Дэлхий тамхичдаа тооллоо
Дэлхий дээр амьдардаг таван хүн тутмын нэг нь тамхичин байдаг ажээ.
Хэдийгээр орчин цагийн сая, сая иргэд хорт зуршлын сөрөг үр дагаврын талаар харьцангуй өндөр ойлголттой байдаг ч түүнээс ангижрах арга замыг барагтай л бол сонгодоггүй талаар Ноттенгэмийн эрдэмтэд тайлбарлажээ.
Дэлхийн арав гаруй орны хамгийн шилдэг гэсэн их сургууль, эрүүл мэндийн байгууллагууд хамтран зургаан жилийн турш судалгаа, шинжилгээ хийснээ өнгөрсөн даваа гаригт танилцуулсан байна.
Судалгаанд оролцогчдын дийлэнх нь хосоороо буюу тамхи хэрэглэх бүртээ заавал хамтрагчтай байхыг илүүд үздэг болох нь тогтоогдсон аж. Өөрөөр хэлбэл тамхичид нэгэнтэйгээ хамтран хордох дуртай байдаг аж.
Тамхи анхлан татах болсон шалтгаан нь ч үүнтэй төстэй. Ихэнх хүн буруу үлгэр дууриаллаас буюу шохоорхлоос эхлэн тамхинд эрчимтэй донтох шат руугаа аажмаар өгсдөг гэнэ.
Судалгаагаар Африк тив тамхины хэрэглээгээр нэгдүгээрт жагссан бол Зүүн Өмнөд Ази хоёрдугаарт бичигджээ. Харин Европ, АНУ, Латин Америк таван жилийн өмнөхөөс ухарсан үзүүлэлт харагдсан байна.
Их Британийн эрүүл мэндийн лабораторийн эмч Жон Мур Гиллоны тэмдэглэснээр “Тамхинд донтоход нас ямар ч хамааралгүй. Тэд зөвхөн бүлгийн системд шилжихэд л хангалттай байдаг” гэжээ.
Мөн тэрбээр “Ойрын 20 жилийн хугацаанд ДЭМБ (Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага)-ын гаргасан тооцоогоор тамхинд нэрвэгдсэн улс орны иргэдийн тоо даруй таван хувиар огцом өсөөд байна” хэмээн онцолжээ.
Дэлхий дээр тамхины үйлдвэрлэлээр хөгжсөн арав гаруй корпораци байдаг төдийгүй өдөрт найман тэрбум ширхэг тамхи үйлдвэрлэсэн 2001 он бол хамгийн бага тоо гэнэ. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдсээр буй.
Өмнөд Солонгос, Чили, Куба, Гондурас, ОХУ, Украин, Афганистан, Казахстан, БНХАУ, Индонези зэрэг улс, оронд тамхины түүхий эд буюу хуурай өвс, цагаан никотины тариалалт, хураалт эрчимтэй явагддаг. Эдгээрээс Чили өдөр бүр дэлхий нийтэд 50 сая ширхэг тамхитай тэнцэх өвс нийлүүлдгээрээ эдгээр орноос ялгарна. Харин Куба, Гондурас, ОХУ янжууран тамхи гэхээс илүүтэй навчин болон ороомог кокейн буюу илүү тансаг зэрэглэлийн тамхи нийлүүлдэг аж.
Эдүгээ дэлхийн тэрбум гаруй тамхичид орчин хүрээлэлдээ буюу дам тамхидалтаар 10-25 сая хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг гэх тоо бий. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүрээнд буюу ахуй, ажлын байрны орчинд тамхичид ихэнхдээ бусад эрүүл хүнийг дам тамхидалтын уршгаар хордуулдаг гэсэн үг.
Гэр бүлийн таван гишүүний нэг нь тамхи татдаг, өдөрт нэг хайрцаг янжуур хэрэглэдэг хэмээн үзвэл бусад дөрвөн гишүүн түүнээс хоёр дахин илүү тамхи татсантай тэнцэхүйц хорддог гэж ойлгож болох гэнэ.
Их Британийн Манчестерийн их сургуулийн эрдэмтдийн олж тогтоосноор нэг тамхинд агуулагдах хэмжээ үйлдвэрлэлийн орчинд нууц байдлаар даруй зургаан хувиар нэмдэг гэжээ. Гэхдээ үйлдвэрлэгчид үүнийг эрс няцаасаар байгаа юм. Хэрэв дэлхийн тамхичид энэ байддаар 2025 он хүрвэл манай гаригийн хүн амын гуравны нэг нь тамхичин болох аюулд ойртжээ.
Т.Батсугар
URL: