Траншейны сонгууль /Хошин өгүүллэг/

1464572671574b9aff39f4eХөгшин залуу, эр эм арван хэдэн хүн нэг гэрт байх тул амь нэгтэй. Нэг гэр гэдэг нь Сүхийн талбайн ойролцоо байх нэг траншей юм л даа. Хүн ахтай дээл захтай байдаг ертөнцийн хууль траншейд ч мөн адил үйлчилнэ.
Траншейны атаман, хутга Батаа хир даг болсон навсархай хүрэмнийхээ энгэр лүү гараа шургуулан,
-Муу өтнүүд минь, олсон мөнгөө бүгдий нь гарга хэмээн цаад хэдийгээ жижигрүүлдэг боловч бөөрлөж босгосон вакусны шилтэй юмнуудаа нийтээрээ эв найртай хуваан хүртэнэ.
Нэг л үдэш атаман тэр чигтээ нойрсов. Хорвоогийн өглөө ирдгээрээ ирж траншейныхны дотор бүрзийдгээрээ бүрзийн сэрцгээлээ. “Муу өтнүүд, бушуу бос. Босоод!” гэх атаманых нь сөөнгө хоолой үгүйлэгдэнэ. Нус Догоо ширэлдэж даахирсан толгойгоо гэлжийлгэн санаа алдаад,
-Багшийн дээдийн траншейны атаман, шөвөг Самбууг манай руу нүүж ирж атаман бол гэж гуйя гэвэл тархи Гамбаа түүн рүү муухай харж үгийг нь таслав.
-Дотроосоо атаманаа сонгоно! Сонгууль явуулъя гэж өчигдрөөс хойш бодлоо гэж байна. Гамбаа бол цагтаа доктор хамгаалах шахаж явсан, хог ухахдаа шил савнаас урьдаар сонины тасархай цуглуулдаг хүн тул бусад нь түүнийг битүүхэндээ хүндэтгэнэ.
Сонгуулийн компани өдөр ирэх тутам эрч хүчээ авлаа. Шаг Баагий:
-Хэрвээ би атаманаар сонгогдвол, миний найз бидэнд юмаа таван төгрөгөөр хямд өгнө. Бид эдийн засгийн хямралаас гарна гэсэн бол, кара Дорж:
-Намайг сонговол бид нийтээрээ каратэ сурч бусад траншейныхныг айлгаж татвар авдаг болно. Бид ядуурлаас гарна гэж байна. Тархи Гамбаа сонгогдвол хичээл зааж оюуны хоосролыг арилгана гэнэ, ходоод Дууяа маш гоё хүнс байдаг хогийн цэг зааж өгнө гэв.
Сонгуулийн компани цаг минут тутамд эрчимжнэ. Хамгийн сүүлд нус Догоо нэрээ дэвшүүлснээр арван хэдүүлээ хүүхэд хөгшидгүй цугаараа нэр дэвшигч боллоо.
-Үргэлж мөнх сонгууль болж байдаг болоосой гэж траншейны сонгогчид мөрөөднө. Шаг Баагийгийн үнэгүй тараасан тавин граммыг татаж, ходоод Дууяагийн өгсөн томоос том зүсэм бялуу долоож, сожоо Дагвын бэлэглэсэн аравтын дэвсгэртийг хармаалж энэ хэдэн өдөр траншейныхан ёстой л бялуурч байлаа. Сонгуулийг товлосон өдрийн өмнөх орой сурталчилгааг албан ёсоор хаах гэж байтал цагдаа хэдэн Хятад хүний хамт ирж өнөө хэдийг гэрээс нь суга суга татаж гаргаад хөөж явуулав. Дулааны шугамыг өөрчилж, траншей байсан газар хятад хоолны газар, баар барих болсон нь энэ…
Хахир өвөл мартагдаж нялх ногоо соёолсон урьхан өдөр ирэв. Нэг траншейд аж төрж байсан хоёр Сэлбийн эрэг дээр санаандгүй тааралдлаа. Кара Дорж нулимсаа арчин,
-Манайхан ихэнх нь сураггүй болсон. Би энүүхэн энд өөр траншейд байгаа, саяхан нус Догоогоо татаж авсан. Дээрэлхүүлээд хэцүү байгаа. Хөөрхий тархи Гамбаа тасраад гудамжинд хөлдөөд бурхан болчихсон… гэхэд нь, ходоод Дууяа бас эхэр татуулан,
-Дуулсаан, дуулсан гэж арайхийн хэлээд, нулимсанд халтартсан хацраа шударлаа.

А.Амарсайхан


URL:

Сэтгэгдэл бичих