Гадаад өр, газар шороо, иргэдийн бухимдал ба хөрш Казахстаны жишээ

4225

Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ хямдрахыг дагаад уул уурхай голлосон эдийн засагтай орнууд эдийн засаг төдийгүй дотоод улс төрийн амаргүй байдалд орлоо. Засгийн газрууд нь эдийн засгийн таагүй байдлаас үүдэн Хятадын голдуу компаниудтай хамтарсан янз бүрийн төсөл санаачлан хэрэгжүүлэх гэх. Харин ард олон газар нутаг, тусгаар тогнолын асуудал гэж маш ихээр бухимдан хүлээн авч жагсаал цуглаан зохион байгуулсан олон жишээ сүүлийн жилүүдэд гарах боллоо.

Газрын тосны экспорт түшиж амьдардаг Венесуэль гэхэд л зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ картын системд оруулсан тул Монголын 90-ээд оныг санагдуулам дүр төрх угтах болж. Дээр нь Венесуэлийн сөрөг хүчин гадны дэмжлэгтэйгээр төрийн эргэлт гаргахыг завдаж магадгүй тухай мэдээ ойр ойрхон ирэх болсон.

ОХУ гэхэд л газрын тосны экспортын татвараас төсвийнхөө 40 хувийг бүрдүүлдэг тул түүхий эдийн үнэ унахыг дагаад тун амаргүй байдалд орсон. Зөвхөн Орос гэлтгүй газрын тос олборлолтын акулууд гэгддэг Саудын Арави, Катар, Арабын Нэгдсэн Эмират, Иран гэх мэт улс тун амаргүй байдалд ороод байгаа юм.

Аж үйлдвэрлэл ба аялал жуулчлал сайн хөгжсөн, хүчирхэг зэвсэглэлтэй эдгээр улсыг жишээ татахаа байгаад хөрш зэргэлдээ оршдог, улс орны жишээг харъя. Тэд ямар нөхцөлд байгаа вэ гээд сонирхохоор ялгаагүй л хүнд байдалд байна. Хөрш зэргэлдээ Казахстанд “Газрын тухай” шинэ хууль баталсны дараа иргэд нь шинэ хуулийн зарим заалтыг эсэргүүцэн эсэргүүцлийн жагсаал, цуглаан хийж, цагдаа нартай мөргөлдөөд авсан. Ашигт малтмалын үнэ өндөр байсан цагаас эхлээд ер нь Ерөнхийлөгч Назарбаевын үед иргэд ингэтэл олноор гудамжинд гарч эсэргүүцлийн жагсаал хийж байсан тохиолдол  бараг байхгүй. Гэтэл Казахстанд олборлож байгаа газрын тос, зэс гэх мэт ашигт малтмалын үнэ сүүлийн 2-3 жил гаруй буураад ирэхээр онц чухал биш гэж болохоор хуулиар шалтаглан иргэд нь үймээд байдаг.

Ийм учраас Казахстанд үүссэн байдлыг улсын чиг бодлого Украйнтай адил өөрчлөгдөж болзошгүй гэж Хятад, Орос, Америк хүртэл маш анхааралтай ажиглаж эхэлсэн. Казахстанд шинээр батлагдсан “Газрын тухай хууль” нь юугаараа казах иргэдийн дургүйцлийг тэгтэл их хүргэсэн тухай баталгаагүй мэдээ их гарч, төөрөгдүүлж байв. Тухайлбал, Газрын хуулиар далимдуулан Хятадаас олон мянган хүн орж ирэх гэж байгааг эсэргүүцсэн гэх. Зарим нь бол орос эсвэл хятад иргэдэд газар өгөлгүй Казахстантай хил залгадаггүй улс орны иргэдэд газар түрээслэх ёстой гэж эсэргүүцсэн гэнэ.

Сөрөг хүчний зарим нь энэхүү эсэргүүцлийн жагсаал нь Украйнтай адил “Майдан” хувьсгал болж Оросын талыг баримтлагч Нурсултан Назарбаев тэргүүтэй хүмүүсийг түлхэн унагах гэж байна гэх мэтээр тайлбарлаж байсан. Иймд бид байдлыг бодит эх сурвалжаас нь тодруулахын тулд Казахстан Улсаас Монгол Улсад суугаад Элчин сайдын яаманд хандан энэхүү “Газрын тухай” хууль болон БНХАУ-тай холбоотой зарим тодруулга тайлбар өгөхийг хүссэн юм.


Жусуп Нурбатырович Орынбай: Гадаадын компаниуд Казахстаны орд газрыг ашиглах, эзэмших хувь хэмжээг Төрийн түвшинд хянан, тогтоож байдаг

Ингээд Казахстан улсад Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, ноён Жусуп Нурбатырович Орынбай бидний тавьсан асуултад өгсөн хариултаас сонирхуулъя.

-Казахстанд шинээр батлагдсан “Газрын тухай хууль” нь өмнөхөөсөө ямар ялгаатай байсан юм бэ. Казахчууд шинэ хуулийн ямар заалтад хамгийн ихээр бухимдсан юм бол?

-Казахстан нь Тусгаар тогтнолоо олж авсан цагаас хойш л “Газрын тухай” хууль үйлчилж ирсэн бөгөөд Зөвлөлт задран унасны дараах өөрчлөн байгуулалтын үед ч газрыг хувийн өмчлөлд олгож байсан юм.
1995 оны хүртэл Казахстаны иргэд ба гадаадын иргэд нь 10 хүртэлх жилээр газар түрээслэн авах боломжтой байсан. Дараа нь хөдөө аж ахуйн зориулалттай газрыг 99 жил хүртэлх хугацаагаар түрээслэж байгаад 49 жил болгож бууруулаад, 2003 онд ахиад 10 жил болгож өөрчилсөн. Түүнээс хойш 12 жилийн дараа, дэлхийн зах зээлийн хямрал ба шинэ хөрөнгө оруулалтын төлөөх хүчтэй тэмцэл өрнөж байгаа одоо үед ахин өөрчлөлт оруулсан. “Газрын тухай” шинэ хуулинд гадаадын иргэдийн газар түрээслэх дээд хугацааг ахин өсгөөд 25 жил болгосон байсан.

Гэвч ард түмэн шинэ хуулийг хүлээн аваагүй гэдэгтэй холбогдуулан Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 2016 оны тавдугаар сард Газрын хуулийн зарим заалтын хэрэгжилтэд хориг тавих тушаалд гарын үсэг зурсан. Шинэ хуулийн дөрвөн заалтад хориг тавьж, 2016 оны дуустал хэрэгжүүлэхгүй болгосон. Ингэснээр манай улсад хөдөө аж ахуйн зориулалттай газрыг гадаадад иргэдэд түрээслэх ба казахстанчуудад худалдахыг хориглоод байгаа. Өөрөөр хэлбэл газрыг хувийн өмчид шилжүүлэн өгөх дуудлага худалдааг зогсоосон.

-Төр ба иргэдийн хооронд гарсан үл ойлголцлын шалтгаан болсон гадаадын иргэдэд газар түрээслэх тухай заалтыг өөрчлөх үү?

-Одоогоор Казахстанд энэ асуудлыг шийдвэрлэх тусгай комисс байгуулагдаад ажиллаж байна. Энэхүү комиссын хуралдааны үр дүнг авч үзээд зохих ёсны шийдвэр гаргана.

-Шинэ хуулиар Хятадын иргэдийг олноор орж ирэх боломж гаргаж байна гэх яриа гарсан байсан. Тэгвэл шинэ хуулинд хөдөө аж ахуйн зориулалттай газрыг түрээслэх эрхтэй гадаадын иргэдийн улсын харъяаллыг заасан байсан юм уу?

-Тэр улсын иргэд түрээслэж болно гэх мэт заалт огт байхгүй.

-Гадаадын иргэд гэхээр аяндаа Казахстаны гадаад өр гэсэн сэдэв давхар хөндөгдөж байна?

-Казахстан улсын Үндэсний банкнаас гаргадаг 2016 оны эхний хагас жилийн статистик тайлан зургаадугаар сард гарна. Албан ёсны мэдээгээр Казахстан Улсын гадаад өр 2015 оны арванхоёрдугаар сарын байдлаар, компани хоорондын өрийг тооцолгүйгээр авч үзвэл 71,6 тэрбум ам.доллар байна. Харин компани хоорондын өрийг оруулбал 153,5 тэрбум ам.доллар болно. Энэ бол 2014 оныхоос ойролцоогоор 4-н тэрбум ам.доллараар багассан үзүүлэлт юм.

-БНХАУ-аас Танай улсын эдийн засаг хэр их хөрөнгө оруулалт хийсэн байдаг юм бэ? Тэд ямар голдуу салбарт хөрөнгө оруулалт хийдэг тухай тодруулна уу?

-Евразийн хөгжлийн банкнаас гаргасан мэдээллээс үзвэл Хятадаас Казахстаны эдийн засагт хийж байгаа шууд хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн зургаан жилийн дотор 2,5 дахин өсч, 2015 оны сүүлийн байдлаар 23,6 тэрбум ам.долларт хүрсэн. Хөрөнгө оруулалт хийгдэж байгаа үндсэн салбаруудыг дурдвал нефть-химийн үйлдвэр, машин үйлдвэрлэл, цахилгаан эрчим хүч, дэд бүтэц, боловсруулах аж үйлдвэрлэл, уулын төмөрлөгийн салбар, хөдөө аж ахуйн цогцолборууд зэргийг дурдаж болно.

