Ус хоолны дуршлыг ямар ч эмээс илүү бууруулдаг
Орчин үед хүмүүс усны ач холбогдлыг ойлгодог болжээ. Ундаа, цай гэхээсээ илүүтэй цэвэр ус уух дуртай хүн олон болж.
Гэхдээ бидний олонхи нь ус бидний амьдралын салшгүй нэг хэсэг гэдгийг мэддэг ч усыг тэр бүр хайрлаж, хамгаалж чаддаггүй. Мөн хүний биед ус ямар үйлчилгээ үзүүлдгийг ч сайн мэддэггүй. Тиймээс “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Зүрх судасны эмч Н.Одгэрэлээс бид “Хүний биед ус ямар үүрэгтэй “-г асуулаа.
УСАНД АГУУЛАГДАХ ЭРДЭС БОДИС ЯСЫГ ИЛҮҮ БАТ БӨХ БОЛГОНО
“Манайхан сүү, цагаан идээгээ л магтаад байдаг. Тэгвэл усыг ч бас магтаж, сайшаах хэрэгтэй” гэж эмч ярьж байна. Учир нь усанд агуулагдах эрдэс бодис, нэн ялангуяа фторид (Fluoride-бид шүдний оонд агуулагддагаар нь сайн мэднэ) нь ясыг илүү бат бөх болгодог аж.
Магадгүй зарим хүн гайхаж байж мэдэх юм. Тэгвэл хүний идсэн хоол унд сайн шингэж, биеийн цэвэрлэгээ эсийн түвшинд идэвхтэй явагдаж, энерги сайжрахад ус үнэлж баршгүй их үүрэг гүйцэтгэдэг. Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл гэсэн шүү.
УС ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ
Яагаад гэдгийг нь та мэдэх үү. Хүмүүс хүзүү, нүүр, арьсныхаа үрчлээг арилгах гэж өндөр үнэтэй янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэгвэл үүнийхээ оронд та усаар өөрийгөө арчилж, тордох гээд үзээрэй.
Ус бол ямар нэгэн химийн синтетик бус, байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм. Тиймээс энэ хамгийн шилдэг арга гэдгийг танд зөвлөх байна. Заримдаа хүний амьдралд хэрэгтэй зүйл маш хямдхан, даруухан оршиж байдаг шүү дээ.
ШЭЭС ЯЛГАРУУЛАХ ТОГТОЛЦООНЫ ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАНГАДАГ
Магадгүй энэ талаар урьд өмнө хэн ч сөхөж, онцлон яриагүй байж болох юм. Гэвч энэ бол усны нэг гайхамшигтай “ид шид”-ийн нэг юм. Цэвэр, тэр дундаа байгалийн ус бол хүний биеийн бүх замыг ариутган өөртөө шингээж, угааж, цэвэрлэж байдаг. Мөн бөөрний цусан хангамжийг сайжруулна. Харин бөөрний аливаа өвчний сэдрэлийн үед өдөрт уух шингэний хэмжээг хязгаарлах хэрэгтэй.
ЖИНГЭЭ ХАСАХАД ТАНЬ ТУС БОЛНО
Та турах гэж янз бүрийн химийн хорт нэгдлийг өөр дээрээ турших хэрэггүй. Таны жин яагаад нэмэгдээд байна вэ гэвэл замбараагүй хооллосноос болж бие махбод тань шингээж, ялгаруулж дийлэхээ больсон гэсэн үг.
Тэгвэл ус таны бодисын солилцоог эрчимтэй, зөв голдрилд нь оруулахад тус болно. Та усыг зөв хэрэглэж чадвал тун удалгүй гайхалтай үр дүнд хүрнэ. Ус хоолны дуршлыг ямар ч эмээс илүү бууруулдаг.
Б.Туул
URL: