Оюутолгойгоос урвасан Д.Ганхуяг Баянзүрхчүүдээс нүүр бурууллаа
12 жилийн өмнө Баянзүрхчүүдийг үерийн аюулаас аварч, суваг шуудууг нь “янзалчихна” хэмээн амлалт өгсөн нөхөр бол Д.Ганхуяг. Гэтэл Баянзүрхчүүд өнөөдрийг хүртэл уртын харайлтаа хийж, борооны дараа барьц алдсан хэвээрээ.
Анх 2004 онд нэр дэвшиж байхдаа туйлын зөөлөн чихтэй байсан гэлцдэг. Одоо бол Баянзүрхчүүдэд бараагаа ч харуулахаа больсон гэнэ лээ. 2012 оны сонгуулиар уул уурхайг тултал нь хөгжүүлж эдийн засгийн үр өгөөжийн Баянзүрхчүүдэд хүртээнэ гэсэн. Гэсэн ч түүний амлалт бас л биелсэнгүй. Үерийн далан барина гэсэн нь илүү дээр амлалт байж хэмээн тойргийнхон нь түүнийг сонгосон харамслаа илэрхийлж байна. Тиймээс түүнд төмөр нүүр гаргаж Баянзүрх дүүрэгт дахин очих эрх байхгүй аж.
Уг нь бол улстөрд Д.Ганхуяг “хуучин” хүн. Хуулийн төсөл санаачилж гүйснээрээ нэлээд дээгүүрт бичигдэх эрхэм бол бас л Д.Ганхуяг. Хууль санаачилж батлуулах нь төрд сонгогдсон хүний үүрэг ч түүнээс өөр доривтой зүйл хийгээгүй гэдгийг тодотгох тодотгол юм. Баянзүрх дүүргээс гурвантаа сонгогдож гишүүн, сайдын зөөлөн сэнтийд хантлаа тухалсан Д.Ганхуяг энэ удаад тойргоо солихоор шийдсэн гэнэ. Тэр энэ удаад хөдөөг зорих аж. Нэг үгээр Баянзүрчүүд түүнд хууртахаасаа өнгөрсөн учир ийнхүү тойргоо сольжээ.
Түүнийг хэлсэн ярьсан зүйлээсээ хэдэнтээ эргэж хөрвөдөг тухай бас нэгэн жишээ дуулгахад илүүдэхгүй биз.
Д.Ганхуяг анх Оюутолгойн гэрээг эсэргүүцсэн гишүүдийн гарын үсэг цуглуулж Засгийн газартай тэмцэл өрнүүлэхэд тэр тэргүүн эгнээнд байв. Харин Н.Алтанхуягийн Засгийг газар түүнд Уул уурхайн сайдын суудлыг өгч, Оюутолгойн талаар ганц үг ган хийсэнгүй.
УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа Д.Ганхуяг Уул уурхайн сайд болсон. Уг нь тэр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хамгийн ихээр эсэргүүцдэг гишүүдийн нэг байсан. Иймээс Д.Ганхуягийг Уул уурхайн сайд болоход нийгэмд Оюутолгойн гэрээг засах боломж олдож байна гэсэн хүлээлт байв. Өөрөө ч энэ гэрээг эргэж харахаа илэрхийлсэн. Тэр сайдын суудлаа хүлээж аваад баярлахдаа Оюутолгойн гэрээг өөрчилж, ард түмнийхээ өмнө ямар сайд болохоо харуулна гээд хэлчихсэн.
Харин тэр ямар сайд болохоо харуулсангүй, чадсангүй.
Нэг үгээр Д.Ганхуягийн албан тушаалд очихын төлөөх амлалт цаг зуурынх байв. Гэвч тэр оролдлого хийсэн. 2013 онд Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсэг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн захирамжаар байгуулагдаж, Уул уурхайн сайд маань уг ажлын хэсгийг ахлав. Энэ үед түүний хийсэн мэдэгдлүүд ч хөрөнгө оруулагчдыг улам л зайгаа барихад хүргэсэн тухай учир мэдэх эдийн засагчид дуулгадаг.
Хамгийн сонирхолтой нь энэ бүхний дараа Д.Ганхуяг гишүүн “Би өөрчилнө гэж яриагүй” гэсэн ярилцлагыг хэд хэдэн хэвлэлд өгсөн. Ингэж Д.Ганхуяг Уул уурхайн сайдын суудлаас хоосон амлалттайгаа буцав.
Уг нь тэр “Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол огцорно” гэсэн амлалтаа ч биелүүлсэн бол… Сайдын суудалтайгаа зууралдсаар Ч.Сайханбилэгийн засгийг угтан, сайдын суудлаасаа буусан түүний нэр хзндийг навс унагав. Д.Ганхуягийн Баянзүрхээс нэр дэвшиж УИХ-д суусан он жилүүд ингэж өнгөрөв. Харин тэр одоо Архангай аймгаас нэр дэвшинэ. Баянзүрхэд гурвантаа өгсөн хоосон амлалтаа тэврэн Архангайд очих нь.Төрж өссөн нутгийн уул усаа түшихээр Арын сайхан хангайг зорих нь.
Харин Оюутолгойгоос урваж Д.Ганхуяг Баянзүрхчүүдээс нүүр буруулсан түүнийг Архангайчууд сонгох болов уу?
П.УНДРАМ
Оллоо.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Аливаа ажлыг хийхэд цаг хугацаа, боломж бололцоо, нөхцөл байдал гэж байдаг юм. Сэтгүүлч та нар шиг юу дуртайгаа, цагаан цаасан дээр бодож санах юмгүй эрээчиж, ард түмнийг хордуулахыг ажил хийнэ гэдгүй юм. Ганхуяг гишүүн бол улс орны эрх ашгийг боддог нэр цэвэр, төрийн туршлагатай түшээ гэж бодож явдаг. Ямар ч л гэсэн хувьдаа лиценз авч улс эх орноо худалддаг хүн биш шиг санагддаг шүү.
Оюутолгойн талаар юу ярьдаг байлаа. Сайд болоод яалаа. Жирийн иргэд минь алийн болгон мананд манантаж, мангартаж явах вэ дээ. Нэг урвасан хүн дахиад урвахад хэзээ ч бэлэн байдагийг Архангайчууд мэдтүгэй