-Хятадын компаниуд ямар том орд газруудад олборлолт явуулдаг вэ?

-Казахтсанд үйл ажиллагаа явуулдаг Хятадын үндэсний компани “China National Petroleum Corp” нь Казахстаны “ПетроКазахстан” компанийн удирдлагад хувь эзэмшдэг болсон. Энэ компани нь Кумколь гэдэг бүлэг орд ба Шымкент хотын ойролцоо байрладаг Шымкентийн газрын тос боловсруулах үйлдвэрийг эзэмшдэг, үйл ажиллагааг нь удирддаг.
Үүнтэй холбоотойгоор нэг зүйлийг заавал онцлох хэрэгтэй гэж үзэж байна. Гадаадын аливаа нэг улсын зүгээс Казахстаны орд газрыг ашиглахад оролцон эзэмших хувийн хэмжээг Төрийн түвшинд хянан, тогтоож байдаг. Мөн Казахстан Улс нь Газрын хэвлийн тухай болон хэвлийн баялгийг ашиглах тухай хуультай бөгөөд тэнд “эрх мэдлийн төвлөрөл” гэсэн ойлголтыг тайлбарлаад заачихсан байдаг. Энэхүү хуулийн дагууд тухайн нэг гадаадын компани эсвэл гадаад улсын эзэмших хувийг авч үздэг.

-Казахстан Улс БНХАУ-д хэдий хэмжээний өртэй вэ?

-Казахстан Улсын Сангийн яамны албан ёсны мэдээнээс үзвэл 2015 оны арваннэгдүгээр сарын байдлаар Казахстан нь БНХАУ-д 13,35 тэрбум ам.долларын өртэй гэж гарсан байгаа.

-Ашигт малтмалын үнэ унасан байдал  Казахстаны эдийн засаг, эгэл иргэдийн амьдралд ямар нөлөө үзүүлж байна вэ?

-Байдал ийм амаргүй байгаа ч Казахстанд  хэрэгжүүлж эхлээд буй Шинэ эдийн засгийн бодлого буюу “Нурлы жол” нь манай улсад бий болсон бодит байдлын үед хямралын улмаас эдийн засагт ирэх хүнд цохилтуудыг зөөллөх нөхцөл боломжийг авч үзсэн байгаа. Энд хямралаас бүрэн зайлсхийх тухай ярьж байгаа. Учир нь гэвэл болзошгүй хямралаас эдийн засгаа бүхэлд нь зайлуулж чадсан улс гэж нэг ч байдаггүй биз. Ингээд энэхүү шинэ бодлогын хүрээнд Хямралын эсрэг хоёр төлөвлөгөөг боловсруулан шат дараалалтайгаар хэрэгжүүлсэн. Хямралыг эсэргүүцэх урьдчилсан стратегийг хэрэгжүүлж байгаа.
Ашигт малтмалын нөөцөөс үл хамаарсан аж үйлдвэрлэл-инноваци хөгжлийн хоёр дахь таван жилийн төлөвлөгөө эхлээд явж байна. Цаашилбал “Үндэстний төлөвлөгөө. Институцийн 5-н өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлэхэд  чиглэсэн 100-н бодит алхам” аажмаар хэрэгжээд эхэлсэн. Энэхүү үндэсний хөтөлбөрийн хүрээнд жижиг ба дунд бизнес эрхлэгчдэд тулгардаг захиргааны саадыг арилгаж, төрийн удирдлага, боловсрол, эрүүлийг хамгаалах салбарыг илүү боловсронгуй болгож байна.
Төрийн алт ба гадаад валютын нөөц, төрийн сангийн хөрөнгийг энэ мэт бодит үр нөлөө өгөх зүйлсэд зарцуулж байна.

Мөн газрын тосны нэг баррелийн үнэ бүр 20 ам.доллар хүрч буурах үед ямар арга хэмжээ яаралтай авах тухай тооцон боловсруулсан. Энэ бүхний хүчинд буюу инновацийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслийн хүрээнд бий болсон шинэ хөдөлгөгчид бодит өсөлт, үр нөлөөгөө үзүүлж байна. Тухайлбал, сүүлийн таван жилийн хугацаанд боловсруулах үйлдвэрлэл 1,3 дахин, химийн үйлдвэрлэл ба барилгын материалын үйлдвэрлэл 1,7 дахин өссөн.  Машин үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн 2,2 дахин, экспорт нь 3 дахин өслөө. Аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхтэй холбоотой 800 гаруй төслийг хэрэгжүүлсэн. Энэ бүхний нөлөөгөөр тун амаргүй байгааг энэ жил гэхэд л төмөрлөгийн үйлдвэрлэл 15 хувиар, химийн үйлдвэрлэл 3,2 хувиар өсч чадсан. Энэ бүхнийг дагаад казах иргэдийн эдийн засгийн зан байдалд өөрчлөлт гарч, хөдөлмөрийн үр бүтээл 60 хувь гаруй өслөө.

Хүнд байдалд орсных уу, үндэсний ухамсар сэргэснийх үү?

Энэхүү тодруулгад зарим зүйлс аргагүй л анхаарал татаж байна. Газрын тухай өмнөх хуулиудад хөдөө аж ахуйн зориулалттай газрыг 99 жил түрээслэдэг, 49 жил түрээслэдэг үе байсан гэдэг нь тайлбараас хамгийн түрүүнд нүдэнд тусна. 1995 оныг хүртэл 10 жил түрээслэдэг байсныг шинэ хуулиар өөрчлөн 99 жил болгож байхад Казахстанд сая болсонтой адил эсэргүүцлийн жагсаал, цуглаан болж байгаагүй санагдаж байна. Гэтэл 2003 оноос хойш 10 жил байсан хугацааг 25 болгоход олныг хамарсан цуглаан болж байгааг юу гэж тайлбарлах вэ?

Ашигт малтмалын үнэ буурч улсынх нь гадаад өр нэмэгдээд, иргэдийн амжиргаа дордоод ирэхээр дан ганц газар доорхоо гадаадынхантай хамтарч ухах нь хангалтгүй юм байна гэж үзсэн байж болох. Гэтэл газар түрээслэх хугацааг хуучинтай адил 49 эсвэл бүр 99 жил болгож нэмээгүй байтал газар шороо, тусгаар тогтнол гэсэн утга бүхий жагсаал гарсан. Энэ бүхэн ашигт малтмалын үнэ өндөр жилүүдтэй шууд холбоотой байж болох талтай. Казахчууд гадаадын компаниуд хэрхэн олноороо түрэн орж ирж, ямар их газрыг өргөст тороор хашаад өөрийн гэж зарлаж, алхаж гишгэх ч газаргүй болгож байгааг харсаар залхсан биз. Ингээд яваад байвал гадаадын компаниудын барьсан өргөст торон гудамжаар явахаас өөр аргагүй юм байна гэж бодож л дээ. Ашигт малтмалын үнэ өндөр байх үед ямар ч байсан казахуудын үндэсний ухамсар нэмэгджээ гэж болохоор.
Үнэ өндөр ашигтай юм гээд гадаадынхантай нийлээд таарсан болгоноо ухаад байх зөв бодлого биш гэж ард иргэд ойлгож авсныг Казахстаны “Газрын тухай хууль” харууллаа гэж болно.

Мөн Төр засаг нь биш гэхэд жирийн иргэдийн түвшинд урд байгаа  их гүрний бодлогоос эмээх, хардах явдал маш ихээр нэмэгдсэн гэдгийг ч Казахстаны “Газрын тухай шинэ хууль” харууллаа гэж болно. БНХАУ-ын зүгээс уул уурхай, олборлолт, дэд бүтэц, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн салбарт асар их хөрөнгө оруулалт хийгддэг юм байна гэдгийг энэ тодруулгаас харж болох нь. Хэдийгээр БНХАУ-ын өмнө 13,35 тэрбум ам.долларын өртэй гэж байгаа ч манайхаас ялгаатай давуу зүйл хэд хэд бий. Төр нь ухаалаг бодлого явуулж чадвал хүнд бэрх үеийг харьцангуй газар нутгийн бага хохиролтойгоор даван гарах бүх боломж бий.

Казахстан манайхаас ялгаатай нь Зөвлөлтийн үеэс өөрийн гэсэн боловсруулах үйлдвэрлэл хөгжсөн, хүнд үйлдвэрлэлтэй гэдгээр давуу, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн. Олборлож байгаа ашигт малтмалын хувьд Казахстанаас Менделеевийн үелэх системийн 99 элемент илэрсэн бөгөөд тэдгээрийг агуулсан 400 гаруй орд газар ашиглагдаж байна. Эдийн засгийн хувьд хамгийн чухал ач холбогдолтой нь нүүрс, газрын тос, зэс, шатдаг хий, уран, цагаан тугалга, хромит, алт, мөнгө, төмөр, марганец байдаг аж.

Дээр нь, манайхтай адил далайд гарцгүй, хоёр их гүрний дунд хавчигдаж байдаггүй. Каспийн тэнгисээр залгуулан олон оронтой ашигтай ажиллах боломжтой.  Хятад голдуу биш ОХУ, АНУ, Их Британи, Япон, Өмнөд Солонгос гээд дэлхийн хүчирхэг орнуудын шилдэг компаниуд уурхайгаар хязгаарлагдалгүй хөрөнгө оруулалт хийдэг. Харин газрын тосноос эхлээд цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах хэмжээнд хүрээгүй байгаа та бид хямралыг хэрхэн бага хохиролтой давмаар юм бэ дээ.

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих