа юм шиг санагдлаа гэж байна. Мэргэжлийн дадал зуршил хөдлөөд надаас асуулт асуумаар байвал асууж болно шүү. Хоёулаа харилцан бие биеэсээ асуугаад явж болно.

-За баярлалаа. Асуугаад өгнө өө.

-Та гадаадад олон улсын сэтгүүлзүйгээр мэргэшиж, магистр хамгаалсан цөөн сэтгүүлчийн нэг. Монголоос очоод барууны сэтгүүлзүйгээр суралцахад ямар мэдрэмж төрсөн бэ. Энд ирээд ажиллахад нөхцөл байдал зөрж байна уу?

-Маш зөрүүтэй. Гэхдээ манай сэтгүүлчид их авъяастай, маш мэдрэмжтэй. Бид бүх юмаа бор зүрхээрээ хийдэг. Бас бидэнд хангамж сайн биш. Бид ямар цалин авдаг билээ, ямар орчинд ажилладаг билээ. Гэтэл барууны сэтгүүлчдийн ард бүхэл бүтэн баг ажиллаж байна. Опра байна, ток шоугаараа алдартай, дэлхийн баян таван эмэгтэйн нэг. CNN-ийн Кристина Аманпур хөрөнгийнхөө хэмжээгээр толгой цохиж байна. Тэд байгууллагынхаа нүүр царай болж, Америк орноо дэлхийд сурталчилж байгаа учраас энэ сэтгүүлчид маш өндөр цалин, хангамжтай байдаг. Дээр нь тэднийг ажлаа сайн явуулахад туслах зорилгоор тэднийг хэрэгтэй бүх мэдээллээр нь хангах бүхэл бүтэн баг ар талд ажиллаж байна.

Би Америкт сурч байхдаа BBC-ийн өглөөний мэдээний албанд дадлага хийсэн. Тэнд газар тариалангийн чиглэлээр сурвалжлага бэлтгэх, эсвэл нэг хүнээс ярилцлага авлаа гэхэд тэр сэтгүүлчид хэрэгтэй бүх материалыг мэргэжлийн хүмүүс бэлтгээд сууж байдаг. Тухайн сурвалжлах, ярилцах сэдэвтэй холбоотой бүх мэдээллийг бэлтгэж өгдөг байх жишээтэй. Гэтэл манай сэтгүүлч нарт туслах баг байдаг билүү. Чамд тийм баг байна уу?

-Үгүй. Ярилцлаганд явахынхаа өмнө ямар ч гэсэн өөрийнхөө хэмжээнд мэдээлэл цуглуулдаг. Бид маш их ачаалалтай ажилладаг даа.

СЭТГҮҮЛЧ ХҮН УЛСТӨРЧӨӨС ИЛҮҮ МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙЖ ИРГЭДЭД ҮНЭН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ ЧАДНА

-Барууны сэтгүүлчид улстөрчөөсөө илүү их мэдээлэлтэй байдаг, улстөрчид нь сэтгүүлчээсээ болгоомжилдог, буруу зөрүү мэдээлэл өгчих вий гэж айдаг. Яагаад гэвэл сэтгүүлч нь тэднээс хэд дахин баримт судалгаатай, давуу мэдээлэлтэй байдаг болохоор тэд сэтгүүлчид нөлөөлж чаддаггүй. Ямар нэг байдлаар буруу ташаа, зөрүүтэй мэдээлэл өгвөл сэтгүүлч нь “Үгүй ээ, энэ нь тийм учиртай байсан. Яагаад та ингэж ярьж байна” гээд лавлаж чаддаг, сөргүүлээд баримт гаргаад тавьчихдаг. Жишээ нь, Б.Клинтоны гурван жилийн, таван жилийн өмнө хэлсэн үг Судалгааны төвийн мэдээлэлд нь орчихсон, бүртгэгдсэн байж байдаг. Ийм байдал нь улстөрчдөд дүн тавьчихдаг. Үүнд үндэслээд ард иргэд үнэн мэдээллийг шууд авч, иргэдийг зөв сонголт хийхэд нь нөлөөлж чаддаг. Үүний үр дүнд иргэд сонгогчдод сонголтоо зөв хийх боломжийг өгч чаддаг. Сэтгүүлзүйн энэ үүрэг нийгмээ, улстөрөө төлөвшүүлэх, цэвэрлэх үндэс болдог юм байна гэж би харсан.

-Сэтгүүлч олон талын мэдлэгтэй, мэдрэмжтэй байх шаардлагатай. Дээр нь туршлага, чадвар гээд олон шалгуур бий. Энэ шалгууруудын аль нэг нь дутагдахаар зочныхоо, ярилцлага өгч буй хүнийхээ аманд ороод явчихдаг тал ажиглагддаг. Түрүүн та энэ тухай хэлж, жишээ дурдлаа. Барууны сэтгүүлчид өндөр хангамжтай, амьдралын түвшин өөр байдаг гэлээ. Тэгэхээр Монголын сэтгүүлчдийн хөдөлмөрийн үнэлэмж бусад орнуудтай харьцуулахад ямар түвшинд байдаг гэж бодож байна вэ?

-Маш доогуур. Бараг гуч, дөч дахин бага гэж хэлж болно. Манайд ганц сэтгүүлч гэлтгүй төрийн алба хаагчдын цалин 600-700 мянга. Би “ММ” агентлагийн захирлаар ажиллахдаа үүнийг зася өөрчлөх оролдлого хийж, сайжруулж болдгийг баталж чадсан гэж боддог. Манайхны бүгдийнх нь цалинг тэгшитгээд адилхан хэмжээтэй, тогтмол болгочихсон байсан. Жишээ нь, олон жил ажиллаж “ММ”-ийн нүүр царай болсон тоймчийн цалин 700 мянга. Ийм цалинг хоёр гурав хуваагаад, татвараа төлөөд авахаар гэрийн эзэн эрэгтэй сэтгүүлч, зураглаачид ар гэрээ яаж авч явах вэ?. Эмэгтэйчүүд нь нөхрийнхөө дэмжлэгээр болгодог гэж бодоход гэр бүлээ авч явах үүрэгтэй эрэгтэй сэтгүүлчдийн хувьд энэ байдал маш хэцүү.

Өнөөдөр Монгол Улс цалин хангамж, хүнээ үнэлэх үнэлэмж тал дээр маш доогуур үзүүлэлттэй. Гэтэл бусад орны хөгжлийг эдийн засгийн өсөлт, аж үйлдвэрийн өсөлт, дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох орлогоор дүгнэхээсээ илүүтэй иргэнийх нь амьжиргааны чанарт ямар өөрчлөлт гарснаар дүгнэдэг болчихсон. Гэтэл манай энэ үзүүлэлт бүр ухарчихсан байна. Иргэдийн өрхийн орлого сүүлийн есөн улирал дараалан буураад, өнөөдөр хасах үзүүлэлттэй гарсан. Өрхийн орлого гэдэг бол чи бидний амьдралыг чанарыг яриад байгаа шүү дээ. Талх, элсэн чихэр, гурил будаагаа өнөөдөр хүмүүс граммаар авдаг боллоо. Энэ бол яг бодит амьдралын нэг хэсэг болчихоод байна.

ЦАЛИН НЭМЭХ БОЛОМЖ ХАА ГАЗАР БАЙГААГ ММ-Д БАЙХДАА БАТАЛСАН

-Таныг “ММ-ийн Оюунчимэг” хэмээн ажиллаж байсан газраар чинь овоглочихсон шүү дээ. Хаана ч очсон таныг ММ-ийн гэх овог дагадаг. “ММ” агентлагийн захирлаар хэсэг хугацаанд ажиллалаа. Яагаад агентлагийн захирлаасаа больсон юм бэ?

-Эхлээд цалингийн тухайд хэлье. Боломж хайвал хаа газар байдаг. Үүнийг “ММ”-д очоод харж, баталсан. Ямар ч байсан агентлагийнхаа ажилтан, зураглаач, техникчээс эхлээд, найруулагч, сэтгүүлчдийнхээ цалинг нэмсэн. Заримдаа өөрийнхөө цалингаас хасч байгаад хүмүүсийнхээ цалинг 80 мянгаар, 100 мянгаар нэмсэн тохиолдол ч бий. Бүгдийнх нь цалинг жаахан ч болтугай нэмээд ийм боломж байна гэдгийг баталсан. Ер нь сэтгүүлзүйн дүрмээр ажиллаж, сэтгүүлзүйн дүрмийг баримтлах гэсэн минь Ардчилсан намын зарим ажилтнуудад таалагдаагүй гэдгийг би өөрөө шууд мэдэрсэн л дээ.

-”ММ” агентлагт намын дарамт, улстөрийн нөлөө байх шиг байна гэж та хэлэх гээд байна уу?

-Байна, шууд утгаараа байна шүү дээ. Сүүлдээ манай “ММ” агентлагийн хамт олон бүгдээрээ нийлж үүний эсрэг тэмцэхэд хүрсэн. Юу гэхээр, Үндэсний олон нийтийн радио, телевизийн нэгдүгээр сувгаар “Цагийн хүрд” мэдээний хөтөлбөр явдаг байсан. Хүмүүс 40-50 жил энэ сувгаар “Цагийн хүрд”-ийг үзчихсэн шүү дээ. Гэтэл шинэ шинэ удирдлага очингуутаа МҮОНРТ-ийг төрөлжсөн хоёр суваг болгож, телевизийг шинэчлэх зорилгоор 100 сая төгрөгийн тендер зарлаж “Бат солюшн” гэдэг компаниар судалгаа хийлгэсэн. Энэ судалгаагаар “Үндэсний телевизийн брэнд нь өөрөө “Цагийн хүрд” юм байна. Монголын хүн амын дийлэнх нь энэ нэвтрүүлгийг арай л үнэн гэж хүлээж авдаг юм байна. Тиймээс та нар нэгдүгээр сувгаа Мэдээллийн сувгаар нь хадгалах хэрэгтэй юм байна” гэж зөвлөсөн. Гэтэл энэ гол брэндээ хоёрдугаар суваг буюу бүүр хойш нь ухруулснаар үзэгчдээ төөрөгдүүлж алдаж эхэлсэн. Тиймээс би “Нэгдүгээр суваг дээр “Цагийн хүрд” мэдээллийн цаг маань байх ёстой. Тиймээс манай ажилтнуудыг өөр суваг руу шилжүүлж, битгий үймүүлж бужигнуулаач” гэсэн асуудлыг УИХ-д хүртэл хандаж тавьсан.

-Нээрээ одоо хүртэл “Цагийн хүрд”-ийг олж үзэж чадаагүй. Хүмүүс ч хайгаад олдохгүй байна гэдэг юм яриад байгаа?

-Түрүүн надаас “Яагаад “ММ” агентлагийн захирлаасаа больсон бэ” гээд асуусан шүү дээ. Гол шалтгаан энэ байсан. “Олон нийтийн радио телевизийн тухай хуулиа зөрчиж болохгүй. Энэ хуулийн дагуу манайд татвар, хураамж төлж байгаа олон үзэгч “Цагийн хүрд”-ээ үзэх эрхтэй” гэж тэмцсэн. Хуулиндаа Үндэсний олон нийтийн радио телевиз өргөн нэвтрүүлгийнх байна, орон даяар цацна гэж заачихсан байдаг. Гэтэл шинэ удирдлага энэ хуулиа зөрчөөд, иргэдийн мэдээлэлтэй байх, мэдээлэл авах эрхийг шууд хаагаад, хууль зөрчсөн.

МУНДАГ УДИРДАГЧ АРД ТҮМНИЙХЭЭ НУРУУГ ТЭНИЙЛГЭДЭГ БОЛ МУУ УДИРДАГЧ АМЬДРАЛЫГ НЬ СӨХРҮҮЛДЭГ

-Үндэсний олон нийтийн телевиз олон нийтийн гэсэн тодотголтой боловч тодорхой хэмжээгээр улсаас санхүүждэг учраас төрийн үйл ажиллагааг сурталчилдаг. Үеийн үед тухайн үеийн эрх баригч намын бодлогыг сурталчилж ирсэн ч одоогийн байдал бүр дордоод байгаа юм биш үү.

-Нэг ялгаа байна шүү дээ. Үе үеийн эрх баригчдын бодлогыг сурталчилдаг гэдэг утгаар өнөөдөр BBC-ийг харья. Английн бодлогыг, Их Британи улсын бодлогыг дэлхийд түгээдэг олон нийтийн суваг шүү дээ. Засгийн газар, улс орныхоо нүүр царай болж, гадаад бодлогоо баримталдаг суваг. CNN-ийг бас харья. Америкийн энэ том сувгийг бид мэднэ. CNN улсынхаа засаг захиргааны бодлогыг гадаадад сурталчилдаг. Эдгээр олон нийтийн мэдээллийн сувгууд энэ мэтчилэн тодорхой бодлоготой ажилладаг. Японы Эн Эч Кэ телевиз байна, Япон орны бодлогыг гадаадад маш сайн сурталчилдаг. Яг үүн шиг манай Үндэсний олон нийтийн телевиз бол төр, засгийнхаа чухал бодлого шийдвэрийг эх орондоо болон гадаадад таниулах үүрэгтэй. Түүнээс биш хэн нэг даргын үгийг дамжуулдаг, хүргэдэг хэрэгсэл биш. Сэтгүүлч бид ч бодит үнэн мэдээ, мэдээлэлд анализ хийж, тоймолж, олон нийтэд үнэн зөв мэдээлэл түгээх үүрэгтэй.

“Нэг хүний нөлөөлөл дэлхийг ч өөрчлөх хүчтэй байдаг” гэж түүчээ болсон дэлхийн удирдагчдын тухай үг бий. Мундаг удирдагч улс орноо хөгжүүлж, ард түмнийхээ нурууг тэнийлгэж, сэтгэл өөдрөг авч явж байна. Гэтэл муу удирдагчтай байвал улс орноо уруудуулан доройтуулж, ард иргэдийнхээ амьдралыг сөхрүүлдэг. Хэвлэл мэдээлэл хүчтэй байсан бол, мэргэжлийн сэтгүүлзүйн үүргээ хэрэгжүүлсэн бол өнөөдрийнх шиг улстөр ингэж бохирдон, улс орон ийм хямралд хүрэхгүй байсан. Энэ бол сэтгүүлч бид үүргээ муу гүйцэтгэсний нөлөө гэж би хардаг.

-Сэтгүүлзүйд улстөрийн болон төрийн нөлөө ямаршуухан хүндрэл, дарамт учруулдгийг бид харж, та ч өөрөө ярьж байна. Та өөрөө яагаад улстөрийн намд гишүүнээр элсэх болов. Эдийн засаг, улс төрөөр мэргэшсэн чадалтай сэтгүүлчдийн маань нэг улстөрийн нам руу яваад өгсөнд би хувьдаа жаахан харамссан?

-Хүмүүс тэгж хэлдэг л дээ. Гэхдээ би сэтгүүлчээрээ ажиллаж байгаад л шууд улстөрд ороод, дарга цэрэг болоогүй. Мэргэжлийн сэтгүүлчээрээ ажиллаж байгаад төрд уригдаж очсон. Төрд ажиллаж байгаад дараа нь улстөр рүү орсон. Түүнээс биш дарга дагаж, даргын цүнх барьж гүйж байгаад улстөрд орж, төрийн албан тушаалд очоогүй. Үүгээрээ ялгаатай.

Би сэтгүүлчийн ажлаа, долоо хоногийн тоймоо, эдийн засгийн нэвтрүүлгээ хийж “ММ” агентлагт 15 жил тасралтгүй ажиллаж байх үед маань буюу 2009 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар сайд ярьсан. Тэр үед зуд турхан болж, эдийн засгийн өсөлт хасах руугаа орсон хүнд үе байсан. Тиймээс тухайн үеийн Засгийн газар гарч ирээд, Ерөнхий сайд Сү.Батболд эдийн засгийн мэдлэгтэй, шинээр сэтгээд өөрчлөлт хийчих ийм хүмүүсийг татаж багаа бүрдүүлье гэсэн зорилго тавьсан юм байна билээ. Засгийн газрын Хэвлэлийн албандаа ч эдийн засгийн мэдлэгтэй, эдийн засгаар дагнасан, хэлтэй ултай сэтгүүлчийг авч ажиллуулъя гэсний дагуу Ч.Хүрэлбаатар дарга над руу утасдаж санал хэлсэн. Тухайн үед би 15 жил нэг газар ажилласан, ажилдаа хоргодсон. Би мэргэжилдээ үнэхээр хайртай. Одоо ч би мэргэжлээрээ ажиллаж байна. Ээж ааваасаа асуусан. Аав ээж маань “Чи ийм сайхан ард түмнийхээ хайрыг татсан мэргэжлийг сольж ажиллана гэж юу байх вэ, дэмий хүү минь” гэж дургүйцсэн. Найз нөхөд, нөхөр маань харин “Оюунаа чи хөгжих хэрэгтэй. Сэтгүүлч хийгээд нэг байрандаа байж болохгүй. Чи 15 жил гаднаас нь харж ярилаа. Засгийн газар дотор нь ороод ажиллавал ямар байдгийг, ямар бодлого барьдгийг бодитоор нь харна. Чамд ч хэрэгтэй, нийгэмд ч хэрэгтэй. Чиний цаашдын хөгжилд ч хэрэгтэй” гэж зөвлөсөн. Нөхрийнхөө энэ үгийг би сонссон. Би ер нь нөхрийнхөө үгийг сонссдог. Бид оюутан ахуй цагаасаа танилцаад өнөөдрийг хүртэл амьдарч байна. Найз нөхөд маань ч надад адилхан зөвлөсөн. Ингэж шийдвэрээ гаргачихаад, нээрээ шат ахиад, өөрийгөө сориод үзье гэж бодсон. Тав хоногийн дараа зөвшөөрсөн хариугаа хэлсэн. Тэгээд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч болсон. Энэ сонголтдоо би харамсдаггүй. Харин ч миний амьдралд гарсан том өөрчлөлт, боломж гэж хардаг.

ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЯМАР ХҮНД ТУСДАГИЙГ БИ Ч БАС ГЭР БҮЛ ДЭЭРЭЭ МЭДЭРДЭГ

-Таныг сэтгүүлчээрээ олон жил ажиллаж байгаад төр, улстөр рүү шилжихэд нөхөр тань нөлөөлсөн юмаа даа. Нөхрийнхөө талаар ярихгүй юу?

-Улстөрд ороход нөхөр нөлөөлөөгүй л дээ. Харин төрийн алба, Засгийн газарт ажиллаж өөрийгөө хөгжүүлэхэд маань нөлөөлсөн. Түүнээс биш манай хүн улстөрчдөд шүүмжлэлтэй ханддаг, бизнесийн салбарын хүн.

-Тийм уу. Аль нэг намын харьяалалтай байх гэж бодсон..?

-Нөхөр маань нам бус, харин ч бүр намд дургүй, төрийн дарамт шахалтгүй л бизнесээ хийхийг хүсдэг хүн. Яагаад гэвэл, өнөөдөр манай нийгэмд хамгийн хүнд нөхцөлд гэр бүл үр хүүхдээ тэжээж, өрх гэрээ авч яваа хүмүүс бол бизнес эрхлэгчид. Тэдэнд төрөөс маш их дарамт шахалт ирж байна, татвар бүрдүүлэх ёстой гээд л хамаг мөнгийг нь хамж байна. Үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид хамгийн хүнд нөхцөлд ажиллаж, эдийн засгийн энэ хямрал ямар хүнд тусдгийг бид ч бас гэр бүлээрээ мэдэрдэг.

Би хэлдэг л дээ, “Та нар дотроо дургүйцэж, бухимдаад яах юм бэ. Бизнесмэнүүд үгээ зоригтой хэлж, яагаад нэгдэж болдоггүй юм бэ” гэж. Эдийн засгийн тоймч, сэтгүүлч асан Лунтангийн Болормаа хүртэл хэлж байсан шүү дээ. “Монголын эдийн засаг, Монгол Улс өөрөө ангал руу явж байна. Эдийн засгийн нөхцөл байдал ийм хүнд байхад хамаг ачаа үүрч байгаа үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид маань нэгдээд хийхгүй, бүгд тус тусдаа айгаад хулчийдаг. Энэ нь улстөрчдөд, өөрсдөө Их хуралд суучихаад төрийн албан тушаалаараа хувийн бизнесээ хөгжүүлээд байгаа тийм хүмүүст боломж олгоод байна” гэж хэлсэн. Л.Болормаа сэтгүүлчийн энэ үгтэй би 100 хувь санал нийлсэн.

-Нөхөр тань ямар мэргэжилтэй юм бэ?

-Ленинградын Төмөр замын дээд сургууль төгссөн. Инженер техникийн мэргэжилтэй. Мэргэжлээрээ уул уурхай, дэд бүтцийн чиглэлээр бизнесээ эрхэлдэг.

-Та хоёр Орост оюутан байхдаа танилцсан юмаа даа?

-Нэг, хоёрдугаар курстээ танилцаж гэрлээд, өнөөдрийг хүртэл хамтдаа 20 гаруй жил амьдарч байна. Хоёр хүүхэдтэй.

-Сэтгүүлчид цаг наргүй ажлынхаа хажуугаар гэр бүлдээ зарцуулах хугацаа баг байдаг. Үүнийг нөхөр тань ойлгож, дэмжиж ажилладаг юм байна, тийм үү?

- Эхэндээ мэдээж амаргүй байсан л даа. Найзууд нь нөхөрт маань “Эхнэр чинь дандаа дэлгэцэн дотор л байж байх юм. Хэдийдээ чамтай гэртээ байж, хэдийдээ хоолоо хийдэг юм” гэж асуудаг байсан гэсэн. Бид хёр хар багадаа танилцаж, бие биенээ мэддэг болохоор одоо зан зангаа авалцсан. Манай нөхөр их гэр амьтай. Би болохоор гадагш, дотогш ажлаа амжуулж явах дуртай.

-Өмнө нь ажлын шугмаар олон орноор аялдаг байсан бол одоо хобби маягаар гэр бүлээрээ, эсвэл найз нөхдөөрөө аялдаг уу?

-Сэтгүүлч бид нар ажлын онцлогтойгоо уялдаад олон улсын хуралд оролцох, байгууллагын үйл ажиллагааг сурталчлах гээд гадаад улс орнуудад ажиллангаа, аялах тохиолдол их гардаг. Би бага байхын л нисч яваа онгоц дагаад л гүйдэг хүүхэд байсан гэсэн. Онгоцоор нисч явах хувьтай болоод тэгдэг байж дээ гэж аав, ээж маань хэлдэг байсан.

ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ БОЛОВСРОЛД БАГА БАЙХААС НЬ АНХААРЧ, ЗӨВ ХҮМҮҮЖҮҮЛСЭН ААВ, ЭЭЖДЭЭ БАЯРЛАЖ ЯВДАГ

-Аав ээжээс хэдүүлээ вэ. Мөнхөө гуайн охидууд бүгдээрээ ЗХУ-д сургуульд төгссөн. Та ч бас Орост сурч, төгссөн нь эгч нарын нөлөө байв уу?

-Нөлөөлсөн. Хамгийн их нөлөөлсөн. Бид аав ээжээсээ ах, дүү долуулаа. Би доороосоо хоёр дахь, эмэгтэйчүүдийнхээ отгон нь. Манай хоёр эгчийн нэг нь Эрхүүд, нөгөө нь Москвад төгссөн. Хүмүүс аавд маань хэлдэг байсан гэсэн. “Мөнхөө гуай, танай охидууд Орост үүрээ засчихсан юмуу, бүгдээрээ л тийшээ сурахаар явах юм” гэж.

-Аав, ээж нь ямар мэргэжилтэй хүмүүс вэ?

-Аав маань жолооч, механик мэргэжилтэй. Ээж маань эмч.

-Жолооч, эмчийн хүүхэд нэр төртэй сэтгүүлч хийгээд, улмаар улстөрд амжилттай, шат ахиж яваа нь аав, ээжийн тань хүмүүжил байх?

-Би аав, ээжээрээ маш их бахархдаг. Бидний багад боловсролд маань их анхаарч, “Шударга, үнэнч бай. Ноён нуруутай бай” гэж сургасан. Бид хааяа ээжээрээ тоглохоороо “Дэндүү шударга хүмүүжүүлчихэж” гэдэг.

-Миний хамгийн дургүй зан юу гээч

-За

-Хүмүүсийн ярьдаг “араас хутга шаадаг” занг би ёстой тэвчдэггүй. Нөхөрлөвөл нөхөрлөсөн шиг нөхөрлөхийг л хичээдэг.

-Бидний ярилцах цаг дуусч байна. Бидний урилгыг хүлээн авч дэлгэрэнгүй сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Та сүүлийн үед олон салбарын хүмүүстэй “Үнэ цэнэ” гээд сайхан нэвтрүүлэг хийж байгаа. Улстөр рүү ороод явсан ч мэргэжлийн энэ сайхан ажлаа битгий орхиорой. Хэдийгээр намын гишүүн байгаа ч сэтгүүлч хүний шударга, тэнцвэртэй энэ байр сууриа, зан чанараа хадгалж яваарай гэж хүсье. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

-Маш их баярлалаа. Мөнхтуултайгаа хамт “Ам нээсэн” чинь миний хувьд ёстой сайхан байлаа. Сая та миний нэвтрүүлгийн тухай хэллээ. Энэ нэвтрүүлэг хийх болсон гол шалтгаан өнөөдөр телевиз үзэхээр дандаа л улстөрчид яриад байна. Тиймээс яг баялаг бүтээж байгаа, эдийн засаг хямралтай энэ үед тодорхой ажлын байр бий болгоод, төсөв бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулаад, нуруундаа ачаа үүрээд гүрдийж байгаа хувийн хэвшлийнхнийхээ бодит үнэнийг хэлж сурталчлъя, дээрээс нь эдийн засгийн хямралаас гарах гарц, шийдэл юу байна гэдгийг мэргэжлийн хүмүүсээс асууж тодруулаад үгийг нь сонсъё, өөрөөр хэлбэл өөрийн гараар түүхээ бүтээж байгаа хүмүүсийн тухай арай нэг гэгээлэг юм иргэддээ хүргэе гэж санаачлаад “ҮНЭ ЦЭНЭ” нэвтрүүлгээ хийж байгаа. Бид чинь угаасаа ард түмний дуу хоолой шүү дээ. Мөнхтуулдаа шударга, мэргэжлийн сэтгүүлчийн чадвар, ёс зүйгээ харуулж явдагт баярладаг. Үүнийгээ бас хадгалж яваарай гэж хүсье.


URL:

Сэтгэгдэл бичих