Монгол төрийн үнэ цэнэ ингэтлээ унах гэж үү …
Монгол төрийн эрх барих дээд байгууллагад түмний элчээр суух эрхэм түшээг сонгох ээлжит сонгууль сар гаруй хугацааны дараа болно.Дөрвөн жил хүлээсэн сонгох эрхээ зөв эдэлж улс эх орныхоо язгуур эрх ашиг, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө хариуцлагатай сонголт хийх нь сонгогч бидний туйлын эрхэм зорилго.Төрд итгэх итгэл алдарсан өнөө үед төрийн түшээ түмний элч болох хүнийхээ удам угсаа, эрдэм чадал,оюун ухаан, мэдлэг боловсрол, дадал туршлага, нэр цэвэр, сэтгэл зөв ноён нурууг нь харж, таньж, мэдэж өөрийнхөө итгэл үнэмшлээр сонголтоо хиймээр санагдана. Ингэж бие сэтгэлээ чилээж суухын учир нь миний бие аймгийнхаа соёл урлагийн салбарт 16 жил ажиллаж, амьдарч байсан хүний хувьд унасан газар угаасан ус, өсөж өндийсөн өлгий нутаг Өндөр Алтайгаас минь ”ЗӨВ ХҮН” тодроосой гэсэн миний нутаг амь, нутаг сэтгэл минь билээ.
Уул Алтайн уугуул, суугуул иргэд нутгийн галаа манаж суугаа та бүхэн маань ч бас санаа бодол нэгэн адил байгаа байх. Алтай нутагтаа төрж өсөн хилийн чанадад сургууль ном дүүргэж нутаг орондоо ирж ажиллаж амьдарч ардчилалыг эхлүүлж, удирдан зохион байгуулж явсан зохиолч, сэтгүүлч МСНЭ-ийн ерөнхийлөгч, СГЗ, нутгийн анд Б.Галааридийн сэтгэл ихэд зовнин, харамсаж буйгаа бичсэн “Монгол төрийн сонгууль тоглоом биш” нийтлэлд Ардчилсан намаа төлөөлөн УИХ-ын сонгуульд Говь-Алтайд нэр дэвшихээр болоод байгаа О.Амгаланбаатарын тухай “Ажил хийх, хүмүүстэй харилцах харилцааны арга барил нь энэ хүнд их эрх мэдэл, өндөр суудал өгвөл ихээхэн буруу арга жишиг дэлгэрүүлэх вий гэж өөрийн эрхгүй бодогдуулдаг. Төрийн хяналт хариуцлага сул байхад хил гааль дээр хор найруулж бужигнуулж явсан арга барилаа улстөрд дээш өгсөх жор болгоно гэдэг осолтой. Хэт намчирхах, захиргаадах, рэкет дарамт хийх, худал амлах, өөрийг нь сураг ч үгүй байхад Алтайд ардчилал бий болгохын төлөө сэтгэл зүрхнээсээ зүтгэж явсан партизануудаа хүртэл алба ажилгүй болгох зэргээр мөн ч их бужигнуулсан даа. Суурь хүмүүжил дундуурын шинж. Ер нь бол аль ч утгаараа дундуур хүн. Ийм хүнийг их улстөрд сойтлоо Алтайн ардчилал ядуурсанд харамсаж байна” гэж бичсэнийг уншаад санал бодол нэг байгаагаа энэхүү бичвэрээр илэрхийлж байна.
Алтай нутагт минь 2013 оноос буюу О.Амгаланбаатарыг засаг дарга болсон үеэс нам, улс төрийн хуваагдал газар авч,иргэдийн эв, нэгдэл, халуун дулаан уур амьсгал үгүй болсон. Тэрээр төрийн албаны чадварлаг олон боловсон хүчинг ажлаас нь халж ажил амьдралаар нь хохироосон бөгөөд төрийн хууль шийдвэрийг үл тоон дураараа авирлаж, өмнөх удирдлагын үед хийгдсэн бүтээн байгуулалт,бодлого шийдвэрийг үгүйсгэж харлуулах бодлого барьж өөрийгөө магтуулж, би л бүхнийг хийж байгаа мэтээр сурталчилж, алдар хүнд амжилт бүхнийг өөр дээрээ нааж, аймаг орон нутгийн төр захиргааны бүх албанд өөрийн хараа хяналтаа бүрэн тогтоосон нэгэн. “Бадарчин явсан газар балагтай” гэдэг шиг О.Амгаланбаатар 2005 онд Гааль эдийн засгийн дээд сургуульд сурч байхдаа гаалийнхны авлигын хэрэгт хутгалдаж хар гэрт хоригдон тухайн үеийн засгийн газрын тэргүүний мэдээлэлд “Гаалийн авлигын сүлжээнд гаалийн оюутан хүртэл орооцолдсон байна”хэмээн нэр дурдагдаж байсан. Алтайчуудыг Алтай нутагтаа ирж амьдартал нь нутгаа орноо хөгжүүлнэ хэмээн амлаж байсан нь эсрэгээрээ эргэж нутаг усандаа очихдоо бараг энэ даргаас виз зөвшөөрөл авах нь холгүй болоод байна.
Саяхан надад тохиолдсон нэгэн жишээг дурдая. Өнгөрөгч гуравдугаар сарын эхээр МУГЖ, уран бүтээлчийн тайлан тоглолтыг хөтлөх урилгаар Алтайд иртэл намайг хэзээ ямар ажлаар ирсэн, хэн авчирсан талаар чуулгын даргаас асууж тодруулж, баярын үеэр аймаг болон чуулгаас зохиогдох арга хэмжээнд оруулахгүй байх хатуу үүрэг өгсний дагуу 3-р сарын 8- нд аймгийн эмэгтэйчүүд, иргэдэд тоглох хөтөлбөртөө намайг дуулуулах хүсэлт гаргахад чуулгын дарга нь өөр намын хүн учраас оруулахгүй гэсэн хариу хэлсэн байх жишээтэй. Энэ талаар би өөртэй нь утсаар ярьж хэлэхэд “Чам шиг жижиг гартай харьцахгүй,чи мэдрэл муутай юм уу?” гэж утсаа тасалж билээ. Уул нь би энэ Засаг даргаас насаар ахмад, Алтай нутагтаа чамгүй олон жил ажиллаж амьдарч байсан хүн шүү дээ. Даанч энэ нөхрийн давилуун, бүдүүлэг дээрэнгүй рекет зан авир, буруу бусармаг явдал нь хэрээс хэтэрлээ. Мөн чуулгын найруулагч санаачлан Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчний баярыг угтаж аймаг орон нутагтаа уран бүтээлээ туурвиж байгаа эрэгтэй яруу найрагчид болох СГЗ Д.Лхагвасүрэн, яруу найрагч Г.Чардаг, Д.Гомбожав, С.Рэнцэндорж нарын шүлгийн дуугаар бэлтгэсэн концерт тоглох санал тавихад чуулгын дарга нь “Энэ яруу найрагчид чинь чинь Ардын намын угшилтай хүмүүс байна. Аймгийн даргаас зөвшөөрөл ав” гэсэн хариу өгч байсан зэрэг нь Алтайчуудын урлаг соёлын өргөө, уран бүтээлийн байгууллагыг улс төрийн байгууллага болгосон нь эндээс тод харагдана.
Энэ бол зөвхөн надтай холбоотой наад захын жишээ бөгөөд эрүүл саруул ухаантай хүн сонсвол мэл гайхаж цэл хөхрөх бусармаг явдалтай олон жишээ бий. Манай Алтай нутаг олон сайхан эрдэмтэн мэргэдийг төрүүлсэн ариун дагшин газар, оюун ухааны ай сав болсон нутаг бөгөөд эрдэм мэдлэг, оюун санааг дээдэлж аливаа зүйлд ул суурьтай голч ханддаг ард түмэн. Харамсалтай нь бие болоод гэрээ засаагүй, суурь боловсрол, хүмүүжил муутай, төрийн хүний шинж төрхгүй, төлөвшил тааруухан хүн аймаг орныг минь удирдаж, нам эвсэл нь түүнийг төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагад суулгахаар зүтгүүлж байна. Энэ нь АН хэмээх улс төрийн том хүчин эсвэл ингэтлээ ядарч туйлдсаны, эсвэл ялзарч доройтсоны шинж юм.Монгол Улсын Их Хурал аж ахуйн байгууллага биш баймаар… Монгол төрийн үнэ цэнэ ингэтлээ унах гэж үү …
Сэтгүүлч Н.Баавгай
Garag.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Алтайчуудаа та нар маань занг нь мэддэг болсон л юм бол Амгаланбаатарт саналаа өгөхгүй байхад л болно шүү дээ. Төвийн гудамжинд гүйж явдаг халтар нохойд өгсөн нь дээр дээ
Сэтгүүлч Галаарид, Баавгай нартай санал нэг байна. Амгаланбаатар гэгч боловсрол, хүмүүжил, төлөвшлийн хувьд арай л биш, төрийн ажилд тохирохгүй хүн шүү. Говь-алтайн сонгогчид хүнээ зөв сонгоорой доо.
Одоо О. Амгаланбаатарын гар хөл болж боловсролоор тоглож байгаа аймгийн боловсролын газрын багшилж үзээгүй арга зүйчдийг үндсээр нь авч хаях хэрэгтэй. Ялангуяа Ууганцэцэгийг!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!