С.Баттулга: Би эх орноо Б.Шарав гуайн “Сэрсэн тал”-тай зүйрлэнэ

Поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Voice” хамтлагийн ахлагч С.Баттулгатай ярилцлаа.

Өнгөрсөн гуравдугаар сард цомгийн баяраа хийсэн тэднийг үзэгч сонсогчид нь үгүйлж байгааг энэ дашрамд дайсан юм.

-Танай хамтлаг болон танаар уран бүтээлийн олз омог ихтэй юү?
-Хамтлагийн хувьд удахгүй гадаад явж тоглолт хийх төлөвлөгөөтэй байна. Тэгэхээр миний хувьд ч тоглолтынхоо ажлыг хийгээд л явж байна гэсэн үг.

-”Voice” хамтлагаар ойрдоо нам гүм байснаа яагаад гэнэт гадаадад тоглохоор болов?
-Манай Voiceofmongolia.mn вэб сайтад гадаадад амьдарч, ажиллаж байгаа Монголчууд маань “Ирж тоглооч” гэсэн саналыг их ирүүлсэн байгаа. Ялангуяа Европт тэр тусмаа АНУ-д байгаа Монголчуудын
хүсэлт давамгайлаад байгаа л даа.

-Явах тов гарсан уу?
-Энэ сарын 20-ноос ирэх сарын 6-ны хооронд Европын орнуудаар явж аялан тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байна. Манай менежер ойр зуурын бэлтгэлээ хангаж байна.

-Сайтаас тань үзэхэд “Бид эх орондоо хайртай” гэсэн үг зонхилсон байдаг. Хүн болгонд их бага хэмжээгээр эх оронч үзэл гэж байдаг. Таны хувьд хэр эх оронч вэ?
-Би ер нь үндсэрхэг үзэлтэй хүн. Эх оронч үзэл хүн бүрт байдаг ч их зөв байх хэрэгтэй. Баланстай байхгүй бол их хортой, хэцүү үзэл. Жишээ нь хэт үндсэрхэг үзлээс болж бусад үндэстнийг тэр чигт нь хоморголон устгаж байсан түүх ч байдаг. Тийм болохоор баланстай байх хэрэгтэй гэж боддог.

-”Voice” дуугаараа юу өгүүлэхийг зорьдог вэ?
-Бидний уран бүтээлийг сонсоод хүмүүст эх орноо хайрлах, ихийг хийж бүтээх урам зориг төрөөсэй гэж боддог. Ялангуяа залууст. Бас “Voice” хамтлаг Монголын дуу хоолой байж дэлхийд таниулах, залуу үеийнхээ дуу хоолой нь болж тэдний төлөө цохилох юмсан гэж хүсдэг. Та бид бүгдээрээ уран бүтээлчид. Бид бүгдийн зорилго эх орон минь байдаг шүү дээ.

-Хэрэв дуучин болоогүй бол хаана юу хийж яваа бол. Энэ тухай төсөөлж байв уу?
-Дуучин болоогүй бол уу. Гэхдээ л урлагийн хүн болох байсан байх. Яагаад гэхээр би урлагийн гэр бүлд төрж өссөн. Бүр багаасаа юм хум хөтлөх дуртай байсныг ч хэлэх үү. Ер нь жүжигчин болох байсан гэж боддог.

-Эх орноо урлагийн ямар нэгэн бүтээлтэй зүйрлэвэл?
-Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар ах хэлбэр дүрсээр нь “…Дэлгэсэн тэрлэг шиг…” хэмээсэн байдаг. Зөвхөн хэлбэр дүрсээр нь хэлж байгаа боловч тэр шүлэгнээс ямар сайхан үнэр үнэртдэг гэж санана. Би эх орноо бахархалтай, их түүхтэй, гайхамшигтай, бололцоотой, ирээдүйтэй орон гэж боддог. Харин урлагийн бүтээлтэй зүйрлэ гэвэл би эх орноо суут хөгжмийн зохиолч төрийн шагналт Б.Шарав гуайн “Сэрсэн тал”-тай зүйрлэнэ.

-Таныг сүүлийн үед хүмүүс “Байгаль дэлхий, ногоон гариг гэж гүйгээд уран бүтээлээ олигтой хийхээ больж” гэж шүүмжилж байгаа сонсогдсон?
-Хүн хүний үзэл бодол, санаа өөр шүү дээ. Уран бүтээлдээ илүү шамдаач гэсэн өнгө аяс цухалзуулж байгаа нь тэр байх. Дуучин Баттулга та бүхнийхээ амьдралд хөг аялгуу нэмж, хүсэл мөрөөдөлд тань урам зориг болж явах юмсан. Алга ташилтаар урам хайрладаг та нарынхаа итгэлийг алдахгүй, үргэлж та нартайгаа хамт байх болно. Би нийгмийн амьдралд нэлээн идэвхтэй оролцдог. Тэр ч утгаараа Монгол Улсын иргэн хүний хувьд нийгмийнхээ төлөө чадах чинээгээрээ зүтгэнээ.

С.Туул


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих